Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

      Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.Б, Ч.Б, Б.А, Ж.О, шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Мөнхөө, Ч.Б, Б.А нарын өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч Б.Лхагважав, Ч.Б, Б.А, тэдгээрийн  өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Н.Б нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нарт холбогдох, 22350000000035 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З ургийн овогт Н-ын Б, 19 оны  дугаар сарын -ны өдөр Увс аймгийн З суманд төрсөн,  настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн У сумын -р багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөг хурааж, хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:,

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ч-ийн Б, 19 оны  дүгээр сарын -ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн,  настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум -р багийн  тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:;

Монгол Улсын иргэн, Я ургийн овогт Ж-ын О, 19 оны  дугаар сарын -ны өдөр Увс аймгийн З суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн З сумын  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар;

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-ийн А, 19 оны  дүгээр сарын -ны өдөр Увс аймгийн Н суманд төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Увс аймгийн У сум, -р багийн  тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:.

1. Шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нар бүлэглэн, машин механизм ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Увс аймгийн Завхан сумын 3-р багийн нутаг, “Ут овоо” гэх газраас хохирогч Ю.Б-гийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж,  гурван сая төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас З ургийн овогт Н-ын Б, Б-үүд ургийн овогт Ч-ийн Б, Я ургийн овогт Ж-ын О, Т ургийн овогт Б-ийн А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч З ургийн овогт Н-ын Б, Б-үүд ургийн овогт Ч-ийн Б, Я ургийн овогт Ж-ын О, Т ургийн овогт Б-ийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-ыг хоёр жил найман сар хорих ялаар;

шүүгдэгч Ч.Быг гурван жил хорих ялаар;

шүүгдэгч Ж.Ог хоёр жил хорих ялаар;

шүүгдэгч Б.А-ыг хоёр жил хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар:

- шүүгдэгч Ч.Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 390.000 (гурван зуун ерэн мянган) төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Nissan X-trail загварын, 3332 УВХ улсын дугаартай автомашиныг,

- шүүгдэгч Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900.000 (есөн зуун мянган) төгрөгийг,

- шүүгдэгч Ж.Огээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Sanya загварын улсын дугааргүй мотоциклийг тус тус хураан авч улсын төсөвт шилжүүлж,

-шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-шүүгдэгч нар хохирогчид 3.000.000 (гурван сая) төгрөг төлсөн, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохиролгүй, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ю.Б-гийн  нэхэмжлэлээс 1.600.000 (нэг сая зургаан зуун мянган) төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож,

-шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хүрз нэг ширхэг, гялгар уут хоёр ширхэг, хутга нэг ширхэгийг шүүгдэгч Ч.Бод буцаан олгож, бугуйл нэг ширхэг, автомашины эд ангийн хагархай нэг ширхэгийг тус тус устгаж,

-шүүгдэгч Ж.О-гийн эзэмшлийн Sanya загварын улсын дугааргүй мотоциклийг, Р.Мөнгөншагайн нэр дээр бүртгэлтэй, шүүгдэгч Ч.Бын өмчлөлийн Nissan X-trail загварын 3332 УВХ улсын дугаартай автомашиныг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Од 2 жил хорих ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Шүүгдэгч Ж.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийнхээ эхэнд /ХХ-116 хуудас/ “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч хийсэн гэмт хэрэг, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаагаа мэдүүлж, гэм буруугийн талаар маргахгүйгээр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулах санал гаргаж байсан. Гэтэл анхан шатны шүүх Ж.Ог гэм буруугийн талаар маргасан, хэргээ хүлээхгүй байна гэж хийсвэр дүгнэлт хийж, түүний эрх зүйн байдпыг дордуулсан шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлээгүй, ялаас чөлөөлөөгүй, ял оногдуулахыг тэнсээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй гэж тайлбарласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг журамлаагүйд гомдолтой байна.

Шүүх хэргийн бодит байдлыг нотлох баримтанд тулгуурлан үнэлээгүй, таамгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх шүүгдэгч Ж.Ог гэм буруутай гэдгээ хүлээгээгүй гэж үзсэн нь гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахыг хориглосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, хууль ёсны байх хүнлэг бус хандахгүй байхыг хуульчилсаныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр нь шударга ёсонд нийцсэн, тэгш эрхийг хангасан, нотлох баримтанд үндэслэсэн байх ёстой. Ж.Огээс гаргуулах хохирол байхгүй, хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар Ж.О нь даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, тусархуу, хүнтэй харьцах харьцаа сайнтай, хүний арга, эв олоод харьцчихдаг, бага насны 3 хүүхэдтэй зэрэг байдлууд хэрэгт авагдсан байдаг.

Иймд шүүгдэгчийн хувийн энэхүү байдлыг шүүх дүгнээгүй. Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг журамлаж хорих ялыг нэг жил болгож өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгч Ч.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “ Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Бод 3 жил, Б.Ад 2 жил хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ч.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогч Батбуянгийн 2 тооны морийг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэдгээ хүлээн мэдүүлсээр байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Б.А нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз Ч.Бын гуйлтаар хамт явсан бөгөөд тухайн үед Ч.Б нарыг хулгай хийж буйг огт мэдээгүй гэх боловч шүүхээс хулгайн хэрэгт үйлдлээрээ нэгдсэн гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрдөг.

Ч.Б нь ам бүл дөрөв, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг залуу гэр бүл юм. Мөн 75 настай ээжтэй ба ээж нь элэгний хатуурал, цероз гэх оноштойгоор эмчилгээтэй, нагац ах Ц.Батсуурь гэгч нь Ч.Бын гэр бүлийн асрамжинд байдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас хасч ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Мөн Б.Аын хувийн байдлын тухайд: Б.А нь ам бүл хоёр,  66 настай ээжийнхээ хамт амьдардаг. Ээж нь даралт ихтэй, зүрх өвддөг, байнгын эмчилгээтэй, хүүгийнхээ асрамжинд байсан. Б.А нь урьд өмнө ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй, гэм буруугаа ойлгон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр байхгүй зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2 жил хорих ялаас хасч хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.  

6. Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол, тайлбартаа : “Өөрийн гэм бурууг гэмшиж байна. Эхнэр, 8 хүүхдийн хамт амьдардаг, амьдралын боломж муу, гэр бүлээ авч явдаг тул миний амьдрал байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

7. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б, Б.А болон түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав  нарын гаргасан гомдлын дагуу оролцож байна.

Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б, Б.А, Н.Б, Ж.О нарыг бүлэглэн машин механизм ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ут овоо” гэх газраас хохирогч Ю.Батбуянгийн 2 тооны буюу олон тооны адууг хулгайлж хохирогчид 3 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 98 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан ба хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан. Ингээд дахин нэмэлт ажиллагаа хийж яллах дүгнэлтийг дахин үйлдэж шүүхэд шилжүүлснээр 98 дугаартай шийтгэх тогтоол гарсан.

Анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдолд шүүгдэгч нар нь бүгд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг агуулгаар гомдлыг гаргасан байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдэг бол прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрснөөс  гадна хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн ойлголт байх ёстой гэж үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б, Б.А, Н.Б, Ж.О нар нь гэм буруугийн талаар маргаантай оролцсон.

Н.Б нь Ж.Отэй айраг авахын тулд холбогдсон, хэний адуу тууж ирж байгааг мэдээгүй гэж, Б.А нь би тухайн үед явахдаа энэ хүмүүсийг хулгай хийж байгааг мэдээгүй, би оролцоогүй гэж, шүүгдэгч Баттогтох нь би оролцоогүй намайг машинаа засуулахаар дагуулаад явсан, Аюушжав нь шүд өвдөж байсан учраас тухайн өдөр  машинаас ч буугаагүй гэх агуулгатай мэдүүлгүүдийг тус тус гаргасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа хэргийн бодит байдалд дүгнэлт хийж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан 98 дугаартай шийтгэх тогтоол  гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг заавал хэрэглэхээр тогтоосон заалт биш, шүүх өөрийн дотоод итгэлийг удирдлага болгож хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж, энэ заалтыг хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэл болохгүй.

Ийм учраас шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважаваас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг 1 жил болгож өгнө үү гэсэн гомдол, шүүгдэгч Ч.Б, Б.А нар, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаагаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг нэг жил болгож өгнө үү гэсэн гомдол, шүүгдэгч Н.Бын оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэх гомдол,  санал хүсэлтүүд нь үндэслэлгүй байна.

Шүүх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, ээж маань 66 настай хүн байдаг. Ар гэрт ээжид ус түлээг нь дөхүүлж өгөх хүн байхгүй, би хүн дагаж явснаас болж хэрэгт орлоо.  Гэм буруугаа хүлээж, харамсаж байгаа тул надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

9. Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Хүн дагаж хэрэгт орсондоо харамсаж байна. Би тодорхой эрхэлсэн ажилгүй, найман хүүхэдтэй, хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг. Нэг оюутантай ба энэ жил нэг оюутан нэмэгдэж байна. Амьдралыг минь харгалзан үзэж оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

10. Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбар болон саналдаа: “ Н.Б-ын ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шат хүртэл гэм буруугаа хүлээж оролцсон. Шийтгэх тогтоолд Н.Б нь “Би уг малыг эзгүй хашаанд тууж оруулаад,  Б.А нь бугуйлдаж хоёр морь бариад, үлдсэн адуугаа гаргасан.

Барьж авсан морио нэг нэг хөтөлж яваад 7-8 км газарт байрлах “Ут овоо” гэх газар очсон гэх мэдүүлгийг өгсөн. Ю.Б-гийн 2 тооны мал хулгайлах гэмт хэргийг Ж.О, Ч.Б, Б.А нартай бүлэглэж хулгайлж үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан 3 сая төгрөгөөс 1.500.000 төгрөгийг Ч.Б, Н.Б нар төлсөн байдаг. Улсын яллагч нь Н.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзсэн. Энэ нь Үндсэн хуульд зааснаар гэр бүл, төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхэд нь халдаж байна гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Б нь Ж.О-тэй төрөл садны холбоотой гэдгээ хэлсэн.  Ийм учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэхгүй. Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хамгийн шударга хүн гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Хэрэг гарсан нөхцөл байдлыг нотлон тогтооход шударга хүнийхээ хувьд үүрэг гүйцэтгэсэн. Ийм учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.

Шүүгдэгч Н.Б нь хувийн байдлын хувьд нэг, гуравдугаар курсийн 2 оюутантай, эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хүүхдээ хардаг учраас хааяа нэг хөлсний ажил хийж амьдралаа залгуулдаг хүн байдаг. Нөхөр Н.Б нь хорих ял эдэлбэл өрх толгойлсон нэг эмэгтэй үлдэнэ. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолтой, 2235000000035 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ч.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Н.Б нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ж.О, Ч.Б, Б.А, Н.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. 

3. Шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О, Б.А нар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутаг “Ут-овоо” гэх газраас хохирогч Ю.Батбуянгийн 2 тооны адуу  буюу олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  :

- хэргийн газрын үзлэгийн:  “..адуу нядлагдсан гэх Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутаг “Ут овоо “  нэртэй газар элсэрхэг бага зэргийн цастай, овоо, уултай газар байв. Тухайн газарт малын гүзээтэй баасыг 2 газарт асгаж шороогоор булсан байдалтай, улаан өнгийн зүйл цасан дээр асгарч газарт шингэсэн байдалтай,  цэгээс 30 метрт 20 см өргөн,  хээ муутай, баруун талын дугуйны мөр илэрч, дугуй хоорондын зай 136 см өргөнтэй дугуйны мөрийг дагаж явахад 300 метрт саарал өнгийн буфер чулуунд цохигдож хагарсан байдалтай олдсоныг тусгайлан үзлэг хийхээр хураан авч цааш үргэлжлүүлэн дугуйн мөр дагаж явахад 1км 200 метрт  малын саравчтай өвөлжөөн дээр хүрч саравч дотор мал амьтны мөр үүссэн, саравчнаас 2 адуу хөтөлсөн 2 хүний мөр адуу нядлагдсан гэх “Ут овоо” гэх газарт хүрсэн ба мөн хашаанаас илэрсэн  мотоциклийн мөрийг дагаж явахад олон тооны малын мөр илэрсэн,  ертөнцийн зүгээр хойд зүг рүү “ гялбаны хяр” гэх нэртэй газар явсныг фото зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 1-2, 5-10,15,18-20,33-35, 113 дугаар хуудас/

- Эд зүйлд үзлэг хийсэн үзлэгээр .....саарал, хар өнгийн пиовор 31 см урттай, хагарсан шаврын хамгаалалтын дотор хэсгийг замаскаар тогтоосон, хагархай хэсэгт боолт орох нүхтэй буферны үлдэгдэл байв..гэх тэмдэглэл /1дүгээр хх-ийн 13 вугаар хуудас/,

- Автомашинд үзлэг хийсэн: “...Адарганы цагдаагийн хяналтын постын гадна 33-32 УВХ дугаартай мөнгөлөг өнгийн,  “х-тrail” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд уг машины буруу талын гэрлэн дохиог шрүпээр тогтоосон, урьд буфер бага зэрэг салсан байдалтай, буруу талын хацар крыло сул салангид байдалтай, крылоны шаврын хаалт хэсгээрээ салж хагарч унасан  байх ба багажны хаалгыг онгойлгож үзэхэд цус,  баас мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон модон иштэй хүрз 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут 1 ширхэг, цайвар ногоон өнгөтэй шуудайг нээж үзэхэд цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг гялгар уут, суран бугуйл зэрэг зүйлс байх ба тэдгээрийг  хураан авав “ гэх тэмдэглэл  /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

- Адууны арьсанд үзлэг хийсэн : “...Тариалан сум, салдаг самбарын хажуудах хөндлөн салдаг замын ус зайлуулах хоолойтой гүүрэн доор тухайн адууг нядлаж бэлтгэсэн хүнээр заалган, нуусан зүйлсийг гаргуулахад ороож бөөрөнхийлсөн  хонгор зүсмийн адууны арьс, алаг зүсмийн, ороож бөөрөнхийлсөн адууны арьс 1 ширхэгийг дэлгэж үзэхэд хөл, толгойтойгоо, алаг адууны арьс толгой, хөл, сүүл, дэлийг хураан авав” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай мөр судлалын шинжээчийн: “шинжилгээнд ирүүлсэн хэргийн гэзрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн хуванцар эд ангийн хэлтэрхий хэсэг нь шинжилгэээнд тэнцэнэ,  шинжилгээнд тэнцсэн хар саарал өнгийн хуванцар зүйлийн хэлтэрхий хэсэг нь шинжилгээнд ирүүлсэн “Ниссан Х ТRAiL” загварын, 33-32 УВХ улсын дугаартай саарал өнгийн автомашины эд ангийн нэг хэсэг мөн байна” гэх дүгнэлт /1 дүгээр хх 112 дугаар хуудас/ 

-хохирогч Ю.Б-гийн:  “ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр адуугаа харахад 12 настай хонгор зүсмийн, 9 настай алаг зүсмийн 2 тооны адуу хулгайлагдсаныг эрж яваад “Ут овоо” гэх газарт 2 мал нядлагдсан сэвс байгааг олж харсан, 2 хүн хашаанаас 2 морь хөтөлж ирээд уг газар нядласан байсан,  2-3 хүн адууг хулгайлсан байна гэж бодсон”  гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 43-47 дугаар хуудас/,

- гэрч Б.Ц-гийн: ”би бууз хийхээр адууны мах хайж байхад 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Наранбулаг сумын зарын групп дээр адууны мах зарна гэсэн байхаар нь 95111801 дугаарт холбогдоход адууны хаа, гуя хамтад нь авбал 1кг махыг 8000 төгрөгт өгнө гэхээр нь авахаар болж, 11 дүгээр багийн төвийн ойролцоо очиход Ч.Б  байсан. Адууны мах 49 кг болж 390.000 төгрөг болсноос 200.000 төгрөг данс руу нь шилжүүлж, үлдсэн мөнгийг нь тэтгэвэр буухаар өгөхөөр болж махыг авч ирээд одоо бууз хийж байна”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх 60 дугаар хуудас /,

- гэрч Б.Б-гийн  “...манай нөхөр надад “  Баттогтох /Луна/ бид хоёр Завхан сумын “Ут –овоо” гэх газарт 2 адуу нядласан, махыг нь машинд үлдээсэн тул очиж авна” гээд 01 дүгээр сарын 14 –ний өглөө явсан. Би зах руу яваад ирэхэд  манай нөхөр, Баттогтох хоёр ирчихсэн байсан, жижиг гэр рүү адууны мах зөөгөөд оруулчихлаа гэж хэлсэн. Ингээд тэр  хоёр адууны арьс ширийг хаячихаад ирье гэж яваад удахгүй ирээд адууныхаа арьс, толгой, шийрийг хаячихлаа” гээд гэртээ ирсэн”  гэх мэдүүлэг /1 дүгээр  хх 52 дугаар хуудас/,

- гэрч Ц.Н-ийн: “...80510515 дугаарын утаснаас Н.Б залгаад “ намар өгсөн 900.000 мянган  төгрөгөндөө тооцоод адууны мах ав” гэж хэлэхээр нь нөхөр Нямсүрэнг явуулж, нэг бүтэн адууны мах авахуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх 58 дугаар хуудас/  зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.О, Ч.Б, Б.А, Н.Б нарыг бусдын хоёр тооны адуу буюу олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Шүүгдэгч нар нь хохирогч Ю.Б-гийн 2 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн  “NISSAN Х ТRAIL ” загварын, 3332 УВА улсын дугаартай автомашин, шүүгдэгч Ж.О-гийн эзэмшлийн, Sanya загварын, улсын дугааргүй мотоциклийг тус тус ашигласан, шүүгдэгч Н.Б, Ч.Б нар нь хулгайлсан 2 тооны адууны махыг нэг нэгээр нь авч, Н.Б нь  Ц.Нууцжоожид 900.000 төгрөгийн өрөндөө өгсөн, Ч.Б нь  уг махыг зарж борлуулан 800.000 төгрөгийн орлого олсон зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг албадан хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн  гэж үзлээ.

6. Шүүгдэгч Ж.Огийн  өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ч.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Н.Б нарын давж заалдах шатны шүүхэд  гаргасан : “ Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 –т заасныг  журамлан   хөнгөрүүлж өгнө үү “ гэх агуулга бүхий  гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт “ ...  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэх дүгнэлт хийж,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар 2.1, 2.2, 2.4-т зааснаар Ж.О, Б.А нарт тус бүр хоёр жил, Ч.Бод гурван жил , Н.Бд хоёр жил найман  сар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцсэн байна.

6.2. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болохоор хуульчилсныг шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээхгүй.

6.3. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийг хэрэглэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял   оногдуулах зохицуулалтын  суурь үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нөхцөл бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд хэрэгжсэн байхыг ойлгоно. 

Түүнчлэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэг нь: 1.Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Б, Ч.Б, Ж.О нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлээгүй, тухайлбал,  гэмт хэрэг хамтран оролцсон талаар маргасан нь  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх  дээрхи шаардлагад нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял нь тэдгээрийн шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ч.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Н.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.            

8. Шүүгдэгч Ж.О, Ч.Б, Б.А, Н.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 73 /далан гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.О-гийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ч.Б, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Н.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Б, Н.Б, Ж.О, Б.А нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 73 /далан гурван /хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН