Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 159/ШШ2024/0024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0004/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******,

            Дүгнэлтийн шаардлага: “... Хандгай нуур” ХХК-нд холбогдох 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан.

            2.Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* “Хандгай нуур” ХХК-ийн жолооч******* нь гарал үүслийн гэрчилгээгүй 300 ширхэг хуурай палк мод тээвэрлэсэн гэх зөрчилд “Хандгай нуур” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ

3.Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “…Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ******* би, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “Хандгай нуур” ХХК-ийн жолооч*******ы 08-30 УБР улсын дугаартай, Mitsubishi fuso загварын тээврийн хэрэгслээр мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Хандгай нуур” ХХК-нд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлсэн байна. Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрч*******, холбогдогч ******* нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, ******* дугаартай шийтгэлийн хуудас, торгууль төлсөн хуудас зэрэг баримтуудаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй” буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байхад шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Учир нь “Хандгай нуур” ХХК-ны жолооч******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус компанийн хашаанаас 300 ширхэг хушан дүнзийг Өмнөговь аймаг руу тээвэрлэхээр ачуулж гарал үүслийн бичиг баримтыг хүлээж байх үедээ бусдаас дайвар авах зорилгоор Мандал сумын Баянхангай 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт явсан талаараа мэдүүлсэн байх ба Мандал сумын нутаг дэвсгэрээс гарч яваагүй буюу Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эрх бүхий албан тушаалтан саатуулан шалгасан үйл баримт тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүсллийн гэрчилгээ олгох талаар хуульчилсан байх ба 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шуургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно”, мөн хуулийн 34.5 дахь хэсэгт энэ хуулийн 34.1-д “заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2 дахь хэсгийн 2.1.2-д “Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг” ойлгоно гэх хуулийн заалтаас үзэхэд “Хандгай нуур” ХХК-ийн жолооч*******ы Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Хэрх 4 дүгээр багийн хороонд модон материалыг тээвэрлэсэн үйлдэлд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хандгай нуур” ХХК-ийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн ******* дугаартай шийтгэврийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******гийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар прокурорын дүгнэлттэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Хандгай нуур” ХХК-ийн жолооч гэх******* 300 ширхэг хуурай нарсан дүнз модыг хүнээс дайвар авах нэрийн дор өөр аймаг, сум болох Өмнөговь аймаг руу тээвэрлэн Мандал сум урд зүгт төв суурин газраас гадна тээвэрлэж явсан үйлдэлийг шалгахад тухайн тээвэрлэж явсан мод модон материал нь ойн мэргэжлийн байгууллага болох “Хандгай нуур” ХХК-ийн мод болох нь тогтоогдож тухайн “Хандгай нуур” ХХК нь тухайн үед Ойн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт энэ хуулийн 37.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж түрээслэгч нь эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул тухайн гомдол мэдээлэлд “Хандгай нуур” ХХК-ийг холбогдуулан холбогдогчоор татаж 500.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан болно.

Энэ үйлдэлд гарал, үүслийн гэрчилгээгүй мод, худалдсан аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар шийтгэлт оногдуулах нь оновчтой, өөр зүйл заалтаар шийтгэл оногдуулах боломжгүй бөгөөд цаашид энэ төрлийн зөрчилд иргэний нэр иргэнд холбогдуулан 50.000 төгрөгийн шийтгэл оногдуулбал энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурахгүй харин ч өсөх магадлалтай гэдгийг анхаарч шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ойн тухай хуулийн тогтоосон шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д заасны дагуу ямар үндэслэлийг зааж өгч байгаа вэ гэхээр бидний үндэслэл дээр прокурорын дүгнэлт буюу прокурорын дүгнэлтэд мод бэлтгэх гэрчилгээ олгох, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасан үндэслэлээр гарал үүслийн гэрчилгээг олгоно. Мөн хуульд ойн ангийн дагуу олгох ёстой. Ойн тухай хуулийн тогтоосон шаардлагыг биелүүлээгүй авсан гэх үндэслэл болохгүй. Ойн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан бэлтгэсэн мод боловсруулах, худалдаалахыг заагаад өгчихсөн байгаа. Энэ хуулийн 37.2-д заасан иргэн, аж ахуйн нэгж, түрээслэгч нь эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахыг хориглоно гэж заачихсан байгаа.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Модны чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж энэ хуулийн 35.1, 35.2-т заасны дагуу бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалах ажлыг зохион байгуулна гэж заасан. Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д ойн тухай хуулиар тогтоосон зүйл заалтыг биелүүлэх үүргийг заагаад өгчихсөн байгаа. Аж ахуйн нэгжийн хувьд бид нар зөвхөн гаргасан үйлдэл дээр тухайн Цагдаагийн байгууллагаас шилжүүлсэн гарал үүсэл дээр тухайн үед гарал үүслийн гэрчилгээгүй байсан үйлдэлд нь мөн хуулийн 37.2-д заасны дагуу гэрчилгээгүй явж байсанд нь торгуулийн шийтгэл оногдуулсан үйлдэл байгаа. Нэмж хэлэхэд прокурорын хэлснээр 34.4, 34.5-д заасны дагуу гарал үүслийн гэрчилгээний загвар, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталсныг буюу гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад  хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гарал үүслийн гэрчилгээ олгох журмын 1.10-д гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглоно гэсэн байдаг. Шалгагдаж байгаа нөхцөлд мэдүүлэгт мөн тусгагдсан байдаг. Тухайн аж ахуйн нэгжийн хашаанаас гарахдаа тухайн аж ахуй нэгж худалдан борлуулагдаж байгаа тохиолдолд 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу гарал үүслийн гэрчилгээг олгож тухайн хашаанаас гарах ёстой. Сумын нутаг дэвсгэрийн зарлагын паданаар сум дотроо мод худалдан авч болно гэсэн зүйл хуульд байхгүй байгаа,” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* “Хандгай нуур” ХХК-ийн жолооч******* нь гарал үүслийн гэрчилгээгүй 300 ширхэг хуурай палк мод тээвэрлэсэн гэх зөрчилд “Хандгай нуур” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* “... “Хандгай нуур” ХХК-ийн жолооч******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй” буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, жолооч******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт явсан, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гарч яваагүй үйл баримт тогтоогдож байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн “Хандгай нуур” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичжээ.

            Захиргааны зөрчлийн хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, прокурорын дүгнэлт, хариуцагчийн тайлбар, зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Үйл баримтын талаар

            1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын экологийн асуудал хариуцсан байцаагч а/д ******* Мандал сумын 2 дугаар баг спирт 5-131 тоотод оршин суух******* Mitsubishi fuso маркийн 08-30 УБР улсын дугаартай автомашинаар бичиг баримтын зөрчилтэй 300 ширхэг нарс мод тээвэрлэсэн мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 00 минутад цагдаагийн хэлтэст мэдээлжээ.

            2.Цагдаагийн а/д ******* 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хандгай нуур” ХХК-ийн жолооч******* нь 300 ширхэг нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн зөрчил нь харьяаллын бус байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагт шилжүүлжээ.

            3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Хандгай нуур” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            4. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Зөрчилд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж”-ийн дагуу хяналтын прокурор ******* дээрх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт шалгалт хийж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлжээ.

            5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд хяналтын прокурор ******* 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхдээ тухайн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зөрчсөн талаар мэдсэн /мэдэх боломжтой/ бөгөөд хүчингүй болгуулахаар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

            6.Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги/ байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” 34 дүгээр зүйлийн 34.4-т “ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-т заасны дагуу олгоно”,  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг хэлнэ” гэжээ.

            7.Дээрх хууль, журамд зааснаар иргэн******* нь 300 ширхэг нарс модыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэсэн болох нь нотлогдохгүй байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Хэрх 4 дүгээр багийн хооронд 300 ширхэг нарс мод тээвэрлэсэн, уг шалтгаанаа гарал үүслийн гэрчилгээ гарахаас өмнө бусдаас дайвар авах зорилготой байсан талаарх үйл баримт тогтоогддог бөгөөд энэ талаар******* гэрчээр мэдүүлэг[1], “Хандгай нуур” ХХК-ийн захирал ******* холбогдогчоор мэдүүлэг[2] өгсөн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд иргэн******* нь 300 ширхэг нарс модыг тээвэрлэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын хилийн цэсээс гараагүй талаар тайлбарладаг.

            8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан нотлох баримтаар “Хандгай нуур” ХХК-ийн жолооч гэх******* нь уг компанид ажилладаггүй болох нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа[3] болон “Хандгай нуур” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай албан бичиг[4] зэргээр тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс иргэн*******ы гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэх үйлдэлд “Хандгай нуур” ХХК-ийг 500.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4-т заасныг баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР                         

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст харгийн 24-25 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 26-28 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 54-57 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 63 дугаар тал