Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

 

          Б.О-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/215 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Б.О-д холбогдох, 2235000000082 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 199 оны  дугаар сарын -ний өдөр Увс аймгийн Д суманд төрсөн, эрэгтэй,  настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал маллаж амьдардаг, ам бүл дөрөв, Увс аймгийн Д сумын р багт оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, И ургийн овогт Б-ын О, регистрийн дугаар:

1. Шүүгдэгч Б.О нь 2021 оны 5 дугаар сарын дундуур Увс аймгийн Д сумын дугаар багийн нутаг “Морьтын хөтөл” гэх нэртэй газраас Ж.Д-ын өмчлөлийн, 758.895 төгрөгийн үнэ бүхий, 5.0593 м.куб буюу 19 ширхэг хэрэглээний модыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/215 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

-Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Их  ургийн овогт Б-ын О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2235000000082 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

- яллагдагч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэж,

-хэрэгт Киа Вонго загварын 8908 УБМ улсын дугаартай автомашиныг бмтүүмжилснийг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэсэн байна.

4. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Үүнд:

Шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт зэрэг нь үндэслэлгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 9.2.1, 9.2.3-т заасан заалтад тус тус нийцээгүй талаар дүгнэлт хийжээ.

Прокурорын зүгээс шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т заасан “Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, мөн зүйлийн 9.2.3-т заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шалгуурыг хангасан гэж дүгнэж байна.

Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “хөрөнгийн үнэлгээний суурь” гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход баримталсан зах зээлийн ба зах зээлийн бус үнийн талаархи үндэслэлийг", мөн зүйлийн 3.1.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйл” гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа санхүүгийн өмчлөх эрхийг ойлгохоор хуульчилсан байна.

Иймд шинжээч нь мөрдөгчийн нэмэлт шинжилгээ хийлгэхээр томилсон тогтоолыг хүлээн аваад тогтоолд тусгагдсан асуултын дагуу өөрийнхөө тусгай мэдлэгийн хүрээнд хөрөнгийн үнэлгээний зүйл буюу 5 метрийн урттай, 19 ширхэг хуучин гуалин модны зах зээлийн үнэлгээг тогтоохдоо, хөрөнгийн үнэлгээг харьцуулалтын аргаар хийхдээ үнэлгээний суурийг цахим орчинд иргэдийн тавьсан зар, өөрийн компани буюу үнэлгээний эрхтэй аж ахуй нэгжийн мэдээллийн санг харьцуулан тогтоосон талаараа дурдсаар байтал 8 м.куб модтой харьцуулсан гэж хийсвэр дүгнэлт хийж шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нь өөрөө Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон” гэх үндэслэл тогтоогдоогүй байхад мөрдөгч модонд дахин үзлэг хийх, нэмэлт шинжилгээ хийлгэж үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь яллагдагч Б.О-гийн өмгөөлөгч Б.Лхагважаваас 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр прокурорт “...хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан ба хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар зохицуулсан.

Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгахаар заасан ба хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Гантулга нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шинжээч томилсон тогтоолд “...15 жилийн өмнө амбаар болгон барьж байсан гэх, хуучин 19 ширхэг, 5 метрийн урттай гуалин модыг үнэлүүлэх талаар тусгасан байна.

Харин шинжээч нь 19 ширхэг гуалин модны зах зээлийн үнэлгээг гаргасан ба өөрөөр хэлбэл 15 жилийн өмнө амбаарт хэрэглэж байсан хуучин модны үнэлгээ гаргасан эсэх нь эргэлзээтэй өөрөөр хэлбэл шинжээч нь мөрдөгчийн шинжээч томилох тогтоолд заасан асуултанд бүрэн хариулсан эсэх нь эргэлзээтэй байх тул нэмэлт шинжилгээ хийх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд байгаа тул нэмэлтээр дүгнэлт гаргах эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч шийдвэрлэх боломжтой тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд мөрдөгч 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шинжээч томилж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж шинжилгээг урд дүгнэлт гаргуулсан шинжээчээр гаргуулахаар тусгасан ба шинжээч Я.Нарантуяа тухайн тогтоолыг хүлээн аваад, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 175 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Яллагдагч Б.О болон түүний өмгөөлөгч Б.Лхагважав нараас мөрдөгчид модонд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасан, мөрдөгч нь хүсэлтийг хүлээн аваад, модонд дахин үзлэг хийж, нэмэлт шинжилгээ хийлгэж, үнэлгээ гаргуулах нь зүйтэй гэж үзэж хүсэлтийг хангасан боловч мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилж, шүүх, прокурорын эрх хэмжээ рүү халдаагүй, харин мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу нэмэлт шинжээч томилсон байна.

Хэдийгээр хэргийн оролцогч нар нь мөрдөгчид дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч мөрдөгч нэмэлт шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөрдөгч хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн ойлголт биш, нөгөө талаар тухайн зөрчил нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хэр хэмжээг хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоосон гэж үзэж байна. Тухайн хэргийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/215 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж байгаа 13 дугаартай прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 4-т зааснаар машин механизм ашиглаж 5 метрийн урттай, 19 ширхэг мод хулгайлсан гэх гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эсэргүүцэлд дурдсан хоёр үндэслэлээр буцаасан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. 123 дугаартай шинжээчийн дүгнэлт нь модны эдэлгээний шинж байдлын талаар тодорхой дурдагдаагүй байсан.

Модны эдэлгээний шинж байдлын талаар мөрдөгч асуулт тавьсан ба үүнд шинжээч хариулт өгсөн. Тухайн зах зээлийн үнэлгээ ба цахим орчинд гуалин мод ямар үнэтэй байгаа талаар харьцуулалтын аргаар өөрийн үнэлгээний компанийн бааз сууринд үндэслэж дүгнэлтээ гаргасан. Үүнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3-т заасан заалтад нийцээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Үнэлгээтэй холбоотой дахин шинжээч томилох эрх хэмжээг мөрдөгч эдэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хуульд зааснаар дахин шинжээчийг шүүгч, нэмэлт шинжээчийг мөрдөгч томилдог эрх хэмжээг тус тус эдэлдэг.

Прокурорын зүгээс нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан ба прокурорын зүгээс 123 дугаартай шинжээчийн дүгнэлт бүрэн бус гарсан байна. Нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаа учраас нэмэлт шинжилгээг прокурор хийх шаардлагагүй байна гэж үзэж өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөрдөгч энэ хүсэлтийг хүлээн аваад нэмэлт шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй. Хэргийг шийдвэрлэхэд оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл биш байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Шинжээчийн 123, 175 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргахад дахин дүгнэлт гаргах шаардлагагүй нэмэлт шинжилгээ гаргах шаардлагатай гэсэн хариуг өгсөн.

Яагаад дахин гэж оруулж байна гэвэл тухайн шинжээч нь өөрийнхөө гаргасан дүгнэлтийг хамгаалах үүднээс нэмэлт дүгнэлт нь үндэслэлгүй гарсан байна гэж үзэж дахин шинжээч томилох хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Ийм учраас прокурорын гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 215  дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.О-д холбогдох, 2235000000082 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Их тугтан ургийн овогт Баттогтохын Отгонхүүг 2021 оны 5 дугаар сарын дундуур Ж.Дашнямын өмчлөлийн, 758.895 төгрөгийн үнэ бүхий,  5.0593 м.куб буюу 19 ширхэг модыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

3. Б.О-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:

- хэрэгт авагдсан  шинжээчийн 123, 175 дугаар  дүгнэлтүүд буюу хөрөнгийн үнэлгээний тайлангууд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна” гэж, мөн хэсгийн 9.2.1-т “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” гэж тус тус заасантай нийцээгүй,

- яллагдагч болон түүний өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шийдвэрлэх эрх мөрдөгчид байхгүй байхад хүсэлтийн  агуулгыг өөрчилж, нэмэлт шинжилгээ хийлгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн,

- гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоолгох гэх үндэслэлүүдийг заажээ.

4. Б.О-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй, хууль зүйн үндэслэлтэй тогтоож чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульзүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Ж.Дашням “...уг модыг Давст сумын 3 дугаар багийн нутагт байрлах Боршоо боомт дээр байсан хуучин амбаарыг цуцаж буулгаж авсан юм. Уг амбаарыг 15 жилийн өмнө миний талийгаач дүү барьж байсан... Б.Огийн өвөлжөөний хашааны хана барьсан модыг очиж үзэхэд 19 ширхэг мод байсан нь миний хулгайд алдсан мод мөн байсан  “ гэх мэдүүлэг өгсөн, тодруулбал, 15 жилийн өмнө баригдсан амбаарт ашиглаж байсан, 19 ширхэг хуучин мод хулгайд алдсан талаараа мэдүүлсэн байна.

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын байдлаар 15 жилийн өмнө амбаар болгон ашиглаж байсан хуучин 19 ширхэг, 5 метр урттай, гуалин мод нийт хэдэн төгрөгийн үнэтэй болохыг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчинг шинжээчээр  томилсны дагуу шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 123 дугаартай дүгнэлт гарсан байна.

Шинжээч уг дүгнэлтдээ  : модны үнэлгээг тогтоохдоо ижил буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулах аргыг хэрэглэж иргэдийн цахим орчинд тавьсан зар буюу  99456518, 99452059, 99457759 гэх дугаарын утаснаас тавьсан зар болон өөрийн компанийн мэдээллийн санг ашиглан модны зах зээлийн үнэлгээг 948,619 төгрөгөөр тогтоосон гэж дүгнэсэн байх ба дээрхи шинжээчийн дүгнэлтийг яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч : “ үнэлгээ тогтоосон 19 ширхэг мод нь 15 жилийн өмнө баригдсан амбаарт ашиглагдаж байсан, хуучирч муудсан, өмхөрсөн мод байхад уг модны элэгдэл хорогдол зэрэг нөхцөл байдлыг тусгаагүй байна” гэх үндэслэлээр дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг мөрдөгч  хүлээн авч,  нэмэлт шинжилгээ хийхээр шийдвэрлэсэн байна.

Шинжээч нэмэлт дүгнэлт гаргахдаа мөн өмнөх шинжээчийн дүгнэлттэй адил,  жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулах аргыг хэрэглэж иргэдийн цахим орчинд тавьсан зар буюу  99456518, 99452059, 99457759 гэх дугаарын утаснаас тавьсан зар болон өөрийн компанийн мэдээлэлийн санг ашиглан модны зах зээлийн үнэлгээг 758,895 төгрөгөөр тогтоожээ.

Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шинжээчийн тогтоосон үнэлгээ нь үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт тохирсон эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй, өөрөөр хэлбэл шинжээч шинэ хэрэглээний модны үнэ цэнийг тогтоосон уу, эсвэл хуучин буюу ашиглагдаж байсан, хуучин  модны үнэ цэнийг тогтоосон эсэх нь тодорхойгүй, мөн модны үнэлгээг куб метрээр тооцсон уу эсвэл ширхэгээр тооцсон уу гэдэг нь  тодорхойгүй байна.

6. Мөн тухайн  модны нэг бүрийн шинжийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан мөрдөн байцаагчийн үзлэгийн тэмдэглэлээр модны урт, өргөний хэмжээг  тодорхойлж бичсэнээс өөрөөр модны хэмжигдэхүүн /куб/метр/-ээр хэмжээг тодорхойлсон, түүнчлэн мод нэг бүрийн ашиглагдах чанар байдлыг тодруулахгүйгээр үнэлгээ тогтоосон байх тул шинжээчийн дүгнэлтийг хэрэгт бэхжүүлсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоогоогүй гэж дүгнэв.

7. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэх үндэслэлд хамаарч байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоохоос гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож хэргийг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцнэ.

9. Дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул  прокурорын “...Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 215 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                             Л.АЛТАН