Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0306

 
 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.О******* /РД:*******/                                           

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хооронд үүссэн Б.О*******ыг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгч Б.О******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.О******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн буюу Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох шийдвэрийг гаргахгүй, Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй нь хууль зөрчсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад Б.О******* оролцож 103.80 оноо буюу хамгийн өндөр үнэлгээ авчээ.[1]

2.2. Улмаар хамгийн өндөр оноо авсан иргэн Б.О*******ыг Салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.[2]

2.3. Үүнтэй зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1798 дугаар албан бичгээр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О*******ыг хууль тогтоомжийг зөрчин “Х.Ц*******г тусгай шалгалтгүйгээр томилсон, 2022 оны 2, 3 дугаар сард ажилласнаар тооцон цалин олгож, байгууллагад хохирол учруулсан” гэх үйлдэлд шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.[3]

2.4 Төрийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч томилохгүй байгаа талаар Б.О*******оос гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/1094 дүгээр албан бичгээр “...тухайн нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр томилохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.О*******ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох” агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.[4]

2.5. Дээрх албан бичгээр өгсөн мэдэгдлийг биелүүлээгүй тул Б.О*******оос 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасныг[5] Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/1314 дүгээр албан бичгээр “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж хуульчилсан. Нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.О*******ыг албан тушаалд томилох” талаар дахин мэдэгджээ.[6]

2.6. Төрийн албаны зөвлөлийн даргын дээр мэдэгдлийг эсэргүүцэж, Байгаль орчин, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/3605 дугаар албан бичгээр “...Б.О*******ыг томилох асуудлыг эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсан” гэх хариуг хүргүүлжээ.[7]

2.7. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1650 дугаар албан бичгээр[8] “...сайдаас ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй, Б.О*******ыг томил...” гэх агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2372 дугаар албан бичгээр “...Б.О*******од холбогдох гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх асуудлыг шийдвэрлэсэн эсэх...” лавлагаа авахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ.[9]

2.8. Дээрх албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/17953 дугаар албан бичгээр “...Б.О*******од холбогдох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна...” гэх хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.[10]

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “...төрийн албаны Салбар зөвлөлийн тогтоолоор намайг нэр дэвшүүлсэн..., энэ тогтоолын дагуу томилохыг Төрийн албаны зөвлөлөөс удаа дараа мэдэгдсэн боловч намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх үндэслэлээр томилохгүй байгаа нь хуульд нийцэхгүй... Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “...Б.О*******ын талаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн учраас томилох боломжгүй...” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баярсайханы О******* миний бие 2008 оноос төрийн захиргааны албанд ажиллаж эхэлсэн. Улсад 20 жил, төрийн байгууллагад 16 жил, байгаль орчин тэр дотроо усны салбарт 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргааг анх байгуулагдсанаас нь хойш өнөөдрийг хүртэл буюу 2012 оноос хойш тухайн сав газрын захиргаанд ажиллаж байна. Төрийн албаны тухай хуульд заасан мерит зарчмын дагуу үндсэндээ тэр ахлах мэргэжилтэн нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш албаны даргын албан тушаал дээр ажиллаж байна. Мөн 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл үндсэндээ 2 жил энэ захиргааны даргынхаа албан үүргийг давхар хариуцаж, түр орлон гүйцэтгэсэн. Нэхэмжлэлтэй холбоотой үндсэн асуудал миний бие Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар олон нийтэд нээлттэй зарлагдсан Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрүүдэд оролцож хамгийн өндөр оноо авч тэнцсэн. Шалгалтын дүн үндсэндээ баталгаажиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоолоор албажиж, эрх бүхий албан тушаалтанд танилцуулагдсан. Үүнийг батлах баримт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 011772 дугаартай албан бичгээр миний ХАСХОМ-ийг буюу хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт бичиг хүргүүлсэн. Тэр бичгийн хариу үндсэндээ 04 дүгээр сарын 14-ний өдөр хариу нь ирчихсэн. Намайг тухайн албан тушаалд томилохтой холбоотой надаас шалтгаалах бүх юмнууд нь хийгдээд дуусчихсан гэсэн үг. Гэтэл одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох тогтоолыг хэрэгжүүлэхгүйгээр бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчхөөд байна. Сонгон шалгаруулалтын журмаар бол эрх бүхий албан тушаалтан нь салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор томилгоо хийх ёстой байдаг. Тус журмын 12.6-д заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан нь нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болох ба тэрийгээ 14 хоногийн дотор салбар зөвлөлд бичгээр гаргах ёстой байдаг. Гэтэл энэ харилцаа үндсэндээ аль нь ч хийгдээгүй явчихсан. Хуульд заасан томилох хугацаа өнгөрсний дараа би хуульд заасан эрхийн хүрээнд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Томилох эрх бүхий албан тушаалтан салбар зөвлөлийнхөө тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна, энийг шийдвэрлэж өгөөч гэдэг агуулгаар гаргасан. Төрийн албаны зөвлөл миний хүсэлтийг хүлээж аваад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 3 удаа бичгээр хугацаатай шаардлага өгөөд ч хэрэгжүүлээгүй, холбогдох бичиг баримтууд хэрэгт хавсаргачихсан. Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 2023 оны 09 дүгээр сард байгаль орчин, аялал жуулчлалын сайдад албан бичгээр шаардлага хүргүүлэхэд шаардлагын хариуг ч өгөөгүй,  ямар нэг шийдвэр гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Би Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад тэрний дагуу тухайн байгууллагаас албан бичгээр удаа дараа шаардлагууд хүргүүлсэн. Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт бичгээр хүсэлт өгөөд ямар нэг шийдвэр гаргахгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж бичгээр өргөдөл гаргасан.  Үүний дагуу 2023 оны 10 дугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газраас миний гомдлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад шилжүүлж энэ асуудлыг шийдвэрлээрэй гэдэг байдлаар хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй байсан учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэмж хэлэхэд Туул голын сав газрын захиргаа анх 2012 онд байгуулагдсан анхны дарга томилогдоод 2016 оны 08 дугаар сард тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд өөрийнхөө хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн. Туул голын сав газрын захиргааны даргын сул орон тоо 2016 оны 08 дугаар сард үүссэн. Тэрнээс хойш нэг ч удаа сонгон шалгаруулалт явахгүй байж байгаад анх удаагаа 2022 оны 05 дугаар сард сонгон шалгаруулалт зарлагдсан. Гэтэл тухайн үед сонгон шалгаруулалтын бүртгэл эхлээд, бүртгэл журмын дагуу хоёрхон хоногийн хугацаанд явдаг. Эхний өдөр нь талдаа орчихсон байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ирүүлсэн хүсэлтийн дагуу гээд шууд тухайн шалгалт цуцлагдчихсан. Энэ асуудал тухайн үедээ тэгээд өнгөрсөн. Дараагийн сонгон шалгаруулалт 2023 оны 03 дугаар сард зарлагдсан шалгалтад би ороод одоо хүртэл томилгоо хийгдээгүй явж байна. Түр орлон гүйцэтгэгчийг 2022 оны 04 дүгээр сард томилсон,  өнөөдрийг хүртэл түр орлон гүйцэтгэгч хэвээр явж байна. Гэтэл хууль, дагалдаж гарсан журмуудаар бол түр орлон гүйцэтгэгчээр ажиллах ямар ч нөхцөлгүй байхад хууль зөрчөөд бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Намайг буруутгасан үндэслэл нь сая товч дурдагдаж байна. Сонгон шалгаруулалтгүйгээр Х.Ц******* гэдэг хүн томилсон. Хүний нөөцийнхөө мэргэжилтэнд нөлөөлж цалин олгосон гэж буруутгаж байна. Гэтэл сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэж буруутгаад байгаа нь тухайн үед сонгон шалгаруулалт зарлах ямар ч нөхцөлгүй байсан. 1 дүгээрт хуулиар хязгаарлачихсан байсан. Тэр нь ковид цар тахлын хуулийн 3.2-т заасан шиг санагдаж байна. Бүх төрлийн сонгон шалгаруулалтыг зогсоочихсон байсан. Нөгөө талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр салбар зөвлөл нь чадамжгүйгээс болоод хүний нөөцтэй холбоотой сонгон шалгаруулалтаас гадна зэрэг дэвийн нэмэгдэл гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхгүй өчнөөн олон жил явчихсан байсан. Анхных нь сонгон шалгаруулалт 2022 оны 05 дугаар сард зарлагдсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар зөвлөлийн зохион байгуулж байгаа анхны шалгалт. 2019 оны 01 дүгээр сараас мөрдөж эхэлсэн шинэ Төрийн албаны тухай хуулиар зохион байгуулах гэж байгаа анхны шалгалт байсан. Хүний нөөцийн мэргэжилтэнд нөлөөлсөн эсэх асуудлыг эрх бүхий байгууллага тогтоох ёстой шүү дээ. Туул голын сав газрын захиргаанаас бичгээр өгсөн мэдээллийг нь 2023 оны 04 сарын 04-ний өдөр 1 бичгээр миний ХАСХОМ-ийг хянуулахаар явуулаад, дахиад 1 бичгээр энэ хүнийг шалгаж өгөөч гээд 2 бичиг Авлигатай тэмцэх газар хүргэгдсэн. Тэр бичгийнх нь хариу 2023 оны 04 сарын 27-нд манай хамаарлын асуудал биш гээд буцаагдчихсан. Гэтэл тэрийгээ дахиад 05 дугаар сард нь хяналт шинжилгээнээс тодруулга хийж байгаа гэж ажиллаад тэр гомдлоо дахиад 05 дугаар сард өгөөд 06 дугаар сард хэрэг нээгдсэн юм шиг байгаа. Тэр асуудлаар надаас тодруулга хийсэн зүйл байхгүй, 2023 оны 12 дугаар сарын 15-нд шууд яллах тогтоол танилцуулчихсан. Энэ дунд ямар процесс юу болсон талаар ямар мэдээлэл байхгүй байсан. Яллах тогтоол нэг талыг баримталсан гэдэг агуулгаар өмгөөлөгч бид 2 шат шатанд нь гомдлоо гаргаад шийдвэрлэгдээгүй прокурор дээр байна. Би төрийн жинхэнэ албан хаагч тэр утгаараа эрх ашгаа хамгаалуулах үүднээс төрийн албаны дээд байгууллага болох Төрийн албаны зөвлөлд хүсэлт, гомдлоо гаргаад явсан. Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин аялал жуулчлалын сайдад явуулж байгаа албан бичгүүд дээр агуулга  нь тодорхой байна. Миний нэр дээр гомдол өгөөд шалгуулж байгаа асуудал бол тусдаа, энэ томилох үйл ажиллагаатай хамааралгүйгээр явах ёстой асуудал. Энэ агуулгыг ч гэсэн Төрийн албаны зөвлөлөөс явуулсан бичиг болгон дээр дурдаад явчихсан тэр агуулгыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П******* 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.О*******ын гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн буюу Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох шийдвэрийг гаргахгүй, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй нь хууль зөрчсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Туул голын сав газрын захиргаанаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, мэдээлэл, хяналт шалгалтын зохицуулах албаны дарга Б.О******* нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Х.Ц*******г тусгай шалгалтгүйгээр Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон 2022 оны 2 болон 3 дугаар сард ажилласнаар тооцож 1,268,726 төгрөгийн цалин олгож, байгууллагад хохирол учруулсан гэх мэдээллийг ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар хяналт шалгалт хийхэд Туул голын сав газрын Захиргааны мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга Б.О******* нь Сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн баталсан журмыг зөрчиж, Х.Ц*******г тусгай шалгалт сонгон шалгаруулалтгүйгээр ахлах мэргэжилтнээр томилсон. Мөн ажил, албан тушаалын байдлаа ашиглан Сав газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд нөлөөлж, Х.Ц*******г гадаад улсад байх хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд сав газарт биечлэн ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хийлгүүлж, нийт 1,2 сая төгрөгийн цалин олгосны холбогдох баримт материал, албан хаагчдын тайлбар зэргээр тогтоогдсон. Б.О*******ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байх тул Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн болно. Авлигатай тэмцэх газар дээрх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд Б.О*******ыг Туул голын сав газрын захиргааны даргаар томилох боломжгүй талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Баатарзоригт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/3605 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд Б.О*******ыг Туул голын сав газрын захиргааны даргаар томилох асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Хэргийн үйл баримтын тухайд, Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад Б.О******* оролцож 103.80 оноо буюу хамгийн өндөр үнэлгээ авсан байх бөгөөд шалгалтын үнэлгээ болон нэр дэвшүүлэх процессын талаар хариуцагч маргаагүй.

2. Улмаар хамгийн өндөр оноо авсан иргэн Б.О*******ыг Салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

3. Үүнтэй зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1798 дугаар албан бичгээр Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О*******ыг хууль тогтоомжийг зөрчин “Х.Ц*******г тусгай шалгалтгүйгээр томилсон, 2022 оны 2, 3 дугаар сард ажилласнаар тооцон цалин олгож, байгууллагад хохирол учруулсан” гэх үйлдэлд шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

4 Төрийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч томилохгүй байгаа талаар Б.О*******оос гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/1094 дүгээр албан бичгээр “...тухайн нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр томилохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.О*******ыг нэр дэвшүүлсэн албан тушаалд томилох” агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

5. Дээрх албан бичгээр өгсөн мэдэгдлийг биелүүлээгүй тул Б.О*******оос 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/1314 дүгээр албан бичгээр “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж хуульчилсан. Нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.О*******ыг албан тушаалд томилох” талаар дахин мэдэгджээ.

6. Төрийн албаны зөвлөлийн даргын дээр мэдэгдлийг мөн эсэргүүцэж, Байгаль орчин, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/3605 дугаар албан бичгээр “...Б.О*******ыг томилох асуудлыг эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсан” гэх хариуг хүргүүлжээ.

7. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1650 дугаар албан бичгээр “...сайдаас ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй, Б.О*******ыг томил...” гэх агуулга бүхий мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дахин хүргүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/2372 дугаар албан бичгээр “...Б.О*******од холбогдох гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх асуудлыг шийдвэрлэсэн эсэх...” лавлагаа авахаар Авлигатай тэмцэх газарт ханджээ.

8. Дээрх албан бичгийн дагуу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/17953 дугаар албан бичгээр “...Б.О*******од холбогдох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна...” гэх хариуг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

9. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заажээ.

10. Хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл, томилох эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн этгээдийг хуульд заасан үндэслэлээр нэг удаа томилохоос татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд томилоход харшлах хуульд заасан үндэслэлийг нотолж, тайлбарлах үүрэгтэй, харин томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл Төрийн албаны зөвлөл томилохыг үүрэг болгох эрх хэмжээтэй байна.

11. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч Б.О*******ыг Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх талаар, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас ирүүлсэн “..томилохыг хойшлуулсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй талаар Төрийн албаны төв байгууллагаас хариуцагчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

12. Төрийн албанд томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийг “...гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тохиолдолд томилохыг хойшлуулах” талаарх зохицуулалт Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид хуульчлагдаагүй байх тул 2023 оны 04 дүгээр сарын 04-ний Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн Б.О*******ыг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус бөгөөд түүний улмаас Б.О*******ын хөдөлмөрлөх эрх, төрийн алба хаах боломжоор хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэлээ.

13. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...” гэж заасан бөгөөд Б.О*******од холбогдох гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэх үйл баримт нь төрийн албанд томилогдох эрхийг хязгаарлах, хөдөлмөрлөх эрхэнд нь халдах үндэслэл болохгүй.

14. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилохыг хуулиар үүрэг болгосон байхад энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан байх тул хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс даалгаж, Б.О*******ын зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй.

15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.О*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Б.О*******ыг Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

16. Харин Б.О*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол гарсан тохиолдолд тухайн үедээ Төрийн албаны тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргах эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд нээлттэй байгаа болохыг тэмдэглэж байна.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зүгээс анх тус яамны мэргэжилтэн Э.П*******д итгэмжлэл олгосон, улмаар энэхүү итгэмжлэлийг хүчингүй болгож шинээр А.М*******ийг томилсон боловч А.М*******ь нь итгэмжлэлээс татгалзсанаар Д.Н*******ыг томилсон байна.

18. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0052 дугаар захирамжаар Б.О*******ын нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******иас гаргасан “...өөрт олгогдсон итгэмжлэлээс татгалзсан, Д.Н*******ыг шинээр томилсон...” гэх хүсэлтийг үндэслэн Д.Н*******ыг шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн захиргааны ажилтны шаардлагын дагуу шүүхэд ирж хэргийн материал танилцаагүй, товлогдсон шүүх хуралдаануудад огт оролцоогүй.

19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийн материалтай танилцах талаар шүүхийн захиргааны ажилтан удаа дараа мэдэгдэж, баримтжуулан хэрэгт хавсаргаж, хэрэгт хөтлөх баримтыг цахим шуудангаар нь хүргүүлсэн, шүүх хуралдааны өмнө тов сануулсан нь хэрэгт авагдсан утсаар ярьсан тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдож байна.

20. Д.Н*******ын зүгээс гаргасан “...хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлэгт оролцож байгаа...” гэх хүсэлтийг хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд захиргааны байгууллагын дотоод ажлын улмаас товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтад “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж заасан бөгөөд ажлын хэсгийн хуралдаанд оролцох нь шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй.

22. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй аливаа этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд биечлэн ирж оролцох зарчимтай бөгөөд шүүхийн зүгээс хэргийн материалыг хүргүүлэх, захиргааны байгууллагад очиж танилцуулах үүрэг хүлээгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгч Б.О*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн Б.О*******ыг Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

[1] https://hh.csc.gov.mn/attandanceWithScore/21a7dbc6-cfe7-41ca-bdc2-43c268337a7b Open-Exam шалгалтын цахим систем

[2] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 46 дахь тал

[3] Хх 33 дугаар тал

[4] Хх 46 дахь тал

[5] Хх 45 дахь тал

[6] Хх 47-48 дахь тал

[7] Хх 31 дэх тал

[8] Хх 49-50 дахь тал

[9] Хх 51 дэх тал

[10] Хх 52 дахь тал