Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 219

 

Б.Э, Б.Б, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар магадлалтай, Б.Э-, Б.Б-, А.Б- нарт холбогдох 1810001240115 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, *** ХК-д экспортыг дэмжих төслийн эрсдэлийн шинжээч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт А-н Б,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, *** эдийн засагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Б-н Б,

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, *** эрсдэлийн менежер ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Б-н Э.

1. Б.Э-, Б.Б- нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газар 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Э-г зодож түүний эрүүл мэндэд баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2. А.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газар 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.М-г зодож эрүүл мэндэд нь баруун хацар яс, баруун ухархайн гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газар 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Э-г зодож түүний эрүүл мэндэд баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос шүүгдэгч А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б-, Б.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Э-ыг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 хоногтой тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Б-, Б.Э- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудаас шүүгдэгч Б.Б-, Б.Э- нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч П.Одонтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт А.Б-г гэм буруутайд тооцож ял шийтгэсэн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. А.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглээгүй, ялгаварлан орхигдуулсан нь хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим зөрчигдсөн тухайд:

Магадлалд Б.Б-, Б.Э- нарт холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд А.Б-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн адил хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгохоор байхад тус заалтыг хэрэглэж, шийдвэрлээгүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ялгавартайгаар хэрэглэж шүүгдэгчийн хуульд заасан боломжийг эдлүүлээгүй гадуурхсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” мөн зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Хоёр. Шийтгэх тогтоол, магадлалд нотлох баримтаар шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн тухайд:

Шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарсан бөгөөд давтан дүгнэлтээр эхний дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж гаргасан байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг зөвхөн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан заалтыг шинжээч болон прокурор, шүүх нь буруу тайлбарлан хэрэглэж байгаа талаар мэтгэлцдэг. Анхан болон давж заалдах шатны шүүх “сарниулах” гэж заасан байдаг уу, эсхүл дээрх журамд “сарниулсан” гэж заасан байдаг уу гэдэгт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчилсан бөгөөд материаллаг хуулийн хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, үр дагавар нь хуульчлагдсан ба баримтлах эх сурвалж нь ч гэсэн Эрүүгийн хуульд заасан нөхцөлөөр хэрэгжиж гэмт хэргийн гэм буруу, хууль хэрэглээ буюу зүйлчлэл нийцсэн байх нь хууль ёсны шалгуур билээ.

Сарниулах, сарниулсан гэсэн үгийн цаг хугацааны хэмжигдэхүүнийг хэрхэн тодорхойлох, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн дээрх 2 үг нь аль цагийг зааж байгаа вэ гэдэгт хууль зүйн дүгнэлт өгснөөр миний үйлчлүүлэгч А.Б-гийн хувьд Эрүүгийн хуулийн хэрэглээ буюу зүйлчлэлд зөв дүгнэлт хийх боломжтой юм.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан гэмтлээс үүссэн зовиур эд эрхтэний бүтэц үйл ажиллагааны хямрал 4 долоо хоногоос дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан гэмтэл хүндэвтэр гэмтэлд хамаарах заалттай байхад уг журамд байхгүй буюу шинжээч нарын дүгнэлтэд зааснаар сарниулах гэсэн үгээр ял шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийг холбогдох хууль, журамд зааснаар биш шинжээч нарын үгийг Эрүүгийн хуулийн нэр томьёо болгон ашиглаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Журамд зааснаар сарниулсан гэдэг нь өнгөрсөн цаг хугацааг тодорхойлсон бөгөөд харин шинжээч нарын дүгнэлтэнд заасан сарниулах гэдэг нь ирээдүй цагийг тодорхойлсон цаг хугацааны хэмжүүр юм. Шинжээч нарын дүгнэлт, мөн бусад нотлох баримтанд хохирогч М.Мийн биед учирсан хүндэвтэр хохирол нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан гэсэн эмнэл зүйн ямар ч баримт болон өөр бусад нотлох баримтгүй, эхний 629 дугаар шинжээчийн дүгнэлт хэрэг гарснаас 3 хоногийн дараа гарсан ба энэ хугацаанд буюу 3 хоногийн дараа хохирогчийн гэмтэл 4 долоо хоногоос дээш сарниулсан эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй байсан. Давтан шинжээчийн 480 дугаар дүгнэлтэд бодит үзлэгээр зовиургүй зөвхөн тэмтрэхэд доод эрүүнд бэхэлгээ хийгдсэн байдалтай гэсэн ба 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн компьютер томографийн зураг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл нь 4 долоо хоног доторх баримт бөгөөд үүнээс өөр 4 долоо хоногоос дээш эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж эрүүл мэнд сарниулсан гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан гэмтлээс үүссэн зовиур эд эрхтэний бүтэц үйл ажиллагааны хямрал 4 долоо хоногоос дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр хохирол учруулсан гэж ял шийтгэсэнд гомдолтой байна.

Иймд хүнд гэмтэл биш, эрүүл мэндийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, зөвхөн эрүүл мэндийг сарниулсан шинж нь гэмтлийн шалгуур болж байхад 4 долоо хоногоос дээш сарнисан эмнэлгийн бичиггүй, өнгөрсөн цаг дээр буюу сарниулсан гэж гэмтлийн зэрэг тогтоох зааварт заасаар байтал ирээдүй цаг дээр сарниулах гэж тодорхойлж, журманд байхгүй үгээр дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Гурав. Таньж олуулах ажиллагааг нотлох баримтаар үнэлсэн тухайд:

А.Б- болон хохирогч М.М нарыг цагдаагийн нэг машинаар тухайн байгууллагад авчирсан. Энэ гэмт хэрэг гараад 5 сарын дараа таниж олуулах ажиллагаа хийсэн өчнөөн цаг хугацаа өнгөрсөн байхад уг ажиллагааг хийж, тэмдэглэлийг нь нотлох баримтаар үнэлж, харин сидиний бичлэгт ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна. Хохирогч, сэжигтэн, яллагдагч нар уг хэргийг шалгаж байхад байнга тааралдаж, уулзалдаж байсан байхад эдгээрээс өөрт чинь хохирол учруулсан хүнийг ол гэж таньж олуулах ажиллагаа хийсэн нь утгагүй. Уг ажиллагааны зорилготой нийцэхгүй. Яллагч яллах талын нотлох баримтыг хэлбэрийн хувьд бүрдүүлж өөрийн байр сууриа хамгаалах хэрэгсэл болгосныг шүүх үндэслэлтэй гэж магадлалд гэм буруугийн нотлох баримтын дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Дөрөв. А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн 2 гэмт хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэмт хэргийг прокурор өөрөө хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгоогүй.  

Мөн А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр байсаар байтал тус зүйл, заалтаар А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг зөрчлийг арилгахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд заасан дээрх эрүүгийн хэрэгт А.Б- нь яллагдагч биш буюу эрүүгийн хэрэг үүсгээгүй байтал хэрэг гэж үзэн хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг хянаж эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэр гаргахдаа, яллагдагч болоогүй үйлдэл холбогдолд яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчсөн байгааг шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгалгүйгээр өмгөөлөгч нараас хүсэлт гаргаагүй гэж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарган гэм буруугийн хурал хийж огт байхгүй эрүүгийн хэрэг буюу А.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна.

Тав. Хэрэгт авагдсан нотлох баримт хуульд нийцэж, шаардлага хангаж буй эсэх тухайд:

Прокуророос 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 20 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан А.Б- нь Б.Э-, Б.Б- нартай бүлэглэн Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 245 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан.

Гэтэл шүүгчийн захирамжид заагдсан алдаа дутагдлыг засалгүйгээр зөвхөн сиди бичлэгт шинжээч томилон буцаан шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлөө арилгаагүй, шүүгчийн захирамжийг бүрэн гүйцэд биелүүлээгүй дахин яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зургаа. Хэрэгт эд мөрийн баримтыг шинжлэн судалсан тухайд:

Хэрэгт авагдсан сиди бичлэгийг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан бөгөөд улсын яллагч нь А.Б, М.М, Б. Э, Б. Б, Г.Э нарыг “энэ” гэж нэрлэж зааж байсан. Гэтэл уг бичлэг нь шинэ жилийн баяр буюу харанхуй гэрлийн ойлт буюу диско хөгжмийн аялгуугаар гэрлийн солигдол бүхий орчинд хийгдсэн бичлэг бөгөөд уг бичлэгийг шүүх хурлын танхимд шинжлэн судалсан өмгөөлөгч миний бие хэн, хаана, ямар үйлдэл хийгээд байгааг ялгаж салгаж чадахгүй, боломжгүй байсан. Уг бичлэгийг гэрлийн тусгалаас боломжтой бол салган, буруутгагдаж буй шүүгдэгч нарын үйлдлийг дүрсжүүлэх ажлыг мэргэжлийн шинжээч тусгай мэдлэгтэй хүмүүсээр хийлгэх хүсэлтийг тавьсан боловч шүүх хүлээн аваагүй. Бичлэгийг энгийн нүдээр харж байгаа өмгөөлөгч миний бие ялгаж салган харах боломжгүй байхад шүүгч ямар тусгай мэдлэг, ховор авьяасаараа ялгаж уг бичлэгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж хууль зөрчсөн, нотлох баримтад тулгуурлаагүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийг 2 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөн адил үндэслэлтэй. Харин шүүгдэгч А.Б-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад ямар нэгэн хууль зүйн дүгнэлт гаргаагүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э-, Б.Б-, А.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Э-, Б.Б- нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газар 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Э-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

А.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газар 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.М-г зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлон зүйлчилж, улмаар шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-, Б.Б- нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин  давж заалдах шатны шүүхээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед шүүгдэгч А.Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлгүй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрвөл холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.  

Иймд А.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилгуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар А.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч П.Одонтунгалагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН