Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 560

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор

Н.Ням-Очир,

шүүгдэгч: Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Э д холбогдох эрүүгийн 1705 0114 60185 тоот дугаартай, 1 хавтас хэргийг

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Баянхонгор

аймгийн Заг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

мэргэжилгүй, “Оргил” худалдааны төвд борлуулагч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, 2

нас, 7 сартай хүүхдийн хамт,  оршин суух,

2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан

шатны 2 дугаар шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 1 сарын

хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж

байсан, Шүүгдэгч Э  нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол

дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Акума” төвийн орчим иргэн Б.Сэргэлэнгийн

 

нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн

мурийлт, хамрын нурууны зүүн талын шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар,

хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулайн

хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э  мэдүүлэхдээ:

Энэ хэрэг гарсан гол шалтгаан нь таксины жолоочтой маргаснаас болсон юм.

Би Цамбагаравын 11 дүгээр байрны хойд талаас такси барьсан. Тэгээд

Гурвалжингийн гүүр даваад эргээд буух гэтэл надаас 5000 төгрөг нэхсэн бөгөөд

таксины жолооч намайг согтуу байгааг далимдуулаад ашиглах гэж байна гэж би

бодсон. Би тэр залууд гар утсаа үлдээгээгүй, харин гар утсаараа яриулсан. Тэгээд би

таксинаас буугаад алхаж байтал таксины жолооч миний араас хүрч ирээд, хүч

хэрэглэн, намайг татаж унагаан, боогоод машин руугаа чирч байхдаа куртик урсан.

Тухайн үед би ажлын бэлэн мөнгөтэй явж байсан учраас айгаад мөнгөө гаргаагүй.

Мөрдөн байцаалтанд хохирогч мэдүүлэхдээ тухайн үед манай ахтай утсаар ярихад

“наад хүнээ битгий явуул, байлгаж байгаарай” гэж хэлсэн гээд байсан. Гэтэл тийм

яриа болоогүй байсан. Би хохирогчтой маргаж байгаад больё гээд машинд нь ороод

сууж байтал манай хүргэн ах ирсэн. Тэгээд би дахиж машины гадна гарч таксины

жолоочтой барьцалдаж авч, түүнийг цохиж, хохирогч Сэргэлэнгийн биед хөнгөн

гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдэлд харамсаж байна. Гэмт

хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 650 000 төгрөг төлсөн. Уур бухимдлаа

барьж чадалгүй ялихгүй зүйлээс ийм зүйл боллоо гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Сэргэлэн мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим би өөрийн

эзэмшлийн 44-07 УБП улсын дугаартай, хар хөх өнгийн “Т.Приус-20” маркийн авто

машинтай халтууранд явж байгаад “Хар хорин” захын арын туслах замын хойд талаас

нэг согтуу эрэгтэй хүн аваад “хаашаа явах вэ” гэхэд “Гурвалжин даваад бууна” гэхээр

нь баруунаасаа зүүн чиглэлтэй явж байгаад “Мөнгөн гүүр” эмнэлгийн хажуу талаар

төв зам руу урагшаа Гурвалжин давсан. Тэгээд явж байтал нөгөө залуу утсаа надад

үлдээгээд машинаас буугаад явчихаар нь би түүний араас буугаад “хөөш нааш ир”

гэхэд цаашаа яваад байсан. Тэгэхээр нь машиндаа суугаад “Акума” төвийн зогсоол

руу ороход утас нь дахиж дуугараад ах нь дахин надтай яриад “хаана явж байна”

3

гэхээр нь би ийм юм боллоо гээд өөрийнхөө байгаа газрыг зааж өгсөн. Тэгтэл ах нь

“очиж байна, байлгаж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би буугаад буцаад

Гурвалжингийн гүүр давах гээд алхаж байсан нөгөө залууг араас нь очиж барьж

аваад машиндаа суулгасан. Тэгтэл ах нь хүрээд ирсэн. Би тэгээд дүүг нь буулгаад

утсыг нь нөгөө залууд өөрт нь өгөөд байж байтал нөгөө 2 залуу шууд явах гэхээр нь

би “ахаа наадах чинь мөнгөө өгөөгүй байгаа” гэж хэлтэл ах нь мөнгө өгөх гэж байтал

нөгөө залуу эргэж ирээд, зүүн хацар руу шууд цохисон. Тэгээд нөгөө залуу дүүгээ

“яаж байгаа юм” гээд цаашаа дагуулаад явахаар нь би алхах гэтэл хамраас цус гараад

байсан гэжээ. (хэргийн 4-5 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Золзаяа мэдүүлэхдээ:

...тэгээд хэсэг хугацааны дараа бид нарыг 3 дугаар

эмнэлгийн уулзвар дээр хүлээж байхад хүргэн ах Ганбаатар Э ыг

дагуулаад хүрээд ирэхээр нь такси бариад 21 дүгээр хороолол орох гээд

Саппарогийн хойд талын замаар явж байхад цагаан өнгийн урт машин зам

хөндөлдөөд шахаж зогсоод хэсэг залуучууд бууж ирээд “хаалгаа онгойлго, наад

пиздаг чинь одоо ална” гээд машинаас чирж буулгах гээд байсан бөгөөд эгч нь

буулгаагүй. “Цагдаагийн газар очъё, андуураад байгаа юм биш үү” гээд бид нар

цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэнд байсан залуучуудын нэг залуугийнх нь хацар дээр

нэг см орчим шалбарсан харагдсан. Би тухайн үедээ хүн андуураад байна гэж хэлсэн.

Тэгтэл хүргэн ах Ганбаатар “Э  түрүүн таксины жолоочийг цохичих шиг

болсон” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10

дугаар сарын 20-ны өдрийн 13261 тоот дүгнэлтэд:

1. Б.Сэргэлэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт,

хамрын нурууны зүүн талын шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамрын

нурууны, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зулайн хуйхны

зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

4

Э  нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны

01 дүгээр сарын 28-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил

1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан

харгалзсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Э  нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол

дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Акума” төвийн орчим хохирогч Б.Сэргэлэнгийн

нүүрэн гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн

мурийлт, хамрын нурууны зүүн талын шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар,

хамрын нурууны, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт,

зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сэргэлэн, гэрч

Н.Золзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн

шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13261 тоот дүгнэлт зэрэг

хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн

хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Э д холбогдох хэргийг 2015

оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хохирогч Б.Сэргэлэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн

хохирлыг эмчлүүлсэн гэж 269 220 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн

боловч шүүгдэгч нь хохирогчид 650 000 төгрөг төлсөн байна. Хохирогч нэхэмжлэх

зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

5

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж

байгаа, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг

хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Э  2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дүүргийн эрүүгийн

хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил

1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар

хянан харгалзсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар

зүйлийн 78.2.1-д заасан шүүгдэгч нь тэнсэж хянан харгалзах хугацаанд шинээр гэмт

хэрэг үйлдээгүй тул түүнийг ялгүй гэж үзсэн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй,

цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон

болохыг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8

дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч

Э ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар

Э  нь торгох ялыг 2 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан

Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох

ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар

сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, Э  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус

дурдсугай.

6

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т

зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,

түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан

авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих

эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол

Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН