Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00982

 

Б.Батнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02647 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1184 дүгээр магадлалтай,

Б.Батнасангийн нэхэмжлэлтэй

“Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5 117 434 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-аас цалингийн нөхцөлөөр 2 500 000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлд авсан. Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулах үед би гэрээг сарын 3,1 хувийн хүүтэй гэж бодож ойлгосон. 2014 оны 7 дугаар сараас сарын хүү нь өсч 4,1 хувь болсон, мөн сүүлийн саруудад бүр 8,5 хувийн сарын хүүтэй байна. Би гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж байсан ба нийт 973 700 төгрөг төлсөн. 8 сарын дараа үлдэгдэл нь 3 990 413 төгрөг болсон байна. Энэ мэтээр “Сар шинэ интернэшнл” ББСБ нь мөнгө хүүлж, намайг хохироосон зээлийн гэрээ байгуулсныг би мөнгөө бэлнээр төлөх явцдаа мэдлээ. “Сар шинэ интернэшнл” ББСБ-д гэрээ цуцлахаар хандсан боловч огт хүлээж авахгүй байна. Би энэхүү цалин барьцаалсан зээлийн гэрээг хийхдээ тэдний маркетингийн менежерийн үгэнд итгэж төөрөгдсөн. Уг зээл нь Монгол Улсын банкны баталсан журам, дүрэмд байдаг юм байна. Би хүүг 3,1 хувь байна гэж бодож, жил хоног сар явах тусам ихэснэ гэдгийг ойлгоогүй эндүүрч зээл авсан. Иймд “Сар шинэ интернэшнл” ББСБ-тай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн цалин барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батнасан нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Сар шинэ интернэшнл” ББСБ-аас 2 500 000 төгрөгийг зээлж авахдаа Б.Батнасан нь ямар хэлцэл хийх гэж байгаагаа мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээний эхний хуудсанд зээлийн эргэн төлөлтийн графикийг хүснэгтээр харуулсан байсан. Зээлийн гэрээг түүнд танилцуулсан. Б.Батнасан нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэн тул өөрөө танилцаад гарын үсгээ зурсан. Иймд гэрээ хийхдээ ноцтой төөрөгдөн гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй, манай байгууллагаас гэрээнд заасан нөхцөлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэлд 2 046 153 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 2 643 431 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 427 850 төгрөг, нийт 5 117 434 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02647 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан цалин барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Батнасангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Батнасангаас 5 117 434 төгрөг гаргуулж хариуцагч “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгөөс 54 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 830 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс /Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2602002965 тоот данс/ 50 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 96 830 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1184 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 58.2.2.-т заасан үндэслэлгүй тул...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 57 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасныг зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг зээлдэгч Б.Батнасантай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал: цалин барьцаалсан зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн хүүг шаталсан байдлаар төлж дуусах сүүлчийн сар, зээлийн гэрээний хожимдуулсан саруудад сар бүр 8.5 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ байдлыг харгалзан үзэхгүй гомдлыг хангалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгон шийдвэрт өөрчлөлт үндсэн хүүнээс 2 278 824 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 354 929 төгрөг, нийт 2 633 753 төгрөгийг хасаж, үндсэн хүүнд 364 607 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 72 921 төгрөг, нийт 437 528 төгрөг төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зээлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Б.Батнасан нь хариуцагч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д холбогдуулан зээлийн хүүг ойлгоогүй, төөрөгдсөн гэх үндэслэлээр 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 5 117 434 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд цалин барьцаалж, зээл 2 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард сарын хүү 3,1 хувь, 7 дахь сараас сар бүр 4,1 хувь, сүүлийн 1 сард сарын 8,5 хувь гэж, хугацаа хэтэрвэл хүүг сарын 8,5 хувиар тооцох агуулгатай гэрээ байгуулагджээ.

Хариуцагч нь гэрээний дээрх нөхцөлөөр зээлийн үүргийг нэхэмжлэгчээс шаардсан байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч талуудын тохиролцоо хуулийн хүрээнд байх шаардлага тавигддаг. Хоёр шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийг хэрэглэхдээ дараах нөхцөлийг тодруулж, дүгнээгүй нь буруу байна.

1.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.-т зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” гарсан, уг журмыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөрдөх ёстой байна. Монгол банкны ерөнхийлөгчийн уг тушаал нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4.-т заасан эрхийн хүрээнд гарсан тул банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хамаарах юм.

Дээрх журмаар Иргэний хуулиар шууд зохицуулаагүй банкны хүүгийн ойлголт, төрөл, үндсэн хүү, хүү бодох аргачлалыг тогтоосон нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн  хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж заасан хэм хэмжээ тогтоосон актын шинжийг агуулжээ.

Уг журмын 1 дүгээр хавсралтанд ердийн хүүг үндсэн дүнгээс ижил хэмжээгээр бодно гэж, үндсэн дүн гэдэг нь зээл буюу зээлийн хэмжээ байхыг тушаалын хавсралтад тус тус заажээ. Зохигчид нь зээлийн гэрээнд зээлийн хүүг тодорхой хугацаагаар өөр өөр хувь хэмжээгээр тогтоосон нь тухайн зээлийн хүүг тодорхой бус болгож, улмаар дээрх журмын заалтад нийцсэн эсэхийг дүгнээгүй нь учир дутагдалтай болсон байна. Зохигчдын байгуулсан гэрээнд зээлийн хүү өөрчлөгдөх байдлаар тусгагдсан хэдий ч нэхэмжлэгч нь зээлийн хүүг сарын 3,2 хувь гэж ойлгосон гэжээ. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлнэ гэж заасан бөгөөд “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК энэ үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхой бус байна.

2.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 452.2.-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээнд байна. Нэмэгдүүлсэн хүү гэдгийг гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлж төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг хэлнэ гэж дээрх журамд тодорхойлжээ. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэмэгдүүлсэн хүүг бодохын тулд зээлийн үндсэн хүү тодорхой байх ёстой байна.

Гэтэл талуудын байгуулсан гэрээнд зээлийн хүүг эхний 6 сард 3.1 хувь, 7 дахь сараас сарын 4,1 хувь, сүүлийн сард 8.5 хувь гэж тогтоосон байхад зээлийн үндсэн хүүг хэрхэн тодорхойлох талаар анхаараагүй, дүгнээгүй нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй  гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үндсэн хүүнээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага хүлээлгэх тул үндсэн хүү тодорхой бус байхад нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм.

3.Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд “хугацаа хэтэрсэн хоног тутам бодох хүүг 8.5 хувь байхаар тогтоосон” тохиролцоо хуульд нийцсэн эсэхийг шүүх эрх зүйн үүднээс дүгнээгүй нь буруу байна. Зээлийн гэрээнд 3.1 хувь, 4.1 хувь, 8.5 хувь гэсэн гурван өөр зээлийн хүүг тогтоосон атлаа хэтэрсэн хугацааны хүүг 8.5 хувиар тогтоосон нь ойлгомжгүйн дээр журамд зааснаар хэтэрсэн хугацаанд бодох хүү нь үндсэн хүүтэй хамааралтай байна. Иймд дээрхийн адил үндсэн хүүг тодорхойлоогүй нөхцөлд хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамхандын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2., 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1184 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргахдаа урьдчилан төлсөн 58 000 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                  ТАНХИМЫН  ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА