Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2024/0019

 

                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус Завхан аймаг дахь ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0616019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.******* нь “Завхан аймгийн ******* сумын Улаантолгой багийн иргэн Т.******* хууль бусаар 6 тооны тарвага агнасан гэх гомдол, мэдээлэлд зөрчлийн 2324000167 дугаартай хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Т.*******т 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар агнасан 6 тооны тарвагыг хурааж, байгаль экологид учруулсан хохирол 4.920.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж, 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэгт цугларсан холбогдогч Т.*******, гэрч Б.******* нарын мэдүүлэг, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.*******ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №5 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар Т.******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолд “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ыг 1 дүгээр хавсралт, Зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт-ыг 2 дугаар хавсралт, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягтыг 3 дугаар хавсралт ... аар тус тус баталсугай” гэж заасан байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.******* нь зөрчлийн 2324000167 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудас “Маягт-1”-ээр шийтгэл оногдуулах ёстой атал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт буюу “Маягт-2”-ыг ашиглан холбогдогчид шийтгэл оногдуулсан нь дээрх журмыг ноцтойгоор зөрчсөн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх” журмыг зөрчиж буруу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.*******гийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 0616019 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Т.*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар агнасан 6 тооны тарвагыг хурааж, байгаль экологид учруулсан хохирол 4.920.000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Прокурорын дүгнэлттэй танилцаж, тухайн үед ажиллаж байсан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.******* нь зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ зөрчилд шийтгэл оногдуулсан тухай шийтгэлийн хуудсыг бичихдээ буруу маягтаар бичсэн байсан тул прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.******* нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг үндэслэн "... иргэн Т.******* хууль бусаар 6 тооны тарвага агнасан..." гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0616019 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Т.*******т байгаль экологид учруулсан хохирол 4.920.000 төгрөгийн нөхөн төлбөр, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.*******гийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0616019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргасан.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Шийтгэлийн хуудас болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг ноцтой зөрчиж шийтгэлийн хуудасны маягтыг буруу хэрэглэсэн” гэж тодорхойлсон байна.

Хариуцагч болох ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, түүний ажлын байранд хэн нэгэн томилогдоогүй, ажил үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа хүн байхгүй байсан тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 118/ШЗ2024/0072 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргыг хариуцагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр томилсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогч иргэн Т.******* нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0616019 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэл болон нөхөн төлбөрийг бүрэн биелүүлсэн нь хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 15, 16-ны өдрүүдийн төлбөр төлсөн тухай баримтаар нотлогдож байна.

 Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-д нийцүүлэн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож зөвтгөх нь  хуульд нийцэхээр байх төдийгүй зөрчил холбогдогч торгууль, нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн байх тул түүний эрх зүйн байдлыг хөндөхөөргүй байна.

Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0616019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.АМАРЗАЯА