Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Э***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А***

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***

Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн иргэн Б.Э***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:             

          1.1. Нэхэмжлэгч Б.Э***ас “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн иргэн Б.Э***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан. 

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Б.Э*** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, *** хаягт байрлах, *** м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшиж, мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр 01-ний өдрийн *** дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрх нь хүчингүй болсон.

          2.2. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийг эс зөвшөөрч,  2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар албан бичгээр хариу авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:                                                                                   

3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэсэн хариуг ирүүлсэн тул Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Б.Э*** надад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот захирамжийн дагуу тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр ***эд *** м.кв талбай бүхий газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг олгосон.

Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг 2023 оны 08 дугаар сард олж мэдээд байна. 

Газар ашиглах эрх олгох шийдвэр нь хэдийгээр 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарсан хэдий ч төрийн байгууллагын ачаалал дарааллаас шалтгаалан газар эзэмших эрхийн гэрээг надтай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, *** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох үүрэг нь төрийн байгууллагын үүрэг байна.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдсанаар буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчид газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж эхлэх нөхцөл хуулийн дагуу бүрдсэн болно.

Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйл баримт огт байхгүй байхад уг зүйл заалтыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй буюу захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх зарчмын зөрчиж байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл бүрдээгүй юм.

Учир нь газар эзэмшүүлэх гэрээг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан бөгөөд хуульд зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаас үзвэл гэрээ байгуулагдсанаар уг 2 жилийн хугацаа тоологдож эхлэхээр ойлгогдож байна.

Гэвч захиргааны байгууллага уг хугацааг үл хайхран 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу гэрээ байгуулагдсанаас жил гаруй хугацааны дараа уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл миний эзэмшиж буй газрыг хүчингүй болгож буй талаараа надад захиргааны байгууллагаас нэг ч удаа мэдэгдээгүй. Төрийн захиргааны байгууллагын энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т заасныг илтэд зөрчиж байна.

Мөн захиргааны акт гарсан бол түүнийг эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд заавал мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хариуцахаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд тодорхой заасан байна. Гэвч захиргааны байгууллагаас миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаараа надад нэг ч удаа мэдэгдээгүй болно.

Уг газрын зориулалт нь Худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор бөгөөд хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэх олон хэлцэл, уулзалтыг нэхэмжлэгчээс зохион байгуулж, уг ажлыг эхлүүлэхээр зэхэж байсан.

Миний хувьд газар эзэмшүүлэх гэрээ, эрхийн гэрчилгээ олгогдсон өдрөөс уг газрыг зориулалтын дагуу эзэмших эрх олгогдсон гэж үзсэн тул цуцлах талаар огт төсөөлөлгүй байсан. Хэрэв захиргааны байгууллага мэдэгдэх сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийсэн бол дээрх төөрөгдөл үүсэхгүй.

Маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 27.1.2 дахь заалт гэж үндэслэсэн боловч уг хуульд ийм зүйл заалт байхгүй байгаагаас үзвэл захиргааны байгууллага уг сөрөг нөлөөлөл бүхий актад хэрхэн хайнга хандсан нь харагддаг.

Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2022 оны 11-р сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Б.Э***д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Газар эзэмших эрхийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон. Үүнээс хойш газар эзэмших эрхийн гэрээг газрын албатай байгуулаагүй. 2021 онд газрын албатай гэрээ байгуулсан. 2022 онд газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн энэ шийдвэрийг гаргахдаа захиргааны байгууллагаас мэдэгдээгүй гэдэг үндэслэлийг нэхэмжлэгч гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.

          2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээ гарсан байдаг. Анх газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа *** м.кв газар эзэмшүүлнэ гэдэг захирамжтай. Мөн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн олгосон гэрчилгээн дээр *** м.кв гэж гарсан. Өөрийн хувийн байгууллагаар хийлгэсэн кадастр дээр *** м.кв гэж гарсан. Эндээс харвал *** м.кв-аар олгосон боловч газар эзэмших эрхийн гэрээ байгуулахдаа *** м.кв гэж байгуулсан байна. Энэ нь 2021 онд байгуулагдсан гэрээ байгаа учраас үүнээс тоолбол хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй байхад хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

          Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Гэрчилгээг нь аваад үзэхэд *** м.кв, *** м.кв гэсэн зөрүүтэй байгаа. Гэрээ хэзээ байгуулагдсаныг харахад хоёр гэрээ байна. Нэг нь 2017 оны гэрээ, нэг нь 2021 оны гэрээ. Хоёр тал зөвшөөрөөд гарын үсэг зураад баталгаажуулснаар гэрээ байгуулагдсанд тооцох ёстой. 2017 оны гэрээн дээр зурсан гэх баримт харагддаггүй. 2021 оны гэрээн дээр анх хүсэлт гаргахдаа зурж байсан гарын үсэг, одоо хэргийн ажиллагаанд оролцоод явж байхдаа зурсан гарын үсгүүд бүгд хэв загвар нь адилхан.

          Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тайлбарт газар эзэмших эрх нь хэзээнээс үүссэн гэж үзэх вэ гэвэл газар эзэмших эрхийн гэрээ байгуулагдсанаар үүснэ гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд 2021 онд газар эзэмших гэрээгээ байгуулснаар газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх нь үүссэн байна. Тэгэхээр 2021 оноос нэг жилийн дараа буюу 2022 онд газар эзэмших эрхийг хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Б.Э*** нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ***ийн гудамжинд үйлдвэр үйлчилгээний эрхлэх зориулалтаар шинээр газар эзэмших хүсэлт гаргаж, тус дүүргийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *** дугаар захирамжаар нэгж талбарын *** дугаар бүхий *** м2 газрыг 15 жилийн хугацаатай, 32 дугаар хороо ***эд худалдаа үйлчилгээний зориулалтаар *** дугаар гэрчилгээг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр олгож, мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу судлаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д (тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй) дахь заалтыг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

          Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдааны үнэ төлөөгүй, мөн 33.1.1-д заасан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Мөн албанаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *** албан тоотоор гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Монгол шууданд *** дугаарт бүртгэж, шууданч Туул гарын үсэг зурж, хүргүүлэхээр явсан. Мэдэгдэлд заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй болно.

          Мөн нэхэмжлэгч Б.Э*** нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивын хэлтсээр маргаан бүхий захиргааны актыг хуулбар үнэн даруулж, гардаж авсан тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасны дагуу 30 хонгийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргаагүй 54 хоног хэтрүүлж нийслэлийн Засаг даргад 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэгт бүртгүүлсэн байдаг.

          Иймд Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана." гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Гэрээ байгуулаагүй гээд байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар бичиг баримтаа хаясан, үүний дагуу дахин шинээр олгож өгнө үү гэсэн байдлаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Дараах үндэслэлээр нэхэмжлэгч ***ын гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн Б.Э***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан.

          2.1. ... Газар эзэмших эрх олгосон шийдвэр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гарсан хэдий ч газар эзэмших гэрээг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан байхад гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр гэрээ байгуулагдсанаас хойш 1 жил гаруйн хугацааны дараа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй,

          2.2.Миний эзэмшиж буй газрыг хүчингүй болгож буй талаараа надад захиргааны байгууллагаас нэг ч удаа мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй.

3.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар Б.Э***д маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, *** хаягт байрлах *** м.кв газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, /х.х 43/, мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар  захирамжаар ***ын *** м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. /х.х 28/

4.Хариуцагчаас гаргасан хариу тайлбарт “Б.Э*** нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.2-д заасан дуудлага худалдааны үнэ төлөөгүй, 33.1.1-д заасан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг бол маргаан бүхий *** дугаар захирамжид заасан үндэслэл нь эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр ***ын газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

          5.Б.Э*** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон боловч 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан тул энэ хугацаанаас тооцвол газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл бүрдэхгүй гэж маргадаг.

          6.Гэтэл Б.Э***д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар /х.х 43/олгосон газар эзэмших эрхийн гэрээг  2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. /х.х 56-58/

          Түүнчлэн Б.Э*** нь Д-*** дугаар эзэмших гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тул түүний хүсэлтээр 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших гэрчилгээг дахин олгож, /х.х-38-40/ мөн өдөр дахин Газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

          7.Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.Э***д *** дүгээр албан бичгээр ...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 ..., 40.1.6 дахь заалтыг тус тус зөрчиж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлсэн байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдэж ... тайлбар, санал, нотлох баримтыг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдсэн байдаг /х.х 30/ 

          8.Уг албан бичгийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн боловч /тус дүүргийн Газрын албаны явуулсан бичгийн дэвтэр болон Монгол шуудан ХК-ийн ажилтан /х.х 31/ бичиг хүлээн авсан тэмдэглэл/ Б.Э*** заасан хугацаанд буюу 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор тайлбар, санал, нотлох баримт ирүүлээгүй байна.

          9.Түүнчлэн Б.Э***д маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар  захирамжийг гардуулсан талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Архивын лавлагаа, хуулбар олгосон бүртгэлд газрын үсэг зурж хүлээн авсан нь тэмдэглэгджээ. /х.х-32-33/

          10.Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна.

          11.Нэхэмжлэгч Б.Э*** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсноос хойш тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй.

          12.Түүнчлэн хариуцагчаас ***ын газар эзэмших эрхийг хүчингүй болгохын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан эрхээр хангасан байна.

          13.Иймд дээрх үндэслэлүүдээр ***ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар  захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан Б.Э***ас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн иргэн Б.Э***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.АДЪЯАСҮРЭН