Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 115/ШШ2024/0003

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн иргэн Б,

Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О нарын хоорондын, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг хураасантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Гомдлын шаардлага: Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0048703 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ны 6.В заалтын холбогдох хэсэг буюу зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг болох 1 ширхэг Дробинк маркийн бууг хурааж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч иргэн Б, хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Иргэн Б нь шүүхэд анх, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0048703 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ны 6.В заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг заалтыг бүхэлд нь бус, Дробинк буу хураасан хэсгийг нь хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагаа тодорхойлсон болно.

 

Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1. Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0048703 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч Бд, зөвшөөрөлгүй амьтан агнасан гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хохирол нөхөн төлбөрт 1,130,000 төгрөг гаргуулахаар, 6.В заалтаар зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг болох 1 ширхэг Дробинк маркийн буу, зөрчилтэй бүтээгдэхүүн болох ангийн гаралтай түүхий эд буюу чонын мах /1 ширхэг хаа/, арьсыг тус тус хураан авах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

 

2.2. Гомдол гаргагч Б нь, эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрийн холбогдох хэсгийг буюу 6.В заалтыг бүхэлд нь эс зөвшөөрч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн дотор буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Иргэн Б шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь Байгаль орчны улсын байцаагч О-ийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний эзэмшлийн дорвинк маркийн буу нь бичиг баримт, татварын зөрчилгүй. Манай хавийн айлуудын мал сүргийг бариад байсан чоныг авласны учир хориотой ан агнасан хэргээр шийтгүүлж буугаа хураалгасан. Миний бие нь хохирол, торгуулиа бүрэн төлж барагдуулсан. Иймд 0048703 дугаартай шийтгэлийн хуудасны 6.В заалтыг хүчингүй болгож бууг минь буцаан олгож өгнө үү.

Тэр чонын арьс хамаагүй, ганц аавынхаа бууг авч үлдмээр байна. Чонын арьс махны хувьд бол хураагдсан. Мөн бүх өр төлбөрийг нь хүлээн зөвшөөрч байгаа ганцхан ааваас минь үе дамжин ирсэн бууг л авч үлдмээр байна. Дорбинк гэж хуучин орос буу байгаа, үнэмлэх бүх юмтай. Жил болгон 30 мянган төгрөгийн татвар төлдөг. Энэ буу манай аавын эзэмшлийн буу байсан юм, надад үе дамжиж ирсэн. Би жил болгон татвар түрээсийг нь төлөөд явдаг юм.

Бууг яагаад ашигласан бэ гэхээр Улаанбадрах сумын энд тэнд Аргалантад 7 чоно, айлын мал сүйдээд байна гэсэн сураг дуулдаад байсан юм. Тэгж байгаад 1 чоныг нь агначихлаа гэж дуулдаж байсан. Сүүлд Зүүнбаянд учиргүй цас орсны өглөө Э надтай уулзаад чононд явъя. Тэгээд буу сумаа өгчихгүй юу гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, буу сумаа дамжуулахгүй. Миний өөрийн буу ч гэсэн, галт зэвсэг дамжуулж болохгүй, эсвэл би хамт явъя, би ерөөсөө тийм юманд явж үзээгүй гээд хамт явсан. Тэгээд би хамт яваад тэнд чоно ерөөсөө олдоогүй. Тэгээд мөр дараад давхиж байгаад нэг мөр олж аваад мөрийг нь мөрдөж яваад босгоод чонотой хөөцөлдөж давхиж байгаад шархдуулсан. Би 5 сумтай явсан. Тэгж байтал хажуугаас баахан мотоциклтой залуучууд давхиж орж ирээд том буугаар чоныг дор нь буудаад унагасан. Нөгөөдүүл чоныг авах гээд байхаар нь би юу гэсэн үг вэ? Би энэ чоныг гаргаж ирж би өөрөө босгож мөрийг нь мөрдөж байж олж авсан юм чинь би өөрөө авна. Чононы мах, шөл бие эрхтэнд сайн юм гэсэн. Ах нь өөрөө авна гэж байгаад би аваад явчихсан. Манай бага хүүгийн хадам нь харвалт өгчихсөн тэрэнд чонын тархи сайн гэсэн гээд чонын тархийг нь уулгаад нүдийг нь болохоор манай бэр хараа муутай, нүд нь сайн юм гээд нүдийг нь бэр охиндоо уулгасан. Би өөрөө мах шөлийг нь, уушгийг нь би өөрөө уушгины өвчтэй болохоор уусан ингэж мах шөлийг нь ашигласан.

Чоно агнахад Засаг даргаас зөвшөөрөл авдаг талаар мэдэхгүй. Энэ чоныг хэзээ гарч ирж мал малчдын малыг барих вэ гэж бид нар харахгүй шүү дээ. Жилийн 4 улиралд малчдын малыг барьж байдаг амьтан. Тийм учраас малд халдсан үед нь чоныг одоо малыг барих гэж байна гээд би тэр сум, аймаг, засаг дарга руу давхиж ирж зөвшөөрөл авъя, энийг авъя гэсэн тийм байхгүй шүү дээ. Би энэ буугаа байнга ашигладаггүй, гэртээ хадгалагдаад байж байдаг гэв.

3.2. Хариуцагч, эрх бүхий албан тушаалтан шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О би,  Цагаанхүү овогтой Баярхүүгийн зөвшөөрөлгүй амьтан /саарал чоно/ агнасан зөрчлийн шинжтэй үйлдэлд үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь /зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтыг үндэслэн торгууль, нөхөн төлбөр оногдуулж, зөвшөөрөлгүй амьтан  агнах зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл болох 1 ширхэг Дорбинк марк бууг хурааж шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн  4-т /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно/ гэж хуульчилсан.

Эрх бүхий албан тушаалтны хувьд миний явуулсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болоод  шийтгэл оногдуулсан шийдвэр нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулиудын хүрээнд хийгдсэн болно. Иймээс иргэн Б гийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дорбинк бууг анх Цагдаагаас хурааж аваад манайх руу шилжүүлсэн. Тэр хүрээнд би зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдэхэд ашигласан дорбинк маркийн бууг мөн хурааж авсны дагуу шийтгэл ноогдуулсан. Галт зэвсгийн тухай хуулиараа цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Бид нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хүрээнд тухайн иргэний ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн байдлаар өөрийнх нь эзэмшлийнх мөн үү, биш бол хэний эзэмшлийнх вэ гэдгийг тогтоосон.

Зөрчлийн тухай хууль дээр хариуцлага ноогдуулах санкц нь 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг дээр зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураана гэж заасан зохицуулалттай. Б гуайн хэлээд байгаагаар ааваас нь дамжиж ирсэн гэдгийг харгалзаж ямар нэгэн байдлаар хэргийн явцад харж үзнэ гэсэн зохицуулалт байхгүй байх. Тэгэхээр хуулийнхаа хүрээнд л шийдвэрлэсэн гэж  хэлэх байна.

Агнасан үйлдлийн тухайд 1 дүгээрт санаа зорилго бол тодорхой явсан. 2 дугаарт галт зэвсэг ашиглаад тэр амьтанд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлсэн. Тэгээд хажуугаас нь хүмүүс орж ирсэн гэж агнасан гэж,  нэг ёсондоо гүйцээж алсан гэж мэдүүлэг өгсөн боловч тэр нь яг тогтоогдоогүй. Тэр амьтныг өөрөө аваад гэртээ авчраад ашигласан байгаа юм. Мэдүүлгээр нь ийм нөхцөл байдал тогтоогдсон гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Онь, тус аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж зөрчлийн шинжтэй үйлдлийг нь шалгуулахаар ирүүлсэн материалд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээн, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0048703 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар зөрчлийн холбогдогч Бд зөвшөөрөлгүй амьтан агнасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хохирол нөхөн төлбөрт 1,130,000 төгрөг гаргуулахаар, 6.В заалтаар зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг болох 1 ширхэг Дробинк маркийн буу, зөрчилтэй бүтээгдэхүүн болох ангийн гаралтай түүхий эд буюу чонын мах /1 ширхэг хаа/, арьсыг тус тус хураан авах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

5. Гомдол гаргагч Б нь, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийн “Дробинк маркийн бууг хураасан” хэсгийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлынхоо үндэслэлийг “...энэ буу ааваас минь үе дамжиж ирсэн, жил болгон татвар хураамжийг нь төлөөд явдаг, бичиг баримтын зөрчилгүй, би торгууль болон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, өвлөгдөн ирсэн эд хөрөнгө учир буугаа хураалгамааргүй байна” гэж,

 

6. Хариуцагч, албан тушаалтнаас дээр дурдсан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ “... зөрчилд хариуцлага ноогдуулах санкц дээр зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураана гэж заасан зохицуулалттай. Эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл эдгээр зүйлийг ойлгоно гээд хуульчилсан, энэ хүрээнд дорбинк маркийн бууг хураан авсан, … Галт зэвсгийн тухай хуулийн дагуу Цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хүрээнд тухайн иргэний ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн байдлаар өөрийнх нь эзэмшлийнх мөн үү, биш бол хэний эзэмшлийнх вэ, тэрэнтэй холбогдуулаад түүний үнийг гаргуулах юм уу, эсвэл тээврийн хэрэгслийг хуураан авах уу гэдгийг шүүхээр шийдүүлж явдаг. Б гуайн хэлээд байгаагаар ааваас нь дамжиж ирсэн гэдгийг бол харгалзаж ямар нэгэн байдлаар авч үзнэ гэсэн тийм зохицуулалт байхгүй, хуулийн хүрээнд л шийдвэрлэсэн” гэх агуулгаар  тайлбарлан маргаж байна.

 

7. Дээрх маргаан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байх бөгөөд тухайн маргаанд хамаарах Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.37-д зааснаар хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн харьяалан шалган шийдвэрлэх зөрчил мөн байна.

 

8. Иргэн Б нь 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг (Зүүнбаян)-ийн нутаг “...” гэх газраас нэр бүхий иргэний хамт 1 тооны саарал чоныг агнасан, ингэхдээ өөрийн өмчлөлийн Хаожи маркийн мотоцикль, Дробинк маркийн бууг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан 2419000121 дугаартай “Зөрчлийн хэрэг”-ийн материал дахь холбогдох нотлох баримтууд болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба тэрээр тухайн зөрчлийг үйлдсэн эсэх талаар болон түүнд оногдуулсан торгох шийтгэл, хохирол нөхөн төлбөр төлөх, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах болон зөрчилтэй бүтээгдэхүүн болох чонын арьс, мах зэргийг хураасан шийдвэрүүдтэй маргаагүй, зөвхөн зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг болох Дробинк маркийн бууг хураасан шийдвэрт маргаж байгаа болно.

9. Зөрчлийн тухай тухай хуулийн тусгай ангийн “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил” гэсэн долдугаар бүлгийн “Амьтны тухай хууль зөрчих” гэсэн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “… зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, … торгоно” хэмээн заажээ.

9.1. Мөн тус хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “… зөрчил үйлдсэн хүн, … /-д/ оногдуулах …, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гээд “Албадлагын арга хэмжээ” гэсэн дөрөвдүгээр бүлгийн “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах” гэсэн 4.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана”, 4-т “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан  зэвсэг, хэрэгсэл, эд зүйл,  … -ийг ойлгоно” хэмээн тус тус заасан байна.

10. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл гомдол гаргагч Бгийн 1 тооны чоно агнахдаа ашигласан зэвсэг болох Дробинк маркийн буу нь тухайн зөрчлийг үйлдэхэд ашигласан эд зүйлд хамаарч байх бөгөөд гомдол гаргагчаас энэхүү эд зүйлийг хураасан шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлээ “зохих бичиг баримт нь бүрэн, татвар хураамжийг нь төлсөн ямар нэгэн зөрчилгүй, өв уламжлагдсан ирсэн эд зүйлс” хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь тухайн эд зүйлийг хураасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болохгүй байна гэж үзэв.

10.1. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 3-т “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй” гэж зааснаар тухайн хураалгасан эд зүйлс зөрчил үйлдэгчийн зөвхөн амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл бол хураахгүй байх хуулийн хязгаарлалттай.

10.2. Гомдол гаргагч Бгийн зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг болох Дробинк маркийн буу нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ан агнах зориулалттай, гол төмрийн №С50330, замагны №С50330, үрлэн сумтай гэх мэдээллийг агуулсан, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон 062008 дугаарын гэрчилгээтэй  байгаагаас үзэхэд тэрээр Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “… иргэн, … галт зэвсгээ бүртгүүлж, … галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар тухайн бууны хууль ёсны өмчлөгч мөн байна.

 

10.3. Улмаар эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн холбогдогчийн амьжиргааны түвшингийн талаар цуглуулсан мэдээлэл болох Сайншанд сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024.02.26-ны №01/57 тоотод “ …Б нь … 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ-102, адуу-218, үхэр-13, нийт 333 толгой мал тоолуулсан нь үнэн” гэж тодорхойлсон, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого”-ын Маягт МТ1-д “Өрхийн тэргүүлэгч Б нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт 333 толгой мал бэлэн тоологдсон” гэж тэмдэглэгдсэн, улмаар гомдол гаргагч нь шүүх хуралдааны явцад “тухайн бууг ямар зорилгоор ашигладаг вэ” гэх асуултад  “…гэртээ хадгалаад л байж байдаг” хэмээн хариулсан зэргээс тус тус дүгнэхэд маргаан бүхий Дробинк маркийн буу нь түүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл гэж үзэх боломжгүй байна.

 

11. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч нь, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/-д зааснаар Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүнд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах эрхийнхээ хүрээнд  иргэн Бгийн зөвшөөрөлгүй амьтан агнах зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг болох Дробинк маркийн 1 ширхэг бууг хураан авах албадлагын арга хэмжээ авсан нь холбогдох хуулийн заалтад нийцсэн бөгөөд гомдол гаргагчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12. Иймд гомдол гаргагч Бгийн, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0048703 дугаартай шийтгэлийн хуудасны 6.В заалтын холбогдох хэсгийг буюу Дробинк маркийн бууг хураасан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

13. Эрх бүхий албан тушаалтан нь, гомдол гаргагч Бгээс хураан авсан Дробинк маркийн бууг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т “…гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол … (эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сумыг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ:)” гэж заасны дагуу аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн, улмаар тус Цагдаагийн газраас “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”-д заасны дагуу шинжилгээ хийлгэж, холбогдох дүгнэлт гаргуулахаар Цагдаагийн төв байгууллагад шилжүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримт болох Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024.03.01-ний 69 тоот, аймгийн Цагдаагийн газрын 2024.04.17-ны 38/1258 тоот албан бичиг (хх-ийн 73, 100, 101 дэх тал)-үүдээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан иргэн Б гийн гаргасан, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0048703 дугаартай шийтгэлийн хуудасны 6.В заалтын холбогдох хэсгийг буюу Дробинк буу хураасан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагч Б гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113. 2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СИЙЛЭГМАА