| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01721/И |
| Дугаар | 102/ШШ2024/03858 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/03858
| 2024 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/03858 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух хаягтай, С /рд: */,
Хариуцагч: *дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * гудамж, * байр, * тоотод оршин суух хаягтай, Г /рд:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч С,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С нь хариуцагч Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие хариуцагч Г-д 10,400,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд тухайн үед гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд аман гэрээ байгуулсан ба хариуцагчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн төлбөр болох 10,400,000 төгрөгийг төлөхөө баталгаажуулж өгсөн хэдий үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл төлөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа зээлсэн мөнгөө төлөхийг шаардаж байгаа боловч төлөлгүй, сүүлдээ утсаар нь хүртэл холбогдож чадахгүй хохирогч байна. Иймд хариуцагч Г-ээс зээлийн үндсэн төлбөр 10,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Г 2019 оны 7-р сар Саас 6 сая авсан болно. Мөн тэр мөнгөнөөс 2 сая буцааж С-ийн өмгөөлөгч гэх Ж гэх хүний дансанд хийсэн болно. Иймд үнэн зөвийг олж өгнө үү. Мөн С-ын 2019 оны 6 болон 7 дугаар сарын дансны хуулгыг үзэх хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, тодорхойлолт /хх 4/, тайлбар /хх 11/, С-н 36190028, 36200008, 36210003, 36210012 тоот гэрээний дугаартай 88110776 дугаарын зээлийн мэдээлэл /хх 12/, Өргөдөл гаргах нь /хх 14/, С-н Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 15-18/, Ч.-ний Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 19/, Дансны хуулганы талаарх тайлбар /хх 20/, О.Э. гэх нэрээр бичигдсэн үүрэн холбооны утасны мэссэжний зураг /хх 21-22/, Тайгын булагг ХХК хүсэлт гаргах нь /хх 45/, Худалдаа хөгжлийн банк хадгаламжийн үйлчилгээ /хх 46/, Төрийн банк Хадгаламжийн бүтээгдэхүүн /хх 47-48/, Шинэ нотлох баримтын тайлбар гаргах нь /хх 49/, Тайлбар авах тухай /хх 50/, Тодорхойлолт гаргах нь /хх 51/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 10/, Г-ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 35-36/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С нь хариуцагч Г-д холбогдуулж 10,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд аман гэрээ байгуулсан ба хариуцагчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн төлбөр болох 10,400,000 төгрөгийг төлөхөө баталгаажуулж өгсөн гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнд: 2019 оны 7 дугаар сард С-аас 6,000,000 төгрөгийг авсан. 6,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэх Ж-д 2,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагчийн ...Миний бие Г 2019 оны 7-р сар Саас 6 сая авсан гэх тайлбар болон нэхэмжлэгчийн ...тухайн үед гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд аман гэрээ байгуулсан ба хариуцагчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн төлбөр болох 10,400,000 төгрөгийг төлөхөө баталгаажуулж өгсөн гэх тайлбар, хэргийн 4 дүгээр талд авагдсан тодорхойлолт бичгийн баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
4.2. Хариуцагч нь нэхэмжлэгч С-аас мөнгө зээлсэн, нэхэмжлэгчид буцаан төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй. Харин 10,400,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэх маргааны зүйл болж байна.
Хэргийн 4 дүгээр талд Тодорхойлолт бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, Миний бие Г /*/ нь С-д 2023 оны 12 сарын 1-нээс өмнө 10,400,000 (Арван сая дөрвөн зуун мянга) төгрөг өгнө. Уг төлбөрийг өгөөгүй тохиолдолд хүү тооцож болно. Татгалзах зүйлгүй гэж хариуцагч Г нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тодорхойлолт гарган гарын үсэг зурсан байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул хариуцагч Гийг зээлийн төлбөрт 10,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хэдийгээр хариуцагчаас ...2 сая буцааж С-ын өмгөөлөгч гэх Ж гэх хүний дансанд хийсэн гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.
4.3. Иймд хариуцагч Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г-ээс 10,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-с 181,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН