Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 20

 

                    У а д Ц Г-ын  

       хүсэлттэй иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаар шийдвэртэй,

У а д Ц Г-ын  хүсэлттэй, М.Б-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У а д Ц Г-ын  эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.М би Согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан үүргийнхээ хүрээнд дараах хүсэлтийг гаргаж байна. Улаангом сумын ... багт оршин суух М овогтой Б нь байнга архидан согтуурч гэр бүлийнхээ амгалан тайван байдал алдагдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь түүний цагдаагийн байгууллагад гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, наркологийн тасгийн их эмч Х.Минжилмаагийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр "Архинд донтох эмгэгийн 2 дугаар үе шаттай байна" гэсэн онош гарсан байна. Иймд иргэн М.Б-ыггэмт хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан дор захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 2013 онд гэр бүл болж, одоо 7 дахь жилдээ амьдарч байна. Би өмнө нь архи хэрэглэн гэр бүлийнхээ амгалан тайван байдал алдагдуулдаг байсан нь үнэн. Сүүлийн үед би архи хэрэглэхгүй байгаа. Архи хүний амьдралд ямар их хор уршигтайг маш сайн ойлгосон. Тиймээс би амьдралаа дээшлүүлэх гэж барилгын компанид туслах ажилтнаар ороод ажиллаж байна. Цаашдаа ч гэсэн би архи хэрэглэхгүй. Манайх бага насны 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр маань цалингийн зээлтэй. Манайх өөрийн гэсэн хашаа байхгүй, айлын хашаанд амьдардаг. Иймд намайг албадан эмчилгээнд явуулахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Булгадар овогт Мултангийн Баттулгыг архины албадан эмчилгээнд хамруулж,

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.Б-ыгалбадан эмчлэх, эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 2013 онд эхнэр Л.Б-тэй гэр бүл болсон, хамт амьдарсан эхний жилүүдэд би архи уудаггүй байсан ба сүүлийн жилүүдэд хааяа архи уудаг болсон, ингэхдээ би байнга архи ууж гэр орондоо агсам тавьж байгаагүй. Хааяа архи уусан үед эхнэр уурласнаас болж маргалдаж байсан, зарим үед эхнэр уурандаа цагдаа дууддаг байсан, нэг удаа эрүүлжүүлэгдэж, Зөрчлийн хуулиар нэг удаа баривчлагдсан, нэг удаа 100,000 төгрөгөөр торгуулсан юм. Эхнэр ажил хийж, би бага насны 3 хүүхдээ харж асардаг, эхнэр байнга хөдөө томилолтоор явдаг ажилтай тул би байнга хүүхдүүдээ асарч, эхнэр ажлаа хийдэг. Би 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс 30 хоногийн баривчилгаа аваад 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Энэ нь 2019 оны 10 дугаар сард гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл юм. Түүнээс хойш би дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр ажил төрөл хийж амьдралынхаа төлөө явж байгаа тул албадан эмчлүүлэхийг зөвшөөрөхгүй байна.

Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны эмч Мягмаржав шүүхэд намайг “байнга архи уудаг, манайд бараг 7 хоног бүр, сардаа 10-20 удаа баривчлагдан ирдэг” гэж худлаа ярьж тайлбарласанд гомдолтой байна. Мөн ийм байдлаар шүүхэд материал бүрдүүлж өгсөн байна. Би  шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн сэтгэц наркологийн эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 4 дүгээр сард намайг баривчилгаанд байх үед эрүүлжүүлэхийн эмч “Та нарын биеийг үнэгүй эмчид үзүүлнэ” гэж хэлээд 4 хүнийг эмнэлэг рүү авч явсан. Эмч олон асуулт асууж байгаад энэ баримт дээр гарын үсэг зур гэж хүчээр зуруулсан. Би юун дээр зурж байгааг ойлгоогүй. Албадан эмчилгээнд хамруулах баримтыг Ч.М бүрдүүлсэн байсан. Намайг “архинд донтох эмгэгийн 2-р үед байна” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, надад уг дүгнэлтийг танилцуулаагүй, иймд дахин дүгнэлт гаргуулахаар буцааж өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч М.Б-ыг У а д Ц Г-ын  хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргасан. М.Б нь 2020 оны 3 дугаар сард Цагдаагийн газарт баривчлагдаж байх үед цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны эмч Ч.М нь “чамайг үнэгүй эмчилгээнд хамруулна” гэж хэлж төөрөгдүүлэн эмнэлэг рүү дагуулан явж, сэтгэц наркологийн эмчийн дүгнэлтийг гаргуулсан юм байна.

М.Б нь сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй гэдгийг цагдаагийн албан хаагч нар мэдсээр байж сэтгэц наркологийн эмчийн дүгнэлтийг танилцуулахгүйгээр, загнаж байгаад гарын үсэг зуруулсан байсан.

Иймд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн сэтгэц наркологийн эмчийн “архинд донтох эмгэгийн 2 дугаар үе шаттай” гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Бичиг үсэг мэддэггүй хүнд эмчийн дүгнэлт гаргах гэж байгаа бол дэргэд нь өмгөөлөгч болон харгалзан дэмжигч /хууль ёсны төлөөлөгч/-ийг байлцуулж дүгнэлт гаргах ёстой байсан.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь М.Б-ыгбайнгын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэсэн тайлбар гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн лавлагаанд М.Б нь жилд 2 удаа эрүүлжүүлэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан. М.Б нь өдөр бүр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх баримт хэрэгт байхгүй. Миний үйлчлүүлэгч М.Б нь сард 2 удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ба хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж, эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг талаар тайлбар гаргаж байсан. Эхнэр Л.Бүрэндүүрэнгийн мэдүүлэгт: “М.Б нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Одоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа” гэсэн мэдүүлэг гаргасан. М.Б нь эхнэрийгээ хөдөө ажлаар явсан хойгуур 0-6 насны 3 хүүхдээ харж өсгөж, аавын үүргээ сайн биелүүлдэг. Одоо ажил хөдөлмөр эрхэлж, 15.000.000 төгрөгийн зээлээр өөрийн гэсэн хашаа авч амьдралаа залгуулж байна. Бичиг үсэг мэдэхгүй хүнийг эмнэлэг дээр аваачиж, эмчийн дүгнэлт гаргуулсан тул уг дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “М.Б-ыгбаривчилгаанд байх хугацаанд нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт аваачиж шинжилгээ хийлгэсэн. Дараа нь бүх шатны эмчээр үзүүлж, биеийн байдлаас хамаарч албадан эмчилгээнд явуулах эсэхийг тасгийн эмч нарын хурлаар шийдсэн. Мөн сэтгэц наркологийн эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. М.Б-ыгхүчээр эмнэлэгт аваачиж дүгнэлтэд гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн сэтгэц наркологийн эмчийн “архинд донтох эмгэгийн 2 дугаар үе шаттай” гэсэн дүгнэлтийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хурлаар оруулж дүгнэлтийг гаргасан.

М.Б нь архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг гэсэн тайлбарыг өмгөөлөгч гаргасан. Зүгээр байсан хүнийг албадан эмчилгээнд явуулахгүй. М.Б нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ба гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэж, эхнэрээ зодож цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь У а д Ц Г-ын  дуудлага мэдээлэл хүлээн авсан лавлагааны баримтад байгаа. М.Баттулгын эхнэр дандаа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж дуудлага өгдөг байсан. Архинаас гаргах албадан эмчилгээ хийлгэснээр энэ хүний цаашдын амьдралд хэрэгтэй болов уу гэсэн үүднээс эмнэлгийн байгууллагад хандсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Увс аймаг дахь Цагдаагийн Газрыг төлөөлж, тус газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч  а/д Ч.М  нь  М.Б-ыгбайнга архидан согтуурч гэр бүлийнхээ амгалан байдал алдагдуулдаг, архинд донтох эмгэгтэй гэх үндэслэлээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхээс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг баримтлан М.Б-ыг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэв.

Увс аймаг дахь Цагдаагийн Газар нь М.Б-ыг архинд донтох эмгэгтэй эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын /3 эмчийн бүрэлдэхүүнтэй/ 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр: М.Б-ыгархинд донтох эмгэг, архины хараат байдлын 2-р үе шатанд байна” гэж дүгнэсэн байх  бөгөөд уг  дүгнэлтийг М.Б, түүний хууль ёсны төлөөлөгч болон гэр бүлийн гишүүнд танилцуулсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-т : Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд М.Бд холбогдох, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  дүгнэлтийг өөрт нь болон  түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүнд танилцуулаагүй нь тэдгээрийн дүгнэлттэй танилцах, гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгүүдэд “...согтуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж болохоор, харин хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд эмчилгээнд хамрагдаагүй тохиолдолд мөн хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд хамруулах  хүсэлтийг шүүхэд гаргахаар тус тус заасан байна.

Дээрхи хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тухайн хүн архинд донтох эмгэгтэй гэх эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад хандах, харин дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл сайн дураараа эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргах эрхтэй атал  нэхэмжлэгч нь М.Бд хуульд заасан энэ эрх, боломжийг нь эдлүүлээгүй байна.    

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар  зүйлийн 3.1-т : “ Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж зааснаар бол  согтуурах донтой болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс өөрөө татгалзсан гэсэн 2 үндсэн нөхцөл бүрдсэн тохиолдолд албадан эмчилгээнд хамруулах үндэслэлтэй болно.  

Гэтэл нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн Газар нь М.Б-ыгархинд донтох эмгэгтэй эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахдаа хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн С.Баттулга нь сайн дураараа архины эмчилгээнд хамрагдахаас татгалзсан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг архины албадан эмчилгээнд хамруулахаар  хүсэлт гаргасан нь  дээрхи хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Дээрхи үндэслэлүүдээр гуравдагч этгээд М.Б-ыгархины албадан эмчилгээнд хамруулах хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Б-ыгархины албадан эмчилгээнд хамруулах тухай У а д Ц Г-ын  хүсэлтийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

Хэрэгт авагдсан, М.Б-ыг архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн, согтуурсан үедээ нийгмийн хэв журам зөрчсөн гэх цагдаагийн байгууллагын хайлтын системээс гаргасан захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэл /хх-ийн 18-30-р хуудас/ гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүйг дурдах нь зүйтэй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Баттулгын “архинд донтох эмгэгтэй эсэхийг тогтоох шинжилгээ хийхдээ миний эрх зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй, мөн дүгнэлтийг танилцуулаагүй” гэх агуулгатай давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Баттулгын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/ далан мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогтой М-гийн Б-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай У а д Ц Г-ын  хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд М.Б-ас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ                                                  

Л.АЛТАН