Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 557

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Намдаг,

Хохирогчийн төлөөлөгч: С.Энхсаруул,

 Шүүгдэгч М  өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн

прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт

хэрэгт М т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

эрүүгийн 1705000040176 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн

авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М ,

Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд

боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт

оршин суух,

урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч М  нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн

14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн цахилгаан барааны

тасагт худалдагчаар ажиллаж байх үедээ өөрийн хариуцсан хэсгийн бараанаас “Никон Д-

5300” маркийн зургийн аппарат 2 ширхгийг авч “Жэй Эс Бридж” барьцаалан зээлдүүлэх

төвд барьцаанд тавьж завшин 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь

бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж мэдүүлэг өгөхгүй.

Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирол төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн тул хэргийг

хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн төлөөлөгч С.Энхсаруулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 5

дугаар сарын 19-ний өдөр мэдээллийн дагуу “Номин их дэлгүүр дээр шалгалт хийсэн.

Улмаар М тэй уулзаж, ярилцсан. Нэг нь 2.000.000 төгрөгийн үнэтэй Д-5300

маркийн хоёр ширхэг зургийн аппарат дутагдсан. М  нь хохирлоо бүрэн

барагдуулсан, өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн” гэв.

Хохирогчийн төлөөлөгч С.Энхсаруулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5

дугаар сарын 18-ны орой 17 цагийн үед манай Номин Холдинг ХХК-ний инженер хийдэг

нэрийг нь санахгүй байна, нэг албан хаагч Номин Их дэлгүүрээс зургийн аппарат

алдагдсан байж болзошгүй байна. Би Үнэгүй.мн сайтаас зургийн аппарат хайж байтал

Никон Д-5300 маркийн зургийн аппарат зах зээлийн үнээс хямд зарна гэсэн байна.

Тэгээд би гар утсыг нь аваад шалгахад манай М  гээд электрон барааны

худалдааны зөвлөхийн дугаар байхаар нь зохион байгуулагч Отгончимэг рүү залгаад

Д5300 нэртэй аппарат хайрцаг дотроо байгаа эсэхийг шалгуулахад уг аппарат нь байхгүй,

оронд нь өөр зургийн аппарат хийчихсэн байна гээд эрх зүйн албанд шалгаж өгнө үү гэж

өргөдөл гаргаж өгсөн юм. Тэгээд би өргөдлийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 19-ний

өглөө хороолол дахь Номин их дэлгүүрийн салбар дээр очиход худалдааны зөвлөх

М  байхгүй 11 цагийн үед ажил дээрээ ирсэн. Тэгээд М ийн ирэхээр нь

Д5300 аппарат байгаа эсэхийг үзэхээр болоод зохион байгуулагч Отгонтуяа, Гэрэлмандах

нарыг байлцуулан электрон барааны жижиг бараа тасагт үзэхээр болсон юм. Тэгээд үзэх

гээд байж байтал өчигдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тооллого хийхэд

ямар нэгэн бараа дутаагүй шүү дээ гэж хэлэхээр нь тухайн үед тооллого хийсэн Дашмаа,

Нандинцэцэг нарыг дуудаж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тооллогын баримтыг

гаргуулан үзэхэд уг тасгаас ямар нэгэн бараа дутаагүй байсан. Тэгэхээр нь би мэдээлэл

ирсний дагуу Д5300 нэртэй 2 ширхэг аппарат байгаа эсэхийг өөрөөр нь шалгуулах гээд

М т Д-5300 маркийн 2 ширхэг аппарат аваад ир гэж хэлэхэд М  хоёр

ширхэг хайрцаг авчрахаар нь задлаад үзэхэд 2 өөр аппарат байхаар нь би М тэй

хоёулахнаа уулзаад юу болсон талаар тодруулахад М  надад өөрөө уг хоёр

аппаратыг авсан гэдгээ хэлээд өөрөө гараараа тайлбар бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-

н 72/,

Яллагдагч М ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын

03-ны өдөр манай ээж Болормаа, аав Батсайхан нар банкны зээл, хувь хүнээс бас бэлэн

мөнгө авчихсан байсан юм. Тэгээд манай ээж, аав хоёр хувь хүнээс авсан мөнгөнийхөө

хүүг төлөх гээд ямар ч мөнгөгүй байсан юм. Тэгээд банк болон хувь хүн хоёроос нийт

2.000.000 төгрөг нэхэгдээд байхаар нь тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор

нь өөрийн хариуцсан Никон маркийн Д5300 гэрэл зургийн аппаратыг хэнд ч

хэлэлгүйгээр авч барьцаалан зээлдүүлэх газарт нэг ширхгийг нь 400.000 төгрөгөөр нийт

800.000 төгрөгөөр тавьсан юм. Тэгээд би нэг ширхэгийг нь сунгуулаад нэгийг нь сунгуулж

чадахгүй болохоор нь нэг үл таних хүнд ломбарднаас чөлөөлүүлээд зарчихсан юм” гэсэн

мэдүүлэг /хх-н 125/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-5/, эд

зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 42/, Номин Тав Трейд ХХК-ний 2017 оны 4 дүгээр

сарын 19-ний өдрийн 3-4/25 дугаартай ажилд томилох тушаал, хавсралт /хх-н 43/,

Номин трейд ХХК-ний М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгө

бүрэн хариуцлагын гэрээ /хх-н 45-47/, Номин Тав трейд ХХК-ний бараа дутагдлын

баримт /хх-н 105-119/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М  нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14

дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн цахилгаан барааны тасагт

худалдагчаар ажиллаж байх үедээ өөрийн хариуцсан хэсгийн бараанаас “Никон Д5300”

маркийн зургийн аппарат 2 ширхгийг авч “Жэй Эс Бридж” барьцаалан зээлдүүлэх төвд

барьцаанд тавьж завшин 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч С.Энхсаруулын “... Би мэдээлэл

ирсний дагуу Д5300 нэртэй 2 ширхэг аппарат байгаа эсэхийг өөрөөр нь шалгуулах гээд

М т Д-5300 маркийн 2 ширхэг аппарат аваад ир гэж хэлэхэд М  хоёр

ширхэг хайрцаг авчрахаар нь задлаад үзэхэд 2 өөр аппарат байхаар нь би М тэй

хоёулханаа уулзаад юу болсон талаар тодруулахад М  надад өөрөө уг хоёр

аппаратыг авсан гэдгээ хэлээд өөрөө гараараа тайлбар бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг,

Номин трейд ХХК-ний М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгө

бүрэн хариуцлагын гэрээ /хх-н 45-47/, Номин Тав трейд ХХК-ний бараа дутагдлын

баримт /хх-н 105-119/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх

нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”

гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М  нь “Номин” их дэлгүүрийн цахилгаан барааны тасагт

худалдагчаар ажиллаж байх үедээ өөрийн хариуцсан хэсгийн бараанаас “Никон Д5300”

маркийн зургийн аппарат 2 ширхэгийг авч “Жэй Эс Бридж” барьцаалан зээлдүүлэх төвд

барьцаанд тавьж завшин 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн

хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт

зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт

хэрэгт тооцохоор заасан идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар

нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн

шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогчийн төлөөлөгч

С.Энхсаруулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг

бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч

маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг

үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт

хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан

хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан

хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг

үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг

оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3

дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн

байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг

хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн

2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс

доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус

хуульчилжээ.

Шүүгдэгч М ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж

байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч М ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний

хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн

1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн

тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан

үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр

шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч М т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах,

хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар

зүйлд зааснаар шүүгдэгч М т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын

арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь

зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч М  нь цагдан хоригдоогүй

болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ийг “бусдын итгэмжлэн

хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь

хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч М ийг 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах,

хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын

дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус

дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч М т хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР