Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00012

 

 

 

 

 

Ж.А нэхэмжлэлтэй

А.О холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2020/00532 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлтэй

Хариуцагч А.О холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч А.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 09 сард А.Оай танилцсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, батлуулсан. Бидний амьдрах хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр  О.Р төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.О би Ж.Атэй 2017 онд гэр бүл болж, 9 дүгээр сарын 01-нд гэрлэлтээ батлуулсан. Ингээд Ж.А нь надтай амьдарч байхдаа өөр хүнтэй болоод Баянхонгор аймаг руу намайг хаяад явсан. Би А эргэж ирэх байх гээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хүлээсэн боловч ирээгүй. Би мал дээрээ гэртээ ганцаараа маш их хүлээж байна. Би хүүгээ өнчрүүлж хойд эцгийн царай харуулмааргүй байна. Иймд миний гэр бүлийг хамт байлгах талаас нь авч хэлэлцэж өгнө үү. Мөн миний хүү  О.Рийг маань надтай хамт үлдээж өгнө үү. Одоогийн байдлаар ээж А нь өөрийн гэсэн орон гэргүй, ажил төрөлгүй, гадуур болж бүтэхгүй хүмүүстэй нийлдэг. Миний хүүг аваад явах чадваргүй тул хүү  О.Рийг миний асрамжид үлдээж өгнө үү. Би маш их сэтгэл санаагаар унаж байна. Миний хүүг л миний хайр халамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Ж.А,  А.О нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2017 оны 03 сарын 12-ны өдөр төрсөн хүү  О.Р эх Ж.А асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү  О.Рийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоон, эцэг А.Оаар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Оаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ат олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Оаас 32.529 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багт оршин суух  А.О миний бие тус сумын 1 дүгээр багийн харьяат  Ж.Атэй гэр бүл болж 2017 оны 9 дүгээр сарын 01-нд гэрлэлтээ батлуулсан юм. Гэтэл Ж.А нь 2018 онд сална, өөр хүнтэй сууна гээд явсан, өөр хүнтэй суусан байна лээ.

Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 23-нд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилж, шүүх надаас хүүхдийн тэтгэмжийг гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Би уг нь хамгийн сайн сайхан амьдаръя гэж бодож санаж, үр хүүхэддээ дассан тул хүн болгож авъя гэж хэлсэн боловч бидний гэрлэлтийг цуцалсан тул би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл надад байгаа.

1. Хүү  О.Р нь 2017 оны 3 дугаар сарын 12-нд өөрийнх нь аавынд нь байхад төрсөн, гэртээ гарсан хүүхэд. Би болж бүтнэ гээд ээжээрээ овоглосон байхад нь өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь дахин өөрчлүүлж авсан. Мөн гэрлэлтээ батлуулсан. Өөр хүний хүүхэд гэдгийг нь мэдэж байгаа. Өөр хүнтэй үерхэж байсныг нь нутгийн хүмүүс ярьдаг байсан. Энэ бүхэн сумын бүртгэлд байгаа ээжээрээ овогтой хүүхэд байсан. Би болж бүтнэ гэж явснаас биш хүн цаашаа явж муу санаа гаргана гэж бодож байсангүй буцаад ирэх байх гэж бодож байсан.

2. Нэгэнт байдал ийм болсон болохоор би эцэг нь мөн бишийг нь шинжилгээгээр тогтоолгох хүсэлтэй байна.

3. Ж.А гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Намайг дуугүй хэлснийг нь хүлээн зөвшөөрдөг, юм хэлэхгүй болохоор тэтгэмж тогтоолгоод болно гэж бодож байх шиг байна. Шүүх ч ийм шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүх үнэн зөвийг ялгаж шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.О холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү  О.Рид асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү  О.Рийг эх Ж.А асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоон эцэг А.Оаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

             Нэхэмжлэгч Ж.А нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч А.О холбогдуулан иргэний хэрэг үүсгэхдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг өөрийн санаачлагаар нэмж, нэхэмжлэгчийн шаардаагүй асуудлаар иргэний хэрэг үүсгэснийг буруу гэж үзнэ.

            Харин гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлээгүй нь хариуцагчийг хүүхдийн тэтгэлэгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардлагаа нэмэгдүүлэх эсвэл гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй болно.

            Мөн нэхэмжлэгч Ж.А бичсэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.О 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гардуулж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээлгэхдээ 10 хоногийн хугацаа тогтоож, хариуцагчийн хүсэл зоригоо илэрхийлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаас богиносгосон хугацаа тогтоож хууль зөрчжээ.

            Өөрөөр хэлбэл шүүх иргэний хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үүсгэж мөн өдрөө хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан тохиолдолд хариуцагчид хариу тайлбар гаргах хугацааг 14 хоногоос доошгүй хугацаагаар тогтоох байтал 10 хоногоор тогтоон өгч байгааг хариуцагчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

            Анхан шатны шүүх хүү  О.Рийн төрсний гэрчилгээг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байх хэдий ч 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрснийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдлыг тодруулалгүйгээр шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон мөн шүүхэд буцааж харин хариуцагч А.Оын “... хүү  О.Рийг өөрийн хүүхэд болохыг хүлээн зөвшөөрөхгүй, эцэг нь мөн бишийг нь шинжилгээгээр тогтоолгох, нэхэмжлэл үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа...” талаар бичсэн гомдолд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Хариуцагч А.Оын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2020/00532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч А.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.