Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00013

 

 

 

 

 

 

 

М-Ойл групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ханбаянхонгор ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны  3 дугаар сарын 04-ний  өдрийн 131/ШШ2020/00277  дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг  М-Ойл Групп ХХК

            Хариуцагч  Баянхонгор аймгийн Ханбаянхонгор ХХК-д холбогдох

            Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 29.877.139 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ханбаян Хонгор ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Э.Сүхбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ханбаянхонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатар, хариуцагчийн төлөөлөгч Б.Бурмаа, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг М-Ойл Групп ХХК-иас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай М-Ойл групп ХХК нь Ханбаян Хонгор ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манай компанийн зүгээс ОХУ-ын ГОСТ шаардлага, Евро болон Олон улсын стандартын шаардлага хангасан дизель түлшээр хангах, Ханбаян Хонгор ХХК нь шатахууны төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл Ханбаян Хонгор ХХК нь дээрх шатахууны нийт үнэ болох 53.393.569 төгрөгнөөс 33.475.476 төгрөгийг төлсөн боловч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш үлдэгдэл төлбөр болох 19.918.093 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.   Мөн тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т: Худалдан авагч нь шатахууны төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувий алданги тооцно хэмээн талууд харилцан тохиролцсон байдаг. Иймд алдангийн хэмжээг гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй буюу гүйцэтгээгүй үнийн дүн болох 19.918.093 төгрөгөөс гэрээний 4.2 дахь заалт болон Иргэний хуулийн 232-дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан гэрээний төлбөр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 9.959.046 төгрөгийг Ханбаян Хонгор ХХК-иас нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ханбаян Хонгор ХХК-иас гэрээний үндсэн үүргийн 19.918.093 төгрөг, алданги 9.959.046 төгрөг, нийт 29.877.139 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М-Ойл Групп ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Есөнчулуун анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай 2015 оны 07 сард тооцоо нийлсэн акт дээр Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатар үлдэгдлээ баталгаажуулаад гарын үсгээ зурсан, үүнээс хойш төлбөрийн зарим хэсгийг төлөөд 19.918.093 төгрөгний үлдэгдэлтэй байгаа юм. Хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоогүй байсан бол дээрх хугацаанаас хойш манай байгууллагын данс руу төлбөр төлөх ёсгүй. Гэтэл төлбөр төлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М-Ойл групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2014 оны 12 дугаар  сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан нь үнэн боловч 1.000.000 төгрөгийн үнийн дүнтэй хэрэглээний бензин авах гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед 1.000.000 төгрөгний шатахуун зээлээд гэрээний хугацаанд дуусгавар болгосон. Өнөөдрийн байдлаар тус компанид зээлийн үлдэгдэлгүй болно. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн гэрээтэй танилцахад тус гэрээний хавсралт алга байна, мөн гэрээнд заагдсан худалдагч тал зээлээр авсан падаан хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Авлага, өглөгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 19.918.093 төгрөгийн шатахуун аваагүй болно. Нэхэмжлэгч тал 19.918.093 төгрөгний шатахууныг хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн, хэний зөвшөөрлөөр хэнд олгож байсан талаарх баримтаа гаргаж өгнө үү. Миний хувьд мэдэх зүйл алга байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М-Ойл групп ХХК, Ханбаян Хонгор ХХК-ны хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоог цаг тухайд нь төлөөд явж байсан, үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй гэжээ. 

Тухайн үед тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурсан талаар санахгүй байна, мөн тооцоо нийлсэн актын төлбөрийн дүн гараар зассан засвартай байгаа. Би ийм тооцооны баримт дээр гарын үсэг зурсан гэдэгтээ эргэлзэж байгаа бөгөөд тухайн үеийн салбарын эрхлэгч А.Гомбосүрэнгийн гарын үсэг байхгүй байгаа. Би 2015 оны 02 дугаар сард М-Ойл групп ХХК-ын жилийн эцсийн тайлан тооцооны нийлэлт дээр гарын үсэг зурсан санагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Хан Баянхонгор ХХК-аас 19.000.212 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М-Ойл групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.876.927 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М-Ойл групп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.350 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Хан Баянхонгор ХХК-аас 252.951 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М-Ойл групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатар  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Миний бие нэхэмжлэгч “М-Ойл групп” ХХК-наас 53.393.569 төгрөгийн шатахуун аваагүй бөгөөд н.Намбарнанзад гэх хүн “М-Ойл групп” ХХК-тай ярьж тохиролцсон гээд тухайн үеийн Баянхонгор аймаг дахь салбарын эрхлэгч А.Гомбосүрэн нар ярилцан н.Намбарнанзадад шатахуун өгөхөөр болж заавал хариуцагч нь Баянхонгорт компанитай аймгийн хүн байх ёстой гэсэн гээд намайг гуйж гарын үсэг зуруулан шатахуун авсан ийм үйл явдал болсон.

Миний хувьд гэрээний дагуу авсан шатахууны мөнгөө төлсөн бөгөөд Намбарнанзад ч надад төлж барагдуулсан талаар хэлсэн мөн нэхэмжпэгч “М-Ойл групп” ч энэ хэдэн жилийн хугацаанд надаас шатахууны төлбөр гэж мөнгө нэхэж байгаагүй билээ.

Нэхэмжпэгч “М-Ойл групп” ХХК хариуцагч намайг 53.393.569 төгрөгийн шатахуун авсан гэдгийг нотлоогүй өөр өөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар нийт 36.943.071 төгрөгийн баримт ирүүлсэн боловч Э.Сүхбаатар миний гарын үсэг байхгүй 16.629.836 төгрөгийн баримт байхад үүнийг анхаарч үзээгүй өөр өөр хэлбэл миний гарын үсэгтэй 20.313.235 төгрөгийн баримт байсан.

Миний гарын үсэггүй өөр хүний гарын үсэгтэй нийт 16.629.836 төгрөгийг оруулан тооцсон байна.

Шүүхэд гэрчээр тухайн нэхэмжлэгч “М-Ойл групп” -д эрхэлэгчээр ажиллаж байсан А.Гомбосүрэн Э.Сүхбаатарын гарын үсэгээр тус компанийн зөвшөөрлөөр н.Намбарнанзад гэх хүнд шатахуун өгч байсан, Намбарнанзад өөрөө авсан шатахууны төлбөрөө төлж байгаад сүүлдээ төлөхгүй байсан тул араас нь хөөцөлдөөд төлүүлж чадаагүй, төлүүлж чадаагүй төлбөрийн үлдэгдэлтэй талаархи байдал нь тус компанийн тайланд тусгагдаад, энэ талаар компанийн удирдах хүмүүс мэддэг талаар мэдүүлэг өгсөн байхад жинхэнэ хариуцагчаар н.Намбарнанзадыг татаагүй.

н.Намбарнанзад нь Э.Сүхбаатарт “М-Ойл групп” ХХК-д шатахууны төлбөрийг бүрэн төлсөн талаараа хэлсэн байдаг бөгөөд шатахууны төлбөр бүрэн төлөгдсөнийг нотолсон хариуцагч талаас гаргаж өгсөн 3123162 регистрийн дугаартай “Ханбаян Хонгор” ХХК-ны 2015 оны 08 дугаар сарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан” -гаар баталгааждаг.

Мөн “М-Ойл групп”-д эрхэлэгчээр ажиллаж байсан А.Гомбосүрэн нь н.Намбарнанзад гэх хүнээс авсан мөнгөө манай “Хан Баянхонгор” ХХК-ны нэрээр төлж байсан нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаар тогтоогддог. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 131/ШШ2020/00277 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  М-Ойл Групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Есөнчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Ханбаян Хонгор ХХК-ийн тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатар шүүхэд гаргасан гомдолдоо өөр хүний гарын үсэгтэй, эсвэл ямар ч гарын үсэггүй баримтуудыг Ханбаян Хонгор ХХК-ийн өр төлбөр хэмээн тооцсон гэж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатар М-Ойл групп ХХК-иас нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч гарын үсэг зурж байсан болох нь анхан шатны шүүх хуралдаан дээр нотлогдсон байдаг.

Мөн талууд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Ханбаянхонгор ХХК нь манай компанид 26.450.212 төгрөгийн өртэй болохыг Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулж, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөрт багтаан төлөхөө илэрхийлсэн байдаг.

Иймд Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатарын шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг М-Ойл Групп ХХК нь  хариуцагч Баянхонгор аймгийн Ханбаян Хонгор ХХК-д холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 29.877.139  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүхээс хариуцагч Ханбаян Хонгор ХХК-аас 19.000.212 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М-Ойл групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.876.927 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

 Нэхэмжлэгч М-Ойл Групп ХХК, хариуцагч Ханбаян Хонгор ХХК-ийн Э.Сүхбаатар нар нь Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг  2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулж,  гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байхаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд нийлүүлсэн шатахууны хариу төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримтанд /хх-ийн 71 дүгээр тал/ тооцооны үлдэгдэл 26.450.212 төгрөгийн тооцоо үлдсэн бөгөөд  энэ тооцоог 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр багтаан төлөхөөр тохирсон  байна. Тооцоо нийлсэнээс хойш шатахууны үнийг төлж байсан боловч 2015 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгдээгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үе нь зээлээр худалдах худалдан авах гэрээний хугацаа дууссан үе буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны  өдөр байна.

  Шаардах эрх үүссэн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх   3 жил 11 сарын хугацаанд нэхэмжлэгч М-Ойл Групп ХХК нь хариуцагч Ханбаян Хонгор ХХК-иас шатахууныхаа үлдэгдэл үнийг огт нэхэмжлээгүй, нэхэмжилж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй, мөн энэ хугацаанд Ханбаян Хонгор ХХК-иас шатахууны төлөлт огт хийгдээгүй байхад шатахууныхаа үнийг огт нэхэмжлээгүй, энэ талаар хариуцагч талд ямар нэг шаардлага гаргаагүй гурван жил арван нэгэн сар болжээ.  

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хөөн хэлэлцэх тусгай хугацааг зааж өгсөн бөгөөд шаардах эрх үүссэн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх гурван жил арван нэгэн сарын хугацаанд нэхэмжлэгч М-Ойл Групп ХХК нь хариуцагч Ханбаян Хонгор ХХК-иас шатахууныхаа үлдэгдэл үнийн талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан болон нэхэмжилж байсан тухайгаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд нэгэнт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг М-Ойл Групп ХХК-ийн нэхэмжлэлтэй   хариуцагч Баянхонгор аймгийн Ханбаян Хонгор ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 29.877.139 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдсан гомдолд зааснаас өөр үндэслэлээр  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатараас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307.340 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, харин нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг  М-Ойл Групп ХХК-иас анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 307.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч М-Ойл Групп ХХК-д олгох үндэстэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний  өдрийн 131/ШШ2020/00277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, М-Ойл Групп ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Ханбаян Хонгор ХХК-д холбогдох  зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 29.877.139 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  Ханбаян Хонгор ХХК-ийн захирал Э.Сүхбаатараас  давж заалдах гомдол гаргахад  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307.340  төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг  М-Ойл Групп ХХК-иас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгч М-Ойл Групп ХХК-д олгосугай.   

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.