Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 220

 

Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ц.Раашзэвэг, Н.Баяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-, хохирогч Х.Х-, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Б.М-д холбогдох 201719000153 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Д.Батбаяр, Ц.Раашзэвэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-, Б.У-, хохирогч Б.О-, Х.Х- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эгчтэйгээ хамт, ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Б-н М.

Б.М- нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар-Дундговь чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Соната-7” загварын *** ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.А-н жолоодож явсан “Приус” загварын *** ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж А.Э- С.О- Т.Ж- Б.Э- нарын амь насыг хохироож, Х.Х-, Б.О-, Б.А- нарын эрүүл мэндэд хүнд, Ц.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар Б.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М-н жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.М-эс 6,923,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д, 10,831,911 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д, 1,554,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.У-д, 3,353,900 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Х-д, 2,398,412 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-т, 10,666,747 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-д, 11,203,082 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-, хохирогч Ц.Н- нарт тус тус олгож, Г.Б- нь 9,838,918 төгрөгийн, Б.А- нь 10,093,653 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хохирогч Б.О-, Х.Х-, Б.А- нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 4 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Батбаяр, Н.Баяр нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...болсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдийг үндэслэн гаргасан техникийн шинжээч нарын дүгнэлт зэрэг эргэлзээтэй нотлох баримтуудыг үндэслэж ял халдаасанд гомдолтой байна.

1. Осол болох үед 2 машины мөргөлдсөн гэх А цэгийг үндэслэл муутай авсан байдаг. Машины эд ангийг үндэслэн авсан гэдэг боловч 2 машин мөргөлдөх үед машины эд ангиуд эхлээд хэв гажилтанд орж зорчих хэсэг дээр тарж бутран цацарч унадаг. Иймд анх мөргөлдсөн цагийг А цэгээр авсан нь зөв биш гэж үзэж байна. Мөн тэмдэглэлд А цэгийг моторын тос гоожсон байдлыг үндэслэж авсан гэх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудсан дахь шинжээчийн 3896 тоот дүгнэлтээр шинжилгээнд оруулсан эд ангиас тос, масло илрээгүй байгаагаар А цэг худлаа авагдсан нь нотлогддог. 1 дүгээр хавтас хэргийн 197 дугаар хуудсан дахь хоёр машины мөргөлдөх үеийн чиглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож дүгнэсэн байдлаас үзэхэд Приус машины чиглэл эсрэг урсгал руу чиглэсэн байхад Сонота-7 машины чиглэл чигээрээ явж байгаагаар дүрсэлснээс үзэхэд приус машин эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэл бүрэн байна.

2. Гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан, нөхцөл бол согтуугаар үйлдэгдсэн хэрэг байдаг. Тэгвэл Приус машиныг жолоодож явсан Б.А- 3,5 хувь хүнд зэргийн согтолттой байхад шүүх осол гарахад нөлөөлөхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Архи нь жолоочийн самбаачлах хугацааг уртасгаж, замын нөхцөл байдал, орчныг мэдрэх мэдрэмжээ алддаг. Шүүх техникийн шинжээч нарын үндэслэл муутай дүгнэлтийг үндэслэл болгон бусад бодит байдалд үнэлэлт өгөөгүйд гомдолтой байна. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийг үндэслэн дүгнэлт өгөх боломжтой байсан гэж үзэж байна. Хохирогч Б.А-н хувийн байдлын талаар хавтас хэрэгт авагдсан баримтаар /4 дүгээр хх-92/ өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан бөгөөд осол болох үед эрхгүй, эрхээ зохих журмын дагуу сэргээгүй байсан. Энэ талаар шүүх хурал дээр тодруулж асуухад ах замын цагдаа нартай яриад эрх аваад өгдөг гэж хариулж байсан, шүүгч сонсож байсан. Үүнээс дүгнэлт хийхэд техникийн шинжээчид нөлөөлж дүгнэлт гаргуулж байсныг үгүйсгэхгүй байна. Тодруулбал, техникийн шинжээчийн 448 тоот  дүгнэлт /4 дүгээр хх-н 20/-ийг гаргасан 7 шинжээчийн нэрийг байгууллагаас томилж тодорхой нэр заасан байхад шинжээч нар солигдож, шинжээч томилсон тогтоолд нэр заагаагүй, хууль сануулаагүй шинжээч нар дүгнэлт гаргаснаар нотлогдож байна. Дээрх байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж хууль ёсны болон хуулийн өмнө тэгш эрхтэй байх, хуульд захирагдах зарчмыг баримтлахгүй гэмт хэргийг үйлдэгдэхэд согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж яваагүй, аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй Б.А-г гэм буруугүйд тооцож, ял завшуулсан шийдвэр гаргасан гэж үзэн гомдол гаргаж байна.  Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 843 тоот захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан, тус захирамжийн заалтууд бүрэн биелэгдээгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гэрч Т.Ж мэдүүлэгтээ “Би М-н жолоодож явсан машин дотор унтаж явсан. Ослын талаар унтаж явсан болохоор мэдэх зүйл байхгүй байна. Анх намайг байцаахад миний хэлээгүй, яриагүй зүйлийг бичсэн байна” гэж мэдүүлж шүүх хурал дээр өөрийнхөө гэрчийн мэдүүлгийг хуулбарлан авснаа гарган үзүүлж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд Б.М-г урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэрч Т.Ж-ны анхны мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нараас шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 448 тоот шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байгаа. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчиж дүгнэлт гаргах бүрэлдэхүүнд хууль бусаар хоёр шинжээч оролцсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 07 сарын 06-ны өдрийн 607 тоот Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нар Б.А-д сэтгэцийн дүгнэлт гаргажээ. Тус дүгнэлтэд 3,5 хувийн этилийн спирт илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэгт хамаарна. Согтолтын хүнд зэрэг нь ухаан нойрмоглон балартах хэмээх байдал юм. Ухаан нойрмоглон балартах үед орон зай, цаг, хүрээлэн буй юмс үзэгдэл болон өөрийгөө баримжаалах ухаарах чадвар алдагдаж хаана байгаа, хэдэн цаг болж байгаа, хүрээлэн буй орчинд ямар үйл явдал болж байгааг ухамсарлах саруул ухаан балартдаг. Иймд 6-8 цаг тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодох чадваргүй, мөн өөрийгөө авч явах чадваргүй байна гэж дүгнэсэн байна. Иймээс осол аюулаас сэрэмжлэх, осол аюул гарч болзошгүй тохиолдолд самбаачлах чадвар алдагдана. Машин жолоодох, замын хөдөлгөөнд оролцох чадваргүй байна гэж дүгнэсэн байна. Гэтэл техникийн шинжээчид зам тээврийн осол гарахад 3,5 хувийн согтолттой жолооч нөлөөлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

4. Зам тээврийн осол гарах өдөр анхнаасаа хэргийн бүдүүвч зургийг хэрэг учрал гарсан гэх “А” цэгийг буруу авсан. Учир нь хэргийн газраас илрүүлэн бэхжүүлж авсан зүйлээс шатах, тослох материалын агууламж илрээгүй байдаг.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс Б.М-д холбогдох хэрэгт буруу дүгнэлт хийж гэм буруутай Б.А-г хохирогч болгон ял хариуцлагаас чөлөөлж Б.М-н үйлдэлд буруу ташаа дүгнэлт хийж үндэслэлгүйгээр хүнд ял оногдууллаа гэж хяналтын шатны шүүхэд хандаж байна. Үүнд:

1. Б.А- нь 3,5 хувийн согтолттой болох нь хавтаст хэрэгт хангалттай тогтоогдсон төдийгүй анхан шатны шүүх хуралдаан дээр өөдөөс нь ирж яваа машиныг 5 метрээс харсан гэж байгаагаас нь үзэхэд энэ хүн уг авто замын зөрчилд хэрхэн оролцоотой нь тодорхой байхад шүүхүүд түүнийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Б.М- мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ миний урсгалаар хурц гэрэлтэй машин ирж явахад нь гэрлээ шилжүүлтэл яах ийхийн завдалгүй тулаад ирэхэд нь самбаачилж ийш тийш нь дарсан боловч миний машин буцаж эргэн эсрэг замын хажуу руу ортол мөргөсөн. “А” цэгийг тогтооход намайг оролцуулаагүй бөгөөд мөргөхөд нь зүүн тийш дарах агшинд машины тос, тоос шороо унасан байж болох тул эсрэг замаар яваагүй учир техникийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа хэлж мэдүүлснийг нь нухацтай хянаж түүнд бодитой дүгнэлт хийлгүйгээр “А” цэг эсрэг замын урсгал дээр гарсан техникийн шинжээч нар уг цэгийг үндэстэй гэж дүгнэлт гаргасан гэдгээр Б.М-г эсрэг замаар явсан гэж буруутгаж байгааг зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.

Б.А-г 3,5 хувийн согтолттой ухаан санаагаа жолоодох ямар ч чадваргүй гэсэн шүүх сэтгэцийн эмч нарын 607 тоот дүгнэлтээр тогтоогдсоор байхад хээрийн замд өөрийнхөө урсгалаар явсан, эрүүл саруул Б.М-г замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж ташаа дүгнэлт хийж буруутгаад байгаа нь техникийн болон анагаахын шинжлэх ухааны ойлголтоор үнэмших боломжгүй билээ. Харин уг хоёр машины явж байсан ул мөр нь тус бүрдээ тогтоогдсон бол тийм дүгнэлт хийж болох байсан тэгвэл ийм нотолгоо огт байхгүй зөвхөн машины тос, шороо унасан гэдгээр “А” цэгийг тогтоож байгаа нь үнэмшилгүй тодруулбал мөргөлдсөний дараа хэдий агшинд, хэдэн метрт тийм тос шороо тогтож болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосны эцэст мөргөлдсөн “А” цэг мөн эсэхийг тогтоох шаардлагатай. 60 км цагийн хурдтай яваа машин 1 секундэд 14 метр явдаг тэгвэл хоромхон хугацаанд мөргүүлсэн машины тос, шороо эсрэг зам дээр унасан байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Зөвхөн энэ “А” цэг гэдгээр Б.М-г буруутгаж анхан болон давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг ноцтой зөрчиж уг зам тээврийн ослыг Б.М- биш Б.А- үйлдсэнийг нь тогтоож чадахгүй байна.

2. Төрөөс согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочтой хатуу тэмцэл хийж хүний амь нас, эрүүл мэндийг авто замын ослоос сэргийлэх талаар онцгой анхаарч замын хөдөлгөөний болон зөрчлийн тухай хуулиар 3,5 хувийн согтолттойг бүү хэл тэг зууны хэдэн хувийн согтолттой байхад хариуцлага тооцдог билээ. Шүүх сэтгэцийн шинжээч нарын 607 тоот дүгнэлтээр 3,5 хувийн согтолт нь хүнд хэлбэрт орох бөгөөд тийм хүн машин жолоодож замын хөдөлгөөнд орох ямар ч боломжгүй тэр ч байтугай архи нь гарсны дараа өмнөх зүйлээ огт санахгүй гэж дүгнэлт хийсээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх Б.А-г зөвтгөж түүний мэдүүлгийг үнэлж байгааг гайхсан төдийгүй Б.М-н гэр бүл болон бусад хүмүүс шүүх өнгөтэй мөнгөтэйд нь хандаж гэмгүй хүнийг буруутгаж байна гэсэн ойлголт төрүүлж байна. Ганцхан жишээг дурдахад урдаас ирж байгаа машиныг 5 метр ойрттол нь эрүүл хүн харахгүй байх уу, тэгвэл Б.А- хүнд хэлбэрийн согтолттой байсан бөгөөд шүүх сэтгэцийн дүгнэлтэд дурдсанаар замын хөдөлгөөний дүрмэнд заасан хурдаа тохируулах, эгнээ байраа зөв эзлэх, тэмдэг тэмдэглэгээг анхаарах чадваргүй, аюулаас сэрэмжлэх, осол аюул болзошгүй тохиолдолд самбаачлах чадвар алдагдана. Иймээс машин жолоодох, замын хөдөлгөөнд оролцох чадваргүй байна гэсэн дүгнэлт нь Б.А-н үйлдэлтэй тохирч байна. Б.А- эрүүл саруул байсан бол өөрийнх нь урсгалаар машин ирж явааг харахад хээрийн тэр чөлөөтэй замд самбаачилж уг осол аюулд өртөхгүй байх боломжтой.

3. Магадлалд Б.А-н цусанд 3,5 хувийн этилийн спирт илэрсэн, хүнд зэргийн согтолттой үед машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох чадваргүй талаарх шүүх сэтгэц эмгэг судлалын №607 тоот дүгнэлтийг шүүх анхаараагүй гэх гомдлын хувьд анхан шатны шүүх Б.А- архи уугаагүй, үнэртээгүй талаар мэдүүлсэн Ц.Н-н мэдүүлэг, тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч тааралдаагүй талаар мэдүүлсэн гэрч Т.Г-н мэдүүлгийг үнэлж, дээрх №607 тоот дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгоогүйг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн асуудал билээ анхан шатны шүүх хуралдаан дээр Ц.Н- мэдүүлэхдээ Дундговиос нааш юу болсныг огт санахгүй байна гэсэн ба замд зогсоосон цагдаа Т.Г нь Б.А-г тусгай багажаар үлээлгэж шалгаагүй нь тогтоогддог юм. Түүний архи уусан эсэхийг мэдэх боломжгүй юм. Хамгийн чухал нь шүүх сэтгэцийн шинжээч нарын дүгнэлтээр Б.А- 3.5 хувийн согтолттой байсан нь хангалттай тогтоогддог.

Б.М- нь Б.А-н машиныг мөргөсөн биш харин Б.А-н машин мөргөсөн нь миний дээр дурдсанаар мөргүүлсэн Б.М-н машин буцаж эргэн эсрэг замын хажуу руу орсон төдийгүй газаар явдаг Б.М-н машин шатаагүй байхад Б.А-н машин шатсан нь Б.М-н машиныг маш хүчтэй мөргөж ноцтой осол гаргасан нь тодорхой байхад Б.М-н машин мөргөсөн гэж шүүхүүд дүгнээд байгааг юу гэж ойлгох вэ? Б.А- богино хугацаанд архи ууж хүчтэй согтсон нь шүүх шинжилгээний 59 тоот дүгнэлтээр батлагдсан талаар давж заалдах гомдолдоо хангалттай дурдсан тул давхардуулахыг хүсэхгүй байна. Б.А-н тээвэрлэж явсан 3 хүн нас барсан нь түүний хариуцлагагүй үйлдэл мөн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргаж 19 удаа арга хэмжээ авагдсан төдийгүй жолоочийн эрхээ хасуулж эрх нь сэргэсэн нь тодорхойгүй зэрэг материал хавтаст хэрэгт байгааг шүүхүүд анхаараагүй, түүний хувийн байдалд шударга зөв дүгнэлт хийгээгүй байна. Энэ ослоос болж 4 хүний амь нас хохирч, хэд хэдэн хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан онц аюултай хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутныг үнэн зөв тогтоох ёстой байтал бодитой биш дүгнэлт хийж гол буруутныг хохирогч болгож байгааг зөвшөөрөх аргагүй юм.

Хэрэг учрал болсон дариуд Б.А-гаас авсан цусны шинжилгээгээр 3,5  хувийн согтолттой нь нотлогдож байхад гэрч Ц.Н-, Т.Ганбаяр нарын мэдүүлгийг илүү үнэлсэн нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан баримт нотолгоогоор уг ослын гол буруутан нь Б.А- байхад түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж үндэслэлгүйгээр Б.М-г буруутгаж түүнд бүх ял, хохирлыг хариуцуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын шатны шүүх хянан үзэж зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Өөрийн гэм буруугаа мэдсээр байж хэргээ хүлээгээгүй, үнэн зөвөөр мэдүүлэг өгөөгүй худал ярьж хууран мэхлэх оролдлого хийсэн ямар ч гэм зэмгүй хохирогчоо чирч гүтгэж, ял завших санаа агуулсан, хохирлоо нэг ч хүнд өгөөгүй, хохирогч нараа үл хүндэтгэн уучлалт гуйгаагүй, хурал дээр яригдсанаар өнчин хүүхдээ харж ханддаггүй, очдоггүй зугтаадаг боловч хамт амьдардаг асран хамгаалдаг гэсэн худал хуурмаг тодорхойлолт гаргуулж өөрийнхөө төлөө ашиглах хүн чанаргүй сэтгэл гаргасан Б.М-д улсын яллагчийн анх өгсөн 6 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, 8 жилийн хугацаагаар жолооны эрхийг хасах шийтгэлийг хөнгөрүүлэх ямар ч үндэслэл байхгүй байхад хөнгөрүүлсэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гомдол гаргах хүмүүс нь эрхэм та нар биш хохирогч бид нар буюу үрээ алдсан ээжүүд, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана гэсэн үгний эзэн болж үүрд тахир дутуу толгой тархины өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчид юм.

Б.М-н гэрч Ж, мөрдөн байцаагч Ж хоёрыг ахин байцааж нүүрэлдүүлсэн баримт хавтаст хэрэгт байсаар байхад энэ тухай өргөдөл болгон дээрээ тусгасан байхад ойлгохгүй байна уу, уншаагүй байна уу, зориуд ойлгоогүй дүр эсгээд байна уу, Ж-ны мэдүүлгийг ятгаж буцаалгаж нэг удаагийн хурал хойшлуулах шалтаг шалтгаан болгосон нь өөрийн үр хүүхдийнхээ эрх ашиг худал хуурмагийн төлөө хүний хүүхэд золиослох ядуу сэтгэлгээ гаргасан гэж үзэж байна.

Найз нөхдийн хүрээнд биш гэр бүлээрээ холын замд бүр хот орох гээд явж байхдаа ямар ч хүн архи уухгүй, алхам бүрдээ цагдаатай дайралдана. Миний охин холын замд нөхөртөө архи уулгаад хажууд нь хүүхдээ тэврээд сууж байдаг тэнэг хүүхэн байгаагүй, нөхөр нь архи уувал 2012 онд жолооны курс төгссөн миний охин өөрөө бариад явж чадна. Олон удаа Улаанбаатар-Ханбогдын хооронд машин барьж явсан хашир туршлагатай жолооч байсныг гэрчлэх хүн олон бий.

Сэтгэцийн эмнэлгийн дүгнэлт нь 3,5 хувийн согтолттой хүн ийм байдаг гэсэн ерөнхий тодорхойлолт гаргасан болохоос Б.А- ийм явсан гэсэн тодорхойлолт биш харин ч ийм өндөр зэрэглэлийн согтолттой хүн машин барьж явсан нь үнэмшилгүй, боломжгүй гэсэн тодорхойлолт тайлбарлаад хэлээд байхад ахин дахин гомдол дээрээ бичсэн байна. Шүүх хурал дээр 4 өмгөөлөгч нь ээлжээр босч энэ дүгнэлтийг хангалттай уншсан, хохирогчид бүгд ойлгосон байхад өндөр боловсролтой хууль эрх зүйн мэргэжилтэй өмгөөлөгч нар ойлгохгүй байна гэж үү.

06 дугаар сарын 22-нд гарсан жолооны үнэмлэхийг 23-нд гарахдаа аваад гарсан учир нь бид шинжлэх ухаан техникийн эрин зуунд амьдарч байна. Ханбогд-Оюу толгойн чиглэлд бараг цагт нэг машин гарч, тухайн үед цагаан сар болох гээд бүр ч их унаа явж байсан мөн онгоц өдөрт 2 удаа бууна. Хот руу үнэмлэхгүй гардаг зориг зүрхтэй жолооч хаа ч байхгүй. Үнэмлэхийг шалгалт өгөөгүй авсан талаар гомдол гаргаж байгаа боловч жолооны үнэмлэх байтугай эрдэмтэн доктор, магистр, бакалавр бүхий л цол зэрэг дэв, мэргэжил, төрийн дээд одон медаль, улс, эх орон, газар нутгаа хүртэл худалдаж байгаа нийгэмд амьдарч байна. Жолооны бүх төрлийн ангилал найдвартай хурдан шуурхай гаргаж өгнө гэсэн зар байнга байдаг энэ зөв зүйтэй асуудал биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ хамгийн гол нь жолооны үнэмлэхнээс болж осол аваар гараагүй. Б.А-н жолооны үнэмлэхийг хурааж аваагүй гэж заргалдаж байна. Өнчин хүүхэд нь хөл нүцгэн цамцтай хоцорч хамаг юм нь шатаж, төмөр машин шатаад дуусч байхад цаасан үнэмлэх шатахгүй үлдэх үү.

Хоёр жолооч нь хээр хөдөө зэлүүд газар өөд өөдөөсөө яваагүй 3 аймаг, 3 том уурхай, хилийн, төв замд мөн цагаан сар болох гээд завсар зайгүй машин цувж байхад осол гаргасан учир мэргэжлийн биш жирийн хүний төсөөллөөр бодоход нэг нь осол болохоос зугтаагаад баруун, зүүн дараад нэг нь элдээд байх ямар ч боломж байхгүй. Б.М- би ослоос зугтаж хамгийн эхлээд баруун дарсан гэж шүүх хурал дээр мэдүүлсэн үнэхээр баруун дарсан бол далан даваад өнхрөх байсан. Н-г унтаж байхад архи уусан гэх гэрч би унтаагүй ослоос болоод шоконд орж тэр үеийн явдлыг санахгүй байна гэсэн 10 сартай хүүхдээ асарч хамгаалж явсан эх хүн 150 км газар сэрэхгүй, амар тайван нойрсож байна гэдэг нь итгэл үнэмшилгүй байна.

Шүүх хурал зөвхөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ослын буруу зөвийг шүүж байхад Х.Даваахүү өмгөөлөгч хэрэгт ямар ч хамааралгүй асуудал ярьж хувийн амьдрал руу өнгийх оролдлого хийсэн, өөр алдаа оноо ар гэр өссөн орчинг ярьвал алдаагүй хүн гэж хаа ч байхгүй. Б.М-н талаар ярьж хэлэх зөндөө асуудал байсан ч хэлээгүй. Хэдийгээр хохирогч байсан ч өчүүхэн ч гэсэн хүн чанар байх ёстойг ойлгоно.

Хань, үрийнх нь амь насыг хөнөөж, эд хөрөнгийг нь шатааж өөрийг нь үүрд тахир дутуу болгож амьдралыг нь үнсэн товорго болгосон байхад чи хэнтэйгээ амьдардаг юм гэж тавлан асууж байсан.

Өмгөөлөгч хүн үгийн бөөс түүгчээр шүүх хуралд оролцдоггүй байх гэж хохирогч би ойлгож байна. Би шүүх хурал дээр 4 өмгөөлөгчөө амь тариагаа зогсоо гэж хэлсэн байгаа энэ үг цаанаа ямар их утга санаа агуулсан болохыг ойлгомоор.

Энэ ослоос 4 биш 5 хүний амь хохирсон ээжийнхээ хэвлийд явсан 3 сартай ураг ирээдүйн хүн 4 биш 5 хүн бэртсэн, аав ээжтэйгээ зорчиж явсан 7 настай Эрхэс хүнд биш ч хөнгөн гэмтэл авч бариачаар явж эмчийн зөвлөсөн эмийг ууж байгаа.

Өвлийн харанхуй шөнө хөл нүцгэн цамцтай 1 км гүйж гуанзан дээр очиж хэл хүргэсэн нүднийх нь өмнө ээжийг нь алж, дүүд нь үхлийн гэмтэл авхуулсан хүүгийнхээ сэтгэл санааг тайвшруулах гэж олон газраар явсан. Хүний амиар наадаж, хохирогч нараар доог тохуу хийсэн тавилттай, хуурамч жүжигт мянгуужингийн үлгэрт Б.А- нь эерэг, сөрөг хоёр дүр бүтээсэн байдаг. Эерэг дүр нь учиргүй ухаантай, соёлтой, тэвчээртэй, хүнлэг, энэрэнгүй, харанхуй шөнө мөргөлдөж хөлөө хэд хугалж, хамаг хавиргаа хугалж толгойгоо хагалж, хүнд гэмтэл авчихаад, хань нь өнгөрч, хүүхэд нь үхлийн гэмтэл авч, машин нь шатаж байхад уучлаарай ахын дүү миний буруу гэж хэлсэн гэж Б.М- шүүх хурал дээр мэдүүлсэн. Дүү хүнтэй мөргөлдсөнөө хараад сайн мэдэж байна. Ухаан маш сайн байна.

Мөн Б.М- Б.А-г амиа бодож зугтаасан гэж хурал дээр мэдүүлсэн. Зугтаж амьд гарахаа сайн мэдэж ойлгож байна. /одоо ослоос хойш 26-н сарын дараа явж чадахгүй байгаа хүн/ Сөрөг дүр нь орчноо мэдрэхгүй ухаангүй согтуу хаа байгаагаа ч мэдэхгүй байсан. Ослын дараа гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт Б.А-н ухаангүй тарчилж байгаа нүд хальтарч зүрх шимшрүүлсэн дүр зургийг Б.М- ээжтэйгээ харсан байгаа. Авто осол нь бусад хэргийг бодвол бүх баримт нь ямар ч хүн ойлгохоор ил тод байдаг гэдгийг ойлгосон.

Бид шүүх хурал дээр юу гэж хэлвэл Б.М-г хөнгөн ялтай гаргах бол гэж ярилцдаг байсан. Энэ хүмүүс бидний бодсоноос хэдэн арван хувь илүү муухай хүмүүс. Хохирлын хэдэн төгрөгөнд их л эмзэглэж янз бүрийн яриа гаргадаг. Эд хөрөнгийг буцаагаад олж болно, бүр шинээр бий болгож болно, мөнгө хичнээн үнэтэй ч амьгүй цаас, хуулиа зөрчвөл эд хөрөнгө, мөнгө байтугай амиа өгдөг хуультай улс орон байна. Бид хохирлынхоо 60 хувийг нэхэмжлээд бусдыг орхисон.

Хоёулаа дээд боловсролтой нэгэн сайхан сэхээтэн гэр бүлийг сүйтгэсэн нь зөвхөн бидний биш монгол улсын эмгэнэл гэж ойлгож байна. Би буруу зөвийг ялгаж бусдын үнэнийг ойлгох чадвартай гэж өөрийгөө дүгнэж байгаа учир Б.А-г хүргэнээ гэж өмөөрч хаацайлсангүй бодит байдал дээр бүх асуудал тодорхой байна. Б.А-г ингэж хохироохоос өөр яаж хохироох юм бэ, үүрд тахир дутуу болгохоос өөр яаж яллах юм бэ.

Олон өмгөөлөгч нар нь бүх юм тодорхой алган дээр байхад нэг нутгийн нэг ажил мэргэжлийн биднийг хооронд нь уулзуулж, эв зүйг ололцуулж энэ хүнд өдрүүдийг эх хүний сэтгэлээр бие биенээ ойлгож хамтдаа туулах талаар ямар ч сэтгэл гаргаагүй ашиггүй өргөдөл, гомдол тэрлэж мэдэмхийрч хооронд нь улам хагаралдуулж байна. Хүний хүүхдийг өөгшүүлж улам худал яриулж худлаа яриад байвал зүгээр гарч магадгүй гэсэн хоосон горьдлого төрүүлж байна. Миний охиныг замд явж байхдаа нөхөртөө архи уулгаж байж амиа алдсан гэсэн доромжлол гүтгэлгийн чанартай утга санаа бүхий өргөдөл удаа дараа гаргаж цогцсыг нь доромжилж байна. Хохирогч нараа үл тоомсорлож, олон өмгөөлөгчөөр дайруулж тайлбарлаад хэлээд байхад ойлгоогүй дүр эсгэн удаа дараа худал хуурмаг гомдол гаргаж хохирлоо барагдуулахаас бултах арга сүвэгчилж байна. Осол аваар санамсаргүй гардаг ч бултаж зугтааж худал ярьж хууран мэхлэх хүн гүжирдэх луйвардах оролдлого хийх нь санаатай үйлдэл. Эрдэнэт хүний халуун амь шүү дээ. Монгол улсын хууль иргэн бүрд ижил тэгш үйлчлэх зарчимтай. Хэн ч гомдол гаргах эрхтэй. Хохирогч би гомдолгүйдээ чимээгүй байгаагүй, хүн чанар гаргаж чимээгүй байсан. Энэ ял 5 хүний амь насыг хохироож, 5 хүн гэмтээсэн хүнд дэндүү хөнгөн санагдаж байна.

Б.М-д улсын яллагчийн анх өгсөн 6 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, 8 жилийн хугацаагаар жолооны эрхийг хасах шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Бид өөрсдөө хохирлоо авч чадахгүй учир хуулиар зохицуулж барагдуулж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-, хохирогч Х.Х-, Б.О- нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г.А-н ээж хууль ёсны төлөөлөгч Б.У- миний бие шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Энэ авто осол миний амьдралд маш хүнд цохилт болсон. Би ханиа алдаад нэг жил ч болоогүй байхад энэ осол болсон. Миний бие өрх толгойлсон, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Б.М-д улсын яллагчийн анх 6 жил, хаалттай хорих ангид эдлүүлэх, 8 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй байхад хөнгөрүүлж ял оногдуулсанд гомдолтой байна. Б.М- нь зар тавьж зорчигч авсан мөртлөө аюулгүй ажиллагааг нь хангаж, хүргэх ёстой газар нь хүргэж өгөх үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй хандаж жолооны дүрэм, журмыг зөрчиж, хүний амь нас эрүүл мэнд, амь насыг хохироосон. Түүний буруутай үйлдлийг хоёр шатны шүүх тогтоогоод байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж хохирлоо барагдуулаагүй. Мөнгө төгрөг миний хүүхдийн эрүүл мэндийг орлохгүй ч гэсэн охиныхоо ирээдүйн амьдралыг бодож хохирлоо бүрэн авч эмчлүүлэх хүсэлтэй 2 жил 2 сар хүлээсээр байна.

Ослын улмаас том охин Х.Х- баруун гараа хугалан, нүдний гурвалсан мэдрэлээс болж нүд аниатай оюун санаагаа алдаж, төрсөн дүү тархиндаа гэмтэл авч баруун гараа гурав хугалж хагалгаанд орсон. Б.М-н ээж яаж шаналж байгааг харсан боловч эх хүний сэтгэлээр хандсангүй. Төрсөн дүү Б.О- гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч амьдралын эрхээр ажлаа хийгээд байж байна. Ажил дээрээ 2 удаа татаж унасан. Одоо дахин таталт өгч унавал ажлаас халахад гомдолгүй гэсэн бичиг “Оюу толгой” компани хийлгээд авчихсан, байнгын эмчийн хяналтанд эм ууж байна. Х.Х- миний том охин байнгын өвчин намдаах эм тариа хэрэглэдэг. Өсөж яваа насандаа осолд орж толгойны өвчтэй, баруун гар хугаралтай юм өргөж болохгүй, дуу чимээ сонсож чадахгүй, авто ослоос болоод биений юм нь ирэхгүй. 2 дүүгээ хараад, асраад явах байтал байнгын асаргаа, халамж шаардагдаж байна. Осолд орсон цагаасаа хойш 70 хувиар группд орсон. Г.А байнгын уйлаастай зовиуртай, тайвшруулах эм ууж байна. Би маш их гомдолтой байна. Бидний хувьд тухайн үеийнхээ л эмчилгээний зардлыг нэхэмжилсэн. Б.М- нь өөрийн гэсэн хөрөнгөгүй, өрх тусгаарлаагүй оюутан хүүхэд боловч ээжтэйгээ нэг ам бүлд амьдардаг учир ар гэр нь хохирлыг бүрэн хариуцах ёстой. Бидний хохирлыг ухамсраараа өгөхгүй байгаа учир хуулиар зохицуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр хэлсэн саналдаа “Шинжээчийн дүгнэлтэд автомашины эвдрэл гэж заасан бөгөөд үүнээс харахад шүүгдэгчийн машиныг зүүн талаас нь мөргөсний улмаас энэ бүх гэмтлүүд гарсан бөгөөд нөгөө талаас приус машин шатсан байна. Хурдтай явсан машин ямар нэгэн юм мөргөхөд шатдаг юм. Тийм учраас Б.А-н машинд байсан хүмүүс амь насаа алдсан эдгээр байдлуудыг харахад хэний буруутай үйлдлээс болоод энэ осол гарсан нь маш тодорхой байна. Шүүгдэгч нь эрүүл байсан учраас шатаж байсан машинаас хүмүүсийг гаргаж байсан. Согтуу, эрүүл хоёрын ялгаа үүн дээр харагдаж байгаа юм. Хэргийн гарзар ирсэн эмч, жолооч нараас цусны дээж авсан. 3, 4 шил архи уусан хүн эрүүл хүн шиг байж байгаад тодорхой хугацааны дараа ой санамжид нөлөөлдгийг хэрэгт цугларсан сэтгэцийн эмнэлгийн дүгнэлт харуулж байна. Б.М- нь урдаас ирж буй машины өөдөөс гэрлээрээ дохио өгсөн. Б.А- нь дохиог анзаарахгүй байж байгаад тулгаад ирэхээр өөрийн урсгал руу дараад буцаагаад дарж мөргөлдсөн. Шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн талаар Б.Даваахүү өмгөөлөгч маш тодорхой ярьсан байгаа. Осол гарсан А цэгийн хувьд мөн адил ярьсан байна. Олон хүний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байгаа юм. Б.М- нь мөн адил хохирогч энэ ослын улмаас эхнэр нь нас барсан” гэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Б.А-н цуснаас 3.5 хувийн согтолт илэрсэн гээд байгаа ч ийм согтолийн зэрэгтэй хүн нь машин барих битгий хэл зогсож чадахгүй гэсэн дүгнэлт хавтас хэрэгт цугларсан байгаа юм. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас ослын А цэгийг буруу тогтоосон, Б.А-н цуснаас авсан дээж нь 3.5 хувийн буюу хүнд зэргийн согтолттой байсан гэж маргадаг боловч үүнийг Б.А-н машинд зорчиж явсан зорчигч, мөн замд таарч торгосон цагдаа нарын мэдүүлгээр няцаадаг юм. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Д.Батбаяр, Ц.Раашзэвэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-, Б.У-, хохирогч Б.О-, Х.Х- нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.М- нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар-Дундговь чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Соната-7” загварын *** ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.А-н жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж А.Э- С.О- Т.Ж- Б.Э- нарын амь насыг хохироож, Х.Х-, Б.О-, Б.А- нарын эрүүл мэндэд хүнд, Ц.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг,  шүүгдэгч, хохирогч, шинжээчийн №00000026, 209, 11/27, 448 дугаартай “хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг “А” цэг үндэслэлтэй гэсэн техникийн дүгнэлтүүд болон тэдгээрийн мэдүүлгүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэн, ял шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн этгээдийг шинжээчээр томилдог бөгөөд 3 болон 5, түүнчлэн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан удаа дараагийн дүгнэлтээр зам тээврийн осол гарсан цэг, ослын үндсэн шалтгаан болон хөдөлгөөнд оролцсон жолооч нарын үйлдэл, зан үйл осолд хэрхэн нөлөөлсөн зэргийн талаар нэгдмэл агуулгатай дүгнэлт хийсэн байгааг шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо харгалзан шийдвэр гаргасан байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, түүнчлэн няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.М-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 4 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү”, Д.Батбаярын “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү”, Ц.Раашзэвэгийн “ослын гол буруутан Б.А-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, үндэслэлгүйгээр Б.М-г буруутгаж түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүх хянан үзэж зөв шийдвэр гаргаж өгнө үү”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-, Б.У-, хохирогч Х.Х-, Б.О- нарын “Б.М-д улсын яллагчийн анх оногдуулсан 6 жил хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, 8 жилийн хугацаагаар жолооны эрхийг хасах ялын саналыг хэвээр үлдээж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 349 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Д.Батбаяр, Ц.Раашзэвэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-, Б.У-, хохирогч Б.О-, Х.Х- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН