Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03912

 

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/03912

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо , Архивын зам, Ийгл таун хотхон, 000  дугаар байр, 2 давхар 00  тоотод оршин суух, Ш овогт Ж-ийн Г /РД:ШЕ80062107/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 4 давхарт байрлах М ХХК /РД:5087996/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардагдах бичиг баримтууд болон НӨАТ-ын баримтыг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний алдангид 7,135,535 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд.

1.1. Ж.Г миний бие 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М ХХК-тай орон сууц зээлээр худалдан авах гэрээ хийсэн. Орон сууц зээлээр худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоотод байрлах 51.17 м.кв талбайтай орон сууцыг 122,808,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, урьдчилгаанд 38,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, бэлнээр 31,000,000 төгрөг, бартераар 86-78 УНҮ улсын дугаартай автомашиныг 7,000,000 төгрөгт тооцуулан өгсөн. Үлдэгдэл 84,808,000 төгрөгийг хүүгүйгээр 48 сарын дотор барагдуулахаар харилцан тохиролцсон билээ. Гэрээний 1.4 дэх заалтад байгалийн гамшиг, гал, үер, хорио цээр зэрэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Би гэрээний үүргээ биелүүлэн 48 сарын дотор төлбөрөө бүрэн төлж ,2023 оны 09 сарын 30-ны өдөр төлбөрийг бүрэн дуусгасан. Ингээд төлбөрөө бүрэн төлж дууссан учраас байрны гэрчилгээг шилжүүлж авахыг удаа дараа хүссэн боловч М ХХК-ийн зүгээс эхний удаа 2,000,000 төгрөгийн алданги надаас нэхсэн. Дараагийн удаа очиход 5,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, уг мөнгийг тушаагаад байрны гэрчилгээгээ аваарай гэсэн. Ингэхдээ гэрээний төлбөрөө "Ковидын үед 1 сарын төлбөр хоцроосон нь бидний буруу" гэсэн утгатай өргөдөл бичиж өг гэж хэлээд бичүүлж авсан. Учир нь 2019 оны 11 сард Ковид-19 цар тахал дэгдэж бүх нийтээрээ 2 жил үргэлжилсэн хүнд хэцүү байх үед сар бүрийн төлөлтөө гэрээнд зааснаар төлж чадахгүй нөхцөлд орсон учир 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр "М ХХК-д хандаж миний бие бичгээр "байрны зээлийн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад миний өргөдлийг хүлээн авч, цохолт хийгээгүй. Надад хариу албан ёсоор бичгээр өгөөгүй.

Дахиж өргөдөл хүлээн авахгүй байхаар нь шүүхэд хандана, гэрээнд өөрчлөлт оруулна гэж миний бие компанийн захиралд хэлсэн боловч захирал н.Дэлгэрбилэг хүлээн зөвшөөрөөгүй. Харин эсрэгээрээ төлбөрөө 5,000 төгрөг ч бай 50,000 төгрөг ч бай хамаагүй төлбөрөө хий гэж шахаж шаардаж, нягтлан бодогч Б.Э утсаар надад хариу мэдэгдсэн.

Ковид-19 цар тахлын үед ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй бүх үйл ажиллагааг хязгаарласан үед цөөхөн хоногоор сарын төлөлтийг хоцроосон хоног тутамд алданги тооцож байгааг би шударга бус үйлдэл гэж үзэж байна. Уг "Орон сууц зээлээр худалдан авах гэрээ"-г байгуулахдаа хэт нэг талыг барьсан, Иргэний хуулиас давсан зүйл заалтыг гэрээнд оруулсан байгаа тул гэрээний 2.3 дахь хэсэгт заасан зүйл заалт хүчингүй гэж үзэж байна.

Иймд Ж.Г намайг Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоотод байрлах 51.17 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргахад шаардагдах бичиг баримтуудыг болон орон сууцны нийт төлбөр болох 122,808,000 төгрөгт ногдох НӨАТ-ын баримтыг тус тус гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

2.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Өөрийн амьдран суух гэр орон, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөө бэлэн мөнгө төлөөд шууд авах боломжгүй худалдан авагчид банкны зээлээр бус, төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлээр бус, харин М ХХК-аас олгосон маш хөнгөлөлттэй нөхцөлөөр "Орон сууцны байр зээлээр худалдах гэрээ"-г нэхэмжлэгчтэй байгуулсныг энэхүү тайлбарын өмнө дурдах нь зүйтэй. М ХХК-тай хүүгүйгээр Орон сууцны байр худалдах, худалдан авах гэрээ байгуулснаараа хүү төлөх эрсдэлээс нэхэмжлэгч Ж.Г нь чөлөөлөгдсөн байна. Тийм ч учраас гэрээгээр хүлээсэн төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргийг хариуцлагажуулах, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар гэрээний 2.3-т "Алданги"-н заалт оруулсан.

М ХХКомпани Орон сууцны байрыг Ж.Г д зээлээр худалдахдаа хүүгүйгээр гэрээ байгуулсан нь төлбөрийг богино хугацаанд төлж дуусган өмчлөх, эзэмших, ашиглах бүрэн эрхээ богино хугацаанд өөрийн болгох, хүүгийн зардал нэмж төлөх хүндрэлээс чөлөөлөгдөх, банкны хатуу нөхцөлтэй гэрээний дарамтад орохоос зайлсхийх боломжийг олгосон болно. Хэрэв банкны зээлээр, эсвэл Ипотекийн зээлээр Ж.Г уг орон сууцыг авсан бол орон сууц нь хураагдах, нэмэгдүүлсэн хүү тооцуулан төлөх, Зээлийн ангиллын жагсаалтад эрсдэлтэй зээлдэгчээр бүртгэгдэх байсан. Учир нь гэрээ байгуулснаас хойш эхний 1 дэх болон 3 дахь, 4 дэх удаагийн хуваарьт төлбөрийг цаг хугацаанд нь төлсөн, бусад бүх хуваарьт төлбөрийг хугацаа хоцроож төлсөн. Энэ нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд дараа дараагийн бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхэд тодорхой хэмжээгээр саад болж байсныг тооцож үзэх хэрэгтэй. Дээр нь Ж.Г гийн нөхцөл байдлыг харгалзан, хүүгүйгээр зээлээр төлөх боломж компани өөрөө олгож өөртөө эрсдэл хүлээсэн. Иргэний хуулийн 215 дугаар зүйлд Үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхийн талаар тодорхойлсон. Үүгээр үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно. Тиймээс Ж.Г нь гэрээний хуваарьт төлбөрийг хугацаа хоцроосонд тооцогдох алданги төлөх үүргээ биелүүлж, тооцоогоо бүрэн дуусгаагүй учраас өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар шаардах эрхгүй, мөн талууд гэрээндээ нэхэмжлэгчид НӨАТ-ын баримтыг гаргаж өгөхөөр харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Е000 - 00 дугаартай "Орон сууцны байр зээлээр авах гэрээ"-ний 1.1-т "...84,808,000 төгрөгийг хүүгүйгээр зээлж, уг зээлийг 48 сарын дотор багтаан зээлдүүлэгч талд /хэрэв үүссэн бол алданги торгууль болон бусад төлбөрийн хамтаар/ бүрэн төлж барагдуулж, зээлдүүлэгч талтай тооцоо нийлсний дараа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зээлдэгч зээлдүүлэгчээс шилжүүлэн авахад оршино" гэж гэрээний зорилго, талуудын хүлээх үндсэн үүргийг болон үүргийг гүйцэтгэх үе шатыг тодорхойлсон байна.

Ж.Г нь хуваарийн дагуу төлөх төлбөрийг хугацаа хожимдуулан төлж байснаас алданги тооцогдсон, алданги төлөөгүй, үндсэн төлбөр болон алдангийн тооцооллыг дүгнэж тооцоо нийлээгүй байх тул Гэрээний 1.1 болон 2.1- т дурдсанаар нэхэмжлэгч талд "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно.

Ж.Г нь гэрээ байгуулснаас хойш 48 сарын дотор нийт 48 удаагийн төлөлтөөр 84,808,000 төгрөгийг төлж дуусгах байсан боловч 22 удаагийн төлбөрийг 1-73 хүртэл хоногоор хоцроон, нийт 598 хоногийн хугацаанд алданги төлөхөөр тооцоо гарч байна. Иймд Ж.Г гаас 7,135,535 /Долоон сая нэг зуун гучин таван мянга таван зуун гучин таван/ төгрөгийн алдангийг нэхэмжилж байна гэв.

4.Нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Энэ алдангийн тооцоолол дээр ажлын бус өдрийг тооцсон байсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлтөл 2 хоногийн алданги тооцсон байсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр ажлын бус өдөр. Энэ нь Иргэний хуулийн 72.2 дугаар зүйлд заасан хугацаа тооцох журмыг зөрчиж байна. Яг ийм буруу тооцоолсон өдөр зөндөө байгаа. Ийм байдлаар 598 хоногоор буруу тооцоолол хийж маш өндөр алданги тооцсон. Энэ нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчиж байна. Миний бие гэрээгээр тохирсон нийт төлбөрийг 48 сардаа багтаан төлж дуусгасан. Ковид-19 цар тахлын үед ганц, нэг хоногоор хугацаа хэтрүүлэх тохиолдол байсан. Энэ тухай тус компанид мэдэгдэхэд боломжоороо хийж бай гэж хэлдэг байсан. Мөн хариуцагч нь алдангийг тооцохдоо бэлэн мөнгөний зээл авсан мэтээр өндөр хүү тогтоосон нь хууль зөрчиж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд: Орон сууцны төлбөр төлсөн гэх санхүүгийн баримтууд /хх3-51/, Орон сууцны байр зээлээр авах гэрээ-ний хуулбар /хх52-56/, Нэхэмжлэгчийн МХХК-д гаргаж байсан гэх хүсэлтүүдийн хуулбар /хх57-61/.

6.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: МХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-77/, дүрэм /хх-82-82/, итгэмжлэл /хх-76/, Орон сууцны байр зээлээр авах гэрээ-ний хуулбар /хх-79-81/, алдангийн тооцоолол /хх-89/, дансны хуулга /хх-92-140/, маргаан бүхий орон сууцны хаягжилттай холбоотой тодорхойлолт /хх-164-168/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоотод байрлах 51.17 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахад шаардагдах бичиг баримтуудыг болон орон сууцны нийт төлбөр болох 122,808,000 төгрөгт ногдох НӨАТ-ын баримтыг тус тус гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Е000 -00 дугаартай Орон сууцны байр зээлээр авах гэрээ-ний алдангид 7,135,535 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

3.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

4.1. Хариуцагч М ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Е000 -00 дугаартай Орон сууцны байр зээлээр авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоотод байрлах 51.17 м.кв талбайтай орон сууцыг 122,808,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 38,000,000 төгрөгийг төлсөн.

4.2. Тус гэрээгээр Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 84,808,000 төгрөгийг 48 сарын хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 30 гэхэд сар бүр график гарган төлж дуусгахаар харилцан тохиролцсон.

4.3 Миний бие гэрээнд заасны дагуу төлбөрийг 48 сардаа багтаан 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд 84,808,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан орон сууцын төлбөрийг төлж дуусгасан байхад хариуцагч тал нь надаас үндэслэлгүйгээр алданги нэхэж, уг орон сууцны өмчлөлийг надад шилжүүлж өгөхөөс татгалзаж байна.

4.4 Мөн орон сууцны үнэ болох 122,808,000 төгрөгт ногдох НӨАТ-н баримтыг өгөхгүй байна гэх агуулгаар тайлбарлаж байна.

5. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

5.1 Нэхэмжлэгч Ж.Г нь  гэрээнд заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 84,808,000 төгрөгийг 48 сарын хугацаанд төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ зөрчиж, сар бүрийн хуваарьт төлбөрийг төлөхдөө нийт 598 хоногийн хугацаа хэтрүүлж, нийт 7,135,535 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

5.2 Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь манай компанитай ирж, гэрээний үндсэн төлбөр болон алдангийн тооцооллын талаар тооцоо нийлээгүй, алдангийг төлөөгүй тул орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй.

5.3 Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгчид өгөх талаар тохиролцоогүй гэх агуулгаар тайлбарлан, нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн алдангид 7,135,535 төгрөгийн нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцсэн.

6.Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр М ХХК болон Ж.Г нар нь №Е000 -00 тоот Орон сууцны байр зээлээр авах гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч М ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах 12 давхар, Өлзийтийн зам 000  байрны 2 давхар, 2 өрөө 51.17 м.кв талбайтай 00 тоот орон сууцыг нийт 122,808,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч Ж.Г нь энэхүү орон сууцны урьдчилгаа төлбөрт 38,000,000 төгрөгийг төлж, үлдэх 84,808,000 төгрөгийг 48 сарын хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд, сар бүр 1,767,000 төгрөгийг төлөх үүргийг, орон сууцны төлбөрийг төлж дуусгасны дараа хариуцагч М ХХК нь орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

6.2 Гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах 12 давхар, Өлзийтийн зам 000  байрны 2 давхар, 2 өрөө 51.17 м.кв талбайтай 00 тоот орон сууцны хаягжилт нь Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоот болон өөрчлөгдсөн талаар зохигч маргаагүй бөгөөд уг орон сууцыг талууд гэрээ байгуулсан өрдөө нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, одоогийн байдлаар тус орон сууцанд нэхэмжлэгч Ж.Г нь гэр бүлийн хамт амьдарч байна.

6.3 Нэхэмжлэгч Ж.Г нь дээрх гэрээнд заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр болох 84,808,000 төгрөгийг 48 сарын хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгасан байх бөгөөд гэрээнд заасан орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн эсэх талаар талууд маргаагүй.

7. Харин талууд нэхэмжлэгч нь сар бүр төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлж төлснөөс алданги төлөх үүрэг үүсэх эсэх талаар, энэ нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэхэд саад болох эсэх талаар маргаж, өөр өөрийн үндэслэлээ тайлбарлан мэтгэлцэж байна.

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно гэж заасан.

Шүүх хуралдааны явцад тогтоогдсон дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд талууд уг хэлцэл байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон орон сууцны үнэ болох 122,808,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагчаас орон сууцны өмчлөлийг шилжүүлэн авахаар шаардах эрхтэй байна.

9.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т энэхүү байр зээлээр авах гэрээний төлбөрийг графикт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөлтийн хугацаа хэтэрсэн хоног тутамд байрны нийт төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувиар алдангийг бодож төлөх үүрэг хүлээнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 84,808,000 төгрөгийг 48 сарын хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 1,767,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд уг төлбөрийг төлөхдөө хоног хэтрүүлдэг байсан талаар маргаагүй, харин уг төлбөрийг зарим тохиолдолд хугацаа хэтрүүлж төлдөг байсан нь ...Ковид-19 цар тахлын хязгаарлалттай холбоотой буюу энэ үед ажил хөдөлмөр хийж, орлого олох нөхцөл байдал хязгаарлагдмал байсантай холбоотой бөгөөд энэ талаар хариуцагч талд мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 84,808,000 төгрөгийг төлөх 48 сарын хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байх бөгөөд энэхүү хугацаа нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хязгаарлалтын үетэй давхцаж байх тул нэхэмжлэгчийг төлбөрийг график зөрчигдсөний улмаас үүсэх алдангиас чөлөөлөх нь үндэслэлтэй гэж үзэв.

10.Иймд нэхэмжлэгч гэрээгээр тохирсон орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч үүргийн хэлцлээс улбаатай орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч М ХХК нь гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоот орон сууцны өмчлөлийг Ж.Г гийн нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг нэхэмжлэгчид гарган өгөх үүрэгтэй гэж үзэв.

11.Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх энэхүү шаардлагыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй болно.

12.Түүнчлэн, хариуцагчийн нэхэмжлэгчид худалдан борлуулсан орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар албан татвар ногдох бараа ажил үйлчилгээнд хамаарч байх тул мөн хуулийн 14.3-д зааснаар хариуцагч нь тухайн худалдан борлуулсан орон сууцны үнийн дүнгээс татвар тооцон, баримтыг нэхэмжлэгчид өгөх үүрэгтэй байна.

13.Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоот орон сууцны өмчлөлийг Ж.Г гийн нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг болон тус орон сууцыг нэхэмжлэгчид худалдан борлуулснаас төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг тус тус нэхэмжлэгч Ж.Г д гарган өгөхийг хариуцагч*******ХХК-д даалгаж, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан алдангид 7,135,535 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг, улсын төсвийн орлогоос нэхэмжлэгчээс илүү төлсөн хураамж болох 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Г д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан  Хан-Уул дүүргийн 21-р хороо, Архивын зам, Ийгл таун хотхон 000  байр, 2 давхар, 00 тоот орон сууцны өмчлөлийг Ж.Г гийн нэр дээр бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг болон тус орон сууцыг нэхэмжлэгчид худалдан борлуулснаас төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг тус тус нэхэмжлэгч Ж.Г д гарган өгөхийг хариуцагч М ХХК-д даалгаж, хариуцагчийн 7,135,535 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Г д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА