Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03576

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/03576 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Г /РД:**********/,

 

Нэхэмжлэгч: Л ХХК /РД:**********/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б /РД:************/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198 315 000 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 180 573 210 төгрөг, нийт 378 888 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Т хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Г миний бие хариуцагч Б.Б-тэй харилцан тохиролцож, түүний захиалгаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээ орон сууцны зориулалттай ** давхар барилгын иж бүрэн карказ угсралтын ажлыг нийт 1 328 702 000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Хариуцагч Б.Б нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулна гэх шаардлага тавьсны дагуу 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ************ дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг иргэн Б.Г-н хувиар, мөн өдөр гэрээний зүйл болон нөхцөл нь яг ижил гэрээг миний хамаарал бүхий барилгын тусгай зөвшөөрөлтэй Л ХХК-иар тус гэрээг байгуулсан. Б.Г миний бие болон Л ХХК нь нэг ашиг сонирхолтой, тухайн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч юм. Хариуцагч дээрх гэрээний хүрээнд хийгдсэн ажил, ажлын хөлсийг барилгын давхар бүрээр дараах байдлаар төлөхөөр гэрээнд тусгасан. Үүнд:

Гүйцэтгэсэн ажил

Нийт талбайн хэмжээ

Бэлэн мөнгөөр төлөх /50%/

Бартераар төлөх /50%/

Нийт үнийн дүн

1

Зоорийн давхрын зэв цэвэрлэх

576 м.кв

15 000 000

 

15 000 000

2

Барилгын каркас 1-р давхар

576 м.кв

37 440 000

37 440 000

74 880 000

3

Барилгын каркас 2-р давхар

729 м.кв

47 385 000

47 385 000

94 770 000

4

Барилгын 3-р давхраас техникийн давхар хүртэлх

8 800,4 м.кв

572 026 000

572 026 000

1 144 052

 

Нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар дээрх ажлуудаас хүснэгт №1, 2, 3-т дурдагдсан ажлын бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөс №1-ийн 15 000 000 төгрөг, №2-ын 50 хувийн төлбөр 37 440 000 төгрөг, нийт 52 440 000 төгрөгийг хүлээн авсан. Харин №2-ыг үлдэгдэл 50 хувийн төлбөр 37 440 000 төгрөг, №3-ын 100 хувийн төлбөр болох 94 770 000 төгрөг, нийт 132 210 000 төгрөгийн төлбөрийг хүлээн аваагүй байна. Гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан актаар тогтоогдоно. Гэрээнд зааснаар хариуцагч нь ажлын хөлс 132 210 000 төгрөгийг 1 хоногийн 0,5 хувийн алданги болох 661 050 төгрөг, нийт 457 хоногийн алданги 66 105 000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Мөн хариуцагчийн санхүүгийн асуудлаас шалтгаалан барилга угсралтын ажил 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 80 хоногийн хугацаагаар зогссон байдаг. Нэхэмжлэгч Б.Г нь барилга угсралтын ажилд ашиглах зорилгоор Э ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээгээр хэв хашмал, гадна дотно булан, өөрийн эзэмшлийн Ю ХХК-иар дамжуулан И ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулж пум, булан, сапуд, мөн Х ХХК-иас труба, дэгээ, хавчаар, боолт, жүлдий зэргийг түрээсэлсэн.

Барилга угсралтын ажил 80 хоног зогссонтой холбоотой түрээслэн авсан дээрх бараа материалын төлбөрийг гэрээний 5.2.5-д заасны дагуу хариуцагч төлөх үүрэгтэй. Энэ хүрээнд Э ХХК-д 6 360 000 төгрөг, И ХХК-д 58 605 600 төгрөг, Х ХХК-д 8 735 600 төгрөгийн түрээсийн төлбөрийн үүрэг үүссэн. Үүнийг хариуцагч хариуцан төлөх ёстой.

Түүнчлэн хариуцагчтай байгуулсан барилга угсралтын гэрээний дагуу 15 давхарт хэрэглэгдэх фанер мод 700 ширхэг буюу нэг бүрийн үнэ 54 000 төгрөг, нийт 37 800 000 төгрөг, брусс /5*5/ хэмжээтэй 4 метрийн урттай мод 4000 ширхэг буюу нэг бүрийн үнэ 9000 төгрөг, нийт 36 000 төгрөг, брусс /7*7/ хэмжээтэй мод 1950 ширхэг буюу нэг бүрийн үнэ 16 000 төгрөг, нийт 31 200 000 төгрөгөөр тус тус худалдан авч тус барилгын зурагт тааруулан зүсэж хэрэглэсэн. Хэрэв хариуцагч гэрээ цуцлаагүй байсан бол бид 15 давхар хүртэл эдгээр фанер брусс модыг ашиглах байсан. Энэ нь өөр барилгад ашиглах боломжгүй болно.

Иймд гэрээ цуцлагдсахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлс 132 210 000 төгрөг, алданги 66 105 000 төгрөг, барилгын ажил зогссон хугацааны барилгын туслах материалын түрээсийн зардалд 75 573 210 төгрөг, хохиролд 105 000 000 төгрөг, нийт 378 888 210 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б миний бие Б.Г болон Л ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20210614/01 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжинд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай ** давхар барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 1-3 дугаар давхар хүртэлх барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба угсралтын явцад гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь Монгол улсад мөрдөгдөж буй барилгын холбогдох норм ба дүрэм, стандартад нийцээгүй, барилгын зураг төслөөс зөрүүтэй гүйцэтгэсэн. Тухайлбал бетон цутгалтын явцад арматурын хамгаалалтын үе алдагдаж арматур ил гарсан, зураг төсөлд заасан хүлцэх алдаанаас хэтэрсэн, 1-3 давхрын баганын хөндлөн огтлолын хэмжээ зөрүүтэй, цутгамал хана, хананд гарсан хаалганы нүх муруй зөрүүтэй, шатны гишгүүр болон шал хана тэгш бус зэрэг доголдолтой хийсэн. Нэхэмжлэгчийн хийсэн ажил нь хүлцэх алдаанаас хэтэрсэн болох нь Г ХХК-ийн хэмжилт, Н ХХК-ийн албан шаардлагаар нотлогдож байгаа. Мөн хийсэн ажлаа надад хүлээлгэн өгч, доголдлоо арилгасны дараа ажлын хөлс яригдах дараалалтай байх ёстой гэж үзэж байна... гэв.

 

3. Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн ********** дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Л ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.06.23-ны өдрийн цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчиласан акт 3 ширхэг, 2021.06.23-ны өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2021.07.18-ны өдрийн Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчиласан акт 4 ширхэг, ажлын гүйцэтгэлийг харуулсан 3 хуудас фото зураг, 2021.10.30-ны өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 4 ширхэг, ажлын гүйцэтгэлийг харуулсан 3 хуудас фото зураг, түрээсийн гэрээ хавсралтын хамт, 2021.06.28-ны огноотой Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, хавсралт нэхэмжлэлийн хамт, Ю ХХК-ийн түрээсийн үлдэгдэл төлбөрийн тооцоо гэх баримт, 2022.05.16-ны өдрийн ** дугаар МУШУТИС, Б сургууль-Реконстракшн төвийн захирал Я.Д-н Төмөр бетон бүтээцийн бетоны бат бэхийг шалгасан тухай иргэн Б.Б-д хаягласан албан бичиг, хавсралтын хамтаар, зарлага, орлогын баримтууд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.15-ны өдрийн ************* дугаартай шийдвэр, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, К ХХК-иас И ХХК-д хаягласан 28/01 дугаартай төлбөр төлөх санал хүргүүлэх тухай албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, Б.Г-н Х банк дахь ************* тоот дансны хуулга, Юниверсал нэтворк ХХК-ийн 2021.06.28-ны өдрийн ********* тоот И компанид хаягласан Пум сапуд түрээслэх тухай албан тоот, Ю ХХК-ийн 2022.05.10-ний өдрийн ****** тоот түрээсийн төлбөр төлж барагдуулах тухай албан тоот, И компанийн 2022.05.03-ны өдрийн ******** дугаартай албан бичиг, Л ХХК-иас К ХХК-д 2021.07.09-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л ХХК-иас К ХХК-ийн захирал Б.Б танаа гэх санал хүргүүлэх тухай 2021.11.03-ны өдрийн албан бичиг, Б.Б-с Л ХХК-д 2021.11.11 өдөр барилгын талбайг чөлөөлөх тухай албан бичиг, И ХХК-иас түрээсэлж авсан пум, сапудын тооцоо гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө захиалгын гэрээнүүд Н ХХК-ийн 2024.06.10-ны өдрийн *********** дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024.06.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Г ХХК-ийн барилгын 1, 2, 3 давхрын шалны хучилт болон багана, дам нурууны шалгалтын ажлын тайлан, Н ХХК-ийн 2024.09.06-ны өдрийн *********** дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Г, Л ХХК нар хариуцагч Б.Б-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 132 210 000 төгрөг, алданги 66 105 000 төгрөг, хохиролд 180 573 210 төгрөг, нийт 378 888 210 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ....хариуцагчтай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, үйлчилгээ орон сууцны зориулалттай 15 давхар барилгын иж бүрэн каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон боловч гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдахаас өмнө 1-3 давхрын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлын хөлс 132 210 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд заасны дагуу алданги 66 105 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэрээ хэрэгжих хугацаанд захиалагч буюу хариуцагчаас шалтгаалан 80 хоног зогссонтой холбоотой барилгын туслах материалын түрээсийн зардал, тухайн барилгад зориулан гаргасан зардал буюу фанер, брусс модны үнэ буюу хохиролд 106 854 010 төгрөг, нийт 378 888 210 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаагүй. Харин гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгч акт үйлдээгүй, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Захиалагч буюу хариуцагч Б.Б-тэй 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20210614/01 дугаартай гэрээг нэхэмжлэгч Б.Ганболд иргэнийхээ хувиар, нэхэмжлэгч Л ХХК нь хуулийн этгээдийн хувиар тус тусдаа ижил агуулгаар байгуулжээ.

 

5.2. Уг барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Б.Г, Л ХХК нар нь захиалагч Б.Б-н Сүхбаатар дүүрэг ** дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжинд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай ** давхар барилгын иж бүрэн каркас угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, инженерийн зургийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 1 328 702 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба барилгын давхар тус бүрээр үнэлгээг тохиролцон төлөх нөхцөлтэй байгуулсан байна.

 

5.3. Хариуцагч нь гэрээт ажлыг нэхэмжлэгч Л ХХК, Б.Г нар хамтран гүйцэтгэсэн талаар маргаагүй болно.

 

5.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.5. Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нар нь зоорийн давхрын зэв цэвэрлэгээ, угсралтын ажил болон 1, 2, 3 дугаар давхрын каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй болно.

 

5.6. Хариуцагч Б.Б-н захиалан бариулж буй барилгад зохиогчийн хяналт гүйцэтгэгч Н ХХК-ийн инженер Э.Н хяналт тавьж ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Э.Н-н мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд зохиогчийн хяналт гүйцэтгэгч нь нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажилд шинжээчийн дүгнэлт гаргуулахыг шаардсаны дагуу М сургуулийн Б сургууль-Реконстракшн төвийн захирал Я.Д нь С дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй иргэн Б.Б-н үйлчилгээ, орон сууцны барилгын 1, 2 давхрын төмөр бетон бүтээцийн бетоны бат бэхийн шаардлага хангасан талаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаар албан бичгийг хариуцагч Б.Б-д хүргүүлжээ. /1-р хх-ийн 20-211/

 

5.7. Гэрч Э.Н-н ...Я.Д-н дүгнэлтийг үндэслээд акт дээр гарын үсэг зурсан. Гол нь барилгын бетоны бат бөхийн чанарыг хангасан байсан., ...одоогийн байдлаар дүгнэлт гаргадаг цөөхөн газар байдаг. Я.Д гэж хүний хэрэглэдэг багаж нь сайн... гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нарын ажлын гүйцэтгэлийг зохиогчийн хяналт гүйцэтгэгч нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчиласан акт, мөн өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчиласан акт, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн актаар тус тус хүлээн авсан болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 34-53 тал/,

 

5.8. Улмаар зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн зүгээс нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажил барилгын хүлцэх алдаанаас давсан алдаатай ажлыг гүйцэтгэж байна гэсэн үндэслэлээр захиалагч Б.Б-д гүйцэтгэгчийг солих зөвлөмж өгснөөр хариуцагч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч Л ХХК-д хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Барилгын талбай чөлөөлөх тухай хариуцагч Б.Б-с нэхэмжлэгч Л ХХК-д хүргүүлсэн албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

5.9. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан ба талуудын хороонд байгуулагдсан гэрээ нь нэхэмжлэгч нарын ажлын гүйцэтгэл хангалтгүй нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгээгүй үүргийн хүрээнд цуцлагдсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

5.10. Хариуцагчийн ...ажлыг хүлээн аваагүй... гэх татгалзал үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн барьж буй барилга нь нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн 3 давхар барилга дээр үргэлжлүүлэн ** давхар хүртэл баригдаж байгаа болох нь гэрч Э.Н-н ...барилга одоо ** давхар дээр яваа... гэх мэдүүлэг, хариуцагч Б.Б-н шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон тул хариуцагчийн татгалзал няцаагдаж байна гэж үзэв.

 

5.11. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ...ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлыг тухайн гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана... гэж заасан.

 

5.12. Хариуцагч доголдлын талаар нэхэмжлэгч нарт гомдлын шаардлага гаргасан, доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

5.13. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. гэж заасан.

 

5.14. Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараар гэрээ цуцлах шалтгаан нөхцөлд захиалагч буюу хариуцагч нь гэм буруугүй хэдий ч нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлын үр дүнд тодорхой ашиг сонирхолтой, барилгыг цааш үргэлжлүүлэн барьж байгаа үйл баримт тогтоогдож байх тул гэрээ цуцлагдахаас өмнө нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

5.15. Гэрээний гуравдугаар зүйлд гэрээний үнэ, төлбөрийн нөхцөлийг тохиролцсон. Тодруулбал, зоорийн давхрын зэв цэвэрлэгээ, бетон цутгалт, угсралтын ажлын нийт үнэлгээ 15 000 000 төгрөг, барилгын каркас нэгдүгээр давхар 576 м.кв 74 880 000 төгрөг, хоёрдугаар давхар 729 м.кв 94 770 000 төгрөг, гуравдугаар давхар 729 м.кв 94 770 000 төгрөг байхаар тус тус тохиролцжээ.

 

5.16. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт 52 444 000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 132 210 000 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Л ХХК нарт олгох нь үндэслэлтэй байна.

 

5.17. Дээр дүгнэсэнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул алдангийн талаарх гэрээний тохиролцоо мөн адил цуцлагдана. Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгахаар шаардах эрхтэй., 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасанчлан гэрээ цуцлагдах нөхцөл байдалд нэхэмжлэгч нар буруутай тул хариуцагчаас хохирол шаардах эрхгүй болно.

 

5.18. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас алданги 66 105 000 төгрөг, хохиролд 180 573 210 төгрөг, нийт 246 678 210 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-с 132 210 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Л ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 246 678 210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 210 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 819 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г, Л ХХК нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ