Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 18

 

 

           “Х б “ ХХК-ийн Увс салбарын

          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар шийдвэртэй,

“Х б “ ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Ц-д холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.844.637,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1672,13 төгрөг, нотариатын төлбөр 6500 төгрөг, нийт 10.934.875,45 төгрөг гаргуулж, бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Я.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэр, Х.Хишигсүрэн нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Н болон түүний эхнэр Я.Ц нар нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Х б “ ХХК-ийн Увс салбарын Улаангом тооцооны төвөөс ЗГ/201844179795 тоот зээлийн гэрээ байгуулан 13,945,861.67 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 100,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр тэгш төлөх нөхцөлтэй хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,557,779.62 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,051,060.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 841.86 төгрөг нийт 5,609,682.32 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрч банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.11-д заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч Г.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч Нямсамбуу нас барсан боловч зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч хэн аль нь адил эрх эдэлж, ижил үүрэг хүлээнэ гэж заасан.

Иймд “Х б” ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх тул хамтран зээлдэгч Я.Ц-гаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 10.934.875,45 төгрөгийн төлбөр гаргуулж, бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Я.Ц анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нөхөр Г.Н 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “ХААН банк” ХХК-иас 14,045,861.67 төгрөгийн цалингийн зээл авсан. Дээрх зээл болон зээлийн хүүг нөхрийн цалингаас суутган төлж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө зам тээврийн осол болж нөхөр маань амь насаа алдаж, миний бие хүнд гэмтэл авч урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Нөхрийн маань цалингийн зээл, зээлийн хүүний үлдэгдэл 10,934,875.45 төгрөг байна. Ганц миний цалингаар дээрх зээлүүдийг төлөх ямар ч боломжгүй.

Би 2011 онд Улаанбаатар хотод 15 жилийн хугацаатай ипотекийн зээл авсан ба эргэн төлөлт нь сард 385,000 төгрөг, мөн цалингийн зээлтэй ба эргэн төлөлтөд сард 480,000 төгрөг төлдөг. Манайх ТОСК-ын түрээсийн байранд амьдардаг бөгөөд сарын түрээсийн төлбөр 250,000 төгрөг байдаг. Би Нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ажиллаж сард нэмэгдэл, урамшууллаа оруулж тооцоод 1,300,000 төгрөгийн цалин авдаг. Миний бие зөвхөн зээл, түрээсийн төлбөрт сард 1,115,000 төгрөг төлж байгаа бөгөөд үлдэгдэл 185,000 төгрөгөөр хоол хүнс, халаалт, цахилгаан болон бусад зардлаа төлж амьдарч байна. Иймд миний амьдрал байдлыг харгалзан үзэж нөхрийн нэр дээрх цалингийн зээлийн үлдэгдэл нэхэмжилсэн Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Я.Цгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.844.637,67 төгрөг, зээлийн хүү 82.065,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1672,13 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг, нийт 10.934.875,45 /арван сая есөн зуун гучин дөрвөн мянга найман зуун далан таван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг гаргуулж “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Ц, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Г.Н нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хаан банктай ЗГ/201844179795 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээр 100.000 төгрөг нэмж, нийт 14.045.861,67 төгрөгийн цалингийн зээл авсан. Ингэхдээ 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БГХ201844179795 тоот “Барцааны гэрээ” байгуулан өөрийн цалингаа барьцаалсан байна. Улмаар зээлдэгч Г.Н 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгч Хаан банк хамтран үүрэг гүйцэтгэгч Я.Цгаас цалингийн зээлийн үлдэгдлийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хэдийгээр зээлдэгч Г.Н нас барсан боловч зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч хэн аль нь адил эрх эдэлж, ижил үүрэг хүлээнэ гэж заасан. Иймд Хаан банк XXК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж” тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 18-ны өдрийн ЗГ/201844179795 тоот зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн “гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах” эрхийг нь хязгаарласан /зээлийн гэрээний 4.3 дахь заалт/ байх ба тухайн гэрээнд зааснаар Я.Цгийн гүйцэтгэх үүрэг тодорхойгүй, үүргээ хэрхэн гүйцэтгэх нь гэрээгээр зохицуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Я.Цгийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй байна.

Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор үүсдэг. Нэхэмжлэгч Хаан банк хариуцагч Я.Ц нь өөрийн цалин орлогоо барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БГХ201844179795 тоот “Барьцааны гэрээ” нь Хаан банк болон Г.Н нарын хооронд байгуулагдсан байх ба тухайн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээнд заасан төлбөрийг Г.Н-гийн цалингаас үл маргах журмаар суутган авах тухай зохицуулжээ. Эндээс хариуцагч Я.Ц нь өөрийн цалин, орлогоо барьцаалаагүй болох нь тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан байна.

Хариуцагч Я.Ц нь сар бүр ипотекийн зээлэнд 385.000 төгрөг, өөрийн нэр дээрх цалингийн зээлэнд 480.000 төгрөг, ТОСК-ын байрны түрээсийн төлбөрт 250.000 төгрөг, лизингийн зээлийн төлбөрт 86000 төгрөг, нийт 1.201.000 төгрөгний зээлийн эргэн төлөлт төлдөг байна. Гэтэл түүний сарын үндсэн цалин 934899 төгрөг байна. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Хаан банк Г.Н-д цалингийн зээл олгохдоо Я.Ц нь хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжтой эсэхийг судлаагүй болох нь харагдаж байна. Зээлдэгч Г.Н-гийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201844179795 тоот гэрээний дагуу Хаан банкнаас авсан цалингийн зээл нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын аль аль нь банкнаас зээл авах хүсэлт гаргаж зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар уг зээлийг авсан. Г.Н, Я.Ц нар нь өрхийн хэрэглээний зориулалтаар тухайн зээлийг зайлшгүй авах шаардлага байна гэж үзсэний үндсэн дээр 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банканд хүсэлт гаргаж 18.000.000 төгрөгийг хамтран зээлсэн. Тухайн үед уг зээлийг олгохдоо зөвхөн Г.Нгийн цалин орлого болоод бусад байдлыг харгалзан үзэж олгох боломжгүй байсан тул хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалин орлогыг судлах шаардлагатай байгааг нь танилцуулаад Я.Цгийн цалин орлогыг судалж байж зээл олгосон. Я.Ц хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурж оролцсон.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 14.207.460 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөгийн зээл авсан байдаг. Анх 18.000.000 төгрөгийн зээлийг жилийн 2,4 хувийн хүүтэй олгосон. Нэмж 100.000 төгрөгөөр 2 удаа нэмэлт зээл авсан тул уг зээлийн хүү буурсан байдлаар нийт 3 удаа зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс барьцааны гэрээ зөвхөн Г.Нтай байгуулагдсан гэх тайлбар гаргаж байна. Барьцааны гэрээнд үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч хэн аль нь цалин орлогоо барьцаалж гарын үсэг зурж баталгаажуулсан. Зөвхөн Г.Нгийн цалин орлогыг барьцаалсан бол барьцааны гэрээн дээр эд хөрөнгө барьцаалсан мөн цалин орлого барьцаалсан гэх мэдээллийн хэсэгт Г.Н-гийн мэдээлэл байх ёстой. Аль аль нь цалин орлого барьцаалсан гарын үсэг зурж баталгаажуулснаар зээлийн гэрээ байгуулагдсан.

Зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт хориглосон заалт байна гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбар гаргасан. Зээлийн гэрээний 4.1.1 дэх хэсэгт “ашиглах эрхгүй” гэж заасан нь хориглосон заалт биш. Зээлийн гэрээнд үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нэгэн адил эрх үүрэг хүлээнэ. Зээлийн гэрээнд зааснаар зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд талуудын харилцах болон хадгаламжийн данснаас суутгал хийлгэхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан. Өрхийн хэрэглээнд зориулж зээл гарсан тул дан ганц Г.Н уг зээлийг ашиглаагүй тул зээлийн гэрээ болон хуульд зааснаар үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь харилцан адил эрх хэмжээтэй үүрэг гүйцэтгэх үүрэгтэй.

Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлдэгч Г.Н нас барснаар тухайн зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч Я.Цгаас шаардах эрхтэй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх уг эрхийн дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Я.Ц уг зээлийг ямар байдлаар хариуцах нь гэрээнд тодорхойгүй гэж тайлбарласан. Банк эрх бүхий мөнгөн хадгаламж зээлийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлдэгчид нэг данс нээгээд тухайн дансны дагуу зээлийг олгодог учир тус бүрд нь данс нээж мөнгөн хөрөнгийг олгодоггүй. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран гүйцэтгэх үүрэгтэй. Мөн хуулийн 241 дүгээр зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Я.Ц мөн учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн, хариуцагч Я.Цд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 10,934,875.45 төгрөг гаргуулах, зээлдэгчийн бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна 

            Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болгон гаргаж байгаа, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай буюу шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж үзэх бөгөөд хэрэгт цугларсан баримтат мэдээлэл нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

            Нэхэмжлэгч “Х б “ ХХК-ийн өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон шүүхэд гаргасан баримтууд болох зээлийн хүсэлт, зээлдэгчийн анкет /хх-ийн 12-14-р тал/, Г.Н, Я.Ц нарын цалингийн дансны хуулга /16-17-р тал/, мөн хэргийн 24-25, 106-107 дугаар талд авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэгт ХААН банк гэсэн тэмдэг дарсан байгаа нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Учир нь ХААН банк ХХК хариуцагч Я.Цд холбогдох иргэний хэргийн хувьд нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд“ гэдэгт хамаарахгүй болно.

            Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцож байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд эхээр нь гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, эсвэл нотлох баримтын эх хувьд үзлэг хийлгэх хүсэлт гаргах зэргээр нотлох баримт цуглуулах үүрэгтэй.

            Хэрэгт авагдсан, хэргийн нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, ач холбогдол бүхий байж болох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

            Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй болно.

            Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Увс аймаг дахь сум иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хариуцагч Я.Ц давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан , эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

 

ШҮҮГЧИД                                                     Д.КӨБЕШ

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН