Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00961

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03820 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1148 дугаар магадлалтай,

Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5115 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 7 дугаар байрны 97 тоот 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнэлэн албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаад гомдолтой байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хянаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5115 дугаартай захирамжаар Д.Энхцэцэгээс 33 032 500 төгрөг гаргуулж “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг төлбөр төлөгч Д.Энхцэцэгт сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн ч биелүүлээгүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 7 дугаар байрны 97 тоотод байрлах 30 м.кв /Ү-2206001442/ хоёр өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан. Дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнийн саналыг Д.Энхцэцэг нь 100 000 000 төгрөг гэсэн бөгөөд төлбөр авагч уг үнийн саналыг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 100 000 000 төгрөгийн 70 хувь буюу 70 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй. Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 100 000 000 төгрөгийн 50 хувь буюу 50 000 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулахаар нийтэд зарлуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг тухай бүрд нь Д.Энхцэцэгт танилцуулж байсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналын мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/44695 тоот албан бичгээр Д.Энхцэцэгт мэдэгдэж, хувийг гардуулсан. Тэрээр тус албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тусгайлан заасан эд хөрөнгийн үнэлгээнд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд гомдол гаргах хугацаа дуусгавар болсон. Төлбөр төлөгч Д.Энхцэцэгт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Д.Энхцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар үнэлгээг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заагаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03820 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасныг баримтлан, Д.Энхцэцэгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1148 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...177.4...” гэсний дараа “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3...” гэж нэмж оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтгүйгээр дуудлага худалдаа явуулах гэж байсан нь нотлох баримтуудаар нотлогдож байгааг мэдсээр байтлаа хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байна.

Д.Энхцэцэг нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 5115 дугаар шүүгчийн захирамжийн дагуу “Проадд ББСБ” ХХК-д 33 032 500 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Нэхэмжлэгчийн “миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 7-р байр 97 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхгүйгээр, зах зээлийн үнээс доогуур албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэсэн  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс тодруулж, албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох агуулгатай гомдол гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй бол шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилохыг заажээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авсан, төлбөр төлөгч болох Д.Энхцэцэг нь үл хөдлөх хөрөнгийн үнийг 100 000 000 төгрөг гэж үзсэн, уг үнийг төлбөр авагч зөвшөөрснөөр талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон байх тул шинжээч томилох шаардлагагүй, “...үнэлгээ хийлгээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-28, 31/

Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсоноор дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэ тогтоогдсон, энэ үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны доод үнэ, 50 хувиар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг тус тус тогтоохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, 177.4-т заасан нь үнэлгээ тогтоосон агуулга бус, дуудлага худалдааны доод үнийг хуулиар тогтоосон зохицуулалт болно. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн доод үнэ 70 000 000 төгрөг, хоёр дахь дуудлага худалдаанд 50 000 000 төгрөг болохыг Шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгч Д.Энхцэцэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-29, 30, 35, 36/ 

Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1148 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА