| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0079/З |
| Дугаар | 128/ШШ2024/0323 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******
Хариуцагч: Сангийн сайд
Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.*******
Хариуцагчийн өмгөөлөгч: Т.*******
Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Л.*******, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргажээ.
2. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай 03, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр удирдамжийн дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр ******* ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон байна. /х.х 27/
3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр албан бичгээр улсын байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэн хариу хүргүүлсэн. /х.х-ийн 43/
4. Ингээд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/0183 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2024/0527 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Гэрч асуулгах хүсэлт байна. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр авто зам, замын байгууламжийн байнгын ашиглалтад оруулах ажлын хэсгийн дүгнэлт гаргахад байлцсан ажлын хэсгийн гишүүдээс дараах хоёр гишүүнийг гэрчээр асуулгах хүсэлттэй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр шүүхээс гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй үндсэн шалтгаан нь ажлын хэсгийн гишүүдээс ганц гишүүнийг онцолж асуулгах гээд байгаа нь асуулгах шаардлагагүй гэж үзсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын авто замын хяналтын улсын байцаагч Ц., авто замын ашиглалтын бүс нутаг хариуцсан инженер н. нарыг гэрчээр асуулгах хүсэлттэй байна.” гэв.
7. Хариуцагч нарын өмгөөлөгч Т.******* хүсэлтэд гаргасан тайлбартаа: “Ц. гэдэг хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон. Нэмэлтээр нэг хүнийг гэрчээр асуулгая гэж байна. Мөн адил үндэслэлээр хүсэлтийг дэмжих боломжгүй. 2022 оны 10 дугаар сард улсын комисс ажилласан, ажиллаагүй гэдэг дээр хариуцагчийн зүгээс маргаж байгаа зүйл байхгүй. Харин үүнээс хойш болж байгаа нөхцөл байдлуудын талаар дүгнэлт гаргаж байгаа, өөрөөр хэлбэл Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ байгууллага тухайн комиссын дүгнэлтээр хийх ёстой үүрэг даалгаврын биелэлтээ хийсэнгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдалд шалгалт хийж өгнө үү гэж 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг ирээд түүнээс хойш хяналт шалгалт хийсэн. Маргаан зүйл нь улсын байцаагчийн хяналт шалгалттай холбоотой асуудал болохоос биш 2022 онд болсон үйл явдлын талаар асуудал биш. Хяналт шалгалтын явцад худалдан авах ажиллагааны байцаагчаас Зам, тээврийн хөгжлийн яамны тухайн байгууллагатай байгуулсан өөр гэрээнүүдийг хамруулаад энэ асуудлаар нотлох баримт ирүүлэх, гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар захиалагчийг төлөөлж албан тушаалтны мэдээлэл гэж гаргуулж авсан. Энэ албан бичиг нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4156 тоот албан бичиг юм. Энэ албан бичиг нь ******* ХХК-ийн маргаан бүхий гэрээ болон гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн н., Зам, тээврийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны хэлтсийн дарга н. гэдэг хүмүүсийг нэрлээд заасан. Тэгэхээр энэ дурдаж байгаа хүмүүс нь гэрч асуулгахаар нэр зааж байгаа хүмүүстэй ч гэсэн хамааралгүй. Өөрөөр хэлбэл яг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар дээрх этгээдүүд шууд захиалагчийг төлөөлөх боломж нөхцөл байхгүй гэж үзэж байна. Тэгэхээр хяналт шалгалт хийсэн материалууд бүгд хэрэгт авагдсан. Дурдаад байгаа акт хэрэгт авагдсан. Тэр асуудлаар мэтгэлцэх бүрэн боломжтой учир хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү.” гэв.
8. Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******* ХХК нь Зам тээвэр, хөгжлийн яамтай Азийн Хөгжлийн банкны зээл, Баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төсөл 2: Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх 191 дугаартай гэрээг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан.
Энэхүү гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэж тогтоосон байсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай “Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлын нэмэлт гэрээ”-гээр ажил гүйцэтгэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 301 дугаартай нэмэлт гэрээг байгуулан барилга байгууламжийн ажил дуусгах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар дахин сунгасан болно.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар “Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт”-ээр төлбөр авах цэгийн барилга байгууламж, зам талбайн ажил нь зураг төсөл, техникийн шаардлагын дагуу бүрэн хийгдэж дууссан гэж дүгнэж байнгын ашиглалтад хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болно.
Гэтэл байнгын ашиглалтад хүлээн авсан ажлын хэсгийн хурлаар авто пүүний түвшин нь батлагдсан зураг төслийн дагуу налуу хийгдсэн байсныг зураг төслөөс өөрөөр буюу авто пүүний түвшинг тэгш болгон янзлахыг даалгаж гүйцэтгэгч компаниудын зүгээс баталгаат хугацааны дотор ажлын хэсгээс өгсөн даалгаврын дагуу замын өргөтгөлийн ажил болон авто баримт бичгийн бүрдлийг гүйцээх гэх мэт ажлуудыг хүлээлгэн өгч хэвийн ашиглалтад оруулсан байгаа болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар “Хяналт шалгалтын тухай” улсын байцаагчийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн гэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1-т заасан нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, өөрөөр хэлбэл хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн.
******* ХХК-ийн зүгээс Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай хяналт шалгалтын тухай дүгнэлтийг эс зөвшөөрч 2023 оны 10 дүгээр сарын 24-ний өдөр 108 тоот гомдол гаргасан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 112 тоот албан бичгээр “Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн үүрэг даалгаврын ажлын акт”-ыг нэмэлтээр хүргүүлсэн боловч Сангийн яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр татгалзсан хариу авсан.
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн гэрээт ажлын үүрэг даалгаврын биелэлтийн хурлаар захиалагч талыг төлөөлж тус хуралд оролцсон гишүүдээс одоогийн байдлаар үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна, улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдсан байна гэж дүгнэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93.1 болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын I дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 7.2-т шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж зааснаар ******* ХХК-ийн зүгээс улсын байцаагчийн санал, дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад энэхүү гомдол гаргах эрхийг хангахгүйгээр улсын байцаагчийн хууль бус дүгнэлтийг үндэслэн Сангийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаалаар манай компанийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна
Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гэрээний үүрэг биелүүлээгүй гэх үндэслэлээр тендерт оролцох эрхийг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* ХХК-д холбогдох ******* дугаар “Хяналт шалгалтын тухай” дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Монгол Улсын Сангийн сайд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтын “энэ хуулийн 14.5-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх” гэж, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521-1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан журам”-ын 2.4-т “Төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу ташаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргасан. Тус тушаалын хавсралтын 54-т ******* ХХК-ийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар дүгнэлтийг үндэслэн тендерт оролцох эрхийг хязгаарласан тухай дурдсан байна.
Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5 дахь хэсэгт Сангийн сайд тушаал гаргах үндэслэлийг тусгайлан зохицуулсан нь зөвхөн “эрх бүхий улсын байцаагчийн шийдвэр” байхаар заасан. Түүнчлэн “Дүрэм, журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “...илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.” гэж Сангийн сайдын тушаал гаргах үндэслэлийг тодорхой зохицуулсан тул улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Худалдан авах ажиллагааны улсын байцаагч ******* дугаартай дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-д заасан үндэслэл, журмын дагуу бие даан шийдвэр гаргадаг ба улсын байцаагчийн санал ирсэн байхад Сангийн сайд бүртгэлд хамруулахгүй байх, эсхүл саналд заасан арга хэмжээг дураар өөрчлөх хууль, эрх зүйн боломжгүй болно.
Иймд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай тушаал үндэслэлтэй тул ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10. Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.*******, Сангийн сайд нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дарах тайлбарыг хүргүүлж байна.
Зам тээврийн яамнаас ******* ХХК-ийг Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил, гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй тул тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай хүсэлтийг тус яаманд ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтын хүрээнд цугларсан баримт болох гэрээний хуулбарыг үзэхэд ******* ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамтай “Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил” гүйцэтгэх 191 тоот гэрээг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан бөгөөд тус гэрээг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусгахаар заасан байсан.
Дээрх гэрээ нь заасан хугацаанд дуусаагүй бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 195 тоот нэмэлт гэрээ байгуулж ажил дуусах хугацааг 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байсан. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02 гэсэн акт ирүүлсэн боловч уг актад захиалагч талын гарын үсэг байхгүй тул сонсох ажиллагаа хийх хүртэл хугацаанд тухайн гэрээт ажлын үүрэг даалгаврын биелэлтийг хүлээлгэж өгөөгүй буюу гэрээнд заасан хугацаанаас даруй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байсан. Иймээс ******* ХХК-ийн түншлэл нь Зам тээврийн хөгжлийн төвтэй байгуулсан “Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил” гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь холбогдох хууль журам нийцүүлэх гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
.” гэжээ.
11.Хариуцагч нарын өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар ******* ХХК-д хаягласан улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг гаргах үндэслэл болсон 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичиг Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирдэг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн тухайн албан бичигт нэхэмжлэгчийн сая дурдаад байгаа 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 06/28/22 дугаар акт дүгнэлтийг дурддаг. Дүгнэлт дээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэхдээ үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж авна гэдэг агуулгатайгаар шийдвэрлэсэн. Үүрэг даалгаврын биелэлтээр хүлээж авна гэдэг нь үүрэг даалгаврыг биелүүлсэн тохиолдолд улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авахаар шийдвэр гаргадаг. Жишээ нь улсын комисс тодорхой үүрэг даалгавар өгөөд түүнийг биелүүлсэн тухайгаа эрх бүхий байгууллагаар нотолж ирүүлсэн тохиолдолд түүнтэй холбоотой баримт бичгийг төрийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгсний дараа улсын комисс хүлээж авлаа гэж үздэг. Энэ асуудлаар тухайн дүгнэлтдээ тодорхой асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн боловч одоо хүртэл биелүүлээгүй байна гэдэг албан бичиг 2023 оны 8 дугаар сарын 15-нд ирдэг. Түүн дээр авто пүүний түвшин тэнцүүлэх, тохируулга хийн баталгаажуулж, хэвийн үйл ажиллагаанд оруулах, ил далд ажлын акт, хяналтын инженер зөвшөөрлийн хуудас, ажлын холбогдох баримт бичгийн бүрдлийг гүйцээн архивд хүлээлгэн өгөх, цахилгааны шон нэмж суурилуулах, хурд сааруулагч стандартын дагуу хийх, нэмэлт тэмдгийг суурилуулах гэсэн үүрэг даалгаврын биелэлт байсан. Үүнийг биелүүлээгүй. Шинээр баригдсан төлбөр авах цэгийн барилга байгууламжийн битүүмж муу, дулаан алдагдал өндөр, цахилгааны холболтоос шалтгаалж галын аюулгүй байдал алдагдаж чанарын шаардлага хангахгүй байна гэжээ. Үүний дагуу хяналт шалгалтын удирдамж гаргаж ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн эрх бүхий этгээд буюу н.аас сонсох ажиллагаанд оролцох боломжтой цагийг нь тодруулж байгаад боломжтой гэсэн цагт нь хүлээн авч биечлэн сонсох ажиллагааг хийсэн.
Мэдэгдэлд дурдсанаар уг асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл, нотлох баримтаа удирдамжийн хүчинтэй хугацаанд багтаан худалдан авах ажиллагааны улсын байцаагчид ирүүлээрэй гэдгийг тухайлан сануулсан. Сонсох ажиллагаанд н. биечлэн ирж үүрэг даалгаврын биелэлттэй холбоотой ажлуудыг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хийж дууссан, үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Зам тээврийн хөгжлийн төвд өгсөн, мөн чанарын баталгаат хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан даруй засаж янзлах тухай 91 тоот албан бичиг өгсөн. Ингээд үүрэг даалгаврын биелэлт хангагдсан гэж өөрийн зүгээс тайлбараа ирүүлдэг. Гэхдээ улсын комисс хүлээж авсан, үүрэг даалгаврыг хангалттай гүйцэтгэсэн гэх нотлох баримтыг ирүүлдэггүй. Өмнөх хурал дээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс шаардаж гаргуулж авъя гэдэг албан тоотын тухай яригдсан. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагаан дээр Зам тээврийн хөгжлийн төвд өгсөн гэх албан бичгийнхээ өнгөтөөр хэвлэсэн хуулбарыг ирүүлдэг. Түүний хавсралтад зөвхөн ******* ХХК-ийн талаас гарын үсэг зурсан, ямар нэгэн байдлаар төрийн байгууллагаас, Зам тээврийн хөгжлийн төвөөс мөнгө төгрөгийг нь хүлээж авсан, гарын үсэг зурсан, баталгаажуулсан баримт байдаггүй. Ингээд энэ асуудлаар дахиад худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас Зам, тээврийн хөгжлийн яаманд хандаж 8 дугаар сарын 23-ны өдөр дугаар албан бичиг хүргүүлсэн. Үүн дээр нэр бүхий 12 компанитай холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох баримт бичиг, тайлбар, мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлнэ үү гэсэн. Үүний хариуд Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр баримт бичиг болон гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар захиалагчийг төлөөлөөд оролцох боломжтой гэж дурдаж байгаа албан тушаалтнуудын мэдээллийг өгсөн. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хүлээж авсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч гэрээний хоёр талаас хоёулангаас нь баримт материал гаргуулсан.
Мөн тайлбар ирүүлэх боломж олгосон боловч нэхэмжлэгчээс нотлох баримтын шаардлага хангасан баримт ирүүлээгүй, өөрийгөө гэрээний үүрэг гүйцэтгэсэн талаар хангалттай нотлох оролдлого хийгээгүй. Улсын байцаагчаас эх хувиар нь хэрэгт хавсаргаж өгсөн Зам, тээврийн хөгжлийн яам гэсэн хуулбар үнэн тэмдэгтэй баримтуудыг ирүүлсэн. Ямар нэгэн байдлаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж авсан гэдэг нотлох баримт байхгүй. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар дүгнэх баримт бичиг цугларсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэлтээ гаргасан. Мөн удирдамжийн хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэг удаа сунгасан. Сонсох ажиллагаанаас хойш баримт ирүүлэх боломжит хугацаа олгосон, энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тайлбар мэдээлэл ирдэггүй. Сүүлд 2023 оны 11 сард билүү Зам тээврийн хөгжлийн төвөөс нэг гарын үсэг зурсан гэдэг баримт ирүүлсэн байдаг. Энэ нь улсын байцаагчийг дүгнэлт гаргахад байгаагүй. Тухайн үед гэрээний үүргийг биелүүлээгүй, ноцтой зөрчсөн гэдэг нөхцөл байдал дүгнэлт гарах үед байсан. Тухайн үед хуульд заасан нөхцөл байдал үүссэн байсан болохоор улсын байцаагч дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Хэрвээ үүргээ хэрэгжүүлээгүй бол магадгүй улсын байцаагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг асуудал яригдана. Гэтэл улсын байцаагч хуульд заасан үйл ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг албан бичгээр тайлбар мэдээлэл аваад утсаар холбогдох гэх мэт ямар ч хэлбэрээр хийж болдог. Яг энэ асуудал дээр улсын байцаагч сонсох ажиллагаанд биечлэн оролцуулж, тайлбар, мэдээлэл ирүүлэх боломжоор хангасан. Мөн үүний үндсэн дээр гарсан Сангийн сайдын тушаал нь үндэслэлтэй.
2005 оны хууль буюу 2023 оны 11 сард хэрэгжиж байсан хуулиар Сангийн сайд улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслээд шууд тушаал гаргах үүрэгтэй. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар дахиад дур мэдээд одоо энэ дүгнэлтийн хүчин төгөлдөр байдлын талаар хянаж шалгаад байх эрх байхгүй, хуулиар улс төрийн албан тушаалтанд олгодоггүй. Улсын байцаагч өөрийн нэр дээр бие даан үйл ажиллагаа явуулаад хараат бусаар шийдвэр гаргасан бол түүнийг албажуулах эрхийг хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.
2.1.Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг хийхдээ нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн,
2.2.Улсын байцаагчийн санал, дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад улсын байцаагчийн хууль бус дүгнэлтийг үндэслэн Сангийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн,
2.3.Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тендерт оролцох эрхийг хязгаарласан.
3.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн Хяналт шалгалтын тухай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
3.1.Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.*******гийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр ******* ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоожээ.
3.2. Зам тээврийн хөгжлийн яам болон ******* ХХК, Агар дүнз ХХК, Эталон хэмжүүр ХХК-ийн түншлэлийн хооронд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 191 дугаар бүхий АХБ-ны зээл, баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, ТӨСӨЛ 2: Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар заасан /х.х 14/, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлын нэмэлт гэрээг байгуулж, барилга байгууламжийн ажил дуусгах хугацааг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан /х.х 17/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 301 дугаар нэмэлт гэрээг байгуулан барилга байгууламжийн ажил дуусгах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар дахин сунгасан байна. /х.х 26/
3.3. Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлтээр ******* ХХК-д дараах дутуу ажлуудыг 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгож, ... Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй төлбөр авах цэг барих /Ховд Манхан, ажлыг дээрх нэр төрлийг үүрэг даалгаврын биелэлтээр барилга байнгын ашиглалтаар оруулахаар шийдвэрлэжээ.
3.4. Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр албан бичгээр хавсралтад заасан Зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг үндэслэн ******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн.
3.5. Үүний дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хяналт шалгалтын удирдамж батлагдаж, /х.х-199/ хяналт шалгалтыг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30 хоногт багтаан гүйцэтгэхээр тусгасан, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хяналт шалгалтын хугацааг сунгасан байна.
3.6. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.******* 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг 00 минутад ******* ХХК-ийн захирал Ц.ыг оролцуулан “...Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлын гэрээний үүргээ биелүүлээгүй гэх” мэдээллийн талаар сонсох ажиллагаа явуулж, тайлбар авсан./х.х-74/
3.7. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр ******* ХХК нь Зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоож, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 521.2.1-д “энэ хуулийн ...14.1.6...-д заасан нөхцөл үүсэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж,
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.1-д “Тендерт оролцогч...... сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон.....нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж заасанд нийцсэн байна.
3.8.Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэлээ.
4. Сангийн сайдын тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;” 14 дүгээр зүйлийн 14.5-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1, 521.2.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.” гэж,
4.2.Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй ... улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, мөн журмын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заажээ.
4.3.Үүнээс үзэхэд Сангийн сайдаас Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч ******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5.Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2, 521.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас Сангийн яам болон Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар *******.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН