Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 

Б.Н, Ч.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Х.Э /цахимаар/,

Шүүгдэгч Ч.Ө-ын өмгөөлөгч Б.О,

Хохирогч Д.Д-ийн өмгөөлөгч Ж.М,

Хохирогч А.Э,

Шүүгдэгч Б.Н, Ч.Ө, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Х.Э, хохирогч А.Э нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор А.О-ын эсэргүүцлээр Б.Н, Ч.Ө нарт холбогдох 2216000140020 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Б.Н нь Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын ... -ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Баянхонгор аймаг, Бууцагаан сум, Өлзийт 3-р багт оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВР............... регистрийн дугаартай,

Д овогт Ч.Ө нь Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамтаар Баянхонгор аймаг, Хүрээмарал сум, Норовлин 3-р баг Хөдөө тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВД....................... регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Б.Н, Ч.Ө нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт 4-р багийн нутаг “Цахиур” гэх нэртэй газраас Б.Н-ийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн улаан өнгийн мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Д өмчлөлийн 15 тооны адуу, хохирогч А.Э өмчлөлийн 4 тооны адуу, нийт 19 тооны адууг хулгайлан авч 28.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Ч.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Т овогт Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 9 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н-оос 3 271 000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Н-ийн эзэмшлийн улсын дугааргүй 1 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн Мустанг-150 маркийн мотоциклийг хураан авч худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд зарцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг адууны арьс, 8 ширхэг адууны шийр, 2 адууны толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Ө нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Н нь хохирогч А.Э-т төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, давж заалдах гомдол эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Э давж заалах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдал гаргаж байна.

Шүүгдэгч Б.Н 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Цахиур” гэх газраас өөрийн эзэмшлийн “Мустанг-150” маркийн улаан өнгөтэй мотоцикль ашиглан бусдын 19 тооны адууг хулгайлан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт тууж аваачин хохирогч Д.Д 2 тооны адууг нядалж зарсан гэм буруутай үйлдлээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Б.Н нь хохирогч А.Э учруулсан хохирол болох 270 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Д.Д-д учруулсан 3 271 100 төгрөгийн хохирлыг түүний ар гэрийнхэн төлж барагдуулсан.

Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Мөн Б.Н нь ам бүл гурвуулаа эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор заасан тул энэ заалтыг хэрэглэж эрх зүйн байдлыг дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл тайлбартаа: Хулгайн хэрэг үйлдэгдэж байгааг огтхон ч мэдээгүй хэмээн мэдүүлсэн Б.Н, Ч.Ө нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Үүнд: Ч.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанаас 6 хоногт нь 600 орчим км замыг Б.Н-той хоёулханаа хамт байж, ээлжлэн мотоциклийг жолоодож, хамт архи согтууруулах ундаа хэрэглэн өнгөрүүлсэн. Тухайн хугацаандаа Б.Н нь хэн гэж хүнд хэзээ өгсөн, хэдэн тооны, ямар зүс, им, тамгатай адуу болох, хэдэн төгрөгөөр хариулгасан талаар огтхон ч ярилцаагүй байх боломжгүй юм.

Дээрх хугацаанд адуугаа хайж байсан гэх боловч адуу хайж нутгийн ганц ч айлаар орж адуу сураглаагүй, хэнтэй ч уулзаж дээрх 19 тооны адууг хүлээлцэж авахгүйгээр шууд бэлчээрээс туусан. 19 тооны адууг тууж явахдаа айлд орохгүйгээр зам буруулан явж хээрээр хонож байсан.

19 тооны адуунаас 3 тооны адуугаа алдахад эргэж хайж, эрэл сурал болоогүй, мөн хээлтэй залуу тарган гүүг “муулж” идшинд хэрэглэсэн.

Ч.Ө-д түүний хамаатнууд болон Б.Н-ийн ээж нь “Наад хүнд чинь адуу байхгүй” хэмээн хэлж байсан гэж Ч.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Ч.Ө нь дээрх 19 тооны адууг ямар арга замаар олж авч байгааг маш сайн мэдэж байсан. Яагаад гэвэл Ч.Ө, Б.Н нар нь ганц нэгхэн цагийн хугацаанд гэрийнхээ ойролцоо байсан бэлчээрээс хүнээс зөвшөөрөл авч адуу туугаагүй буюу бүтэн 6 хоног хайж явсны эцэст бэлчээрээс шууд хулгайлан /хэн нэгний зөвшөөрөлгүйгээр/ авч байгаагаас тодорхой харагдах бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг илтэд мэдэх бүрэн боломжтой байсан гэж дүгнэхээр байна.

Ч.Ө-ын “...Б.Н утсаар ярихдаа дандаа надаас холдож, ярьдаг, юу ярьж байгааг нь би огт сонсоогүй, мэдээгүй” гэх мэдүүлэг, Б.Н-ийн “...Би утсаар ярихдаа Ч.Ө-аас холдож ярьдаг байсан” гэх мэдүүлгүүд нь гэрч Н.П “...2021 оны 12 дугаар сарын 03-нд Б.Н нь 8013....... дугаараас миний 8858........ гэсэн дугаарт залгаад би Тайшираас Жаргалан орох гээд нэг ахтай явж байна, чи адуу хөөгөөд ир гээд байсан, би хулгай хийж чадахгүй, та намайг яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь юм дугарахгүй байж байгаад за за буцах замаасаа адуу хөөж явахаас гээд утсаа салгаагүй байж хүнтэй яриад байсан би дахиж Б.Н-той яриагүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэнэ.

Мөн Ч.Ө нь Б.Н-оос 500.000 төгрөгөөр адуу авахаар тохиролцсон гэж мэдүүлж байх боловч өөрийн дансанд шилжиж ирсэн 500.000 төгрөгийг Б.Н-д огт өгөөгүй бензин шатахуун, хоол хүнс, архи, пиво авах мэтээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт хамтран зарцуулсан болох нь түүний эзэмшлийн 5240043........ тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, мөн хуулийн 3.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Ч.Ө нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэхээр байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.

Хохирогч А.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Манайх 2021 оны 9 дүгээр сарын 04-05-ны үед бор азаргатай 24 тооны адуу алдаад олоогүй, Мөн 2021 оны 12 дугаар сарын 03-05-ны хооронд хээр азаргатай Д.Д-ийн 15 манай 4 бүгд 19 тооны адууг Б.Н Ч.Ө гэх 2 хүн нэг хүнээс авч туугаад Бууцагаан сум оруулсан байсныг олж Цагдаагийн байгууллагад хандсан. Б.Н, Ч.Ө нарын шүүхийн тогтоолтой танилцлаа. Б.Н 11 дүгээр сарын сүүлээр нэг хүнтэй надад өгөх адуу чинь ойрхон байна уу. Удахгүй гарах гэж байна хө гэхэд нөгөө хүн нь усанд ороод гарлаа ойрхон байгаа гэж ярьсаныг Б.Н-ийн эхнэр Х гэрчилсэн. Б.Н Жаргалан сумаас гарахдаа нэг хүнтэй утсаар яриад өгөх адуугаа туугаад Гуулин дээр ирсэн хоол идээд амарч байна. Хүрээд ир гэж утсаар яриад адуу байгаа газар очсон. Нөгөө хүн нь 19 тооны адуу шүү 3 адуу нь салдаг юм шүү гэсэн. Нэг удаа шүүх хурал хойшлоход Б.Н, Ч.Ө нартай уулзахад би нутаг явж таны хохирлыг барагдуулна тэгээд адуу туулгасан хүнээ хэлнэ гэсэн боловч хэлээгүй. Ч.Ө нь адуу авсан хүнээ чи хэл гэж олон удаа шахсан хэлээгүй. Ч.Ө гэрчилж байгаа. Яагаад хууль хяналтын байгууллага адууг Б.Н, Ч.Ө нарт өгсөн хулгайчийг ил тод болгож, илэрүүлдэггүй юм бэ.  Аймаг, сумуудын дунд хулгайн сүлжээ бий болсон. Энэ адууг туулгасан хүн өмнө нь миний алдсан 24 тооны бор азаргатай адууг авсан байх таамаг бий. Б.Н, Ч.Ө нарт адуу өгсөн хүнийг олж бор азаргатай 24 тооны адууг авсан эзэн холбогдогчийг тогтоон гаргаж өгөхийг хүсч байна. Гомдлыг барагдуулж өгнө үү. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Ө-ын өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд явагдах ёстой. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Д.Д, А.Э нарын 19 тооны адуу алдагдсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Тус 19 тооны адууг Б.Н гэдэг хүн өр зээлээ төлөх зорилгоор хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Уг гэмт хэрэг үйлдэхдээ Ч.Ө гэдэг хүнд өөрийн адуу гэж итгүүлэн адуу хямд зарна гэдэг байдлаар худал хэлж уг хэрэгт татан оролцуулсан байгаа. Үүнийг анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж Ч.Ө гэдэг хүнд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. 19 тооны адууг Б.Н-ийн адуу гэж бодож түүнд туслах зорилгоор мөн зах зээлээс хямд адууны мах идэш авах гэсэн зорилготой байсан талаар хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв бодитой тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээхгүй байх, нотлох үүрэг хүлээхгүй. Гэвч өнөөдөр шүүгдэгч Ч.Ө-ын яриад байгаа зүйл бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Б.Н гэдэг хүн өөрийн адуугаа авахаар дагуулж явсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Б.Н-ийн ээжийн мэдүүлгийг яриад байдаг. 2, 3 адуутай гэсэн зүйл бий. Хойшоо адуугаа гаргасан. Түүнийгээ авах гэж байгаа юм байхдаа гэдэг байдлаар ээж нь ярилцсан талаар мэдүүлдэг. Ч.Ө гэдэг хүн 2 адуутай гэдгийг мэдэхгүй байсан. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийж хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож шүүгдэгч Ч.Ө-ыг тухайн гэмт хэрэгт шууд санаатай буюу урьдчилан үгсэн тохиролцсон нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үнэн зөв дүгнэлтийг хийж шийдсэн учраас анхан шатны шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хохирогч Д.Д өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь 19 тооны адуугаа алдсан. Энэ адуугаа өөрөө хайсны үндсэн дээр тухайн адуунуудаа 2 адууг нядалсан ачигдсан байхад нь олж авсан. Энэ адуунаас 4 нь А.Э адуу байсан. Адуугаа тоолоод буцахад 3 адуу дутсан. 3 адууг замдаа алдсан гэдэг байдлаар ярьсан. Хохирогчийн тухайд адууг алдсанаас хойш энэ хэргийг илрэх хүртэл сэтгэл санаа, мөнгө санхүүгээр хохирч явсан. Мөн дараа нь энэ хүмүүсийг олж мэдүүлэг өгсний дараа 3 адуу замаасаа зугтсан гэдэг үндсэн дээр өөрөө хайж явж 3 адуугаа олж авсан. Ч.Ө мэдээгүй гэж байгаа. Б.Н-ийн ээж нь Б.Н-д адуу байхгүй гэдгийг хэлдэг. Ч.Ө нь Б.Н-ийг адуугүй байсан гэдгийг мэдэж байсан гэж хэлж асуулт хариултын үед хэлж байсан. Адуугүй гэдгийг мэдсээр байж адуугүй хүнээс юу худалдаж авах гэж  500 000 төгрөг өгчихөөд энэ мөнгөнд адуу худалдаж авсан гээд байгаа юм. Бусдын санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж заасан байгаа. Б.Н-ийг адуугүй гэдгийг мэдсээр байж 500 000 төгрөг өгөөд бензин болон замдаа идэж уух зүйлийн мөнгийг өгөөд яваад байсан нь адуу хулгай хийж байгааг мэдэж байсан. Тэгэхээр хамжигчаар орсон байна. Хичнээн хохирлыг төлсөн гэж байгаа ч гэсэн хохирол шүүх хурлын дараа төлөгдсөн. Хохирлыг төлнө гэдэг байдлаар шүүх хуралдаан олон хойшилсон. Энэ байдлыг харгалзан үзнэ үү? хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үнэн зөв дүгнэлт хийж өгнө үү? гэжээ.

Шүүгдэгч Ч.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Адуунд явъя гэхээр нь хамт явсан. Хулгай хийж байна гэж хэлээгүй, мэдээгүй. Манай адуу байгаа юм гэж хэлсэн. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний ялыг хөнгөлж өгнө үү? банкинд 10 000 000 төгрөгийн өртэй, хохирогч нарын хохирлыг мөн төлмөөр байна. Ээж маань даралт харвасан. Би ээжийгээ асардаг байсан. Хэд хоногийн өмнөөс хүүхдийн бие бас муудаж байна гэсэн. Сум орон нутгаас хандив гуйж байгаа гэсэн. Миний хүү 8 настай. Тархиндаа хорт хавдартай гэж сонссон. Тэрнээс хойш маш их гутарч байна. Та бүхэн үүнийг харгалзаж үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Н нь Ч.Ө-тай хамт явж 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт 4 дүгээр багийн нутаг “Цахиур” гэдэг нэртэй газраас хохирогч Д.Д өмчлөлийн 15 тооны адуу, хохирогч А.Э өмчлөлийн 4 тооны адуу, нийт 19 тооны адууг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-150” маркийн улаан өнгийн мотоциклоор тууж Баянхонгор аймгийн Бууцагаан сумд аваачин уг адуунаас 2 тооны адууг нядалж, 1 тооны адууг Ч.Ө-д, 1 тооны адууны өрөөлийг бусдад зарж, өрөөлийг нь Д.Х-д өгч үлдсэн адуунуудыг зарахаар авто машинд ачуулж байгаад баригдаж хохирогч нарт нийт 28.200.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Энэ үйл баримт нь хохирогч Д.Д мөрдөн байцаалтад өгсөн “Манай адуу Тайшир сумын Цахиур гэдэг газарт байдаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-ний хооронд манай 19 тооны адуу алга болсон. Би 12 дугаар сарын 05-ны өдөр Гуулин сумын Гүнд гэх хүнээс адуугаа бага Гуулингийн тал гэх газарт байсан тухай сураг сонссон. Тэгээд Гуулингийн поль, Ар гашуун, Өвөр гашуун, Оройн улаан гэх газруудад 3 өдөр хайсан боловч олдоогүй. Завхан аймгийн Шилүүстэй, Завхан голын зүүн талаар хайсан. Гуулингийн урд нутагладаг Б гэх хүнээс 1 мотоцикльтой 2 хүн, хадган хүзүүвчтэй хондон гүү, хүрэн халзан морьтой дан бараан адуу тууж явсан гэсэн сураг сонссон. Тэгээд  мөрийг нь хөөж яваад Бууцагаанд адуу ачигдах гэж байгаа талаар сураг гараад 14 тооны адууг нь машинд ачих гэж байхад нь Бууцагаан сумын цагдаатай очиж адуугаа авсан. Адуунаас саран дэвсгэртэй 5 тоо тамгатай шар халтар соёолон, зөв талын ташаан дээрээ саран болон хайчин тамгатай, хадган хүзүүвчтэй соёолон хондон гүү, крилл Д үсгэн тамгатай охин хээр даага, саран дэвсгэртэй дөл тамгатай, хүрэн халзан бүдүүн морь байхгүй байсан. Хүрэн халзан морийг зүүн талаас 3 000 000 төгрөгөөр авч ирж байсан. Хондон гүүг 1 800 000 төгрөг, охин хээр жороо даагыг 1 000 000 төгрөг, шар халтар морийг 2 000 000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа. Бууцагаан сумаас адууг авахын тулд Б гэх хүний Маяты, портер 2-оор ачиж ирсэн. Нядлагдсан 2 адууны үнэ 2 200 000 төгрөг, адуугаа хайсан, адуугаа ачсан тээврийн хөлс, бензин шатахууны үнэ болох  603 100 төгрөг нийт 2.803.100 төгрөгийг авахыг хүсч байгаа” тухай мэдүүлэг (1 хх 61-65),

Хохирогч А.Э мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Д 15 тооны адуу, өөрийнх нь 4 тооны адуу нийт 19 тооны адуу Тайшир сумын Хуримт багийн нутаг, Цахиур гэдэг газраас ус уугаад 2021 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд байсан. Тэгээд Д.Д залгаад манай адуу харагдахгүй байна гэхээр нь баруун тийш буюу Цавын гуанзнаас зам дагуу хайж яваад Гуулингаас баруун хойд зүгт хээр азаргатай 19 тооны адуу байсан талаар сураг сонсоод Д.Д-д хэлж тэр зүгт хайж байгаад Д.Д адуу туусан мотоцикльтой сундлаатай хүн урд зүгт явсан талаар сураг сонсож урд зүгт хайтал Бууцагаан сумын төв дээр алдсан адууны сураг гарч тэнд машинд ачуулах гэж байхад нь олж авсан байсан” тухай мэдүүлэг (1 хх 69),

Гэрч Я.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-нд Б.Н залгаад адуунд хамт явсан хүн надаас идэшний адуу авсан юм. Энэ хүнийг махтай нь аймаг аваад яваач, зардал хөлсөө өөрөө өгөөд явах байх гэж гуйсны дагуу өөрийн эзэмшлийн цагаан өнгийн, Аллион маркийн 33- ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.Н-ийн хаваржаанд очиж Ө-г 1 адууны махтай  нь авч Баянхонгор аймгийн төв оруулж өгсөн тухай” гэх мэдүүлэг (1 хх 79-80),

Гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Н өөрийнхөө утсаар нэг хүнтэй ярихдаа адуу чинь ойрхон байгаа юу? Би хоёр, гурав хоногоос гарах санаатай байна? Адуугаа ойртуулж баймаар байна? гэхэд нөгөө хүн нь “Нөгөө адуу чинь усанд ороод гарлаа. Ойрхон байна.” гэх зэргээр ярьж байгаад аймгийн төвөөс Ө гэх хүнийг хоёулаа адуунд цуг явъя гэж дуудаад өөрийнхөө мотоциклиор хамт явсан. Нэг ярихдаа “Гуулинд явж байна. Адуу өгөх хүний адуу нь алга болчихсон гэж байна. Би адуугаа олж байж очно.” гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа “Адууны эзэн адуугаа туугаад ирж байна гэнэ. Би өмнөөс нь явж байна.” гэж ярьсан. 2021 оны 12 дугаар сарын 05-нд ирсэн. Ирэхдээ тууж ирсэн адуугаа сумын төвөөс 20 гаруй км зайтай ээжийн хаваржаанд үлдээчхээд ирлээ гээд Ө-ийн хамт мотоциклтой ирсэн. Хоёр адуу гаргаж нэг адууны махыг Ө  аймаг руу авч явсан, нэг адууны махыг нь А-тэй өрөөлдөж авсан. Адуу нядалснаас хойш 3 хоногийн дараа Н Т-тэй Агтанд адуу авч байгаа юу? Ямар ханштай авч байгаа вэ? гэж утсаар ярьж асуугаад “Адуугаа өгнө” гээд гарсан тэрнээс хойш чимээгүй болчихоор нь хүмүүсээс асуусан чинь Н адуу хулгайлаад ачуулах гэж байгаад цагдаад баригдсан гэж сонсогдсон. Н-ийн ээж нь Н-д 2 тооны адуу л байдаг гэж хэлж байсан. Н-ийг адуунд явах гэж байна гэхээр нь би түүнээс “Чи ямар адуунд явах гэж байгаа юм бэ? Чамд 2 тооны адуу л байдаг гэж ээж чинь хэлж байсан шүү дээ? гэж асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй.” тухай мэдүүлэг (1 хх 82-85),

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Н нь 2020 оны 06 сард  2 жилийн хугацаатай жилийн 18%-ийн хүүтэй, 10 000 000 төгрөгийн зээл авсан. 2021 оны 06 дугаар сараас эхлээд зээл, зээлийн хүүг төлөөгүй, 10 857 000 төгрөгийн өртэй байгаа. Өр зээлийн асуудал нь шүүхэд шилжсэн. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Н-ийн гэх 8013........ дугаарт залгаж өр зээлээ барагдуулах талаар хэлэхэд надад 2, 3 адуу байгаа тэрийгээ тууж ирээд хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-нд адуугаа туугаад маргааш очно гээд мессеж бичсэн байсан. Б.Н нь намайг адуу худалдаж авах хүн олж байгаарай гэж захиад байсан болохоор нь Ченж Т-ийн эхнэр О-тэй холбогдож Н адуу авч ирж байгаа гэдгийг хэлсэн.  2020 оны 06 дугаар сард зээл авахад ойролцоогоор 360 гаруй малтай гэж тоологдсон байсан болохоор манай банкнаас 10 000 000 төгрөгийн зээл олгосон. Манай мал Ховдод байгаа, зарим нь Баянбулаг сумд байгаа зээлээ удахгүй төлж хохиролгүй болгоно гэж явсаар байгаад өдийг хүрсэн” тухай мэдүүлэг (1 хх 86-88),

 

Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны хавар Хөхморьт сумд Н гэдэг хүний малыг хариулж байхад нь Б.Н-той танилцсан. Ч.Ө-ыг нь танихгүй. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сумын төв дээр хашаандаа машинаа янзалж байхад 12 цагийн үед Б.Н нэг хүнтэй хамт ирээд Бууцагаанаас явж байна хойшоо Шилүүстэй, Жаргалан сум явах гэж байна. Таних айл алга танайд нэг хоноод явъя гээд хоноод явсан.” тухай мэдүүлэг (1 хх 97-98),

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкны эрхлэгч А.Б нь эхнэрийнх нь дугаарт залгаад “Манай банкнаас авсан зээлийн асуудлаар шүүхэд шилжчихсэн нэг хүн зээлийнхээ оронд адуу өгнө гээд байна. Тэр адууг үзэж хараад авах боломж байна уу? гэж  ярьсан байсан. Маргааш нь би залгаад ямар учиртай адуу зарах гэж байгааг асуухад хугацаа хэтэрсэн зээлдэгч байгаа юм. 10 гаруй тооны адуу байгааг нь аваатахаач гэсэн. Тэгээд Б.Н-ийн нэрийг хэлээд энэ хүнд зарах гэж байгаа адуу байгаа гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 09-ний үдээс хойш 17 цагийн үед Б.Н 80......... гэсэн дугаараас миний дугаарт залгаад 14 адуу байна та ирээд үзээтэхээч гэхээр нь байгаа газрыг нь асуугаад яваад очтол голын хажууд хэдэн адууны дэргэд Б.Н мотоцикльтой ганцаараа байж байсан. Маргааш нь нэг адууг 800 000 төгрөгөөр авахаар болоод Б.Н-оор адуунуудыг нь бариулж байгаад зургийг нь дараад ачих гэж байтал машинтай хүн ирээд утсаар зураг дараад ямар учиртай болохыг нь асуутал наад хэдэн адуу чинь манай адуу байна гэсэн. Тэгээд байж байтал сумын цагдаа нар ирээд аваад явсан.” тухай мэдүүлэг (1 хх 92-94, 118),

Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын эхээр Б.Н-той сумын төвд таарахад та адууны өрөөл мах авах гэж байгаа юм уу? гэж надаас асуусан. Би фейсбүүк дээр адууны өрөөл авна гээд зар тавьчихсан байсан тэрийг харсан байх. Гаргаж янзлаагүй, хөдөө байгаа, манай адуу гэж хэлсэн. Нэг хоногийн дараа Б.Н-ийн эхнэр Х залгаад адуугаа гаргасан, та авах юм уу? авах бол бензинээ хийгээд надтай хамт явж очоод авчих гэж хэлсэн. Тэгээд би Х-г гэрээс нь очиж аваад, бас нэг нэрийг нь мэдэхгүй, мах авах гэж байгаа залууг суулгаад сумын хойд талд байдаг ээжийнх нь өвөлжөөнд очиход Б.Н, нэг залуутай хамт хоёр адуу нядалсан. Нэг адууны махыг нь тэр залуу аваад аймгийн төв рүү цагаан машинтай хүнтэй хамт яваад өгсөн. Үлдсэн 1 адууны махны өрөөлийг нь би авч 300 000 төгрөгийг бэлнээр өгөөд Х-ийн хамт буцаад ирсэн. Б.Н банкны мөнгө өгөх гэж байгаа дахиад адуу зарна гэж байсан. Хулгайн адуу гэдгийг мэдээгүй.” тухай мэдүүлэг (1 хх 100, 101),

Гэрч Н.П мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны хавар манайх Сангийн далай багт Отор хийж явахдаа Б.Н-той танилцсан. Утсаар залгаж ярихдаа дандаа адуу гаргаад өг гэж ярьдаг байсан. Залгах болгондоо адуу юу болж байна гэж асуудаг. Тэгж хэлэхээр нь би танд яахаараа адуу хулгай хийж өгөх ёстой юм бэ? Танд ямар өртэй юмуу надад тэгж хүнд өгөх адуу байдаггүй гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 03-нд Б.Н нь 8013....... дугаараас миний 8858........ гэсэн дугаарт залгаад би Тайшираас Жаргалан орох гээд нэг ахтай явж байна. Чи адуу хөөгөөд ир гээд байсан.  Би хулгай хийж чадахгүй гэж хэлсэн.” тухай мэдүүлэг (1 хх 114),

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 04, 05-ны үед оройхон 16 цагийн үед хонио эргэх гээд гэрийнхээ зүүн талын толгойн орой дээр гарахад цоохор нэмнээтэй хятад мотоцикль унасан сундлаатай 2 хүн 10 гаран тооны нэг сааралтай бараан зүсмийн адууг хойноос урагш чигтэй тууж явсан. Тэр хоёр хүнтэй очиж уулзахад 2 бага шиг залуу байсан” тухай мэдүүлэг (1 хх 133),

 “Ашид билгүүн” ХХК-ий “Хулгайд алдагдсан 19 тооны адууг 28 200 000 төгрөгөөр, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Мустанг-150” маркийн мотоциклийг 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн” үнэлгээний тайлангууд (1 хх 137-140, 149-152) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: “Би Ч.Ө-д Гуулинд манай адуу байгаа хоёулаа туугаад ирье. Би танд нэг адуу өгөе гэж хэлээд дагуулж явсан. Ч.Ө-д хулгай хийж байгаагаа хэлж ярьсан зүйл байхгүй” талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн байна. (1 ХХ 169, 2 ХХ ).

Шүүгдэгч Ч.Ө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: “Би идэшний адуу худалдан авах гэж байх үеэр Б.Н миний дугаарт залгахад нь адуу худалдан авах гэж байгаагаа болон Бууцагаанд идэшний адуу ямар үнэтэй байгаа талаар асуухад “Надад мөнгөний хэрэг байна. Та надаас идэшний адуу ав. Надтай хамт адуунд яваад ир. Гуулингийн хойд талаас хүн туугаад ирж байгаа. Хоёулаа өмнөөс нь яваад туугаад ирье гэхээр нь хамт явсан. Манай бэр энэ хүнд чинь адуу байхгүй гэхэд нь би “Адуугаа хойш нь гаргасан гэсэн. Юу гэж надад худал ярьдаг юм бэ? гэж хэлсэн. Бензиний мөнгө байхгүй гэхээр нь ах руугаа ярьж, адууны үнэ 500 000 төгрөг авахаар болоод Б.Н-д банкны карт байхгүй болохоор нь өөрийнхөө данс руу хийлгүүлж, мотоциклийн сэлбэг, буудал, хоол хүнсэнд зарцуулсан. Явж байгаад адуу чинь хаана байгаа юм бэ? гэхэд адуугаа олсон гэж байна. Адуу тууж яваа хүнтэйгээ зөрсөн байна. Нөгөө хүн адуу туугаад Гуулинд ирсэн хоол идэж байна гэнэ гэх мэтээр хариулдаг байсан.  Адуугаа хүнээс асуухгүй юм уу гэхэд манай адуу энэ мөн байх шиг байна гээд 19 тооны адууг шөнөжин туугаад өглөө нь 2 адуу дутсаныг Б.Н ойр хавиар хайгаад байхаар нь ардаа нялх нойтон хүүхэдтэй, яараад байна. Адуугаа гэртээ авч ирчихээд дуудахгүй яасан юм гэж уурлаад цааш явж замдаа дахин нэг хоноод Бууцагаан сумд хүрсэн талаар тогтвортой мэдүүлсэн байна. (1 ХХ 71, 2 ХХ 107)

Мөн гэрч Т.Ц-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн: “Б.Н хамт явж байгаа хүндээ адууны өртэй юм шиг байсан. Гар утас нь дуугарахаар Б.Н гэрээс гарч яриад байсан. Б.Н хойноос миний 17 тооны адууг тууж ирж байгаа. Би хүнд хөлсөөр харуулж байсан гэж нөгөө хүнтэйгээ яриад байсан” талаар мэдүүлсэн байна (1 ХХ 97-98),

Шүүгдэгч Б.Н нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо, шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй талаараа тус тус мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлтэй.

 

2.Нотлох баримтын талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Н 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт 4 дүгээр багийн нутаг “Цахиур” гэдэг нэртэй газраас хохирогч Д.Д өмчлөлийн 15 тооны адуу, хохирогч А.Э өмчлөлийн 4 тооны адуу, нийт 19 тооны адууг хулгайлан авч захиран зарцуулж байсан болохыг нотолж байгаа боловч Ч.Ө уг адууг нууцаар, хууль бусаар буюу хулгайлан авч байгааг мэдсээр байж Б.Н-ийн  үйлдэлд  санаатай нэгдсэн болохыг нотлоогүй байна.

Тодруулбал шүүгдэгч Б.Н уг 19 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч уг адууг нууцаар, хууль бусаар авч байгаагаа Ч.Ө-д хэлээгүй. Ч.Ө намайг уг адууг хулгайлж байгааг мэдээгүй гэж мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг нотлох үүргийг шүүхийн өмнө прокурор хүлээх бөгөөд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Ө нь уг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй байна.

 

3.Эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний талаар:

Энэ хэргийн тухайд шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход шүүгдэгч нарын хоорондын харилцаа, үйлдэл, түүнчлэн шүүгдэгч нарын зүгээс үйлдэлдээ хандсан хандлага, үйлдлийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Гэтэл шүүгдэгч Ч.Ө нь Б.Н өөрийн адуугаа авч байгаа гэж бодсон, хулгай хийж байгааг нь мэдээгүй гэж хэрэг бүртгэлтийн шатнаас удаа дараа тогтвортой мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч Ч.Ө нь Б.Н-оос анх 1 адуу худалдаж авахаар тохирсон ёсоор 1 адуу худалдаж авсан. Өөрөөр хэлбэл Ч.Ө нь адуу худалдаж авахаар өөрийн ахаасаа 500 000 төгрөг зээлж авсаныг Б.Н түүний банкны картнаас захиран зарцуулсан. Бусад адууг захиран зарцуулахад Ч.Ө оролцоогүй, Ч.Ө-ын хувьд гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго тогтоогдоогүй байна. 

Мөн Ч.Ө нь шүүгдэгч Б.Н-той уг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч уг адууг хууль бусаар буюу хулгайгаар авч байгааг мэдсэн атлаа Б.Н-ийн уг үйлдэлд санаатай нэгдсэн гэдэг нь тогтоогдоогүй  байна.

Тиймээс Б.Н, Ч.Ө нарт холбогдох эрүүгийн хэргээс Ч.Ө-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Н уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н-ийн дээрх үйлдэл нь банкнаас авсан зээлийнхээ төлбөрт зарцуулах шунахайн зорилгоор өөрийн үйлдлийг хөнгөвчилж машин механизм буюу мотоцикль ашиглан бусдын 19 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн тул түүнийг ганцаараа уг гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх нь прокуророос шүүгдэгч Ч.Ө-ыг Б.Н-той бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Давж заалдах гомдол, эсэргүүцлийн талаар:

 

4.1 Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Х.Э-ын давж заалдах гомдлын талаар: Өмгөөлөгч Х.Э нь шүүгдэгч Б.Н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялын хугацааг багасган өөрчлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдаас төлөвлөөгүй, гэнэт үүссэн сэдэлтээр санаатай гэмт хэрэг анх удаа үйлдсэн болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг хамааруулан ойлгодог бол Б.Н нь урьдчилан төлөвлөж санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн илчилж, бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчлөх замаар өөрийн гэм бурууг бодитой хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгосон байхыг ойлгодог бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул шүүгдэгч Б.Н-ийн  өмгөөлөгч Х.Э-ын анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4.2 Хохирогч А.Э давж заалдах гомдлын талаар:

 

Хохирогч А.Э нь 19 тооны адууг Б.Н, Ч.Ө нарт гаргаж өгсөн хүн миний өмнө алдсан бор азаргатай 24 тооны адууг авсан байх магадлалтай. Аймаг сумдын дунд бий болсон хулгайн сүлжээ, гэмт хэргийг бүрэн илрүүлээгүй, Б.Н, Ч.Ө нарт адуу гаргаж өгсөн хүнийг тогтоогоогүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах хүсэлтэй байгаа тухай  давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэлгүй, хохирогч өөрийн алдсан 24 тооны адууны талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах, Б.Н-ийн үйлдсэн  энэ гэмт хэрэгтэй холбоотой, энэ хэрэгт авагдаагүй шинэ нотлох баримт илэрвэл тэр талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт гарган шалгуулж, шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

4.3 Прокурорын эсэргүүцлийн талаар:

 

Прокурор нь Ч.Ө тухайн гэмт хэргийг Б.Н-той бүлэглэн үйлдсэн бөгөөд Ч.Ө нь Б.Н-ийг бусдын адууг хулгайлж байгааг мэдээгүй гэдэг нь хэрэгт цугларсан дараах үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна гээд  “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ныг хүртэл 10 хоногийн хугацаанаас 6 хоногт нь 600 орчим километр замыг Б.Н-той хоёулахнаа ээлжлэн мотоциклийг жолоодон тууж, архи согтууруулах ундаа хэрэглэж, 6 хоног хайж явсны эцэст бэлчээрээс хэн нэгний зөвшөөрөлгүй 19 тооны адууг тууж явсан учраас тухайн хугацаанд Б.Н нь хэн гэдэг хүнд хэзээ өгсөн, хэдэн тооны, ямар зүс, им тамгатай адууг хэдэн төгрөгөөр хариулгасан талаар огтхон ч ярилцаагүй байх боломжгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг илтэд мэдэх бүрэн боломжтой байсан” гэж дүгнэжээ.

Гэвч шүүгдэгч нарын хэн аль нь Б.Н уг адууг хулгайлан авч байгаа гэдгийг Ч.Ө мэдээгүй гэж тогтвортой мэдүүлсэн бөгөөд Ч.Ө Б.Н-той бүлэглэж уг адууг хулгайлсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч нар 10 хоногийн хугацаанд хамт байснаас 6 хоногт 600 орчим километр замыг хоёулахнаа туулсан, энэ хугацаанд хамт архи согтууруулах ундаа хэрэглэж  байсан, бэлчээрээс 19 тооны адуу тууж явсан зэрэг нь Б.Н, Ч.Ө нар бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож байна гэж дүгнэх нь таамаглалд үндэслэсэн хийсвэр дүгнэлт болно.

Түүнчлэн прокурор нь Б.Н дээрх хугацаанд адуугаа хайж байгаа гэх боловч айлаар орж адуу сураглаагүй, хэнтэй ч уулзаж дээрх адууг хүлээлцэж авахгүйгээр шууд бэлчээрээс туусан, тууж явахдаа айлд орохгүйгээр зам буруулан явж хээрээр хонож байсан, 19 тооны адуунаас 3 адуу алдахад эрж хайгаагүй, хээлтэй залуу, тарган гүүг гаргаж идшэнд хэрэглэсэн зэргээс Ч.Ө нь дээрх адууг Б.Н хулгайлж байгааг мэдэх боломжтой байсан гэж тайлбарлаж байна.

Гэтэл Б.Н нь өөрийнх нь адууг маллаж байсан хүн уг адууг тууж авч ирж байгаа, адуу тууж явсан хүнээсээ зөрсөн, буцах замд таарсан 19 тооны адуу өөрийнх нь адуу мөн, адуу тууж ирсэн хүнтэй утсаар ярьсан  учраас байгаа газраас нь шууд тууж явж байгаа гэж Ч.Ө-д итгүүлсэн, адуу тууж яваад замдаа айлд унтсан, Б.Н нь тууж явсан адуунаас алдсан 3 тооны адуугаа эрж хайхад нь Ч.Ө нь “Би ар гэрлүүгээ яараад байна. Адуугаа авч ирсний дараа намайг дуудахгүй яасан юм бэ?” гэж уурлаад тухайн 3 адууг орхиж явсан талаар мэдүүлж байсан, тарган сувай гүүг идшэнд хэрэглэсэн, хээлтэй эсэхийг нь урьдчилж мэдэх боломжгүй зэрэг үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр эдгээр нь Ч.Ө нь Б.Н-той бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд нотлохгүй, харин ч үгүйсгэж байна.

Прокурор эсэргүүцэлдээ “Ч.Ө-д хамаатнууд болон Б.Н-ийн ээж нь “Наад хүнд чинь адуу байхгүй” гэж хэлсэн талаарх Ч.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Б.Н  уг 19 тооны адууг ямар арга замаар олж авч байгааг маш сайн мэдэж байсан нь харагдана.” гэж тайлбарлаж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Ө нь Манай хамаатны залуугийнд хонох үед “Наад хүнд чинь адуу мал байхгүй” гэхэд нь “Адуугаа хойш нь гаргасан гэсэн. Юу гэж надад худал ярьдаг юм бэ? гэж хариулсан (2 ХХ 107),  аймгийн төвд ирээд ээжээс нь асуухад “Хэдэн адуу байгаа” гэж хэлсэн талаар тус тус (2 ХХ 111) мэдүүлсэн  байна. 

Түүнчлэн гэрч Т.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “Б.Н хамт явж байгаа хүндээ адууны өртэй юм шиг байсан. Гар утас нь дуугарахаар Б.Н гэрээс гарч яриад байсан. Б.Н хойноос миний 17 тооны адууг тууж ирж байгаа. Би хүнд хөлсөөр харуулж байсан гэж нөгөө хүнтэйгээ яриад байсан” талаар мэдүүлсэн (1 ХХ 97-98) нь шүүгдэгч нарын Ч.Ө нь Б.Н-ийн хулгай хийж байгааг мэдээгүй талаарх мэдүүлэгтэй тохирч байгаа бөгөөд Ч.Ө уг гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг үгүйсгэж байна.

Мөн гэрч Н.П мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-нд Б.Н нь 8013.... дугаараас миний 8858......... гэсэн дугаарт залгаад би Тайшираас Жаргалан орох гээд нэг ахтай явж байна. Чи адуу хөөгөөд ир гээд байсан. Би хулгай хийж чадахгүй. Та намайг яагаад ингээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь юм дугарахгүй байж байгаад за за буцах замаасаа адуу хөөж явахаас гээд утсаа салгаагүй байж хүнтэй тэгээд яриад байсан” (1 хх 114) гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Ч.Ө Б.Н нар нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болохыг нотлож байна гэж прокурор үзэж байгаа боловч энэ мэдүүлэг нь агуулгын хувьд тодорхойгүй, эргэлзээтэй, учир зүйн зөрчилтэй байна.

Өөрөөр хэлбэл утсаа салгаагүй байхдаа буюу Н.П-тэй утсаар ярьж байгаад Б.Н-ийн хэлсэн “За за буцах замаасаа адуу хөөж явахаас” гэдэг үгийг өөрөөс нь өөр этгээдэд хандаж хэлж байгааг гэрч Н.П мэдэх боломжгүй байх бөгөөд Б.Н юу гэж хэлж нөгөө хүн нь юу гэж хариулж байсан талаар тодорхой мэдүүлээгүй тохиолдолд нөгөө хүнтэйгээ тэгээд яриад байсан гэдэг түүний тодорхойгүй мэдүүлгийг Б.Н, Ч.Ө нар бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлож байна гэж үнэлэх үндэслэлгүй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай зохицуулалтыг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай хохирогчийн давж заалдах гомдол, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Н 9 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ч.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгаж, шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэргийн хохиролд зарцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 102 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

                         ШҮҮГЧИД                            Т.Ж

                                                                                                                                Ч.Э