Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00011

 

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Г.Н

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Хүсэлт гаргагч Г.Нгээс шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

Г.Н 1964 онд төрсөн, 55 настай. Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8-н жилийн дунд сургуулийг 1980 оны 06 дугаар сард төгсөөд илгээлтээр Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад томилогдсон. Сумын хүн эмнэлэгт төрөөд эх барьсан эмч эмнэлгээс гарахад нь Ганхуяг гэдэг нэр өгсөн. Гэтэл 03 настай байхад бие нь өвдөөд лам нэр нь таарахгүй байна гээд Г.Н гэж дуудуулаад төрсний гэрчилгээ бичиг баримт авахдаа ээж Янжмаагаар овоглон Нэргүй гэж авсан. Одоо харин сумынхан болон таньдаг хүмүүс бүгд Ганхуяг гэж дууддаг. Гарам гэдэг нь төрсөн аав юм. Аймгийн архивын лавлагаа нэгдлийн даргын тушаал зэрэг нь миний аав Гарам нь иргэний үнэмлэх авахад овоглоод Нэргүй гэдэг нэрээр авсан. Гэтэл архивын лавлагаа, тушаал зэрэг нь Янжмаагийн Ганхуягаар гарч ирсэн тул нэрийг зөрүүг зөвтгөж, Чойбалсангийн зам нэгдэлд 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Нг сумын хүн эмнэлэгт төрөөд эх барьсан эмч эмнэлгээс гарахад нь Ганхуяг гэдэг нэр өгсөн. Гэтэл 03 настай байхад бие нь өвдөөд лам нэр нь таарахгүй байна гээд Г.Н гэж дуудуулаад төрсний гэрчилгээ бичиг баримт авахдаа ээж Янжмаагаар овоглон Нэргүй гэж авсан. Одоо харин сумынхан болон таньдаг хүмүүс бүгд Ганхуяг гэж дууддаг. Гарам гэдэг нь төрсөн аав юм. Гэтэл архивын лавлагаа, тушаал зэрэг нь Янжмаагийн Ганхуягаар гарч ирсэн тул нэрийг зөрүүг зөвтгөж, Чойбалсангийн зам нэгдэлд 1980 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шаргачин овогт Г.Нн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Н.Оюунчимэг нь өөрийн төрсөн аав Г.Нн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож Баянхонгор аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аавынхаа ажилласан жилийг тогтоолгохоор хандсан билээ.

Миний аав одоо 55 настай. Аав минь анх Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн сургуулиа төгсөөд л шууд тухайн үеийн нийгмийн захиалгаар, анд нөхдийн хамт илгээлтээр мал дээр гарсан. Тухайн үед хөдөө сургууль төгсөж байсан бүх хүмүүс л мал малла гэж илгээлтээр гардаг, илгээлтээр гарсан хүмүүс хамгийн ажилч, сайн хүн гэдгээр магтагдаж байсан билээ. Миний аав анх илгээлтээр гараад бусад залуусын адил малаа маш сайн маллаж, одоо биднийг өмсөх хувцас, идэх хоолтой мөр бүтэн явуулж байна. Тухайн үед хүмүүс бие биенээ хоч нэрээр их дууддаг, бараг өөрийн нэрээ мэдэхгүй, хоч нэрээр нь дуудахаар очдог, хоч нэрээрээ нэрлэгдсэн, аав ээж нь ч, өөрөө ч нэгдэлд данслагдах нэрнийхээ ач холбогдлыг мэдэхгүй ажиллаж, малаа маллаж л байвал болох юм шиг байсан үе байдаг.

Ямар сайндаа л нийгэм өөрчлөгдөж, ардчилал гарах үед хөдөлмөрийн дэвтрийнхээ ач холбогдлыг мэдэхгүй нэг л сайхан болчих юм шиг хөөрч байсан үе бол миний аавын үе.

Одоо миний аав өндөр настай болж төрөөс олгогдох ёстой тэтгэвэрт орох гэтэл ногөс хэрэггүй юм шиг байсан хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримт нь хэрэгтэй болж байхгүй болохоор нь арга ядахдаа төрдөө хандаж залуу, анх ажилд гарсан байсан үеийнхээ ажиллаж байсныг тогтоолгох гэж шүүхэд хандахад та ажиллаж байгаагүй байна гэсэн шийдвэр шүүх өгсөнд гомдож энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний аав өөрт байсан, байж болох бүх бичиг баримтаа л бүрдүүлж шүүхэд өгч, одоо ч дуудагддаг байсан нэрээрээ гарсан архивын лавлагааг гаргаж шүүхэд өгсөн.

Аавыг анх төрөхөд Ганхуяг гэдэг нэр өгсөн. Одоо хүртэл тэр нэрээр дууддаг. Гэтэл аав минь бага байхдаа бие нь өвдөж тухайн үеийнхээ ёс заншлаар албан ёсны нэрээ буюу төрд данслагдсан нэрээ Янжмаагийн Нэргүй гэж бүртгүүлж, гэртээ болон сумыхандаа Ганхуяг гэж нэрлэгдсээр өдийг хүрсэн. Би ч гэсэн аавыгаа Ганхуяг гэдэг нэртэй л хөлд, хэлд орсон.

Энэ учраа хэлж, тухайн үеийн албан хаагч нарын сумдаа дуудагддаг байсан нэрээр нэрлэж бичсэн архивын лавлагаа, бусад бичиг баримтыг гаргаж, аавтай хамт ажилладаг байсан С.Эрдэнэ-Очир, Д.Адъяа нарыг гэрчээр асуулгаж ямар учиртайг хэлсэн байхад миний аавыг сумдаа ажиллаагүй байна гэж хэлээд шүүх шийдвэрлэсэн.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 131/ШШ2020/00482 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ шийдвэрийг хүчингүй болгож, миний аавыг Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1980 оны 08 сарын 01-ны өдрөөс 1982 оны 12 сарын 31-г дуустал мал дээр илгээлтээр гарч ажиллаж байсныг тогтоож хүсэлтийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баацагаан сум 6 дугаар баг Зүүн хаяа багт оршин суух Г.Нгээс ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүх ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаалаар /хх-ийн 7-8 дугаар тал/ Г.Н нь /Янжингийн Ганхуяг/ Баацагаан сумын 8-н жилийн дунд сургуулийг 1980 оны 06 дугаар сард төгсөөд эвлэлийн илгээлтээр Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад үхэрчинээр томилогдон ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Г.Н нь Янжингийн Ганхуяаг нэртэй байсан болох нь /хх-ийн 22 дугаар тал/ Нэргүйн эцэг нь Тогоочийн Гарам, эх нь Гүндийн Янжин гэж бүртгэлтэй байсан тухай Улсын бүртгэлийн хэлтэсээс гаргаж өгсөн Г.Нн төрсний бүртгэлийн лавлагаагаар эх Янжингаараа овоглож байсан нь тогтоогдож байна.

Г.Нг бага байхад нь нэрийг нь сольж Ганхуяг гэдэг байсан, одоо ч тухайн сум, орон нутгийн хүмүүс Ганхуяг гэж дууддаг гэж шүүхэд гаргаж өгсөн хүсэлт тайлбартаа дурьдсан бөгөөд гэрчээр мэдүүлэг өгсөн Баацагаан сумын Д.Адьяа, С.Эрдэнэ-Очир нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Г.Н нь Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1980 оны 8 дугаар сарын 01-нээс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь /хх-ийн 6-8 дугаар тал/ Архивын тасгийн архивын лавлагаа, Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тушаал зэргээр нотлогдож байгаа тул Г.Нн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг болон давж заалдсан гомдлыг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч Г.Нн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж Н.Оюунчимэгт буцаан олгох үндэстэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон  

  ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 131/ШШ2020/00482 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

 “…Шаргачин овогт Г.Нн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ..” гэснийг

 “…Г.Н нь Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд 1980 оны 8 дугаар сарын 01-нээс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хүсэлт гаргагч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж Н.Оюунчимэгт буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.