Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/920

 

 

 

 

 

 

2020           7              16                                          2020/ДШМ/920

 

Б.Н д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч Э.Э,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/338 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Батнасан, А.Буяндэлгэр, хохирогч Э.Э нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлээр Б.Нд холбогдох эрүүгийн 1908025041571 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овогт Бийн Н, Хэнтийн аймгийн Хэрлэн суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, /РД: /;

            Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-14 тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг “машины бичиг баримт өг” гэж уурлан хоолойг нь боон газар унагаж, үснээс нь зулгаан чирж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун өвдөг, хоёр бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-14 тоотод буюу өөрийн гэртээ охин Н.Аг ямар нэг шалтгаангүйгээр өргөж байгаад газарт шидэж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүний биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

          2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн 4 дүгээр гудамжны 14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг “намайг хорилоо, миний эрхэнд халдлаа” гэх шалтгаанаар цээж рүү нь хоёр удаа гараараа түлхэж, газар унагааж, цээж рүү нь өшиглөсөн,

          2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 21 дүгээр гудамжны 345 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг “... манай найзад ор засч өг ...” гэж хүч хэрэглэн гарынх нь бугуйнаас татаж босгон эрхэнд нь халдаж, гэрээс хөөж гарган, хаалгыг нь дотроос түгжиж догшин авирласан,

          2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 2 дугаар гудамжны 74 тоотод согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Этай маргалдаж, улмаар түүн рүү сандал шидэж, жааз, сандал хагалсан, үүдний амбаарын хаалгыг салгаж шидсэн, хашаанд байсан 20-39 УНЧ дугаартай Тоёота маркийн машины салхины шилийг галын хайчаар хагалсан,

          2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Усан болор” авто угаалгын төвийн хажууд байх нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүү Н.Аыг “ядарч байхад унтуулсангүй” гэсэн шалтгаанаар утасны цэнэглэгчээр нуруу руу нь 2-3 удаа ороолгосон,

          2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүү Н.Аыг “түлээний хайрцаг руу шээлээ” гэсэн шалтгаанаар өмдний тэлээгээр ороолгон зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Нд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх хэргийг “харгис хэрцгий харьцан, догшин авирлан” үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Б.Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо: “...гэр бүлийнхээ амьжиргааг ганцаараа залгуулдаг бөгөөд 2-7 насны хоёр хүүхэдтэй, эхнэр ажилгүй тул хорих ял биечлэн эдлэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдолдоо: “... Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүлдээ “... шүүх хэргийг шийдвэрлэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нэг зүйл, хэсэгт заасан хэргүүдийг хүнд зүйл, хэсэгт нь нэгтгэн зүйлчилж, ял оногдуулах байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Энэ нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчмыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хохирогч Э.Эд хүчирхийлэл үйлдсэн нотлох баримт нь Э.Эгийн мэдүүлэг болон Эгийн ээж Сүнжидмаагийн мэдүүлгээр нотлогдож байна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч Э.Э 2019 оны 1 дүгээр сард Б.Нд зодуулаад эгэм хугарч рентген зураг авхуулсан гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, энэ талаар шалгасан боловч дээрх үйл баримт тогтоогдоогүй. ... Анхан шатны шүүхийн дүгнэсэн Б.Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдэх гэснийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгохоор байна. Хуваарьт болон  дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх зэрэг эдийн засгийн хараат байдалд оруулах зэрэг байдаг бол ийм үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна. ... хүү Н.Аыг гар утасны цэнэглэгчээр нуруу руу нь ороолгож зодсон гэх үйлдлийг хохирогч Э.Э болон түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн нотлох баримт байхгүй байхад өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг буюу байнга зодсон үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан баримтаар Б.Н нь бага насны хүүхдээ байнга зодох болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдохгүй байна. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн ...,” мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр ба түүнээс олон хүнийг”, 2.7 дахь заалтад “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэсэн заалт давхар байхад нэг зүйл заалтаар биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл, заалтыг давхардуулан хэрэглэж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 633 тоот тогтоолоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж зодох, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдоно гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээс гэр бүлийн хүчирхийллийн давтамж, тоогоороо ялгагдана. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь байнга буюу 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай үйлдэгдсэн байхыг шаарддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Э.Э давж заалдах гомдолдоо: “... нөхрийгөө гэмт хэрэгтэн болгоно гэж бодолгүйгээр буруу алхам хийж байсан байна. Болсон явдлыг үнэн байдлаар хэлэх ёстой байсан бөгөөд миний бие хэт шаралхуу зангаасаа болж зарим нэг зүйлийг хэтрүүлж мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Өөрөөр хэлбэл, нөхөр Б.Нг хүүгээ утасны цэнэглэгчээр ороолгосон болон охиноо өргөж шидсэн гэж худал мэдүүлсэн. Анхан шатны шүүхэд энэ талаар хэлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...өөрийн тэнэг үйлдлээс болж гэр бүл, үр хүүхэд, эхнэрээ тэжээх гэж хөдөлмөрлөж явсан хань ижлээ шорон гэж газарт оруулчихна гэж бодсонгүй. ...Нөхөр маань 8 жил ар гэрээ тэжээж явсан. Би ажил хийдэггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ хараад гэрт суудаг. Би нөхрөө ажлаасаа ирэхэд хардаж, хэрүүл маргаан үүсгэдэг байсан бөгөөд нөхрөө дийлэх гэсэн санаанаас болж цагдаагийн байгууллагад дуудлага өгчихдөг байсан. Миний нөхөр надад гар хүрдэггүй, хүүхдүүддээ хэрцгий ханддаггүй. Бидний амьдрал үнэхээр хүнд байгаа бөгөөд хүүхдүүд маань аавыгаа санаж уйлаад надаас нэхдэг. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би энэ талаараа өмгөөлөгчид хэлсэн боловч “хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир дахин эхнээс нь мэдүүлэг өгч болохгүй, анх өгсөн мэдүүлгээр шалгана” гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд ар гэрийн байдлаа танилцуулж байхад шүүх ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний нөхөр Б.Нг гэм буруугүйд тооцож, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор М.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар ял оногдуулсан. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь нэг гэмт хэрэгт ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар ял оногдуулсан нь үндэслэлгүй, хүнд зүйлд багтааж ялыг оногдуулах ёстой гэж үзэж байна. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын хувьд, энэ хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч хохирогч Аын хууль ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын төвөөс хүн оролцуулсан. Гэтэл Ад 2 удаа халдсан байдаг. “Аын биед гэмтлийн зэрэг гараагүй боловч гэмтэл үүссэн байна” гэсэн 5 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Мөн тухайн өдөр охин Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байдаг. Цагдаагийн байгууллагын лавлагаагаар нийт 12 удаагийн дуудлага өгсөн гэж байгаа боловч тогтоогдсон үйлдэл нь яллах дүгнэлтэд тусгагдсан. Энэ нь зөвхөн хохирогч, холбогдогчийнх биш охин А “аав намайг авч шидсэн” гэж, дүү А нь зодсон гэж мэдүүлдэг. Гар утасны цэнэглэгчээр хүү Аыг ороолгосон гэх асуудал нь хохирогчийн эх Сүнжидмаа, эгч нарынх нь мэдүүлгээр мөн тогтоогдсон. Энэ хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирогчтой уулзахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байхад шүүхийн шатанд буюу 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь зам дээр бууж, гэрт нь очиж зодоод “амь авраарай” гэж орилоход нь гадна байсан хохирогчийн эгч Ганчимэг, Ган-Эрдэнэ нар гүйж орсон байдаг. Тухайн үед халдлага үйлдээгүй боловч гэрийнхээ эд зүйлийг хагалж гэмтээсэн, автомашиныхаа цонхыг хагалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өмгөөлөгч С.Батнасангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдаанд маргаж байсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-14 тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг “машины бичиг баримт өг” гэж уурлан хоолойг нь боон газар унагаж, үснээс нь зулгаан чирж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун өвдөг, хоёр бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-14 тоотод буюу өөрийн гэртээ охин Н.Аг ямар нэг шалтгаангүйгээр өргөж байгаад газарт шидэж, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүний биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

          2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн 4 дүгээр гудамжны 14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Эг “намайг хорилоо, миний эрхэнд халдлаа” гэх шалтгаанаар цээж рүү нь хоёр удаа гараараа түлхэж, газар унагааж, цээж рүү нь өшиглөж зодсон,

          2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 2 дугаар гудамжны 74 тоотод, согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Э.Этай маргалдаж, улмаар түүн рүү сандал шидэж, жааз, сандал хагалсан, үүдний амбаарын хаалгыг салгаж шидсэн, хашаанд байсан 20-39 УНЧ дугаартай Тоёота маркийн машины салхины шилийг галын хайчаар хагалсан,

          2018 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Усан болор” авто угаалгын төвийн хажууд байх нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүү Н.Аыг “ядарч байхад унтуулсангүй” гэсэн шалтгаанаар утасны цэнэглэгчээр нуруу руу нь 2-3 удаа ороолгож зодсон,

          2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 3-14 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүү Н.Аыг “түлээний хайрцаг руу шээлээ” гэсэн шалтгаанаар өмдний тэлээгээр ороолгон зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,  хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          хохирогч Э.Эгийн “... 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гэрийн үүдэнд ирээд машины бичиг баримт надаас нэхэж, надад байхгүй учраас би “байхгүй” гэж хэлсэн чинь машинаасаа бууж ирээд миний толгой руу гараараа цохиж, машины хаалга налуулж байгаад миний хоолойг боосон. Би Нг түлхэж зугтаасан. Араас гүйж ирээд газар унагааж үснээс зулгааж чирсэн. ... мөн өдөр намайг зодчихоод Аг хөл гарнаас нь өргөж байгаад шидчихсэн.” /1хх 52/, ...2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “намайг хорилоо, миний эрхэнд халдлаа” гээд цээж рүү хоёр гараараа түлхэж газар унагаагаад, миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би цагдаа дуудна гэсэн чинь гараад явсан. ...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ... би мөнгө байхгүй гэхэд “тэгвэл манай найзад ор засч өг”

гээд Б.Н миний баруун бугуйнаас нэг гараараа татаж босгож ирэхээр нь би “танихгүй архи уусан хүн гэрт авчирлаа, үр хүүхдээ айлгаж ичээгээд, би орыг нь засч өгөхгүй” гэсэн чинь намайг зайл гээд гэрээс хөөж гаргаад хаалгаа дотроос нь түгжсэн. ... 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Б.Н өөрийн төрсөн хүү Н.Аыг өмдний тэлээгээр ороолгосон байсан. Н.Аыг өмдний тэлээгээр ороолгосон талаар охин А надад хэлсэн. ...2018 оны 7 дугаар сард бага хүү Н.Аыг тоглоод гүйсэн чинь Н “би ядарч байна, наад хүүхдээ дуугүй байлгаач, би унтмаар байна” гээд босч ирээд утасны цагаан өнгийн цэнэглэгчээр нуруу хэсэг рүү нь 2-3 удаа ороолгохоор нь би хүүхдээ авч гараад эгч Ганчимэгийнд очсон. Гар утасны цэнэглэгчээр ороолгох үед манай хүү 1 ой 1 сар гарантай байсан. Н.Аын нуруу тэр чигтээ нарийн урт зураас болчихсон байсан. /1хх 188-189/,  ...2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ... гэрээсээ гарах гэтэл Н өөдөөс намайг ална гээд ороод ирсэн. Би “амь авраарай” гэж орилтол гаднаас хоёр эгч орж ирээд Нг холдуулсан. Н над руу гэрт байсан хуванцар сандал авч шидсэн чинь миний хажуу талаар өнгөрөөд хажууд байсан жаазыг онож хагалаад, сандал бас хагарсан. Зуухан дотор байсан галын хайч аваад машины урд талын салхины шилийг хагалсан, үүдний амбаарын төмөр хаалгыг салгаад шидчихсэн байсан. ...” /2хх 1-2/,

 

          бага насны буюу 6 настай хохирогч Н.Агийн “... гадаа хашаанд аав ээжийг үсдэж чирээд, ээж рүү сандал шидээд байсан. Намайг газар сууж байхад аав өргөөд газар шидсэн. Аав миний нуруу руу гараараа цохиод, бас дүү бид хоёрыг утасны цэнэглэгчээр хөл рүү цохисон. Дүүг тоглоод сууж байсан чинь аав уурлаад минийг дүүг өмднийхөө уяагаар боожгойных нь дээр цохисон. Ээж цагдаа руу залгаарай гээд гэрээсээ орилоод гарч ирэхэд аав ээжийн үснээс нь чирээд оруулсан. ...” /1хх 56/,

 

          гэрч Б.Ган-Өлзийгийн “... 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай хашааны үүдэнд эмэгтэй хүн орилж чарлах, хүүхэд уйлах чимээ сонсогдохоор нь би гэрээсээ гараад харсан чинь 4-5 насны жаахан эмэгтэй хүүхэд гартаа нэг юм барьсан уйлаад зогсож байсан. Тэгсэн цаана нь ээж нь гэмээр эмэгтэй уйлчихсан байдалтай байсан. Тэгээд би гэр рүүгээ орох гэсэн чинь нөгөө эмэгтэй “та утсаараа цагдаа дуудаад өгөөч” гэсэн. ...гудамжны цаанаас нэг залуу ирээд нөгөө эмэгтэйн хувцаснаас чирээд машиндаа суулгаад аваад явсан. ...” /1хх 75/,

 

          гэрч Ж.Сүнжидмаагийн “... 2018 оны зун хүүгээ ой гарантай байхад нь утасны цэнэглэгчээр ороолгоод хүүгийн бие хөх няц болчихсоныг Э.Э надад харуулж байсан. ...манай охин Ганчимэг над руу залгаад “ээжээ Аыг арай дэндүү зодож байна. Хүүхдээ ингэж зоддог хүн байдаг юм байхдаа, би хараад өрөвдөөд уйлаад сууж байна” гэж надад хэлсэн. Юу болсон талаар асуусан чинь Н гэртээ ирээд унтаж байтал хүүхэд нь уйлсан гэсэн. Тэгтэл Б.Н босч ирээд “чи намайг амраасангүй, уйлж бахирлаа, чи энэ хүүхдээ ав” гээд загинаад байсан гэсэн. Хүүхдээ авсангүй гээд гар утасны цэнэглэгчээр хүүхдээ ороолгосон гэж надад хэлсэн. А нь тухайн үед нэг ой гарантай байсан. Би гар утсан дээр авсан зургийг нь харсан. Тухайн үед Аын давсагных нь дээд талд хөндлөн гөвдрүүдчихсэн байсан. Мөн нурууны ахар сүүлний дээд талд гөвдрүүдчихсэн байсан. ” /1хх 191/,

 

          гэрч Б.Ганчимэгийн “...Н согтуу гэр рүүгээ орж байсан. Э.Э “амь авраарай” гэж хашгирахаар нь Ган-Эрдэнэ бид хоёр гэр рүү ортол Э гэрийн зүүн хойд талд, Н урд талд хашгираад зогсож байсан. Н Эг зодох гээд дайрахаар нь Ган-Эрдэнэ бид хоёр Нг ойртуулаагүй. Н газарт байсан хуванцар сандал аваад шидсэн чинь Эг оноогүй, жааз оноод хагалсан. Н Эд ойртож чадахгүй болохоор нь зуухан доор байсан галын хайч аваад гарсан. Гадаа түс тас гээд байсан. Н буцаж орж ирээд дайрахаар нь Ган-Эрдэнэ эгч бид хоёр Нг холдуулсан. Эг аваад гэрээс гартал гадаа байсан машины салхины шил хагараад, үүдний амбаарны хаалга салаад уначихсан байсан. Н гэрт байсан сандал болон жааз, мөн амбаарын хаалга, машины салхины шил зэргийг эвдсэн байсан. ...” /2хх 4/,

 

          гэрч Б.Ган-Эрдэнийн “... Э орилоод байсан. Ганчимэг бид хоёр араас нь орсон чинь Э гэрийн хойно байсан. Тэр хоёр маргалдаад байсан. Н агсраад гараараа далайгаад байсан. Н сандал, ширээ шидээд тэр сандал нь зурагтны дээр байсан жижиг жаазтай зургийг хагалаад, шидсэн сандал нь бас хагарсан. Н гараад амбаарны хаалгаа эвдээд байх шиг байсан. Гадаа байсан машины цонхыг хагалсан. ...” /2хх 6/,

 

          шүүгдэгч Б.Нн яллагдагчаар өгсөн “... би “бага хүү Аыг ээжийн гэрээс аваад ирье” гээд хэлсэн чинь эхнэр Э надад “чи үнэмлэхгүй машинаар хаашаа зайлдаг юм” гэж хэлсэн. Би эхнэрээ “үнэмлэх аваад ир” гээд өмсөж байсан куртикны халааснаас нь үнэмлэхээ авах гээд гараа хийсэн чинь байхгүй байсан. Тэгсэн Э өөдөөс орилж чарлаад газар шороон дээр сууж бархираад намайг самардах гээд дайраад байсан. Тэгэхээр нь би цээжин биенээс нь тэврээд гэр рүү өргөж оруулах гэсэн боловч орохгүй газар ойчоод байсан. Тэгээд Э хоёр гараараа алдлаад орохгүй байсан. Тэгэхээр нь би Эгийн араас хүчтэй татсан чинь миний гар мултраад ард зогсож байсан охин Агийн цээжин хэсгийг цохисон. Манай охин газар бөгсөөрөө арагш унасан. Тэгсэн эхнэр цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед Эг зодсон асуудал байхгүй. Би түүнд гэмтэл учруулаагүй. Э өөрөө газар ойчоод байсан. ...2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Эгийн толгойн тус газарт цохиогүй. Би том охин Ад нэг ч удаа гар хүрээгүй, хөл гарнаас нь өргөж байгаад шидсэн асуудал байхгүй. 2019 оны 3 дугаар сард эхнэр, хүүхэдтэйгээ хамт гэртээ байж байхад бага хүү А гэрийн аргалын авдар руу шээхээр нь би гарт байсан бэлтгэлийн өмдөөр бөгсөн бие рүү нь ороолгосон. Өмдний уяаны үзүүрт байдаг хатуу хэсэг нь Аын давсагны дээд талд цохигдоод улайчихсан. Хүү Аыг уйлахаар нь би очоод хартал давсагны дээд талд нь улайсан байсан. ... би найзаасаа санаа зовоод “хоночихоод яв, наанаа ор засаад унт” гэж хэлсэн чинь Э наадхаа явуулахгүй бол би явна гэж уурлаад байсан. Би тэрийг нь тоохгүй унтаж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Би гэрээсээ хөөж гаргаагүй. ...2018 оны 7 дугаар сард хүү Аыг гар утасны цэнэглэгчээр ороолгосон асуудал байхгүй. ... Э зурагтын антеныг салгаад явах гэж байгаа бололтой байхаар нь зурагтаа зарах гэж байна гэж бодоод чи наад зурагтын антен яах гэж байгаа юм бэ гэж хэлтэл Э намайг аллаа гэж орилсон. Гаднаас хоёр эгч нь орж ирээд намайг доромжлоод байхаар нь би доороо байсан хуванцар сандлыг аваад зурагт руу шидсэн чинь зурагт оноогүй. Жааз оносон. Э миний араас галын хайч чулуудахаар нь би галын хайч аваад уурандаа үүдний амбаар цоожтой байхаар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь амбаарын хаалга салаад уначихсан. Гараад Тоёота криста маркийн автомашины шилийг хагалчихаад яваад өгсөн. ...” /1 хх 129-130, 215, 2хх 37-38/,  

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5452 дугаартай “... Э.Эгийн биед тархи доргилт, ууц нуруу, баруун өвдөг, хоёр бугуйд зулгаралтууд үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх 27/,

          2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5453 дугаартай “...Н.Агийн биед тархи доргилт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтүүд,

 

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Аюулын зэргийн “...хүчирхийлэл байнга үйлдэгддэг байж болох, цаашид зохих хуулийн байгууллагад шалгуулах шаардлагатай” /1хх 13-16/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын “... хүүхдийн дэргэд ээжийг нь зоддог, хүүхдүүдтэйгээ ширүүн харьцдаг, эрсдэлд өртөх нөхцлийг бүрдүүлж байна. ...” /1хх 17-20/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын “... хүчирхийлэл 7 хоног тутамд давтамжтай, охин, хүү хоёр аавтайгаа харьцахаас зайлсхийдэг, ах дүү нарын хамгаалалтад байх ...” /1хх 21-25/ гэсэн үнэлгээнүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Шүүгдэгч Б.Нн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Эд “машины баримт бичиг өг” гэж уурлан хоолойг нь боон газар унаган, үснээс нь зулгаан чирж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, охин Н.Аг ямар нэг шалтгаангүйгээр өргөж байгаад газарт шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хоёр түүнээс олон хүний биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх тохиолдолд тухайн үйлдлийг хэзээ, хаана, ямар хэлбэрээр, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоосон байх шаардлагатай байдаг.

          Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр эхнэр Э.Этай маргалдан хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан, 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр эхнэр Э.Эг, 2018 оны 7 дугаар сар болон 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Н.Аыг зодсон үйлдлүүд тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн давтамжийн хувьд байнга гэсэн шинжийг хангажээ.  

             Харин анхан шатны шүүх Б.Нд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

 

             Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэг, заалтад заасан шинжийг агуулсан бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжүүдээрээ нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх шинжээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах байтал анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3, 2.1 дэх хэсэг тус бүрээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Нгийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр эхнэр Э.Эг, 2018 оны 7 дугаар сард, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Н.Аыг тус тус зодсон, 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр эхнэр Э.Этай маргалдан хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших эрхэд халдсан үйлдлүүд нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг арга, нэг сэдэлт зорилгоор үйлдэгдсэн үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэхээр байх тул шүүгдэгч Б.Нгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авав.

 

          Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Батнасан, А.Буяндэлгэр, хохирогч Э.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

             Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/338 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/338 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

 

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 08 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 08 сарын хугацаагаар хорих ял, ...” гэснийг хүчингүй болгосугай.

             

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Батнасан, А.Буяндэлгэр, хохирогч Э.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ