Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 231

 

2017          12          15                                                231                                   

                       

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Б.Догмиддорж, хохирогч Г.Хатанбаатарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, хохирогч Г.Хатанбаатар, Г.Зоригтбаатар, шүүгдэгч А.Нямхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Алтансувдын Нямхишигт холбогдох эрүүгийн 1721000000120 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1997 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын 3-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЮ97021131/, Харчин овогт Алтансувдын Нямхишиг.

 

Шүүгдэгч А.Нямхишиг нь согтуугаар 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Түшиг” зочид буудлын  орчимд хохирогч Г.Зоригтбаатар, Г.Хатанбаатар нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Нямхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр надад нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр манай дүү Түвшинжаргал улсын аваргын медаль авсныг бид нар тэмдэглэхээр 19-р байшингийн урд байдаг караоке орж 2 цаг дуулсан. Тэгээд Түшиг зочид буудлын урдуур гарч СМУ рүү орж явахад шүүгдэгч Нямхишиг хажуугаар гарахдаа намайг мөргөсөн. Тэгэхээр нь би “дүү яаж байна” гэж хэлэхэд Нямхишиг эргэж хараад миний хацар руу цохичихоод зугтаасан. Тэгээд би цохиулсан болохоор Нямхишиг араас нь хөөж очоод барьцалдаж байхад намайг гартаа байсан пивоны шилээр цохиод зугтаж яваад нэг байрны орц руу орохоор нь би араас нь гүйж очоод гараад ир гээд орилж байхад 5 давхарт нэг гэрэл асахаар нь би тэр залууг гэрэл ассан айл руу орчихлоо гэж бодоод  байж байтал цагдаа ирж би цагдаад болсон явдлыг хэлсэн... Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлсэн” гэв.

Хохирогч Г.Хатанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр дүү маань улсын аваргаас медал аваад ирэхээр нь бид нар тэмдэглэхээр караокены газар ороод 2 цаг дуулсан. Тэгээд 19-р байшингийн урдаас СМУ орох гээд явж байхад Нямхишиг нэг залуугийн хамт хажуугаар гарахдаа Зоригтбаатарыг мөргөөд гарсан. Тэгэхээр нь Зоригтбаатар араас нь дуудаж очиход Нямхишиг нь Зоригтбаатарыг цохиод зугтсан. Тэгээд би Нямхишигийн араас нь очиход Нямхишиг намайг өшиглөсөн тэр хооронд би манараад хэвтээд үлдсэн. Дараа нь намайг Зоригтбаатар руу очиход Цагдаа нар ирсэн байсан” гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 616 тоот дүгнэлтэд: “Г.Хатанбаатарын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн хацар, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн  байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 45/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 615 тоот дүгнэлтэд: “Г.Зоригтбаатарын биед хуйхны дух хэсгийн язарсан шарх, зүүн шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтлийн хуйхны дух хэсгийн язарсан шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба зүүн шанааны зулгаралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 48/

-Гэрч Г.Түвшинжаргалын мэдүүлэг / хх-ийн 28-30/

            -Гэрч  М.Батжаргалын мэдүүлэг / хх-ийн 37/

-Гэрч  Э.Цэцэгтуяагийн мэдүүлэг / хх-ийн 39/

-Гэрч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 43-44/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44/

-Эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч А.Нямхишиг нь согтуурсан үедээ 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Түшиг” зочид буудлын орчимд хохирогч Г.Зоригтбаатар, Г.Хатанбаатар нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Нямхишигийн мөрдөн байцаалтад хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Миний ардаас нэг нь ирээд мөрнөөс бариад намайг татахаар нь эргэж харахад өөдөөс нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би доошоо суугаад газарт байсан пивоны шилийг аваад толгой руу нь цохиод зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/, түүнийг давхар нотолсон хохирогч Г.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...өндөр залуу миний зүүн хацар хэсгийн ясан дээр нэг удаа цохиод зугтаасан. Тэгэхээр нь би барьж авах гээд хөөж засмал замын баруун талын шороон дээр очоод өндөр залууг нь барьж авах гэтэл нөгөө залуу бага зэрэг зайлаад гартаа барьж явсан архины шилээр толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, хохирогч Г.Хатанбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Өндөр залуу миний нүүр хэсэг рүү өшиглөөд зүүн нүд, зүүн хацар, амны зүүн дээд хэсэгт хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 615, 616 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Г.Зоригтбаатар, Г.Хатанбаатар нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.Нямхишигийн хохирогч нарын нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх, архины шилээр цохих зэрэг санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Нямхишиг нь шүүх хуралдаанд хохирогч Г.Зоригтбаатарыг цохисон нь үнэн, харин хохирогч Г.Хатанбаатарыг цохиогүй гэж мэдүүлж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн хохирогч Г.Хатанбаатарыг цохиж зодоогүй гэж мэдүүлж байгаа мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд харин хохирогч Г.Хатанбаатарыг шүүгдэгч А.Нямхишиг зодож цохисон болох нь гэрч Г.Түвшинжаргалын өгсөн: “...Тэр өндөр залуу нь ...Зоригтбаатар, Хатанбаатар нарыг хоёуланг нь зодсон. ...Өндөр залуу нь ...Хатанбаатарын нүүр хэсэг рүү өшиглөөд найзыгаа аваад зугтаасан... гэж /хх-ийн 29/,  гэрч М.Батжаргалын өгсөн: “...Зоригтбаатар, Хатанбаатар нар зодуулчихсан цус нөж болсон байсан. Намайг очиход тэр хоёр залуу зугтаасан ...” гэж /хх-ийн 37/, хохирогч Г.Хатанбаатарын өгсөн: “...Өндөр залуу нь над руу ирээд миний нүүрний зүүн хэсэг руу өшиглөсөн, тэр үед намхан залуу нь босоод зугтаасан ...” гэж /хх-ийн 20-21/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 616 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул шүүгдэгчийн хохирогч Г.Хатанбаатарыг зодож, цохиогүй гэж байгаа мэдүүлэг нь няцаагдан үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч А.Нямхишигт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч А.Нямхишиг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Зоригтбаатар, Г.Хатанбаатар, гэрч Г.Түвшинжаргал, М.Батжаргал, Э.Цэцэгтуяа нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 615, 616 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Нямхишиг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нямхишигийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. 

Шүүх хуралдаанд хохирогч Г.Хатанбаатар нь шүүгдэгчээс  өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, эмчилгээний зардал 75000 төгрөг, шүүгдэгчид зодуулсны улмаас 6 өдөр ажилдаа явж чадаагүйн цалин 180000 төгрөг, /өдрийн 30000 төгрөг/ гар утасны үнэ 120000 төгрөгийг, хохирогч Г.Зоригтбаатар нь Самсунг эс 3 маркийн гар утасны үнэ 100000 төгрөг, шүүгдэгчид зодуулсны улмаас 6 хоног ажилдаа явж чадаагүйн цалин хөлс 180000 төгрөг, /өдрийн 30000 төгрөг/, эмчилгээний зардалд 106900 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч нарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд хүлээн авахад үзүүлсний 20000 төгрөг, дүрс оношилгоо хийлгэсний тус бүр 6000 төгрөг, Хатанбаатарын нэр дээр бичигдсэн эм тарианы үнэ 149900 төгрөгийн  баримтыг /хх-ийн 69/ тус тус гаргаж өгсөн байна. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан хохирогч нарын хүлээн авахад үзүүлсний 20000 төгрөг, дүрс оношилгоо хийлгэсний тус бүр 6000 төгрөг, нийт 32000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Г.Хатанбаатарт 16000 төгрөг, Г.Зоригтбаатарт 16000 төгрөгийг олгох нь зүйтэй байна. Харин Хатанбаатарын нэр дээр бичигдсэн эм тарианы үнэ 149900 төгрөгийн баримтын талаар хохирогч Г.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт энэ бичигдсэн эм тарианы 2, 4, 6-т заасан эм тариаг /энэ авсан гэх эм тарианы үнэ нь 90900 төгрөг/ би өөрийнхөө мөнгөөр худалдан авч өөртөө хэрэглэсэн, бусад үлдсэнийг Г.Хатанбаатар хэрэглэсэн, анх энэ эм тариаг авахад Хатанбаатарын нэр бичүүлсэн гэх мэдүүлгийг өгч байх тул хэн хэн нь энэ эм тариаг хэрэглэсэн талаар ямар нэгэн баримт байхгүй өөрөөр хэлбэл, эмчийн эм авах жор, өвчтөний гар карт зэрэг баримт хэрэгт байхгүй байна. Мөн хохирогч нар нь шүүгдэгчид зодуулж хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 6 хоног ажилдаа яваагүйн цалин 180000 төгрөг /өдрийн 30000 төгрөгөөр бодож/ нэхэмжилж байгаа боловч Ганширээс гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал  хариуцлагатай компанийн захирлын тушаал, тодорхойлолтоор хохирогч нар нь сарын 900000 төгрөгийн цалинтай гэж харагдаж байгаа хэдий ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, цалингийн цэс, хөдөлмөрийн чадвараа алдсаныг нотлох эмнэлгийн акт зэрэг холбогдох баримт байхгүйн улмаас хохирогч нар нь сард гар дээрээ яг бодит байдлаар хэдэн төгрөг авдаг, өдрийн хэдэн төгрөгийн цалинтай болох нь нотлогдохгүй байх тул хохирогч нарын өдрийн 30000 төгрөгөөр бодож 6 хоногийн тус бүр 180000 төгрөг, нийт 360000 төгрөгийн нэхэмжлэлийг болон дээрх эмчилгээний зардлын 149900 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хохирогч нар энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй юм.  

Мөн хохирогч Г.Хатанбаатар нь өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, гар утасны үнэ 120000 төгрөгийг, хохирогч Г.Зоригтбаатар нь гар утасны 100000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Г.Хатанбаатар нь шүүгдэгчтэй биш өөр хүнтэй ноцолдож байгаад гар утасныхаа дэлгэцийг хагалсан гэж байх тул энэ хэрэгтэй шууд шалтгаант холбоогүй, хохирогч  Г.Хатанбаатар нь өөрийн сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 300000 төгрөг өгсөн нь гэм хорын хохиролд хамаарахгүй, хохирогч Г.Зоригтбаатар “Самсунг эс 3” маркийн гар утастай явж байсан, тэр утас маань алга болсон, маргааш нь хэрэг болсон газарт очиж хайсан боловч олдоогүй гэж байгаа боловч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон асуудал байхгүй байх тул хохирогч нарын дээрх гар утасны нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг Нөт-2” маркийн гар утсыг хохирогч Г.Хатанбаатарт, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ97021131 регисрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид тус тус буцаан олговол зохино.

Шүүгдэгч А.Нямхишиг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний эзэмшлээс хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч Харчин овогт Алтансувдын Нямхишигийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Алтансувдын Нямхишигийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нямхишигт оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Нямхишиг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Нямхишигээс эмчилгээний зардалд нийт 32,000 /гучин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Хатанбаатарт 16,000 төгрөг, хохирогч Г.Зоригтбаатарт 16,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч Г.Хатанбаатарын “Самсунг Нөт-2” маркийн гар утасны үнэ 120,000 төгрөг, хохирогч Г.Зоригтбаатарын “Галакси эс-3” маркийн гар утасны үнэ 100,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Хатанбаатар, Г.Зоригтбаатар нар нь эмчилгээний зардлын 149,900 төгрөгийг, мөн ажилгүй байсан 6 хоногийн цалин 360,000 төгрөгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогч нарт мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Самсунг Нөт-2” маркийн гар утас 1 /нэг/ ширхэгийг хохирогч Г.Хатанбаатарт, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.Нямхишигийн ЖЮ97021131 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбаруудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Нямхишиг нарт тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Нямхишигт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР