| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2015003090108 |
| Дугаар | 2022/ДШМ/28 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/28
Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор М.Сайнзаяа, шүүгдэгч Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/228 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч Д.Туяа, Д.Майнбаяр, Ц.Төмөрхуяг нарт холбогдох эрүүгийн 2015003090108 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Д.Туяа,
Монгол Улсын иргэн, Ц.Майнбаяр,
Монгол Улсын иргэн, С.Төмөрхуяг
1. Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нар нь бүлэглэж 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нутгийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Булган аймгийн Бүрэгхангай сумын Бэрхийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг .......... гэх нөхөрлөлүүдээс тус тус 1 сая төгрөг буюу нийт 4 сая төгрөгийг залилан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/205 дугаар яллах дүгнэлтээр Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
3. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарт холбогдох эрүүгийн 2015003090108 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах үндэслэлээр Булган аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:
3.1. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох/, гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг нарийн шалгаж, нотлож ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг бүлэглэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ энэ гэмт хэрэг ямар байдлаар хэрхэн үйлдэгдсэн эсэх, гэмт хэргийн объектив талын шинж, мөн шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ хандсан гэмт хэргийн санаа сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон сэдэл, санаа зорилго зэргийг нарийн шалгаж тогтоогоогүй байна.
3.2 Тухайлбал шүүгдэгч Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт мал маллан амьдардаг бичил уул, уурхай, нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж буй нөлөөллийн бүсэд байдаг эрх ашиг нь хөндөгдсөн айл өрхүүдийн нэг гэж үзвэл шүүгдэгч Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарын холбогдсон хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг нарийн шалгаж тогтоох нь зүйтэй.
3.3 Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болох уурхайн нөлөөллийн бүс гэж юуг ойлгох, уг нөлөөллийн бүсийг тогтоосон эсэх, тус нөлөөллийн бүсэд хэдэн айл, өрх харъяалагдаж байсан, дээрх айл өрхүүдийн эрх, ашиг хэрхэн зөрчигдөж байсан эсэхийг шалгаж тогтоох, нэр бүхий гэрч болох Улмаа буюу н.Уламбаяр, багийн Засаг дарга н.Баттөгөлдөр, улсын заан н.Өсөхбаяр нараас гэрчийн мэдүүлэг авч тухайн хурал хаана болсон, хэдэн айл өрх оролцсон, хэн хэн ямар санал санаачилга гаргасан, ямар зорилго зориулалтаар дундын данс нээх болсон, нэг сая төгрөг шилжүүлэх болсон шалтгаан зэрэг хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг тодруулах нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна гэж үзсэн болно.
3.4 Түүнчлэн дээрх нэр бүхий нөхөрлөлүүд нь зохих хууль, журмын дагуу байгуулагдсан эсэх, тэдгээрийн үйл ажиллагаа хуульд нийцэж байсан эсэх, нөхөрлөлийн ахлагч нар хэн болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч нар зөв тогтоогдсон эсэх талаарх дүгнэлтийг хийхэд хэрэгт нөхөрлөлийн бичиг баримт, гурвалсан гэрээ, хэлцэл зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай байна гэж шийдвэрлэжээ.
4. Прокурорын эсэргүүцэлд:
4.1. “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөр хоорондоо эрс зөрүүтэй буюу хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад огт дурдагдаагүй нөхцөл байдлыг дурдсан байна. Өөрөөр хэлбэл яллагдагч С.Төмөрхуяг мөрдөн байцаалтын үед 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “Итгэмжлэхийг Д.Туяатай Булган аймгийн Булган суманд очиж хийсэн..., Дундын дансыг Д.Туяа хэлсний дагуу Д.Туяа, Ц.Майнбаяр бид гурав Төв аймгийн Заамар суманд очиж нээлгэж байсан...” талаар урьд мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нар нь Уламаа гэх хүн дундын данс нээх талаар зөвлөсөн гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээс эрс зөрүүтэй, мөн урьд өгсөн мэдүүлгүүдээс нь эрс зөрүүтэй байхад уг асуудалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчсөн байна.
4.2. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг Бэрхийн өвөр гэх газарт 4 айл байдаг талаар тухайн багийн засаг дарга Э.Эрдэнэбулганы “...Бэрхийн өвөр гэх газарт Түмэн-Өлзий, Т.Тоочин, Ц.Отгонбаяр, Ц.Мөнхзаяа гэсэн 4 тооны айл өрхийн 12-13 тооны хүн байдаг. Миний мэдэхээр Туяа гэдэг хүн малчидтай уулзалт хийгээгүй байх гэж бодож байна. Малчдын эрх ашгийг хамгаалж, малчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулна гэж багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж албан ёсоор иргэний нэхэмжлэгч гэж Д.Туяаг томилж өгөөгүй. Багийн иргэдийн нийтийн хурлын асуудал хэлэлцэх цэсэнд орж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 65-67-р ху/, мөн тухайн багийн малчин Ц.Батсүхийн “...2020 оны 09 дүгээр сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Манайхтай ойр намарждаг Төмөрхуягийн гэрт Туяа гэдэг эмэгтэй ирсэн. Бүрдэл Майнинг компанитай бидний эрх ашгийг хамгаална, тоосжилттой холбоотой асуудлыг ярина гэхээр нь очсон. Төмөрхуягийн гэрт очиход тэр эмэгтэй байхгүй байсан. Эхнэр бид 2-г Төмөрхуягийн гэрт очиход Төмөрхуягийн ээж, нутгийн 3 хүн байж байсан. Гэхдээ бид хоёроос сүүлд ирсэн танихгүй хүмүүс. Тэгээд эхнэр бид 2-г Бүрдэл Майнинг дээр Туяа гэдэг хүн дуудаж байна гэж Төмөрхуягийн ээж хэлэхээр нь яваад очтол Туяа гээд эмэгтэй ганцаараа байж байсан. Өмнө нь 8 сард өгсөн бичгийнхээ хариуг авна гэж байсан. Тэгээд эхнэр бид 2 буцаад гэр рүүгээ явсан. Өмнө нь бас 8 сард хүмүүс цуглуулах гэсэн боловч цөөхөн хэдэн хүн цугларсан гэж өөрөөс нь сонссон... Надад уурхайн үйл ажиллагааг зогсооно л гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 75- 76-р ху/, Ц.Мөнхзаяагийн “...Туяа гэдэг хүнийг танихгүй. Энэ өнгөрсөн намар Бүрдэл майнинг уурхайн цаана айлуудаар явж малчдын эрх ашгийг хамгаалж яваа гэж дуулсан. Манай энэ хавиар огт ирээгүй /Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг Бэрхийн өвөр/. Тоочин, Түмэн-Өлзий, Отгонбаяр нартай би ойр дотно харилцаа холбоотой байдаг. Манай энэ хавиар Туяа гэдэг хүн огт ирээгүй. Манай хамаатнуудтай ч уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77-р ху/ зэргээр тогтоогдож байна. Мөн дээрх иргэдэд шүүгдэгч Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарын мэдүүлсэн малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор нөхөрлөлүүдээс мөнгө авсан, уг мөнгийг малчдад дэмжлэг болгож өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байх ба шүүгчийн захирамжид дурдагдсан “...Түүнчлэн дээрх нэр бүхий нөхөрлөлүүд нь зохих хууль, журмын байгуулагдсан эсэх, тэдгээрийн үйл ажиллагаа хууль нийцэж байсан эсэх, нөхөрлөлийн ахлагч нар хэн болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч нар зөв тогтоогдсон эсэх талаарх дүгнэлтийг хийхэд хэрэгт нөхөрлөлийн бичиг баримт гурвалсан гэрээ, хэлцэл зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай байна...” гэсэн нь хууль зөрчсөн асуудал байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл тухайн нөхөрлөлийн үйл ажиллагаа хууль журамд нийцэж байгаа эсэхээс үл хамааран Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад буюу залилах гэмт хэргийн гэм бурууг тогтоолгохоор шүүхэд шилжүүлэхэд шүүх хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлыг шалгаж тогтоолгох гэсэн нь хууль зөрчсөн байна. Мөн яллагдагч Д.Туяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.12 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага. алба хаагч биш учир нөхөрлөлүүдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох эрхгүй байна. Харин гагцхүү гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэмт хэрэг үйлдэгдэж байгааг иргэн хүний хувьд хуулийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй болно. Яллагдагч Д.Туяа, Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нарын дээрх үйлдэл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг айлган сүрдүүлж, бодит байдлыг нуух замаар буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгож ашиг хонжоо олох санаа сэдэлт зорилгыг агуулсан нь хавтаст хэрэгт авагдсан С.Төмөрхуяг, Ц.Майнбаяр нарын Хаан банкны ...... дугаарын дансны хуулга, тус дансанд орсон орлого зарлагын гүйлгээг нотолсон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4.4. Дундын данс гэгдэх С.Төмөрхуяг, Ц.Майнбаяр нарын Хаан банкны ..... дугаарын данснаас гарсан зарлагыг хэрхэн юунд зарцуулсан, мөн түүнчлэн малчдын эрх ашгийг хамгаалж тоосжилтоос сэргийлэх ажилд зориулна гэж авсан 4.000.000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга түүнийг нотолсон гэрч У.Эрдэнэцэцэгийн “...Би Хаан банканд ...... гэсэн данстай. 2020 оны 09 дүгээр сард Д.Туяа нь Булган аймагт намын төв байран дээр ирэхдээ надтай уулзаад “чиний данс руу мөнгө хийчих үү” гэхээр нь юм бодолгүй тэг тэг гээд хэлчихсэн. Тэгээд Төмөрхуяг гэдэг хүний данснаас миний данс руу 500.000 төгрөг орсон. Миний дансанд ороод удаагүй байхад Туяа надаас 500.000 төгрөгөөсөө 80.000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд өгөөч гээд ....... гэсэн данс руу 80.000 төгрөг хийлгэсэн. Тэмдэгтийн хураамжид өгөх гэж байгаа гэж хэлсэн санагдаж байна. Дараа нь 2020 оны 09 дүгээр арын 07-ны өдөр Д.Туяа нь үлдсэн 420.000 төгрөгийг надаас бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /XX-ийн 80-81-р ху/, Ж.Ундрахсүрэнгийн “...5276103607 дугаартай Хаан банкны данс миний данс байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой Д.Туяагийн төрсөн дүү Мөнгөнтуяа нь гар утсаар яриад “эгчээ таны данс руу мөнгө шилжүүлээд мөнгө авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой ..... дугаарын данснаас 300.000 төгрөг орж ирсэн. Дараа өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө Мөнгөнтуяа манай дэлгүүрээс жоохон идэж уух бүтээгдэхүүн аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 83-р ху/, Гэрч Э.Эрхэмбаатарын “...Би Д.Туяаг танина. 2020 оны 06 сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 10-р хороололд байдаг манай байрыг /хажуу өрөө/ түрээсэлж байсан эмэгтэй байгаа юм. 2020 оны 9 дүгээр сард миний хаан банкны данс хаагдаад би найз Насан- Өлзийгийн дансаар дамжуулж Д.Туяагаас 300.000 төгрөг буюу байрны түрээсээ авч байсан. Насан-Өлзийгийн данснаас би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж авсан. Миний худалдаа хөгжлийн банкны ...... данс руу мөнгө шилжиж орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85-р ху/, Гэрч Д.Энхтайваны “...Д.Туяа болохоор 2020 оны зун манай нутгаар уурхайнуудтай тэмцэнэ гэж явсан эмэгтэй байгаа юм. Уурхайтай тэмцэнэ гэснээс биш надад ямар ч тус дэм үзүүлээгүй. Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг нар манай нутгийн залуучууд байгаа юм. 2021 оны 4 дүгээр сард санагдаж байна. Майнбаяртай хонинд явж байгаад тааралдахад “тусламж дэмжлэгийн юм ирсэн, танайх миний машинд багтсангүй” гэж хэлсэн. Хаанаас авах вэ гэж асуухад манай ээж Баясахын хашаанд сумын төв дээр байгаа гэж хэлсэн. Тухайн үед өвс тэжээл авч чадаагүй, Сүүлд нь Майнбаярын ээж Баясахаас утсаар өвс тэжээлээ сураглаж асуухад шар Батсүхийнд байгаа гэж надад хэлэхээр нь Батсүх дээр явж очиход “Хашаанд хураачихсан байсан чинь үхэр тараагаад хаячихсан” одоо өвс будаа чинь байхгүй болсон гэж хэлсэн. Тэгээд тусламжаа авч чадаагүй өвс тэжээлийн тусламж яг хаанаас хэнээс ирсэн талаар мэдээгүй өнгөрсөн... Миний мэдэхээр Майнбаяр, түүний ах Гүррагчаа, Шар Батсүх, Ямаа Батсүх /Майнбаярын нагац ах/, Гансүх /Майнбаярын туслах малчин/, Гантулга /Майнбаярын авга ах/ нар 7 шуудай няцалсан будаа, 4-н боодол өвс авсан байсан. Майнбаяр өөрийнхөө хамаатнуудад аваачиж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /XX- ийн 2-р 58-59-р ху/, Гэрч Ц.Гүррагчаагийн “...Цэгмэдийн Майнбаяр болохоор миний төрсөн дүү байгаа юм. Д.Туяаг зүс мэднэ. С.Төмөрхуяг болохоор нутгийн хүн байгаа юм. 2021 оны хавар байсан санагдаж байна сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Манай дүү Майнбаяр надад “Туяа эгч өвс тэжээлээ аваарай гэж ярихаар нь ачаад ирлээ гэж хэлээд ачиж ирсэн өвс тэжээлээ манайд, Ганхуяг, Шар гэж дууддаг Батсүх. Төмөрхуяг, Увс аймаг руу шилжсэн Батсүх, Энхтайван гэх хүмүүст 6 шуудай няцалсан будаа. 5-н боодол өвс айл тус бүрт өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 66-67-р ху/ хангалттай тогтоогдож байгаа нь хохирогч нарын малчдад дэмжлэг үзүүлэх, тоосжилтыг бууруулах зорилгоор өгсөн мөнгийг хэрхэн хувьдаа авч хэрэглэсэн болохыг тодорхойлж байна.
4.5. Өөрөөр хэлбэл Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багт зөвхөн Ц.Майнбаяр, С.Төмөрхуяг гэсэн 2 малчин байдаггүйгээс гадна дээрх яллагдагч нар нь үгсэн тохиролцож малчдын эрх ашгийг хамгаалах нэрээр халхавч хийж нөхөрлөлүүдээс цугларсан мөнгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдож байна.
Мөн тусалж болгож өгсөн гэх өвс, тэжээлийг дан ганц Ц.Майнбаярын хамаатан садан авсан талаарх нотлох баримтуудын дээр дурдсан ба нийт 4 сая төгрөгний өртөг бүхий малчдад тусламж дэмжлэг үзүүлсэн өвс тэжээл олгогдсон эсэхийг тодруулах зорилгоор ченж хийдэг гэх Г.Оргил-Эрдэнээс тодруулахад “....Би хувиараа малын өвс 10000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан. Нэг шуудай няцалсан будаа 40 кг шуудайлсан байдаг...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 69-р ху/ авагдсан байдаг дээрх үнийн дүнг бодож тооцоход 1 айлд 6 шуудай няцалсан будаа, 5 боодол өвс өгсөн гэж тооцвол нийт 6 айлд 36 шуудай няцалсан будаа, 6 айлд 30 боодол өвс өгсөн гэх үнийн дүн нь 1.380.000 төгрөг болсон байна. Тус өвс, няцалсан будаа зэргийг Д.Туяа өгсөн гэх боловч хэн хаанаас хэрхэн авчирсан талаар хэн ч мэдүүлдэггүй хийсвэр яриа яригдсан байдаг. Мөн цаг хугацааны хувьд Д.Туяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан цаг хугацааны дараа өгсөн байна. Яллагдагч нарын мэдүүлснээр малчдын эрх ашгийг хамгаалах, тоосжилтыг бууруулах. өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулна гэсэн атал 2021 оны хавар өгч байгаад шүүх анхаарал хандуулах нь зүйтэй байна.
4.6. Гэмт улмаас эд хөрөнгө, эрх ашгаар хохирсон хохирогч нар нь нэр бүхий 4 нөхөрлөл байх ба уг нөхөрлөлийг төлөөлж А.Алтанхундага, Д.Зэст-Эрдэнэ, Э.Пүрэвдорж, Ү.Энхболд нар хохирогчоор тогтоогдсон ба энэ нь 1-р хавтаст хэргийн 129-р хуудсанд авагдсан С.Төмөрхуяг, Ц.Майнбаяр нарын Хаан банкны .. дансанд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 1 сая төгрөгний орлого түүний утгаар илэрхийлэгдэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №2022/ШЗ/228 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогддоггүй. Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн гэдэг нь огт нотлогдоогүй. Прокурорын зүгээс яллах дүгнэлтэд тухайн гэмт хэргийн “Бэрхийн өвөр” гэх газар болсон гэж гэмт хэрэг гарсан газрыг тодорхойлдог. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр нутгийн иргэд буюу шүүгдэгчийн ширээний ард сууж байгаа Майнбаяр, Төмөрхуяг нар болон хохирогч нар хэлэхдээ үйл ажиллагаа явуулж буй газар нь Бэрхийн өвөр гэх газар биш Сөөгийн дэнж гэх газар гэж хэлдэг. Сөөгийн дэнж гэх газарт 3-4 айл байдаг. Олон айл байдаггүй гэх байдлаар мэдүүлдэг. Үүнээс харахад гэмт хэрэг гарсан газар эргэлзээ төрөхүйц зөрүүтэй нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1.3-т заасан гэм буруугийн хэлбэр нотлогдоогүй гэж үзэж байгаа. Майнбаярын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэн нэгнийг залилах сэдэл санаа зорилго байгаагүй гэж үзэж байгаа. Гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй. Яг ямар зохиомол байдлыг бий болгоод ямар байдлаар бусдыг төөрөгдөлд оруулж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нар нөлөөллийн бүсэд Төмөрхуяг, Майнбаяр гэх айл өрх байдаг юм аа. Дэмжлэг үзүүлэхээр бид нар мөнгө өгсөн. Мөнгө малчиддаа буюу очих ёстой эзэндээ хүрсэн байгаа учир тухайн мөнгийг яаж зарцуулах нь тэдний асуудал. Иймд гомдол саналгүй гэж тайлбарладаг. Прокурорын зүгээс өвөлжилтийн бэлтгэлд заавал өвс авах ёстой гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл малчдад дэмжлэг гэдэг байдлаар өгч байгаа. Малчид хэрхэн яаж зарцуулах нь тэдний асуудал гэж хохирогч нар мэдүүлдэг учир гэм буруугийн хэлбэр тодорхой нотлогдоогүй байна Мөн гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь нотлогдоогүй. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь юу вэ гэдгийг хангалттай нотлоогүй. Майнбаярын хувьд гэмт хэрэг үйлдсэн хүн юм бол нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу вэ гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй. Майнбаярын хувьд хавтаст хэрэгт авагдсан байдлаар мянгат малчин. Юугаар ч дутхааргүй хүн нөхөрлөлүүдээс нэг сая төгрөг залилаж хууран авах шалтгаан нөхцөл байсан уу, үгүй юу гэдэгт шүүх анхаарах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас нөхөрлөл хохирч байна уу, малчид хохирч байна уу гэдгийг харгалзан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү”” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаартай захирамжийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхдээ нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэдэг хүсэлтийг тавьж байсан. Урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг хэлэлцсэн боловч шүүх хуралдааны явцад хүсэлтийг шийдвэрлэнэ гээд шүүх хурал болсон. Хэрэг хэлэлцэгдэх явцад хэргийн оролцогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх уг гэмт хэргийг гарсан гэхэд эргэлзээгүй бодит байдлыг тогтоож чадаагүй байна. Үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй учир нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдэг зүйлийг хэлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд дундын данс нээсэн. Дундын дансаар орсон мөнгийг зарцуулснаараа гэм буруутай болж хувирч байгаа. Гэтэл С.Төмөрхуягийн зусч малаа бэлчээрлүүлдэг бэлчээрт нь, малаа усалдаг ус нь улаан шороогоор эргэсэн. Компанийн үйл ажиллагаа явуулдаг газарт нь нөхөрлөлүүд ирж ажиллаад маш хэцүү байдалтай болсон учир нөлөөллийн бүсэд байгаа малчдын амьдралыг дэмжиж нөхцөл байдлыг нь сайжруулахаар нөхөрлөлүүдээс мөнгө орж ирэхээр тусална гэж ойлгосны үндсэн дээр дундын данс нээсэн үйлдэлдээ гэмт хэрэгтэн болоод байгаа учир дундын данс нээгээд ир Улнаа гэдэг хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугаагүй байдаг. Улнаа гэдэг хүн энэ хэргийн гол зангилаа нь байдаг. Үнэхээр дундын данс нээ гэж хэлсэн үү, үгүй юу гэдэг асуудал байна. Хохирогч гэх Зэст-Эрдэнэ нь нөхөрлөлүүдэд бид шороогоо ашиглуулсан. Гэхдээ орчных нь малчдад туслах талаар бид хурал зөвлөгөөн хийсэн гэдэг зүйлийг ярьдаг. Энэ мөнгө малчдад хүрсэн бол бидэнд нэхэмжлэх зүйл байхгүй гэж хохирогчоор мэдүүлэг өгсөн нөхцөл байдлууд байсаар байхад гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эргэлзээгүй болгоогүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.
7. Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг шийдвэрлэх санал дүгнэлттэй шүүх хуралдаанд оролцсон боловч 228 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Энэ нь үндэслэлгүй юм аа. Эсэргүүцэл дээр тодорхой дэлгэрэнгүй танилцуулагдсан байна. Иймд шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын Бэрхийн өвөр гэх газар үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдээс тус бүр нэг сая төгрөгийг малчдын өвөлжилтийн бэлтгэлийг ханган, тоосжилтын эсрэг үйл ажиллагаа явуулна. Хэрэв дэмжлэг төлбөр өгөхгүй бол үйл ажиллагааг зогсооно гэж хаалт тавьж байсан хүн Туяа байгаа. Туяаг дэмжиж оролцсон хүмүүс нь Майнбаяр, Төмөрхуяг нар байгаа. Нөхөрлөл нэгэнт ийм асуудал тавьж байгаа учир үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх цаг хугацааны хувьд уул уурхайн ажил цөөн хоног үргэлжилдэг улирлын шинж чанартай байсан учир бид үйл ажиллагаагаа зогсоож алдагдал хүлээхгүйн тулд хэлсэн мөнгийг нь өгье гэдэг байдлаар өвөлжилтийн бэлтгэл тоосжилтын эсрэг үйл ажиллагаа явуул. Малчдыг дэмжиж байна гэдэг утга агуулгаар нэг сая төгрөгийг өгсөн боловч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй. Туяа нь хувийн ашиг сонирхлоор авсан байна. Мөнгийг хэрэглэвэл зохих хүмүүс аваагүй байгаа учир шалгаж өгнө үү гэх гомдлыг анх цагдаагийн байгууллагад гаргаж шалгагдаж эхэлсэн. Гэтэл дөрвөн сая төгрөгийг хүлээж аваад хэрхэн яаж зарцуулагдсан талаар эсэргүүцлийн 4 дүгээр хэсэгт дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Дөрвөн нөхөрлөлийг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт дөрвөн сая төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Шүүгчийн захирамжид хэргийн нөхцөл байдлаас гадуур хууль бусаар ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байсан эсэх, гэмт хэргийн шинжтэй асуудлыг давхар шалга гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдсэн газрыг шалгаж тогтоогоогүй. Сэдэл санаа зорилго тогтоогоогүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, сэдэл бүрэн шалгагдаж тогтоогдсон байна. Гэмт хэрэг үйлдсэн газар Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Бэрхийн өвөр гэх газар үйл ажиллагаа явуулж байсан. Энэ газар нь Бэрх уулын өвөр хэсэгт “Бүрдэл майнинг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй газар байдаг. Түүнээс гарсан шороог нөхөрлөлүүдэд дахин боловсруулалт хийж ашиглах байдлаар сум, нөхөрлөл, “Бүрдэл майнинг” ХХК гэсэн гурвалсан зөвшилцлийн үндсэн дээр нөхөрлөлүүдэд ашиглаж байсан юм аа гэдгийг нөхөрлөлийг төлөөлөн оролцож буй иргэний нэхэмжлэгч нар хэлж мэдүүлсэн. Мөн шүүх хуралдааны явцад энэ талаараа хэлсэн. Үйл ажиллагаа явуулсан нь хууль ёсны эсэх талаар шалгах нь залилах гэмт хэргийг шийдвэрлэхээс өөр тусдаа асуудал байхад яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэхгүйгээр өөр бусад зүйл рүү хальж байгаа нь хууль зөрчсөн зүйл байна гэх агуулгаар эсэргүүцэл бичигдсэн байна. Иймд 228 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Д.Туяа, Д.Майнбаяр, Ц.Төмөрхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Прокуророос яллагдагч Д.Туяа, Д.Майнбаяр, Ц.Төмөрхуяг нарыг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нутгийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Булган аймгийн Бүрэгхангай сумын Бэрхийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Улаан гацаа, Алтан гахайн даллага, Тэгш дүүрэн түвшин, Өгөөж хишигтэн гэх нөхөрлөлүүдээс тус тус 1 сая төгрөг буюу нийт 4 сая төгрөгийг залилан авсан залилах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх нь Д.Туяа, Д.Майнбаяр, Ц.Төмөрхуяг нар холбогдох эрүүгийн хэргийг “(1) шүүгдэгч нарыг бүлэглэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ энэ гэмт хэрэг ямар байдлаар хэрхэн үйлдэгдсэн эсэх, гэмт хэргийн объектив талын шинж, мөн шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ хандсан гэмт хэргийн санаа сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон сэдэл, санаа зорилгыг тогтоох, (2) хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болох уурхайн нөлөөллийн бүс гэж юуг ойлгох, уг нөлөөллийн бүсийг тогтоосон эсэх, тус нөлөөллийн бүсэд хэдэн айл, өрх харъяалагдаж байсан, дээрх айл өрхүүдийн эрх, ашиг хэрхэн зөрчигдөж байсан эсэхийг шалгаж тогтоох, нэр бүхий гэрч болох Улмаа буюу н.Уламбаяр, багийн Засаг дарга н.Баттөгөлдөр, улсын заан н.Өсөхбаяр нараас гэрчийн мэдүүлэг авч тухайн хурал хаана болсон, хэдэн айл өрх оролцсон, хэн хэн ямар санал санаачилга гаргасан, ямар зорилго зориулалтаар дундын данс нээх болсон, нэг сая төгрөг шилжүүлэх болсон шалтгаан зэрэг хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг тодруулах, (3) нэр бүхий нөхөрлөлүүд нь зохих хууль, журмын дагуу байгуулагдсан эсэх, тэдгээрийн үйл ажиллагаа хуульд нийцэж байсан эсэх, нөхөрлөлийн ахлагч нар хэн болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч нар зөв тогтоогдсон эсэх талаарх дүгнэлтийг хийхэд хэрэгт нөхөрлөлийн бичиг баримт, гурвалсан гэрээ, хэлцэл зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд нөхөн гүйцэтгүүлэхээр прокурорт буцаажээ.
4. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг прокурорын эсэргүүцлээр буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн, хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх талаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар харьцуулан үнэлэхэд яллагдагч нарын үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/228 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ