Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/507

 

 

 

 

 

  

   2020            4             23                                      2020/ДШМ/507                            

 

 

Н.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М, түүний өмгөөлөгч Г.Нандинцэцэг, Б.Батжаргал,  

яллагдагч Н.Мын өмгөөлөгч Д.Тунгалаг

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын эсэргүүцлээр яллагдагч  Н.Мт холбогдох эрүүгийн 1810024340897 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Боржигон овогт Н.М, 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Мөнх харш” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, .......................... тоотод оршин суух бүртгэлтэй  /......................./,  

 

Яллагдагч Н.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Гоёо” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Оргилболд /захиалагч/-той Гоёо ХХК-ийн ээрэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн өдөр уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоёо” ХХК-ийн ээрэх үйлдвэрийн байранд суурь ухах ажлыг Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн /БНбД 12-03-04/-ийн 5.14-т заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн хүнд хортой, аюултай, бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 5.11.3-т заасан “шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө ММ34969-2000-Д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгаа заавал өгөх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаагүй О.Мөнхбатаар гүйцэтгүүлэх явцад О.Мнь угаарын хийн хордлогоор нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.   

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн, 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч, яллагдагч нарын өмгөөлөгч нарын гаргасан “шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” талаархи хүсэлтүүд нь хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба хүсэлтэд дурдагдсан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон яллагдагчийн гэм буруугийн хэлбэр зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн эргэлзээгүй тогтооход ач холбогдолтой. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр Н.Мт холбогдох эрүүгийн хэргийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Хурц нь бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх заалтад хамаарч байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Өмгөөлөгч нар урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаад тухайн хүсэлтэд дурдагдсан асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Улсын яллагчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгчийн хүсэлт болгонд тайлбар хэлж оролцсон. Гэтэл шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ өмгөөлөгч нарын хүсэлтийг прокурор хэрхэн няцаасан, ямар үндэслэл дурдсаныг шүүгчийн захирамжид дурдаагүй нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлага байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Н.Мын гэм бурууг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой. Иймд хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мын  өмгөөлөгч Г.Нандинцэцэг  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч, өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчдын өмгөөлөгч нарын зүгээс 2 хүсэлт гаргасан. Нэгдүгээрт: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр “Гоёо” ХХК-ийн эндэх үйлдвэрийн самнах машины суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Уг өдөр гэрээний дагуу хохирогч нь “Гоёо” ХХК-ийн техник албаны дарга Чимэдлхагвын зөвшөөрлийн дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэх явцдаа ажлын байран дээрээ угартаж нас барсан. Үүнийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Өмгөөлөгчийн зүгээс “Гоёо” ХХК болон холбогдох албан тушаалтнуудыг яллагдагчаар татах саналтай байна. Учир нь, ажлын байрны талбайг гялгар цаасаар тусгаарлаж, битүүмжилсэн байсан. Мөн амь хохирогчийн ажиллаж байсан ажлын байрны агаар сорох хэсгийг хатуу кардонон цаасаар хаасан нь уг хурц хордлогыг үүсэхэд нөлөөлсөн гэж шинжээч эмч дүгнэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, хөдөлмөрийн сайдын 2015 оны 295 дугаар тушаалаар баталсан ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгэх аргачилсан зөвлөмжийн 1 дэх заалт, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 4.7 дахь хэсгийг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй. Мөн хэрэгт авагдсан “Гоёо” ХХК-ийн техникийн удирдлагын албаны дарга Чимэдлхагва, инженер Болортуяа нарын мэдүүлгээс харахад ажилчид ямар хүнд нөхцөлд ажиллаж байсан болох нь харагддаг. Үүнд эрх бүхий албан тушаалтнууд нь хяналт тавьж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж хохирогч эрсдэлтэй нөхцөлд ажилласны улмаас угарын хийн хордлогод орж нас барсан байна. Үүнд “Гоёо” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс үүнийг үйлдвэрлэлийн осол гэж үзэж байна. Учир нь, “Гоёо” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын зааврын дагуу тус байгууллагын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа нас барсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.7, 3.2 дахь заалтууд болон холбогдох заалтуудыг баримтлан хурц хордлогын акт дүгнэлт гаргаагүй, хуульд заасан үүргийг биелүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.8 дахь хэсгийг зөрчиж байна. Учир нь, энэ нь үйлдвэрлэлийн осол байтал ослын акт гаргаагүй. “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК нь хоёр биен рүүгээ асуудлыг тохож явсаар байтал өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Өмгөөлөгч нарын зүгээс ослын акт гаргуулах шаардлагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа тавьж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч ажиллагаа хийгдээгүй. Иймд ослын акт гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мын  өмгөөлөгч Б.Батжаргал  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын албанаас шинжээч нарын дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр үйлдвэрийн ослын улмаас амь хохирогч нас барсан болох нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын албаны байцаагч нарын дүгнэлтээр “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК нь ийм, ийм зүйл дээр буруутай байна гэдгийг тогтоосон. Прокурорын зүгээс “Гоёо” ХХК-ийг яллагдагчаар татаагүй үндэслэлээ дурдахдаа “Гоёо” ХХК болон “Мөнх харш” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөр аюулгүй ажилллагааг “Мөнх харш” ХХК хариуцна гэж заасан учир “Гоёо” ХХК үүнд хамааралгүй” гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр сайн дурын дагуу байгуулдаг. Уг гэрээг байгуулахдаа тухайн гэрээнд холбоо бүхий хууль тогтоомжуудад үндэслэсэн байдаг. Энэхүү гэрээгээр “Гоёо” ХХК захиалагч тал юм. Захиалагч тал эрсдэлийн үнэлгээг заавал гаргах ёстой. Мөн эрсдэлийн үнэлгээндээ үндэслэж хөдөлмөр аюулгүй ажиллагаанд гарах зардлыг гаргасан байх ёстой. Түүнчлэн хяналт тавих үүрэгтэй, үйл ажиллагааг нь зогсоох үүрэгтэй. Мөн үйлдвэрийн ослын акт гаргах ёстой. Эдгээр үүргүүдийг алийг нь ч “Гоёо” ХХК биелүүлээгүй. Хэрэв “Гоёо” ХХК эрсдэлийн үнэлгээ хийсэн бол уг битүүмжилсэн вакуум орчныг бүрдүүлэхгүй, хүний амь нас эрсдэхгүй байх байсан. “Гоёо” ХХК-ийн ганц биелүүлсэн зүйл нь 2 компанийн хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “захиалагчийн заавар зөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Гэтэл “Гоёо” ХХК энэ гэрээнд заасны дагуу “Мөнх харш” ХХК-ийг дуудаж ирээд “та нар энэ орчныг гялгар уутаар битүүмжил, цонхыг нь хаа, битгий салхи оруул, агааржуулагчийг хаа” гэх үүрэг даалгавар өгсний дагуу энэ осол гарсан. Тэгэхээр “Гоёо” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэх хангалтгүй, шударга ёсны зарчим алдагдаж, ял завших асуудал харагдаж байна. “Гоёо” ХХК энэ осолд гэм буруутай. Өнөөдөр бид үйлдвэрийн осол гэж ярих боломжгүй болоод байна. Учир нь, үйлдвэрийн осол гэж үзэхийн тулд ослын акт байх ёстой. Ослын актыг осол гарснаас хойш 6 сарын дотор захиалагч компани гаргаж өгөх үүрэгтэй. Өмгөөлөгчдийн зүгээс удаа дараа мэргэжлийн хяналтын байгууллагад ослын акт гаргуулж өгөөч гэж хүсэлт гаргахад ослын акт гаргаж өгөөгүй. Ослын акт гараагүйгээс болж хохирогчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, эрх зүйн чадамж нь буурах үр дагавартай. Ослын акт гаргуулж байж хохирогчийн ар гэр тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой болно. Түүнээс шүүхийн тогтоол гарчихсан, мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэчихсэн юм гэдгээр тогтоодоггүй. Иймээс ослын актыг заавал нөхөж гаргах шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Яллагдагч Н.Мын өмгөөлөгч Д.Тунгалаг нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт хавтас хэрэгт байгаа тул шүүгчийн захирамжид дурдсан, дурдаагүй үүнийг биелүүлэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасанчлан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан ажиллагаа байгаа. Өөрөөр хэлбэл, шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Мөн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хийгээгүй. Хавтас хэрэг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Хавтас хэргийн материал танилцуулснаас хойш хяналтын прокурор “эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь “Гоёо” ХХК-ийн буруу байна. Үүнд зөрчлийн хэрэг үүсгэнэ үү” гэж албан тоот хавсаргасан боловч ямар ажиллагаа явуулж, ямар арга хэмжээ авсан талаар баримт байдаггүй. Мөн “Гоёо” ХХК-иас давуу байдлаараа тухайн хэсгийг гялгар уутаар битүүмжлэх, агааржуулалтын хоолойг битүүлэх хууль бус шаардлага тавьсан. Үүнийг биелүүлж байж дараа нь ажил гүйцэтгэх ёстой байсан учир “Мөнх харш” ХХК тухайн хэсгийг битүүмжилж осол гарсан байх боломжтой. Мөн “Мөнх харш” ХХК-ийн ажиллуулсан тухайн зүсэгч машин нь Монгол улсын MNS стандартаар хорт хий ялгаруулах нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй гарсан гэх мэтчилэн хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байгаа тул өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргаж, үүний дагуу шүүгчийн захирамж гарсан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Н.Мт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлуудыг бүрэн шалгаагүй, цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүх хэргийн үйл баримтыг тогтооход нотлох баримтын хүрэлцээ хангалтгүй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй хэн боловч ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлтийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д зааснаар акт тогтоолгох журамтай.

 

Мөн дүрмийн 1.7 “Иргэн хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн тогтоох, судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд  тусгаагүй бол ажил гүйцэтгэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд судлан бүртгэнэ.” гэсэн заалтыг баримтлан хурц хордлогын акт, дүгнэлт гаргах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 10 сарын 12-нд  Гоёо ХХК, Мөнх Харш ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээний 6.1.2-д Захиалагчаас баталсан /сонгосон/ зааврын дагуу ажлыг хийж гүйцэтгэнэ, 6.1.6 Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацаанд ажиллах хүчний дэг журам, сахилга бат, хөдөлмөр зохин байгуулалт, ажлын талбай дээр хөдөлмөр хамгааллыг хариуцах болон гүйцэтгэж буй ажлын аюулгүй байдлыг ханган ажиллана гэжээ.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах үед Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын  шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг  байгуулж ажиллуулна” гэж заажээ.

 

Энэ хэрэгт ажил олгогч /гүйцэтгэгч/ болон захиалагч нарын хэнийх нь буруутай ямар үйлдлээс уг осол гарсан, дээр заагдсан хууль дүрмийн дагуу ажилласан эсэх нь тогтоогдоогүй. Үйлдвэрлэлийн ослын актыг  гарснаар хэн, аль компани үйл ажиллагаандаа буруутай, хэрхэн яаж хууль, дүрэм зөрчсөнөөс үүдэн хүлээх   хариуцлага  тодорхой болно гэж үзэж байна.

 

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн хууль зөрчиж, ямар хэлцлээр хийсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байгааг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарах тул хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаар шүүгчийн захирамжиндаа “хэргийн оролцогчдын тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй” гэж дүгнэсэн бөгөөд чухам ямар ажиллагааг хийлгүүлэх талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.  

 

Иймээс давж заалдах шатны шүүх өөрийн дүгнэлтийг хийсэн болно.

 

Дээрх үндэслэлээр хэргийг “прокурорт буцаасан” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Хурцын  бичсэн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ