Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/139

 

            Б.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Г-т холбогдох, 2235000730077 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д ургийн овогт Б-ийн Г, 19 оны  дугаар сарын -ний өдөр Увс аймгийн Д суманд төрсөн,  настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл нэг, Увс аймгийн Д сумын -р багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар.

1. Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Д сумын нэгдүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хохирогч В.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Д ургийн овогт Б-йн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

- хохирогч В.С-ын 3’000’000 (гурван сая) төгрөгийн иргэний  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болох,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй байна.

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч, торгох ялыг хэдий хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих тухай хуулийн үр дагаврыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/96 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт: шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж, өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд томилолтоор оролцож байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг тайлбарлаж шүүгдэгчид ойлгуулаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүй байна гэх заалтыг зөрчсөн байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох, үндэслэх хэсэгт тусгавал зохих заалтуудыг тайлбарлаж өгсөн байгаа боловч шүүгдэгчийн хувьд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай хуулийн заалтыг тайлбарлаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Яагаад гэвэл, шүүгдэгч нь хэдий хугацаанд торгох ялаа биелүүлэхээ мэдэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс тухайн шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ямар нэгэн байдлаар эргэлзэх зүйл гарахгүй байх ёстой. Өнөөдөр манай шүүхийн практикт зарим шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар зааж өгч байгаа, зарим тогтоолд зааж өгөхгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг хангаж байна гэж үзвэл магадлалын үндэслэх хэсэгт цаашид анхан шатны шүүх нь нэг мөр хэрэглэх үүднээс анхаарвал зохино, цаашид шүүхийн шийтгэх тогтоолд оруулах ёстой юу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийж дурдаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь нэг мөр ойлгомжтой, тодорхой байх ёстой учраас дүгнэлт хийж өгнө үү” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Г-т холбогдох, 2235000730077 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Шүүгдэгч Б.Г 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Давст сумын нэгдүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр В.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :

-хохирогч В.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “..2022 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед нөхөр Б.Г гэрт байсан ишиг, хургыг гадна гаргана гэж хэлэхээр нь би “гадна гаргаж хэрэггүй баас, шээс алдаад болохгүй байна, даарна” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм, янхан яатуу, үтгэн, зайл” гэх мэтээр хэлж ишиг, хургыг гэрээс гаргасан. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдан малын хашаан дотор зогсож байтал нөхөр Б.Г надад уурлаж гараараа миний толгой руу гурваас дөрвөн удаа цохиж, зүүн хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр үед хашаан дотор байсан хадам аав Н.Бат-Эрдэнэ бид хоёрыг салгасан. ...Тухайн үед миний толгойн зүүн хойд хэсгээр хавдаж, зүүн хөл хэсэгт хөхөрсөн, баруун гарын булчин хэсэг, зүүн гарын бугуй, хоёр хацар орчим хавдсан байдалтай өвдөж зовуурилж байсан.Би аймгийн төв орж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлэн, одоо эм ууж байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

- гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн : “...Тэр үед бэр В.С “хурга, ишиг гадна байлгахаар бааж шээгээд байна, гэрт оруул” гэж Б.Гт хэлэхэд Б.Г “гэрт багтахгүй,  өдрийн цагаар гадна байлгая” гэж хэлээд тэр 2 хэрэлдэж маргалдаж байсан. Тэр үед эхнэр И.Пагма, хүү Б.Түмэн-Өлзий нар нөгөө хашаанд үхрийн баас түүж  байхад тэр хоёр зодолдсон. Тэгээд хүү Б.Г В.Солонгыг нэг удаа өшиглөхөд В.Солонго газар унах үед би хашаан хаалга онгойлгож ороод больцгоо гэж хэлээд салгасан.Тэгээд Солонго гэртээ орсон, удалгүй сумын төв рүү орж цагдаад мэдэгдэнэ гээд явсан байсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

- хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаартай : “В.С-н биед тархи доргилт, толгойн хуйх, шанаа, дух, мөчдийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйнд цус хуралт, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт гэмтлүүд учирсан байна. ...Тархи доргилт, толгойн хуйх, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч В.С-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн болох, түүнчлэн шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэв.  

6. Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт : ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэл болох тул шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт энэ заалтыг тусгаж, өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн нэрчлэн заасан бөгөөд Б.Гт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дээрхи шаардлагыг хангасан, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлууд бүрэн тусгагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоогоогүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тайлбарлах буюу заавал тусгах шаардлагагүй байна. 

6.2. Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан ба мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан: “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг шүүхийн шийдвэрт торгох ял биелүүлэх хугацааг тусгайлан тогтоогоогүй тохиолдолд баримтлах ба энэ нь торгох ял шийтгүүлсэн ялтанд хуулиар үүрэг болгосон зохицуулалт байх тул уг заалтыг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлд хамаарахгүй болно.

Түүнчлэн торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа дээрх хуульд заасан хугацааны дотор ялтан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хэрхэн гүйцэтгэх болон ахлах шийдвэр гүйцэтгэгчээс нэмж тогтоож өгсөн хугацаанд ялтан уг ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солиулах тухай саналыг прокурорт гаргах зэрэг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдахыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

6.3. Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээ бүхий гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба ялтан хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хуульд заасан болон шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг  шийтгэх тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор буюу Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор буюу Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                          Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН