Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

        Д.Д холбогдох эрүүгийн 

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Д холбогдох, 2235000140108 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д-гийн Д, 1961 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын  дугаар баг  тоотод оршин суух хаягтай, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 195 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 1231 дүгээр зүйлийн 3, 138 дугаар зүйлд зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар: .

1. Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын нутагт 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Х.Д-тэй түүний туслах малчнаар ажиллахаар харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаа болгож дөрвөн зуун мянган төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөр шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар цагаатгах тогтоолоор: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2235000140108 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Бууч ургийн овогт Даваасамбуугийн Даваадоржийг цагаатгаж,

- шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

4. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх прокурорын шүүгдэгчийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинж хангагдаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иргэн Д.Д нь Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр багийн иргэн Х.Дтэй 2021 оны 11 дүгээр сард туслах малчнаар ажиллахаар харилцан тохиролцож, цалингийн урьдчилгаа болгож 400,000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Х.Д-гийн ...Тэгээд тэр өдрөө эхнэр бид хоёр сум руугаа явсан бөгөөд сумандаа очоод хэд хоносны дараа надруу Даваадорж утсаар яриад хэд хоногоос очно, эндээс гутал авах гэсэн юм, бас гэртээ хэдэн төгрөг үлдээх хэрэгтэй болчихлоо” гэж хэлээд надаас цалингийн 50 хувь буюу 400,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Тухайн үед надруу Хаан банкны 5819399521 дугаартай дансыг явуулсан. Би маргааш өдөр нь сумын төв орж Хаан банкаар үйлчлүүлэн Даваадоржийн мөнгийг дансаар нь шилжүүлсэн. Тэгээд үүний дараа Даваадорж утсаар холбогдож, маргааш очно гээд ярьж байсан. Тэгээд хэд ярьсны дараа Даваадорж утсаа авахаа больсон... гэх мэдүүлэг,

гэрч Ц.Х-гийн ...Хэд хоногийн дараа миний нөхөр лүү Д.Д гэх хүн холбогдоод “эндээс хувцас хунар авах гэсэн юм, мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд дансаа өгсөн. Тухайн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед Х.Д сумын төв орж цалингийн тавин хувь буюу дөрвөн зуун мянган төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тухайн залуу нэг хоёр хоног утсаар холбогдож байгаад сүүлдээ утсаа унтраасан..” гэх мэдүүлэг,

яллагдагч Д.Д-ийн ...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Доржсүрэнтэй утсаар яриад цалингийн урьдчилгаа авмаар байна, 400,000 төгрөг өгөөч, мөнгөний хэрэгцээ байна гэж хэлэхэд Доржсүрэн зөвшөөрч миний дансны дугаарыг аваад удалгүй миний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн байсан. Доржсүрэн над руу 2 удаа холбогдож “ирж малаа маллаач” гэж хэлэхэд нь “ явна удахгүй очлоо гэж хойшлуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд Д.Д нь иргэн Х.Д-гийн туслах малчин авна гэсэн зарын дагуу түүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж харилцан тохиролцож маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр утсаар ярьж, хэд хоногоос очно, эндээс гутал авах гэсэн юм, бас гэртээ хэдэн төгрөг үлдээх хэрэгтэй болчихлоо гэж хэлээд цалингийн 50 хувь буюу 400,000 төгрөг шилжүүлэн авсан боловч очилгүй утсаа тасалж, өөр хүнтэй ярьж тохиролцоод Тэс сум руу хүний мал маллахаар явсан нь бусдыг хуурч байгаа хэлбэр бөгөөд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө хохирогчийн 400,000 төгрөгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул энэхүү гэмт хэргийн шинж хангагдаж байна.

Иймд Д.Д нь бусдыг хуурч залилан мэхэлсэн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дийг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хохирогч Д.Д-тэй түүний туслах малчнаар ажиллахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/102 дугаартай цагаатгах тогтоол гаргасныг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн. Цагаатгах тогтоолд энэхүү хэлцэл нь иргэд хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ байна, залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнэсэн байна.

Прокурор Д.Д-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ урьдын сайхан харилцаанд итгүүлж хохирогчийг хуурсан гэж үзсэн. Шүүгдэгч Д.Д нь хохирогч Х.Дг хуурч 400.000 төгрөгийг авахдаа хохирогчийн малыг маллана гэсэн санаа зорилгогүйгээр залилж авсан байна гэж үзсэн. Шүүхээс шүүгдэгч Д.Дийг урьд нь хөлсөөр мал малладаг байсан байна гэсэн дүгнэлтийг өгөөд хохирогчийг хуурах санаа зорилго байхгүй байсан байна гэж үзсэн.

Тэд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр анх хоорондоо уулзаж тохироод 3 хоногийн дараа буюу 17-нд 400.000 төгрөг авчихаад, шүүгдэгч 2022 оны 3 дугаар сард Тэс сум руу мал маллахаар явсан байсан.

Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш 5 сарын хугацаанд яагаад ажлаа хийгээгүй юм бэ? гэдэг асуудал гарч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Доос асуухад би хүнээр зодуулсан гэж хэлсэн боловч энэ нь нотлогдсон зүйл байхгүй байна. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзсэн. Мөн шүүх нь шүүгдэгчийг туслах малчнаар ажиллаж амьдралаа залгуулдаг, түүний амьдралын хэвшил болсон асуудлаар хохирогчтой тохиролцоо хийсэн тул хариу төлбөр огт хийхгүй буюу ажиллахгүй гэсэн санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн.  Шүүх нь шүүгдэгч болон түүний охины өгсөн “манай аав бол тодорхой оршин суух хаяггүй, энэ тэнд явдаг, дахиж хүнтэй гэрлээгүй, туслах малчин хийгээд явдаг” гэх мэдүүлэгт үндэслээд хохирогчийг хуурч мэхлэх санаа зорилгогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрчлөлт орж, 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлүүдийн 1.3 дахь заалтуудыг хүчингүй болгосон. Ийм учраас давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд магадлалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж өгнө үү гэсэн дүгнэлтийг  гаргаж байна” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа : Д.Д нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэгт хохирогчийн 11 дүгээр сард худалдааны захын узелээр зарлуулсан туслах малчнаар ажиллуулна гэсэн зарын дагуу хохирогчтой уулзаж, 800.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцоод 400 төгрөгийг урьдчилж  авсан гэдгээ хэлсэн. Д.Д нь эхнэрээсээ салсан, ганц бие амьдардаг учраас айл айлаар дамжиж туслах малчин хийж амьдралаа залгуулдаг ийм хүн юм. Даваадорж нь урьдчилгаа болгож өгсөн 400.000 төгрөгийг бэлнээр буцаан өгөх боломжгүй, туслах малчныхаа ажлыг хийнэ гэж хэлсэн. Хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь хоорондоо яг тохирдог.

Прокуророос Д-ийг Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Харин Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхээс тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэг нь туслах малчин авч ажиллуулах, нөгөө нь туслах малчин хийж хөлс авах гэсэн хүсэл зоригоо илэрхийлж аман хэлцлийг хийсэн. Энэ нь хөлсөөр ажиллах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийг залилж мэхлэх санаа зорилгыг агуулаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 367 дугаар зүйлд зааснаар ажлын хөлсөө урьдчилж авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул хохирогч хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардах эрхтэй байна ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Д холбогдох, 2235000140108 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Д.Д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Прокуророос шүүгдэгч Д.Д-ийг 2021 оны 11 дүгээр сард иргэн Х.Дтэй туслах малчнаар ажиллахаар тохиролцож, цалингийн урьдчилгаа болгож 400.000 төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

3.1. Хохирогч Х.Д нь Увс аймгийн Сагил сумын 1-р багийн нутагт мал маллан амьдардаг байх ба тэрээр туслах малчин хөлсөөр ажиллуулах зорилгоор 2021 оны 11 дүгээр  сарын 14-ний өдөр Улаангом сумын 12 дугаар багт байрлах “Итгэлт” барааны захын зарын цэгээр “туслах малчин ажиллуулна ” гэх зар явуулсан, уг зарын дагуу Д.Д түүнтэй утсаар холбогдож, улмаар тэд уулзан, Д.Д нь нэг сарын 800.000 төгрөгийн цалин хөлс авч, туслах малчнаар ажиллахаар харилцан тохиролцсон, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Х.Д нь Д.Дийн хүсэлтээр цалингийн урьдчилгаанд 400.000 төгрөгийг түүний ХААН банкны  5819399521 тоот дансанд шилжүүлсэн, Д.Д нь тохирсон хугацаандаа очиж туслах малчнаар  ажиллаагүй зэрэг үйл баримт тус тус хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.   

3.2. Анхан шатны шүүх хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Д, Х.Д нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба шүүгдэгч Д.Д нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдол бүрийг гэмт хэрэгт тооцохгүй талаар дүгнэж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал буюу хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.   

4. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд Д.Д нь иргэн Х.Д-гийн туслах малчин авна гэсэн зарын дагуу түүнтэй 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уулзаж харилцан тохиролцож маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр утсаар ярьж, хэд хоногоос очно, эндээс гутал авах гэсэн юм, бас гэртээ хэдэн төгрөг үлдээх хэрэгтэй болчихлоо” гэж хэлээд цалингийн 50 хувь буюу 400,000 төгрөг шилжүүлэн авсан боловч очилгүй утсаа тасалж, өөр хүнтэй ярьж тохиролцоод Тэс сум уруу хүний мал маллахаар явсан нь бусдыг хуурч байгаа хэлбэр бөгөөд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө хохирогчийн 400,000 төгрөгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул энэхүү гэмт хэргийн шинж хангагдаж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү”  гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д урьд нь туслах малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “туслах малчин ажиллуулна” гэсэн зарын дагуу анх удаа хохирогчтой уулзаж, малчнаар ажиллахаар тохиролцсон нь нотлогдсон, шүүгдэгч нь хохирогчтой уулзахаас өмнө түүнийг хуурч, өөрөөр хэлбэл туслах малчнаар ажиллах нэрийдлээр түүний эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах санаа, сэдэлттэй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2021 оны 11-р сард зах дээр явж байгаад “ туслах малчин ажиллуулна ” гэсэн зарын дагуу Х.Д гэгч хүнтэй утсаар холбогдож, уулзаж ярилцаад тэднийд туслах малчнаар сарын 800.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Доржсүрэнтэй утсаар холбогдож, мөнгөний хэрэгцээ байна, цалингийн урьдчилгаа болгож 400.000 төгрөг авмаар байна” гэхэд тэр зөвшөөрч, миний дансны дугаарыг аваад удалгүй мөнгө шилжүүлсэн байсан. Би уг мөнгийг авсан боловч тэр үедээ хүнээр зодуулаад бие өвдөөд очиж чадаагүй. Доржсүрэн над уруу 2 удаа утсаар холбогдож, ирж мал маллаач гэж хэлсэн, би удахгүй очно гэж хэлээд хойшлуулсан боловч очиж чадаагүй. Х.Дгээс авсан 400.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Би тэднийд малыг нь маллаж өгч хохирлыг барагдуулна гэж бодож байна. Би ганцаараа амьдардаг, өөрийн гэсэн орон гэргүй, өвлийн улиралд хөдөө явж айлд туслах малчин хийж амьдралаа залгуулж өдийг хүрсэн. Зуны улиралд хүмүүс тэр бүр туслах малчнаар ажиллуулаад байдаггүй тул Улаангомд  ирж ойр зуурын  хар бор ажил хийдэг” гэж мэдүүлж, тохиролцсоны дагуу Х.Дгийнд очиж малчнаар ажиллаж чадаагүй шалтгаанаа тайлбарласан байх ба түүний мэдүүлгийг үгүйсгэсэн өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл түүнийг анхнаасаа туслах малчнаар ажиллах санаа зорилгогүй, хохирогчийг хуурч, залилах сэдлээр түүнтэй холбогдож цалингийн урьдчилгаа 400.000 төгрөг авсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотолгоо хэрэгт тогтоогдоогүй болно. 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/102 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                    Л.АЛТАН