Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017         10           17                                                    158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч Т.Халиунсор, У.Буяндорж

Шүүгдэгч Г.Ганболд нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрээчин овогт Бүрээчинод холбогдох эрүүгийн 1721000450011 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 23-ны хүлээн авч өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Пионер”-ын 2-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 02 сарын 28-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 1 сарын 09-ний өдөр 8 сар 26 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, /РД-ЖЛ76080217/, Бүрээчин овогт Галсангийн Ганболд,

Шүүгдэгч Г.Ганболд нь цахим хэрэгсэл ашиглаж “гэрийн тавилга хийнэ” гэж зар тавьж 2017 оны 06 сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд хохирогч Т.Халиунсорд “гарнитур, ханын шүүгээ, зурагтын стенк зэрэг эд зүйлс хийж өгнө” гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан итгэл төрүүлэн хуурч мэхэлж 1557600 төгрөгийг залилан мэхэлж авсан,

-мөн 2017 оны 06 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 32 тоотод оршин суух хохирогч У.Буяндоржийн эзэмшлийн 70-39 ДАХ улсын дугаартай “марк-2 90” маркийн тээврийн хэрэгслийг “4 айлын газраар солино” гэж хуурч мэхлэн авч 2 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.Халиунсор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 6 сарын 23-ны өдөр интернетээр “тавилга зарна” гэсэн зарын дагуу “facebook”-ийн чатаар холбогдоод “гэрийн тавилга хийдэг үү” гэж асуухад “тийм ээ, би гэрээр захиалгаа авдаг” гэсэн. Тэгээд 2017 оны 06 сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд намайг гэртээ байхад Ганболд ирээд гэрээ хийгээд урьдчилгаа болох 780000 төгрөг аваад явсан. Дараа нь үйлчилгээний төвийн ард талын хүнсний дэлгүүр дотор нөхрийн хамт явж байгаад тааралдаж 470000 төгрөг өгсөн. Мөн 2017 оны 06 сарын 29-ний өдөр үйлчилгээний ард талын төрийн банкны АТМ-ээс 307600 мянган төгрөгийг аваад өгсөн. Түүнээс хойш утсаа авахгүй чат бичээд ч нэмэргүй болохоор нь би цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн. Одоогоор миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Нийт 1557600 төгрөг нэхэмжилж байна”гэв.

Хохирогч У.Буяндорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 06 сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим “Facebook”-т 90,100,105 кузовтой марк-2 маркийн машин худалдаж авна гэсэн зар тавьсан байхаар нь зарын дор “надад машин байна” гээд коммент бичсэн. Тэгэхэд тэр хүн миний дугаарыг аваад тэр даруй залгаад машиныг чинь үзье гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд 24 дүгээр байрны гадаа байна гэхэд юүдэнтэй цамц өмссөн залуу ирээд асаагуурын гэрэл асааж миний машиныг үзсэн. Тухайн үед миний машин аккумляторгүй байсан болохоор маргааш дахин ирж үзье гээд явсан юм. 2017 оны 06 сарын 07-ны өдрийн  үдээс хойш би гэртээ утсаа орхиод явчихсан байсан. Тэр хооронд Ганболд над руу залгаад манай эхнэрт “машин авах хүн байна” гэж хэлэхээр нь манай эхнэр 7 дугаар байрны гадаа яваад очсон байсан. Ганболд манай эхнэртэй  уулзахад “би хүнээс мөнгө авах гэсэн чинь тэр хүмүүс өрөндөө газар өгнө гээд байна, та хэд газар сонирхож байвал газраар машиныг чинь сольж авъя” гэхээр нь манай эхнэр хамт яваад тэр газарт нь очиход 1 дүгээр баг, “Сүхжин” ХХК-ний байрны зүүн талд блокоор барьсан хашааны баруун талд байх хоосон газрыг зааж үзүүлээд ирэх замдаа аккумлятор аваад асааж үзээд, намайг холбогдоорой гэсэн байсан. Би гэртээ ирээд тэр залуу руу залгахад “надад одоохондоо бэлэн мөнгө алга, газраар сольж авах уу” гэхэд нь би эхнэртэйгээ ярьж байж болно гэсэн. Нөгөөдөр нь бид уулзаад Сүхжин ХХК-ний байрны зүүн талд байх блокоор барьсан хашааны баруун талын хоосон газар дээр очсон. Тэгээд тэр газраар машинаа солих болсон. Тэгэхэд Ганболд надад энэ газар манай эгчийн хүүхдийн нэр дээр байдаг юм, би өмнө нь газрын албанд ажиллаж байхдаа хамаатан садангийнхаа нэр дээр авчихсан байсан юм гээд байхаар нь бид ярилцаад байж байхад Ганболд “газрын гэрчилгээ чинь гарчихна, машиныг чинь авч баймаар байна, би чиний машиныг аваад спорт загвартай болгох гэсэн юм” гэж хэлсэн. Бид дараа нь нотариат орох гэхэд иргэний үнэмлэх байхгүй гэхээр нь гараар баталгаа гаргаж бичүүлээд машинаа өгөөд явуулсан. Түүнээс хойш Ганболдтой уулзаагүй. Утас руу нь залгахад ямар нэгэн шалтгаан хэлээд уулзахгүй байсан. Бид сүүлдээ “Facebook”-т зар тавиад “энэ хүнд залилуулж мэхлүүлсэн хүн байна уу” гэхэд хүмүүс коммент бичиж эхэлсэн. Тэгээд бид цагдаагийн газар хандах болсон” гэв.

Гэрч Д.Чимэдцэрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би Хэрлэн сумын 9-р баг 11-25 тоотод хүү, бэр, ач хүүгийн хамт оршин суудаг юм. 2017 оны 06 сарын 24-ний өдөр намайг гэртээ бэр Халиунсортой хамт байж байхад Ганболд гэх хүн гаднаас орж ирээд гэрийн тавилга хийх захиалга аваад гэрээ байгуулж 780000 төгрөг аваад явсан. Дараа нь гэртээ хүү Цогтсайхантай хамт байж байхад Ганболд гэх хүн дахин орж ирээд өмнө нь хийсэн гэрээгээ өөрчилж өөр гэрээ байгуулаад маргааш тавилга чинь ирнэ, үлдсэн мөнгөө авах хэрэгтэй байна гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш Ганболд гэх хүн манай гэрээр ирээгүй, одоо болтол тавилга хийж өгөхгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Гэрч Г.Болорцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Ганболд өөрөө гарын дүйтэй янз бүрийн юм хийдэг. Өмнө нь хүнд гэрийн тавилга хийж өгч байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч Д.Баясгалан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 сарын 09-ний өдөр намайг гэртээ байхад манай хүргэн Буяндорж над руу яриад “Машинаа газраар солиж байна. Би өөрөө Дорнод аймагт оршин суух хаяггүй учир таны нэр дээр газрыг авах гэсэн юм, та хүрээд ир” гэж хэлэхээр нь би Буяндоржийг гэрийн гаднаас нь очиж аваад Хэрлэн сумын 5-р багийн нутагт байрлах голын хойд талд ногооны талбай дээр ирэхэд манай хүргэн Ганболд гэх залуутай уулзаад “Би аавтайгаа хамт ирлээ, одоо газрыг чинь үзье” гэж хэлээд хамт Хэрлэн сумын 1-р баг Бунханы 50 дугаар байрны зүүн урд талд ирэхэд эзгүй тал газар харуулаад 4 айлын газар байна, энэ болох уу гэхээр нь өөр газар байна уу гэхэд Хэрлэн сумын 1-р баг таван байрны хойд талд эзгүй газар мөн зүүн тийш дахин хоосон газар харуулахаар нь би Ганболдоос “энэ их газар чиний нэр дээр байдаг юм уу” гэж асуухад Ганболд “би өмнө газрын албанд ажиллаж байхдаа өөртөө болон өөрийнхөө ах дүү нарынхаа нэр дээр авсан газар юм” гэж хэлэхээр нь би Буяндоржид хандан “Чи аль газраар нь солимоор байна, өөрөө шийд” гэж хэлсэн. Тэгээд Ганболд надад хандаж “та 1-р багаас оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт аваад өгчих” гэж хэлэхээр нь би багийн төв рүү очиж тодорхойлолтоо аваад иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулж Ганболдод өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 69/

-Хохирогч Т.Халиунсорын мэдүүлэг /хх-ийн 20-21/

-Гэрч А.Цогтсайханы мэдүүлэг /хх-ийн 22/

-Гэрч Ж.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 27/

-Гэрч Б.Оюунсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 68/

-Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 35-36/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 55/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-54/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/

-Хохирогч нарын Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 8, 9/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Г.Ганболд нь цахим хэрэгсэл ашиглаж “гэрийн тавилга хийнэ” гэж зар тавьж 2017 оны 06 сарын 24-ний өдрөөс 29-ний өдрүүдэд хохирогч Т.Халиунсорд “гарнитур, ханын шүүгээ, зурагтын стенк зэрэг эд зүйлс хийж өгнө” гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан итгэл төрүүлэн хуурч мэхэлж 1557600 төгрөгийг залилан авсан, мөн 2017 оны 06 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 32 тоотод оршин суух хохирогч У.Буяндоржийн эзэмшлийн 70-39 ДАХ улсын дугаартай “марк-2 90” маркийн тээврийн хэрэгслийг “4 айлын газраар солино” гэж хуурч мэхлэн авч 2000000 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 06 сарын 24-ний өдөр надтай утсаар холбогдоод гэрийн тавилга захиална гэж хэлэхээр нь би Хэрлэн сумын 9-р баг, 11-р байрны 25 тоотод очиж уулзаад гал тогооны өрөөнийх нь хэмжээг авч шкап 2 ширхэг, гал тогооны гарнитур, стенкний захиалга, загварыг нь аваад өөрийнхөө боловсруулсан гэрээг байгуулж, нэг хувийг Халиунсорд өгч, нөгөө хувийг өөрөө аваад урьдчилгаанд 780000 төгрөгийг бэлнээр авсан. 2 хоногийн дараа Халиунсор руу утсаар залгаад үлдсэн 470000 төгрөг, дараа нь 307600 төгрөгийг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31/, мөн 2017 оны 8 сарын 8-ны өдөр өгсөн: “Би Буяндоржийн эзэмшлийн 70-39 ДАХ улсын дугаартай автомашиныг залилан мэхэлж аваагүй. Анх авахдаа газар өгнө, болохгүй бол 1800000 төгрөг өгнө гэж тохиролцоод автомашиныг нь авсан. Газар өгөх гэсэн боловч бичиг баримт нь бүрдээгүй тулд 1800000 төгрөг өгөхөөр болсон боловч надад мөнгө олдохгүй байсан учир би Буяндоржтой холбоо бариагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 72/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Т.Халиунсорын мөрдөн байцаалтад өгсөн “...70-39 ДАХ дугаартай утсаар холбогдоход гарнитур, ханын шүүгээ, зурагтын стенк зэрэг эд зүйл захиалж хаана хийх талаар асуухад очоод хийнэ гэсэн. 2017 оны 06 сарын 24-ний өдөр Ганболд намайг гэртээ байхад ирээд надтай гэрээ байгуулаад урьдчилгаанд 780000 төгрөг аваад явсан. Дараа нь Ганболдод 470000, ...307600 төгрөгийг тус тус өгсөн. Түүнээс хойш утсаар залгахад утсаа авахгүй, мессеж бичихэд 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 15 цагт гэрт чинь очиж тавилгыг чинь хийж өгье гэсэн боловч ирээгүй. Би “Best buidan”, “Kitchen all” тавилгын үйлдвэрүүдийн захиалгын утсаар холбогдож Ганболд гэх хүний талаар болон Дорнод аймагт салбар байдаг эсэх талаар лавлахад байхгүй танихгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, хохирогч У.Буяндоржийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим Facebook-т 90,100,105 кузовтой марк-2 маркийн машин худалдаж авна гэсэн зар тавьсан байхаар нь зарын дор “надад машин байна” гээд коммент бичсэн. Тэгэхэд тэр хүн миний дугаарыг аваад тэр даруй залгаад машиныг чинь үзье гэсэн. Би тэр хүнд 24 дүгээр байрны гадаа байна гэхэд юүдэнтэй цамц өмссөн залуу ирээд асаагуурын гэрэл асааж миний машиныг үзсэн... Би гэртээ ирээд тэр залуу руу залгахад “надад одоохондоо бэлэн мөнгө алга, газраар сольж авах уу” гэхэд нь би эхнэртэйгээ ярьж байж болно гэсэн. Нөгөөдөр нь бид уулзаад Сүхжин ХХК-ний байрны зүүн талд байх блокоор барьсан хашааны баруун талын хоосон газар дээр очсон. Тэгээд тэр газраар машинаа солих болсон. Тэгэхэд Ганболд надад энэ газар манай эгчийн хүүхдийн нэр дээр байдаг юм, би өмнө нь газрын албанд ажиллаж байхдаа хамаатан садангийнхаа нэр дээр авчихсан байсан юм гэсэн. ...Ганболд “газрын гэрчилгээ чинь гарчихна, машиныг чинь авч баймаар байна, би чиний машиныг аваад спорт загвартай болгох гэсэн юм” гэж хэлсэн. ...нотариат орох гэхэд иргэний үнэмлэх байхгүй гэхээр нь гараар баталгаа гаргаж бичүүлээд машинаа өгөөд явуулсан. Түүнээс хойш Ганболдтой уулзаагүй. Утас руу нь залгахад ямар нэгэн шалтгаан хэлээд уулзахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/, гэрч А.Цогтсайхан, Ж.Оюунгэрэл, Д.Чимэдцэрэн, Б.Оюунсүрэн, Д.Баясгалан нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь хуурч, цахим хэрэгсэл ашиглах зэрэг арга хэрэглэн хохирогч нарын эд хөрөнгө болох мөнгө, тээврийн хэрэгсэл зэрэг эд зүйлийг төөрөгдүүлэх замаар хууль бусаар олж авсан болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Ганболдод холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Г.Ганболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Халиунсор, У.Буяндорж нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ганболд нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /шүүгдэгч урд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ганболдыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Шүүгдэгч Г.Ганболд нь хохирогч Т.Халиунсорд учруулсан гэмт хэргийн шууд хохирол 1557600 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Т.Халиунсорд олгох нь зүйтэй байна. Харин хохирогч У.Буяндорж нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг буцаан авсан байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч У.Буяндорж нь машины хөгжим болон бусад эвдэрсэн эд ангиудын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна. Учир нь энэ талаарх тооцоо хэрэгт байхгүй байгаа тул шүүгдэгчээс үнийг нь гаргуулах боломжгүй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байх тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Пионерын 04-15 тоот хашаанд байрлах хувийн орон сууцны өөрт ногдох хэсгийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Ганболдын ЖЮ89082378 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүрээчин овогт Галсангийн Ганболдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Ганболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Буяндоржид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдоос 1557600 /нэг сая таван зуун тавин долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Мэргэд овгийн Түвшинжаргалын Халиунсорд олгосугай.

Хохирогч У.Буяндорж нь машины хөгжим болон бусад эвдэрсэн эд ангиудын талаархи хор уршгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Ганболдын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Пионерын 04-15 тоот хашаанд байрлах хувийн орон сууцны өөрт ногдох хэсгийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЮ89082378 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

    

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ЭНХБААТАР