Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0270

 

2024 03 26 128/ШШ2024/0270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: У ХХК

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын Улсын байцаагч О.О нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын Улсын байцаагч О.Оийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1 Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын улмаас элэгдэл эвдрэлд орж орхигдон талбайд байх овоолго шороо үүссэн 2.62 га газарт У ХХК өөрийн зардлаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... дугаартай Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээ болон 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээг сунгах тухай дагуу ажиллаж байжээ.

1.3 Гэтэл иргэн Ш.Уаас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газарт хандан У ХХК-ийг ...газрын гүнээс гаргасан овоолго шороог өнөөдрийг хүртэл зөөвөрлөн ашигласаар байна. Уг овоолго нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамрагдахаар байна. Тус компанийн үйл ажиллагаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25.3, Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7, Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6-г зөрчиж байна... хэмээн гомдол гаргажээ.

1.4 Уг гомдлын дагуу холбогдох арга хэмжээ авч хариуг яаралтай ирүүлэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ... албан бичгийг Нийслэлийн байгаль орчны газрын даргад хүргүүлснээр Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар тушаалаар ...гэрээний үүргээ биелүүлээгүй... гэх шалтгаанаар У ХХК-тай байгуулсан *** дугаартай гэрээг хүчингүй болгосон бол тус газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар Хяналт шалгалтын удирдамж-ийн дагуу У ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн, хяналт шалгалтыг явуулжээ.

1.7 Хяналт шалгалтаар У ХХК нь хуучин уурхайн овоолгоос /түгээмэл тархацтай ашигт малтмал/ тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, *** ХХК-д борлуулсан хэмээн үзэж 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай Шийтгэлийн хуудас-аар У ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл, 227.963.375 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр ногдуулжээ.

1.8 У ХХК-иас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч түүнийг хүчингүй болгуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан болно.

 

Хоёр.Гомдлын үндэслэл:

2.1. Гомдол гаргагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлээ: Манай "У" ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *** дугаар "Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээ"-г байгуулан Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 2.6 га талбайд нөхөн сэргээлт хийх зорилгоор овоолго шороог өөрийн техник хэрэгслээр зөөж зайлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Нөхөн сэргээлтийн ажлыг тус талбай дээр байгаа овоолго шороог зөөж зайлуулж, талбайг хөрсний тэгш хэмд хүргэн /хэвлийн түвшинд / тэгшилсний дараа бүрэн гүйцэт хашаалах, зүлэгжүүлэх, мод тарих зэргийг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй үе шаттайгаар ажиллаж байна.

Энэхүү гэрээний зорилго нь овоолго шороог тухайн 2.6 га талбайгаас зөөж зайлуулан техникийн нөхөн сэргээлтийг хийх, үүний дараа биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх зорилготой. Хөрсийг хэвлийн түвшинд хүргэх үндсэн зорилго бүхий гэрээний дагуу бол үүссэн овоолго шороог бүрэн гүйцэт зөөж зайлуулаагүй тохиолдолд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн гэдэг агуулга хангагдахгүй, биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэх ямар ч боломжгүй байгаа юм.

Тухайн газраас овоолго шороог зоож зайлуулах эрхийг эрх бүхий байгууллагаас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *** дугаар "Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээ-гээр бидэнд олгосон юм. Гэрээ байгуулж зөвшөөрөл олгоогүй тохиолдолд овоолго шороог зөөж зайлуулах эрх бидэнд байхгүй.

Өөрөөр хэлбэл бидний зүгээс гэрээгээр олгосон үүрэг, зөвшөөрлийн дагуу овоолго шороог зөөж зайлуулсан юм. Овоолго шороог зөөж зайлуулаагүй тохиолдолд хөрсний түвшнээс хэтэрхий өндөр овоолго шороон дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй болно.

Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хөрсний овоолго хийж байршуулсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Зөрчлийн хэрэг нээж, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн ... дугаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Шийтгэлийн хуудсан дээр бичигдсэн шийтгэл оногдуулсан үндэслэл, ямар нотлох баримтаар нотлогдож байгаа болон торгуулийн хэмжээ засвартай хэдэн төгрөгөөр ямар үндэслэлээр торгож байгаа мэдэгдэхгүй хэтэрхий бүдэг, мөн засвартай байна.

Эрх бүхий байгууллагаас овоолго шороог зөөж зайлуулах эрхийг гэрээгээр олгосон атлаа гэрээний дагуу нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байхад түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэж буруутган зөрчлийн хэрэг нээж, улмаар шийтгэлийн хуудсаар зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа нь бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Тус 2.6 га талбайд ухагдсан нүх, олон жилийн хугацаанд хөрсийг маш ихээр бохирдуулсан хуримтлагдсан хур хогийн цэгийг цэвэрлэж шороогоор дүүргэн тэгшлэх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөн Зөрчил шалгах ажиллагааны явцад зөрчил үйлдээгүй талаарх тайлбар баримтыг хүргүүлж байсан боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талыг баримтлан явуулсан.

Бидний зүгээс тус овоолго шороог Уул уурхай хүнд үйлдвэр баталсан *** дугаартай ашигт малтмал болохыг мэдээгүй, гэрээ байгуулахад заавал тусгай зөвшөөрөл шаардагдах талаар мэдэгдээгүй гэрээ байгуулснаар ашиглаж болно гэж зөвшөөрөл олгосон байдаг.

Түүнчлэн гэрээний дагуу ямар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа байнга тайлан мэдээг хүргүүлж байсан юм.

Гэрээ байгуулах үед овоолго шороог түгээмэл тархацтай ашигт малтмал заавал тусгай зөвшөөрөл авч ашиглах шаардлагатай гэрээгээр ашиглах боломжгүй гэж хэлсэн гэрээгээ байгуулж овоолго шороог ашиглах шаардлагагүй байсан.

Эрх бүхий байгууллагаас гэрээгээр тус овоолго шороог зайлуулж нөхөн сэргээлт хийх эрхийг олгосон атлаа шороог зөөж зайлуулсны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэж шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар асууж тодруулахад одоогоор шийдвэр гараагүй байгаа шалгалтын ажил явагдаж байгаа талаар тайлбарлаж байсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шуудангаас албан бичиг ирсэн талаар мэдэгдсэн. 2023 оны 12 дугаар сарын 20-ны огноотой шийтгэлийн хуудсыг 2023 оны 12 дугаар сарын 22-ний өдөр шууданд хийсэн байсан юм.

Иймд Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн улсын байцаагч О.О миний бие Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн мэдээллийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас баталсан *** тоот удирдамжийн хүрээнд Багахангай дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт У ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож, борлуулсан гэх зөрчилд *** дугаартай Зөрчлийн хэрэг нээж Нийслэлийн Прокурорын газрын хяналт доор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ, 227.963.375 төгрөгийн хохирол тооцож шийдвэрлэсэн.

У ХХК нь Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучин нүүрсний уурхайн олборлолт хийгээд, гадаад овоолго үүсгэж орхисон хөрсний овоолгоос Түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлож, борлуулсан нь хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг, хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэргээр тогтоогдсон байдаг.

1. У ХХК, Нийслэлийн байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаяр нар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны ... дугаартай Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг 2.6 га бүхий талбайд хийхээр гэрээ хийсэн, 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдөр *** дугаартай гэрээгээр дахин сунгагдсан байх бөгөөд У ХХК нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгөлгүйгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож, борлуулсан нь *** ХХК-ийн ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

2. Тухайн гэрээ хийгдсэн 2.6 га бүхий талбайд эвдрэл гэмтэл орсон ухагдсан талбай байхгүй, хуучин нүүрсний уурхайн гадаад овоолго байршиж байх бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын баталсан *** тушаалын хавсралтаар баталсан аргачлалын 4.3.2. Нүүрсний уурхайн нөхөн сэргээлт / Нүүрсний давхарга дахь олборлолт ба хөрс хуулалтаар үүсэх уурхайн ухшийг нөхөн дүүргэх замаар дотоод овоолгод чулуулгийг байршуулах зарчмыг мөрдлөг болгох бөгөөд ийм боломжгүй нөхцөлд гадаад овоолгод байршуулах;

-Олборлолтын явцад байгуулсан дотоод овоолго буюу нөхөн дүүргэсэн талбай, гадаад овоолгыг зохих түвшинд хүрсний дараа хэлбэршүүлэн шимлэг ба шимт хөрсөөр хучиж, биологийн нөхөн сэргээлт хийх,

-Нөхөн сэргээлт хийсэн талбайг зохих журмын дагуу орон нутгийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх.

- Нүүрс олборлолтын ажил эхлэхээс өмнө уурхайн ашиглалтын явцад өртөх талбайн шимт, шимлэг хөрсийг хуулж, овоолгод хадгалах үеэс нөхөн сэргээлтийн ажлыг эхэлсэнд тооцдог. Уурхайн эдэлбэрийн хүрээнд шимт хөрс хуулах талбайн сонголт, дарааллыг жил бүрийн уулын ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. Тэгэхдээ шимт хөрсийг аль болох богино хугацааны дотор нөхөн сэргээлтэд эргүүлэн ашиглах нь чухал бөгөөд хэрэв ингэж ашиглах боломжгүй бол ашиглалтын явцад дахин хөндөгдөхөөргүй тусгай талбайд овоолго хийж, олон наст ургамлаар ургамалжуулан хадгална/ гэж заасны дагуу нөхөн сэргээлтийн эхний үе шатыг хийгээд орхисон талбай байсан.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1.4-т Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэснээр Улсын ерөнхий Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** "Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам"-ыг шинэчлэн баталсан байдаг. Уг тушаалын хавсралтын:

3.1-т Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээг авна.

3.4-т Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, төрийн байгууллагаас нэхэмжлэл, хохирол нөхөн төлүүлэх хүсэлт, учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцохтой холбоотой нотлох баримт, баримт бичгийг гаргуулан авах, учирсан хохирлын үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу үнэлгээ, шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах болон хуульд заасан бусад ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

3.6. Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадлагаа гаргаж болох бөгөөд Зөрчлийн тухай хууль, бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулсан, өөрийн эрхэлж буй албан тушаалын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан акт, дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг / Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болно/- т заасан магадлагааны нэгэн адил хүчинтэйд тооцогдоно гэж заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын *** тушаалаар баталсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын Хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хохирлын нийт хэмжээг дараахь томьёогоор тодорхойлно: Ххб = QP + 3HC (1.16) гэж заасны дагуу хохирлыг тооцсон.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл. Шинжилгээ хийх этгээд нь:

8.1. Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.

8.2. Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна:

8.2.1. тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн,

8.2.3. төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн;

8.2.4. мэргэжлийн байгууллага.

Тайлбар: Энэ хуулийн 8.2.4-т заасан "мэргэжлийн байгууллага" гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно. Тухайн зөрчлийн хэрэгт оролцсон шинжилгээний байгууллага нь Барилга, хот байгуулалтын яамнаас эрх олгосон тусгай зөвшөөрөл бүхий газрын маркшейдер инженерийг шинжээчээр томилж олборлолт явуулсан талбайн хэмжээг тодорхойлуулж, шинжээчийн дүгнэлт гарсан.

4. Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан У ХХК-ийн Захирал Ю.И-д Шийдвэр танилцуулах зорилгоор *** дугаартай утас руу залгасан талаар тэмдэглэл үйлдсэн нь Зөрчлийн материал хавсрагдсан байна гэжээ.

3.2.Хариуцагч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн гомдол мэдээллийн хүрээнд тус яамнаас баталсан *** тоот удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийсэн. Багахангай дүүргийн 1-р хорооны нутагт хуучин нүүрсний уурхайн овоолго байсан. Тус уурхайн 2.6 га овоолго хэсэгт нөхөн сэргээлт хийх ямар ч зай байхгүй гэж хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдаг. Уудам хангай ХХК нь 2019 оноос хойш Нийслэлийн Байгаль орчны газрын даргатай нөхөн сэргээх ажлын гэрээ байгуулж явж байсан. Тухайн нөхөн сэргээлтийн гэрээг зөв хийсэн эсэх талаар Авлигатай тэмцэх газар шалгасан. Яаж шийдвэрлэсэн талаар мэдэхгүй байна.

2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр *** гэсэн дугаартай газрын Техникийн болон биологийн нөхөн сэргэлт хийх гэрээ хийсэн. Тухайн нөхөн сэргээлт хийх гэрээ нь хуульд нийцээгүй гэж бодож байна. 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тухайн ашигт малтмал олборлохдоо тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлоно гэж заасан. Зөвхөн Нийслэлийн засаг даргаас тус зөвшөөрлийг олгодог. Тухайн нөхөн сэргээлтийн газар нь эвдрэл гэмтэлд орсон ухагдсан зүйл байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2015 онд нөхөн сэргээлт хийх журам батлагдсан. Үүнд эхлээд байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаад дараа нь тухайн нөхөн сэргээлтийг хүлээлгэж өгнө. Нэхэмжлэгч нь 2019 оноос хойш нөхөн сэргээлтийн ажил явуулж буй талаар тайланг явуулж байгаагүй талаар Нийслэлийн байгаль орчны газрын нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн н.Б мэдүүлэг өгсөн.

Тухайн газарт 2023 оны 6 дугаар сард иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хийж үйл ажиллагааг нь зогсоосон. Үүний дараа дахин гэрээ байгуулан түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож *** ХХК-д борлуулсан нь тухайн компаниас ирүүлсэн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Мэргэжлийн шинжээчээр талбайн хэмжээг тодорхойлуулсан боловч тухайн зөрчил нь 9 сард үйлдэгдсэн гэж үсэн. Өмнө олборлож байсан талбайтай нийлүүлж талбайн хэмжээг гаргасан байдаг. Тухайн зөрчил үйлдэгдсэн үеэс эхлэн нөхөн төлбөрийг тооцсон. Шийтгэлийн хуудас дээрх гарын үсгийн талаарх тэмдэглэл бол зөрчлийн хэрэгт байгаа. Шийтгэлийн хуудасны эхний хувь хэргийн материалд хавсаргагдана. Харин хоёр дахь хувь нь харагдахгүй байсан тул тодруулж бичсэн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

            1. Зөрчлийн тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:, 1.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн;, 1.2-д түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан;, 1.3-д ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1."түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг; 4.1.3-д "түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; 4.1.7-д "түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг тус тус ойлгоно гэжээ.

У ХХК-иас, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, гомдлын үндэслэлээ,

            -гэрээгээр олгосон үүрэг, зөвшөөрлийн дагуу овоолго шороог өөрийн хөрөнгөөр зөөж зайлуулсан,

            -гэрээний дагуу ямар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа байнга тайлан мэдээг хүргүүлж байсан,

            -тус овоолго шороог түгээмэл тархацтай ашигт малтмал болохыг мэдээгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийлгэсэн хөрсний шинжилгээгээр тус хуучин уурхайн овоолго шороо нь Түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэг нь Геологийн судалгаа-Шинжилгээний төв ТӨҮГ-с ирүүлсэн шинжилгээний дүнгээр тодорхойлогдсон.

У ХХК нь өөрийн хөрөнгөөр Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучин нүүрсний уурхайн улмаас овоолго шороо үүссэн талбайд нөхөн сэргээлт хийхээр тохиролцсон боловч бодит байдал дээр нөхөн сэргээлт хийх талбай дахь овоолгыг олборлон /түгээмэл тархацтай ашигт малтмал/ *** ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай гэрээний дагуу нийлүүлж, ашиг олж байсан болох нь Зөрчлийн хэргийн материалд авагдсан *** ХХК-ийн хуулийн зөвлөх Т.Оюунтуяаг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Үүнийгээ ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд ...Өөрсдөөс гарч байгаа техникийн болон бусад зардлыг гаргаж авах үндсэн дээр борлуулсан... хэмээн тайлбарласан болно.

Нөгөөтээгүүр *** дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Нөхөн сэргээлтийн явцын тайланг 1 сар тутам хариуцагчид тайлагнана гэж тусгасан байх боловч Нийслэлийн байгаль орчин газарт тус компанийн хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авч байгаагүй, нөхөн сэргээлтийн тайлан гэх зүйлийг бараг ирүүлж байгаагүй болохыг гэрч Нийслэлийн байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ж.Б мэдүүлсэн болно[1][9].

Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал хяналт шалгалт хэрэгжүүлэх заасны дагуу өөрт хуулиар олгосон хяналт шалгалтын ажиллагааг хэрэгжүүлэн У ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож, борлуулсан зөрчлийг үйлдсэн болохыг нь баримтаар тогтоосон.

Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн этгээдийн учруулсан хохирлыг тооцохдоо Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын *** тушаалаар баталсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын Хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хохирлын нийт хэмжээг дараахь томьёогоор тодорхойлно: Ххб = QP + 3HC (1.16) гэж заасныг үндэслэл болгосон нь зөв байна.

Иймд хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О нь дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмыг баримталсан байх тул түүний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул У ХХК-иас гаргасан гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.От холбогдуулан гаргасан Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Оийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР