Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 118/2017/0018/з |
Дугаар | 221/МА2017/0517 |
Огноо | 2017-07-19 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2017/0517
Ц.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142, Б/143 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.Б-ыг Завхан аймгийн, Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин 3.731.728 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заасан. Нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй буюу нэхэмжлэгчээс хууль зөрчин хурал товлосныг хүчингүй болгуулах, Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад шууд үнэлэлт, дүгнэлт өгч, хууль зөрчин товлож гэж тогтоож байгаад гомдолтой байна. Хууль зөрчиж товлосон, хууль бус хуралдсан, хууль бус санал хүргүүлснийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад шүүх хууль бусаар хуралдсан гэж үндэслэж байгаа нь ойлгомжгүй юм. Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга нь багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдаж багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх саналыг хүлээн авахаас татгалзах эрхгүй, хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцож тухайн хурлыг дэг журмын дагуу явуулсан уу, товоо зөв зарласан уу, хуралдаанаас зөв шийдвэр гаргасан уу гэж хяналт тавих үүрэг хуулиар хүлээгээгүй. Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заасныг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчидтэй ижил утгаар ойлгох бөгөөд шинээр сонгогдсон хурлын төлөөлөгчид буюу тэргүүлэгчид нь анхдугаар хуралдаанаас заавал хурлын дарга, Засаг даргыг сонгосон байхыг шаарддаг. Ийнхүү Засаг даргыг томилох, чөлөөлөх саналыг дээд шатны Засаг даргад уламжлах бүрэн эрхийнхээ хүрээнд Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргад санал хүргүүлснийг үгүйсгэх боломжгүй юм. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчилалын хэлбэр бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 9-т шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж зааснаас үзэхэд иргэд үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг хязгаарлах боломжгүй юм. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу бодсон бөгөөд нийтэд илэрхий болсон амралтын өдрүүдийг хасалгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид 5 хоногийн цалинг нэмж олгосон гэж үзэхээр байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү цалин хөлс гаргуулсан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдуулан “2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142, Б/143 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өлзийт багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “хууль бусаар хуралдсан Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэж намайг ажлаас чөлөөлөн, гуравдагч этгээдийг багийн Засаг даргаар томилсон” гэж маргажээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж бие даасан захиргааны актад хамаарах Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолыг хууль бус гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь буруу байна.
Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, уг хуралдаанаар Ц.Б-ыг Өлзийт багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, олонхийн санал авсан Б.Э-ыг Өлзийт багийн Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэж энэ тухай саналаа 03 дугаар тогтоолоор Улиастай сумын Засаг даргад хүргүүлжээ.
Дээрх тогтоолыг үндэслэн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамжаар Ц.Б-ыг Өлзийт багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Б/143 дугаар захирамжаар Б.Э-ыг Өлзийт багийн Засаг даргаар томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасантай нийцсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаар багийн Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд ээлжит сонгуулийн үр дүнд багийн иргэдийн Нийтийн хуралдаанаас сонгогддог багийн Засаг даргын бүрэн эрх тухайн ээлжит сонгуулийн хугацаанд хэрэгжинэ гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “4 жилийн хугацаагаар” гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3-т заасан “Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Ээлжит сонгууль гэж ... дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ” гэж заасантай нийцүүлж ойлгох бөгөөд дараагийн ээлжит сонгуулийн үр дүнд сонгогдсон сумын Засаг дарга нь Өлзийт багийн иргэдийн Нийтийн хуралдаанаас санал болгосны дагуу өмнөх сонгуулийн үр дүнд сонгогдон багийн Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.Б-ыг ажлаас чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн хуралдааныг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад шууд үнэлэлт өгч хууль зөрчин хурал товлосон гэж тогтоосон, анхдугаар хуралдаанаас шинээр сонгогдсон хурлын Тэргүүлэгчид, төлөөлөгчид нь заавал хурлын дарга, Засаг даргыг сонгох ёстой байдаг иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг хязгаарласан” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Б-ын “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142, Б/143 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН