Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0262

 

2024 03 22 128/ШШ2024/0262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Д,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Э ХХК-иас гаргасан 1990 оноос 1994 оны хооронд цалингийн тодорхойлолтыг үндэслэн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг цалингийн итгэлцүүрээр 3.152.392 төгрөгөөр тогтоолгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, М.Б, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П, гэрч С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1 Иргэн Ч.Д нийтдээ 36 жил 5 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллан 1993 оноос 1998 оны хоорондох дараалсан 5 жилийн дундаж цалин хөлс (61.075 /жаран нэгэн мянга далан таван төгрөг/)-өөс өндөр насны тэтгэврийг 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 37.561 /гучин долоон мянга таван зуун жаран нэгэн төгрөг/-өөр тогтоолгон авч эхэлжээ.

1.2 Улмаар Ч.Д 1990 оноос 1994 оны цалингийн дунджаар тэтгэврээ шинэчлэн тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргажээ.

1.3 Нэхэмжлэгчид уг хүсэлтийн дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичгээр ...харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандаж шийдвэрлүүлнэ үү.. гэх хариуг,

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар албан бичгээр ...Э ХХК-ийн тодорхойлсон таны 1990 оноос 1994 оны цалингийн тодорхойлолтын анхан шатны баримт нь архивын сан хөмрөгт хадгалагдаагүй, мөн байгууллагын архивт байхгүйгээс тулган баталгаажуулах боломжгүй байгаа тул уг цалингийн тодорхойлолтоор тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй байна.. гэх хариуг,

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаар албан бичгээр ...Э ХХК-ийн гаргасан тодорхойлолтын үндэслэлийг ...тулган баталгаажуулах боломжгүй байгаа тул тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй байна... гэх хариуг тус тус хүргүүлжээ.

1.4 Дээрх хариуг эс зөвшөөрч иргэн Ч.Д Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай хариуг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 1990 оноос 1994 оны хооронд цалин түүнтэй адилтгах орлогын өндөр насны тэтгэврийг итгэлцүүрийн 3.152.392 төгрөгөөр тогтоолгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анх гаргасан.

1.5 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр эцсийн байдлаар Э ХХК-иас гаргасан 1990 оноос 1994 оны хооронд цалингийн тодорхойлолтыг үндэслэн үндэслэн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг цалингийн итгэлцүүрээр 3.152.392 төгрөгөөр тогтоолгохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон болно.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: Ч.Д би 1990-1994 онуудад Э" хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллаж цалин, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан нь эргэлзээгүй тогтоогдож байгаа бөгөөд тухайн асуудлаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл ажиллагаа үйл явдлыг тогтоох, эрх олгосон баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, ажиллаж байсан байдал тогтоолгох талаар иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагүй ба хандах шаардлагагүй билээ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 06 сарын 21-ны өдрийн ... тогтоолын хавсралтын итгэлцүүрийн дагуу Ч. Д миний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо 1990-1994 онуудад төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг оруулан бодохгүйгээр бага үнийн дүн болох 1.404.000 төгрөгийн хязгаараар бодож хохироож байна.

Миний 1990-1994 онуудад цалин, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байсан орлогоос өндөр насны тэтгэврийг тооцон бодоход 3.152.392 төгрөг болдог ба тухайн асуудлаар удаа дараа өргөдөл, хүсэлт гаргасан боловч үнэн зөв, эргэлзээг үндэслэлтэй бодож иргэдэд хүртээмжтэй үйлчлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна.

Иймд Нийгмийн даатгалын Ерөнхий Газар нь өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэлээс төлсөн цалин, орлогыг зөв үндэслэлтэй тооцоолж бодох үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүйгээрээ иргэн миний үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өндөр наслах, мөнгөний тусламж авах эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа тул Нийгмийн даатгалын Ерөнхий Газрын 2023 оны 08 сарын 09-ны өдрийн ... дугаартай хариуг эс үйлдэхүй болохыг тогтоож, 1990 оноос 1994 оны хооронд цалин, түүнтэй адилтгах орлогын өндөр насны тэтгэврийг итгэлцүүрийн 3.152.392 төгрөгөөр тогтоохыг даалгуулж өгнө үү гэжээ.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Ч.Д нь нийтдээ 31 жил 9 сар 8 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллан, 1993-1998 оны хоорондох дараалсан 5 жилийн дундаж цалин алж (61.075 төгрөг)-өөс өндөр насны тэтгэврийг 2003 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс сард 37.561 (гучин долоон мянга таван зуун жаран нэг) төгрөгөөр тогтоолгон авч эхэлсэн.

Ч. Д нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 жил 6 сар "М" ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан ба уг хугацааны нэмэгдлийг тухай бүр тэтгэвэр дээр нь нэмэгдүүлэн олгосон. Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай …, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" … дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг зохион байгуулан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоосон нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг шинэчлэн бодож 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож байна. Засгийн газрын 2023 оны ... тогтоолын 3 дахь хэсэгт "Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1404 000 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай" гэж заасан. Дээр дурдсан тогтоолоор баталсан итгэлцүүрээр Ч.Дийн тэтгэвэр тогтоолгосон 1993-1998 оны 5 жилийн цалинг өсгөн бодоход 1993 оны 7-12, 1994, 1995 оны 1-7, 9-12, 1996 оны 1-7, 10-12, 1997 оны 1, 3-12, 1998 оны 1-6 дугаар сарын цалин 1404 000 төгрөгөөр тус тус хязгаарлагдсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 (6. 5) жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлно", мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа өөрчлөн тогтооно" гэж тус тус заасан.

Иргэн Ч.Д 2023 оны 2 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж "Э" ХХК-аас гаргасан 1990-1994 оны цалин хөлсний тодорхойлолтоор тэтгэврээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан ба тус хэлтсээс Үндэсний төв архивд хандаж 1990-1994 онд Ч.Дид холбогдох тушаалын болон цалин хөлсний лавлагаа гаргуулахаар хүсэлт хүргүүлсэн байна.

Үндэсний төв архивын 2023 оны 04 дүгээр 04-ний өдрийн ... дугаар албан бичгээр Ч.Дийн 1990 оны 01, 02, 20 дугаар тушаалын хуулбарыг ирүүлсэн ба уг тушаалд нэхэмжлэгчийг ажиллаж байсныг тодорхойлсон боловч уг хугацааны цалин хөлсний баримт тус архивд байхгүй талаар хариу өгсөн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т "Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт", Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны ... дүгээр тушаалаар баталсан "Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох, хянах" 5 дахь хэсгийн 5.1-д "Даатгуулагч (иргэн) 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоос тэтгэвэр тогтоолгохыг хүссэн тохиолдолд түүний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 (6, 7) жилийн хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг (Б-НД-5) маягтаар ажил олгогчоор гаргуулан авна, ажил олгогч нь татан буугдсан зэрэг шалтгаанаар тодорхойлох боломжгүй бол архивын лавлагаа хавсаргана" гэж тус тус заасан. Тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсөө 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлсөөр өөрчлөн тогтоолгох тохиолдолд тухайн байгууллагын санхүүгийн үндсэн баримтаас түүвэрлэн гаргасан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагааг үндэслэдэг. "Э" ХХК-аас гаргасан 1990-1994 оны цалингийн тодорхойлолт нь архивын баримтаар нотлогдохгүй байна.

Иймд Ч.Дийн тэтгэврийг уг цалингийн тодорхойлолтоор өөрчлөх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.2 Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хороолол 11 дүгээр байрны 56 тоотод оршин суугч Ч.Д нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай хариуг эс үйлдэхүй болохыг тогтоолгож, 1990 оноос 1994 оны хооронд цалин түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврийг итгэлцүүрийн 3,152,392 төгрөгөөр тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Тус нэхэмжлэлд Ч.Д миний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо 1990-1994 онуудад төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг оруулан бодохгүйгээр тэтгэврийг багаар бодон хохироож байна. Мөн... хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тухай дурджээ. Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын тухай хууль болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийцүүлэн холбогдох нотлох баримтуудыг үндэслэн өндөр насны тэтгэврийг тогтоосон болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

          1.Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ч.Д нь иргэний тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан өөрийн авч байгаа тэтгэврийг дахин бодож, Э ХХК-иас тодорхойлж өгсөн 1990 оноос 1994 оны цалингийн тодорхойлолтын хэмжээгээр нь тэтгэврээ шинэчлэн тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүсэлт гаргахад тус хэлтсийн байцаагчаас иргэн Ч.Дийн бүрдүүлсэн бүрдүүлбэрийн баримтыг хянан үзээд Э ХХК-иас гаргасан 1990 оноос 1994 оны цалингийн тодорхойлолт нь санхүүгийн анхан шатны болон архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаар тогтоогдохгүй байна хэмээн үзсэн.

Үүнийг захиргааны эрх бүхий байгууллагаас үндэслэлтэй гэж дүгнэн Ч.Дийн тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй хэмээн шийдвэрлэсэн байна.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын даргын 2022 оны ... дүгээр тушаалаар баталсан Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Даатгуулагч (иргэн) 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоос тэтгэвэр тогтоолгохыг хүссэн тохиолдолд түүний тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх өөрт нь ашигтай дараалсан 7 жилийн хөдөлмөрийн хөлсний талаар зөвлөж уг хугацаанд авч байсан хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг (Б-НД-5) маягтаар ажил олгогчоор гаргуулан авна Санамж хэсэгт Энэ тохиолдолд ажил олгогч нь татан буугдсан зэрэг шалтгаанаар тодорхойлох боломжгүй бол архивын лавлагаа хавсаргана" гэжээ.

4.Дээрхээс үзвэл 1995 оноос өмнө ажилласан хугацаагаар тэтгэвэр тогтоолгохоор хүссэн иргэнээс хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтыг шаарддаг ба хэрэв тодорхойлох боломжгүй тохиолдолд архивын лавлагааг хавсаргахаар зохицуулжээ.

5.Хариуцагчаас Э ХХК-иас гаргасан 1990 оноос 1994 оны цалингийн тодорхойлолттой маргаж байгаа хэдий ч иргэн Ч.Дийг 2003 онд тэтгэвэрт тогтоолгоход тус компаниас гаргасан 1993 оноос 1997 он хүртэлх ижил цалингийн тодорхойлолтыг үндэслэсэн байх ба давхцал бүхий онууд болох 1993, 1994 оны цалингийн хэмжээ хоорондоо тохирч байна.

6.Мөн Э ХХК-ийн тухайн үеийн нягтлан бодогч С.Б-ыг гэрчээр асуухад ...Байгууллагын нягтлан бодогч нь цалингийн тодорхойлолт гаргаж өгөх бүрэн эрхтэй байдаг. Тухайн үед өөрийн албан тушаалын үүргийн дагуу тухайн байгууллагын санхүүгийн баримтыг үйлдсэн. Тухайн бүх баримтууд нь манайд байсан. Ажлаас гарах үед Улсын архивд хүлээлгэж өгөхөөр бэлдэж байсан. Тухайн баримтуудаас би түүж гаргаж өгсөн... гэх мэдүүлгийг өгсөн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн гарган өгсөн уг эх хувь цалингийн тодорхойлолтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

7.Нэгэнт тэтгэвэр тогтоолгохоор хүссэн иргэн эх хувь хөдөлмөрийн хөлсний тодорхойлолтоо гарган өгч буй уг тохиолдолд тус баримтыг нийгмийн даатгалын байгууллага архивын баримттай тулган баталгаажуулах шаардлагагүй байх тул ...үндэслэл болгож гаргасан санхүүгийн анхан шатны баримт нь архивын сан хөмрөгт хадгалагдаагүй, тулган баталгаажуулах боломжгүй байгаа... гэсэн үндэслэлээр тэтгэврийг нь шинэчлэн тогтоохгүй татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

8.Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан ажилчдын дундаж цалингаас нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолтод заасан хэмжээ их байна гэх тайлбарын тухайд, нийгмийн шилжилтийн үед Монгол улсыг бүхэлд нь эмээр ханган нийлүүлж байсан, улсын ууган үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн цалин тус хэмжээнд байх боломжтой болохыг үгүйсгэхгүй юм.

9.Түүнчлэн хуульд заасан болзол шаардлагыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгох нь Монгол улсын иргэний үндсэн тэтгэвэр тогтоолгох эрхийн нэгэн адил бөгөөд нэгэнт иргэн хуулиар тогтоосон болзол, шаардлагыг хангаж буй тохиолдолд захиргааны байгууллагаас уг эрхийг нь хязгаарлах эрхгүй.

10. Харин шүүхээс яг одоогоор нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон 3.152.392 төгрөгөөр тооцон өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байх тул хариуцагч нар түүний өөрчлөн тогтоолгох тэтгэврийн хэмжээг хууль тогтоомж, дүрэм, аргачлалын дагуу тооцон олгохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад зохих өөрчлөлтийг оруулан хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Даас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э ХХК-иас гаргасан 1990 оноос 1994 оны хооронд цалингийн тодорхойлолтыг үндэслэн өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоохгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг холбогдох хууль, журам, итгэлцүүрийн дагуу тооцож олгохыг хариуцагч нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР