Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0794

 

Д.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ч-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/64 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Ч-г тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Ч-ийн ажилгүй байсан 87 хоногийн цалин 4.546.098 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч байгууллагын зүгээс саналаа бичгээр Биеийн тамир, спортын газрын даргад хүргүүлсэн боловч Д.Ч-г чөлөөлөхгүй байх талаар хариу ирүүлээгүй нь манай явуулсан саналаас татгалзсан гэж үзэх боломжгүй юм. Иймд заавал бичгээр хариу ирүүлсэн байхыг хуулиар зааж өгөөгүй бөгөөд Улсын дээд шүүхийн 1996 оны 216 дугаар тогтоолын дагуу заавал хариу ирүүлсэн байхыг шаардах боломжгүй билээ. Мөн салбарын буюу Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар томилох, чөлөөлөх харилцааг зохицуулсан тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох, чөлөөлөх харилцааг зохицуулсан тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч  талд 87 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 4.546.098 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд орж ирэн шүүхийн шийдвэрийн агуулгыг уншиж сонсгохдоо яг хэдэн хоногийн ажилггүй байсан хугацааны цалин хэдэн төгрөг болж байгаа талаар хэлэлгүй, ажилгүй байсан хугацааны цалинг гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, агуулгыг зөрчсөн үйлдэл юм. Дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байтал эргэлзээтэй асуудлаар шийдвэр гаргасан үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 257 дугаар магадлалаар Д.Ч-г тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  Б/135 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/63 дугаар захирамжаар Д.Ч-г аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар эгүүлэн томилжээ.

Гэтэл 4 хоногийн дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/64 дүгээр захирамжаар дахин үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба уг захирамжид Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасныг тус тус баримталсан байна.

 Нэхэмжлэгч Д.Ч “Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/64 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. Тодруулбал, 

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх” гэж тус тус заасан нь Засаг даргын ерөнхий эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт бөгөөд аймгийн Засаг дарга энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гагцхүү Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлэх бөгөөд маргаан бүхий актад нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаагаа тодорхойлоогүй нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг /Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5/ зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан зөвшилцөх ажиллагаа хэрэгжээгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх ба маргаан бүхий актын улмаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ажлаас чөлөөлөх зөвшилцөх бичгийг Биеийн тамир, спортын газрын даргад хүргүүлсэн боловч чөлөөлөхгүй байх талаар хариу ирүүлээгүй тул манай саналаас татгалзсан гэж үзэхгүй” гэх гомдол үндэслэлгүй. 

          Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана”,  108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж зааснаар хуралдаан даргалагч гагцхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлах бөгөөд уг агуулгыг шүүхийн шийдвэрт бичгээр тусгахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг мөнгөн дүнгээр тогтоосон нь хуульд харшлахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 87 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.546.098 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба “өмнөх шүүхийн шийдвэрт заасан хэмжээнээс илүү олгосон, тэтгэмж олгосон тул дахин цалин нэхэмжлэх эрхгүй” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авч дээрх нөхөн олговороос суутган тооцох боломжгүй, харин илүү олгосон гэх цалин хөлс, тэтгэмжийг нэхэмжлэгчээс эгүүлэн шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.     

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй атал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр эсгэж, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр, удаа дараа ажлаас чөлөөлж байгаа зөрчил нь Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг анхаарах нь зохистойг тэмдэглэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                

                            

                            

                                                 ШҮҮГЧ                                   С.МӨНХЖАРГАЛ 

                                                  ШҮҮГЧ                                  Ц.ЦОГТ 

                                                  ШҮҮГЧ                                  О.НОМУУЛИН