Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2020/00018

 

Дорнод Нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

    М.Э-нд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 21-ний өдрийн 138/ШШ2020/00628 дугаар шийдвэртэй, Дорнод Нийтийн Аж Ахуй ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э-нд холбогдох орон сууцны үйлчилгээний төлбөр 3 321 113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ц, хариуцагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод Нийтийн Аж Ахуй ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эзэмшигч М.Э нь 2013 оны 01-12 сар, 2014 оны 01-12 сар, 2015 оны 01-12 сар, 2016 оны 01-12 сар, 2017 оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01-12 сар, 2020 оны 01-02 сарын үйлчилгээний төлбөрт нийт 3 321 113 төгрөгийг төлж барагдуулаагүй тул дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Э-ийн байрны дулааны шугамыг 2019 онд манай байгууллага сольсон байгаа. Халаалт нь муудсан байх боломжгүй. Айл өрхүүд дур мэдэн регистр тавьдаг. Тэр шалтгаанаас болж дулаан ирэхгүй байх боломжтой. Өмнө нь М.Э нь манай байгууллагын инженер С-тэй ирж уулзаж манай паар халахгүй байна гэж амаар хэлсэн байсан. Мөн 12 дугаар сард паар хагарч, ус алдсан гэж байгаа боловч манайд энэ талаар ямар нэгэн албан ёсны бичиг ирээгүй. Хэрэв тийм зүйл ирсэн бол санхүү рүү тухайн бичиг цохогдон орж, үүний дагуу шат дараатай арга хэмжээ авагдах боломжтой байсан. Мөн хог тээвэртэй холбоотой нотлох баримтын бичгийг манайд ирүүлснээр тооцоо хийгдэхгүй байх боломжтой байсан. Мөн 2019 оны 02 дугаар сараас хойш халуун хүйтэн усны төлбөр гараагүй. Зөвхөн халаалт, суурь үнэ гарсан байгаа. Одоо 2017 оны 03 дугаар сараас хойшхи байрны үйлчилгээний төлбөрийг хариуцагч М.Эгээс нэхэмжилж байна. Энэ хугацааны мөнгө нийт 1 562 468 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 02 сараас өмнөх үйлчилгээний төлбөр нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэхээс татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Хэрлэн сумын 6-р багийн ................. оршин суудаг нэртэй боловч өөрийн орон гэртээ амьдрах боломжгүйн улмаас гадуур айлуудаар явж амьдардаг. Уг байр 2008 онд халаалт устай болсон боловч халаалт тавьсан цагаасаа хүн амьдрах шаардлага хангах хэмжээнд хүртэл дулаан байгаагүй. Халаалт хэтэрхий муу байснаас 2010 онд манай паар хага хөлдөж халуун ус цацарч гэрийн телевизор, зөөврийн компьютер шатаж ажиллагаагүй болж хохирч байсан. Халаалтыг маань засч янзалж өгөөч гэж НААҮ-нд өчнөөн удаа өргөдөл бичиж өгч, СМҮ-г хариуцсан НААҮ-ны хэсгийн ажилтан инженер Б, сантехникч Б, Г болон инженер С нарт өчнөөн олон удаа хэлж гуйж байсан боловч нэг ч удаа арга хэмжээ авч засч янзалж өгч байсан удаа байхгүй. ...шинэ жилийн өмнөхөн 2019 оны 12 сарын сүүлчээр намайг Хэрлэн САА-д байхад манай байрны паар дахин хага хөлдөж, Хэрлэн шугам сүлжээнийхэн залгаж ирж цоожоо онгойлгооч гэж дуудаж байсан. Энэ байдлаас болж буцлам халуун усанд хөрс шороо дэвтэж манай байшингийн хундам сууж, байшингийн хана хагарч хазайж бид бүхэн бүр орох оронгүй болох, байшиндаа өчнөөн олон арван тонн цементэн хавтанд дарагдаж үхэх аюулд орчихоод байна. Өмнө би ажил төрөлтэй байхдаа халаалт усгүй байсан ч гэсэн мөнгө төгрөгийг бүрэн төлж байсан. 2013 онд ажилгүй болоод ус халаалт муутай байрны мөнгийг төлөх чадваргүй болсон. Одоо би тэтгэврээс өөр орлогогүй,  ганц бие ахмад настан байж ашиглаж чадаагүй ус, хага хөлдөх хэмжээнд хүртлээ хүйтэн байсан халаалтын мөнгийг төлөх боломжгүй байдлыг минь ойлгон үзэж уг 3 321 113 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч бичгээр хүсэлт гаргах ёстой байсан гэж хэлж байна. Гэтэл би Нийтийн ахуй үйлчилгээний газарт нийт 10 орчим удаа хүсэлт гаргасан. Өөрсдөө сайн шалгаж үзэх ёстой байсан байх гэж бодож байна. Мөн шугам хоолойг дураараа өөрчилсөн гэж хэлж байна. Гэтэл манай байрны хувьд тийм асуудал огт байхгүй. Би олон удаа хүсэлт өгөөд шийдвэрлэж чадахгүй байсан тул паарныхаа секцийг ихэсгэсэн. Тэгээд ч нэмэргүй байгаад байна. Би паараа хөлдөөхгүй гэсэндээ крант залгаж хий авдаг байсан. Энэ нь хууль бус үйлдэл байх л даа. Гэхдээ халаалт муу учраас паарны эргэлтийг сайжруулах үүднээс крант залгах, шланк холбох зэрэг үйлдэл хийдэг байсан. Тэгэхэд дулааны станцаас хүмүүс ирээд бариул хэсгийг тасдаж авдаг. Манай хөрш айлын паар 2019 оны 12 дугаар сард хөлдөж их хэмжээний халуун ус гоожиж, манай 18 дугаар байр болон манай гудамж тэр чигтээ ус алдсанаас мөстсөн байсан. Мөн ус алдсанаас болж байрны маань хундаам руу нь буцлам халуун ус орж суулт өгч, хана цууралт өгч хазайсан. Би одоо гэртээ ч амьдарч чадахгүй байдалд хүрч байна. Би хавтаст хэрэгт энэ тухай бүхий л гэрэл зургийг нотлох баримтаар хавсаргасан. Нийтийн аж ахуйн газрын буруутай үйлдэл байгаа тул эргээд хуучин хэвэнд нь оруулж байрны хундаамыг дахин цутгаж өгөөсэй гэж хүсэж байна. Өвөл болохын өмнө мэргэжлийн байгууллагын зүгээс эргээд хэвэнд нь оруулж засаж өгөөсэй гэж хүсэж байна. Мэргэжлийн бус хүн ийм зүйлийг хийж огт чадахгүй. Хэрэв сэтгэл байх юм бол арга нь олдоно шүү дээ. Тухайн байгууллагын хувьд ямар ч сэтгэлгүй, мөнгөө л авах хүсэлтэй байгаа нь харагдаж байна. Айлуудыг өөрсдөө янзлах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид маш их хохирсон. О инженерт өөрийн хийж байгаа үйлдлийг хэлэхэд “Одоо тэгэхээс өөр яах билээ” гэж хүртэл надад хэлж байсан. Энэ бүхнээс болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засаад өгөх юм бол цаашид гарах мөнгөө төлж болно.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэрээр:

- Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар хариуцагч М.Эгээс орон сууцны үйлчилгээний төлбөр 1 562 469.4 /нэг сая таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дорнод Нийтийн Аж Ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 758 544 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 087.8 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39 949 /гучин есөн мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийн эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэйг  шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Э 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Э Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэж ирээд 2020 оны 6 сарын 15-ны өглөө шүүхийн шийдвэрийг хүлээн авсан. Уг шийдвэрийг хүлээн авах боломжгүй шалтгаан дурдвал:

1. НААҮ-ний газар ам бүл ганцаараа суудаг надаас цэвэр бохир усны төлбөрийг 2 ам бүлээр тооцож нэхэмжилсэн. Ам бүлийн тодорхойлолт ам бүл нэгээр хавтаст хэрэгт тусгагдсан болно.

2. Нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцож байгаа Э.Ц нь анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбар өгөхдөө Хэрлэн сумын 6 дугаар багийн Ивээлийн 18 дугаар байрны баруун жигүүр Э-ээс авахуулаад 2-3 айл халаалт муу гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбар өгч байсан. Тэгээд ч манай байр өнгөрсөн оны 12 сарын сүүлээр хүн амьдрах аргагүй болтол хүйтэрч паар нь хага хөлдөж байсныг нотолсон гэрэл зургийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Ингэж хүн амьдрах нөхцөлгүй хага хөлдөх хэмжээнд хүртлээ хүйтэрч байсан байрнаас халаалтын мөнгө төлөхийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг асуудлыг нотлох гэрчүүд мэдүүлэг өгсөн. Тийм учраас би гэртээ ч амьдарч чадахгүй айлаар явдаг. Иймд уг асуудлыг дахин хянан үзэж намайг уг төлбөрөөс чөлөөлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазар нь хариуцагч М.Эд холбогдуулан үйлчилгээний төлбөр 3 321 113 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1 дэх тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх байсан байна.

Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь нэг талаас нэхэмжлэгч “ Дорнод НАА” ОНӨААТҮГазар нь хариуцагчийн орон сууцанд дулаан нийлүүлэх, нөгөө талаас хариуцагч М.Э худалдаж авсан дулааны үнийг төлөх үүрэгтэй харилцаа юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч “ Дорнод НАА” ОНӨААТҮГазар нь зохих журмын дагуу орон сууцанд хүн амьдрах боломжтой хэмжээнд  дулаан нийлүүлэх үүрэгтэй, хариуцагч М.Э худалдаж авсан дулааны үнийг төлөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч тал зохих ёсоор дулаан нийлүүлж чадаагүй бөгөөд шалтгаан нь нэхэмжлэгч байгууллага  өөрөөс шалтгаалах шугаманд засвар үйлчилгээ хийсэн гэсэн тайлбар гаргадаг. Энэ тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэл болохгүй юм. Учир нь нэхэмжлэгч байгууллага эцсийн үр дүнд хариуцагчийн орон сууцанд зохих ёсоор, хүн амьдрах боломжтой дулаанаар хангаагүй учраас дулааны үнийг хариуцагчаас шаардах эрхгүй. Хариуцагчийн орон сууц нь зохих ёсоор дулаанаар хангагдаагүй гэдэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн тайлбараар тогтоогддог. /хх-ийн 40-49 дэх талууд/

 Иймд  хариуцагч М.Эгийн “ дулааныг аваагүй учраас хөлсийг төлөхгүй” гэсэн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сүүлийн 3 жилийн дулааны төлбөрийг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 440 301.70 төгрөгийг хасч тооцохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. / 2017 оны 03-05 сар, 10-12 сар, 2019 оны 01-05 сар, 09-12 сар, 2019 оны 01-05 сар, 09-12 сар, 2020 оны 01-02 сар нийт 440 301.70 төгрөг/

Мөн хариуцагч М.Э өөрийн ам бүлийн өөрчлөлтийг нэхэмжлэгч байгууллагад хүсэлт гаргаснаар шийдвэрлүүлэх боломжтой байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Хариуцагч М.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 949 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 138/ШШ2020/00628 дугаар шийдвэрийн хэвээр тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 243 дугаар зүйлийн 243.1, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар хариуцагч М.Эгээс орон сууцны үйлчилгээний төлбөрт 1 122 167.70 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 198 945.30 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 949 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧИД                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                 З.ЭНХЦЭЦЭГ