Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 494

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Улсын яллагч Ц.Ариунтуяа,    

            Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708006370117 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ... тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Боржигин овогт Агийн Д, РД:...,  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/    

Шүүгдэгч А.Д нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод 2017 оны 7 дугаар сарын 26-наас 2017 оны 7 дугаар сарын 27-нд шилжих шөнө иргэн Э.Зыг “мэндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь доод уруулын салстад язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлахад:

            Шүүгдэгч А.Д нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... тоотод 2017 оны 7 дугаар сарын 26-наас 2017 оны 7 дугаар сарын 27-нд шилжих шөнө иргэн Э.Зыг “мэндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь доод уруулын салстад язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-5/

            - хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-50-52/

            - хохирогч Э.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би гэртээ унтаж амарч байхад 01 цагийн үед манай байшингийн цонхыг хагалчих шахам хүн нүдсэн. Манай 2 охин цочиж айгаад сэрсэн. Тэгэхээр нь гараад хартал зүс таних Д ганцаараа байсан. Тэгээд хажуу айл Лхагвасүрэнгийх руу орье гэсэн. Би тэр үед Дг яаруулаад байсан болохоор хувцасгүй орсон. Д надтай мэндэлсэнгүй гэсэн шалтгаанаар миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэнд Дтэй цуг байсан хүмүүс түүнийг болиулсан. Тэгээд надтай ярилцаад суусан. Ардаас манай эхнэр Мягмардолгор орж ирсэн. Д газар байсан гутал авч миний нүүр рүү шидэж зүүн нүд оносон. Би эхнэрийнхээ хамт зугтаасан. Тэнд байсан хүмүүс Дг барьж байсан. Гэртээ ороод 102 руу дуудлага өгсөн. Д зугтаасан байсан. Цагдаа нар ирээд явсны дараа манай гэрт ирээд надаас тамхи нэхээд байсан. Тэгээд занасан байдалтай үг хэлчихээд явчихсан. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өглөө утсаар залгаад чи хүрээд эм тариа авахуулах уу яамаар байна гээд байсан. Манай эхнэр рүү өнөөдөр залгаад ажилтай хүнийг цагдаад өглөө гээд хүнээр яриулсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дтэй тааралдаад мэндлээгүй гэсэн шалтгаанаар намайг гэмтээсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед Лхагвасүрэнгийн гэрт З, Нарантунгалаг, Лхагвасүрэн, Хуягаа, Ганбаа нар байсан Д архи уучихсан согтуу би эрүүл байсан. Тухайн үед доод уруулын дотор хэсэгт язарч хэгзэрсэн байсан одоо эдгэрчихсэн. Эм тариа авч өгье гэж над дээр ирсэн. Би авахуулаагүй, эм тариа авч хэрэглээгүй өөрөө эдгэрчихсэн. А.Дд гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-8-11/

            - гэрч Б.Мягмардолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Э.З нь миний нөхөр. А.Дтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, танилууд. 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 23.00 цагийн орчим гэртээ нөхөр хүүхдийнхээ хамт унтаж байтал хаалга нүдээд байхаар нь манай нөхөр онгойлгосон. А.Д нь манай нөхрийг хажуу талын Лхагвасүрэнгийн гэр рүү дагуулж орсон. Би 20 орчим минут болж байгаад нөхрийнхөө араас Лхагвасүрэнгийн гэр рүү орсон. Нөхөртэйгөө гэртээ орье гэтэл А.Д байж бай юм яриадхая гээд байсан. Д, З нар машины тухай яриад байсан. Д гэнэт манай нөхөр рүү газар байсан хүүхдийн гутал нүүр рүү нь шидсэн. Тэд нар хоорондоо хэрэлдсэн гэхээр зүйл ажиглагдаагүй зүгээр ярилцаад сууж байсан. Тэгээд би нөхрөө аваад гэр рүүгээ орсон. Манай нөхөр цагдаад дуудлага өгсөн. Дараа нөхрийнхөө нүүрийг харахад нүд нь улайсан доод уруул нь дотор талдаа язарчихсан байсан. Ямар шалтгаанаар манай нөхрийг гэмтээснийг мэдэхгүй байна. Нөхөр архи уугаагүй эрүүл А. Д бага зэрэг согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-12/

- гэрч Н.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу 1 дэх өдрийн орой Ганбаа, Лхагвасүрэн, Нарантунгалаг, Хуягаа баз хүргэн Д бид нар Лхагвасүрэнгийн гэрт орж архи ууцгаасан. Бид нар эхлээд 2 том савтай пиво дараа нь 1 шил архи авч уусан. Тэр үед Д гэрээс гараад бие засна гээд гарсан. Д Зыг дагуулаад орж ирсэн.  З нүцгэн дотоожтойгоо байсан. Тэрний дараахан Зийн эхнэр Мягмардолгор нөхрөө авахаар орж ирсэн. Д, З 2 юм ярьж байгаад Дгийн ярианы өнгө өөрчлөгдөөд ирсэн. Би тэдний дундуур ороод суусан. Д “чи хүн харахаараа таньсангүй, мэндэлсэнгүй” гээд хүүхдийн таавчиг аваад З руу шидсэн. Хүүхэд уйлаад би очсон. Эргээд хартал З нүдний шилээ гартаа барьчихсан тэр 2 зууралдсан байсан. Тэр үед Мягмардолгор дундуур нь ороод салгасан. Би Д Зыг алгадсан юм байхдаа гэж бодсон. З зодуулсан цохиулсан байдалтай орж ирээгүй. Тэднийг салгатал З Мягмардолгор 2 гэртээ харьсан. Тэднийг салгасны дараа Зын амнаас цус гарсан байсан. Би охиноо аваад гарсан. Гадаа байж байтал цагдаа нар ирсэн. Зоригоо эсвэл эхнэр нь дуудлага өгсөн байсан. Цагдаа нар Зоригоотой уулзаад уруул нь дотор талдаа язарсан байгааг хараад гомдолтой бол өргөдлөө өг гээд явсан. Тэгээд салцгаагаад гэр гэртээ орж амарцгаасан. Өмнө нь тааралдаад мэндлээгүй, тоогоогүй гээд Д Зтой хэрэлдсэн байсан. Д эрүүл байсан. З уугаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-15-16/

- гэрч О.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт З ах, Д, Нарантунгалаг, Ганбат, Хуягаа бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хуягаагийн аав нь дуудаад байна гээд түрүүлээд явсан. Д шээлээ гээд гарсан. Буцаж орж ирэхдээ Э.Зтой хамт орж ирсэн. Тэр хоёр муудалцсан орж ирсэн юм уу Д Зоригоогийн нүүр лүү нь баруун гараа цохисон. Тэгээд Э.Зын уруул нь шүдтэйгээ хавсраад язарсан. Тэгтэл Н.З ах тэдний дундуур ороод салгаад хоёр талдаа суулгасан. Тэд нар ярилцаж байтал Д хүүхдийн таавчиг /углааш/ аваад Э.З руу шидээд биеийг нь онох шиг болсон. Сүүлд нь Э.Зын эхнэр Мягмардолгор орж ирсэн. Э.З эхнэр Мягмардолгортой гэр лүүгээ орсон. Удалгүй цагдаа нар ирсэн. Э.Зыг цагдаа нар маргааш хэлтэс дээр ирээд өргөдлөө өгөөрэй гээд явсан. Д жаахан уусан байсан. Зоригоо уугаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-17-18/

            - гэрч О.Нарантунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай хажуу айлын Лхагвасүрэнгийн гэрт манай нөхөр Н.З, Ганбат, Д, Лхагвасүрэн нар пиво уугаад сууж байсан. Д гарчихаад Э.Зыг дагуулаад ороод ирсэн. Гадаа маргалдаж хэрэлдсэн байдалтай, Э.З уурлачихсан байсан. Тэгтэл үүдний хэсэгт Д Э.Зын эрүүний дээд хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. ...манай нөхөр тэдний дундуур орж салгаад сууцгаасан.  Д Э.З руу хүүхдийн гутал аваад шидээд толгойг нь оносон. Э.Зоригоогийн эхнэр орж ирээд нөхрөө дагуулаад гарсан. Удаа ч үгүй цагдаа нар дуудлагаар ирсэн. Э.Зтой уулзчихаад явсан. Д, Э.З нар найзууд байсан. Харьцахаа больчихсон болохоор Д гомдоллож тийм маргаан болсон. Д согтуу, З уугаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-19-20/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №9637 дугаартай шинжээчийн:...Э.Зийн биед доод уруулын салстад язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-24/

            - ял шалгах хуудас /хх-28/

            - шүүгдэгч А.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хадам ах З, түүний эхнэр Нарантунгалаг, найз Лхагвасүрэн, Ганбат нарын хамт Лхагвасүрэнгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тэдний хажууд байдаг найз Э.Зыг гэрээс нь дуудаж гаргаад уулзсан. Хэд хоногийн өмнө Э.З надтай таараад мэндлэхгүй, тоохгүй намайг үл тоомсорлосон учир гомдоод хэлье гэж бодсон. Гэрээс нь дуудаад гаргатал үл тоосон шинжтэй байхаар нь нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд яриад сууж байтал эхнэр нь орж ирсэн. Би түүнд ийм найз байдаггүй юм гээд хүүхдийн таавчиг шидсэн. Зтой уулзаж эвлэрсэн. Эм тарианы мөнгө төгрөг өгье гэхэд З зүгээрээ эдгэрчихнэ, угаасаа эм тариа ч хэрэглээгүй гэж байсан. Надад гомдол саналгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

            Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй /хх-42/ тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлж, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч А.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус дурдсугай.

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР