Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 564

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

Хохирогч: Б.Уянга, түүний өмгөөлөгч Д.Отгонбат,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Намжилцогт нарыг оролцуулан шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт

Г т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

эрүүгийн 1705007230116 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г ,

Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн

дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт,

оршин суух,

урьд шийтгэлгүй, Шүүгдэгч Г  нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан” паб бааранд гэр

бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын

08-ны өдөр манай хоёр хүүхэд над руу залгасан. Манай хоёр хүүхэд сүүлийн хэд хоног

байн, байн залгадаг болсон байсан. Уянга намайг хүүхдүүдтэй яриулдаггүй, би утас авч

өгөхөд Уянга нуугаад өгдөггүй байсан. Уянга тагнаж байна гэж боддог байх. Нэг удаа

хүүхэдтэйгээ уулзахад “ааваа та шоронгоос гарсан юм уу, гэж хэлж байсан. Дараа нь

уулзахад хүүхдүүд аваа гэхээ больсон ахаа гэж дуудаг болсон байсан. Би сэтгэл дотроо

эмзэглэх болсон. Хэрэг болсон өдөр манай хоёр хүүхэд орой 9 өнгөрч байхад залгасан.

Гэрт нь очиход хоёуланг нь гаднаас нь түгжсэн байсан. Би хаалганы цаанаас ах чинь

яасан юм бэ гэж асуухад урд талын компьютер тоглоомын газар очсон байх гэж хэлсэн.

Манай найз утасдаад танай эхнэр чинь өөр хүнтэй пабад сууж байна, гэхээр нь би гэр

орондоо харь гэж хэлье гэж бодоод очсон. Би цонхны цаанаас зөндөө хараад, Уянгаа

руу залгасан, тэсэлгүй ороод хэлсэн. Би тухайн залууд чи энэ хүнтэй амьдрах гэж байгаа

бол миний хоёр хүүхдийг хайрлаарай гэж хэлсэн. Тэгсэн Уянгаа уурласан. Би тухайн

залуутай ярилцсан. Тэгээд тэр залуу Уянгааг хаяаад яваад өгсөн. Би зодоон маргаан

хийгээгүй. Уянгааг гэрт нь хүргэж өгье гэхэд Уянга араас өшиглөөд чи миний амьдралд

дандаа гай болж байна гээд өшиглөөд байсан. Би Уянгааг “зүгээр бай, ах руу чинь ярьж

хэлнэ, хоёр хүүхэд 7 давхраас үсрэх, өлсөж үхэх юм бол чамтай хариуцлага тооцно шүү”

гэж хэлэхэд миний араас өшиглөж, намайг цохьсон. Би тамхи татаж байсан ба тамхи

гарнаас үсрээд нүүрийг нь түлсэн байх” гэв.

Хохирогч Б.Уянгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Г  намайг маш их

харддаг. Анх танилцсанаасаа хойш 7 жил дарамталж байна. Би гурван хүүхдээ өөрөө

тэжээгээд, хүмүүжүүлээд явж байгаа. Би өөрийн гэсэн ажил төрөл, олон нийтэд байр

сууриа эзэлсэн хүн байсан. Г  анх надтай ашиг сонирхлын үүднээс уулзаж,

холбоо тогтоосон. Байнга намайг хардаж, ажил төрөл, гэр, найз нөхдийнхөө хажууд

зоддог. Ямар ч үндэслэлгүй зүйл өөрөө зохиож, миний араас мөрдөж мөшгөдөг. 2014

онд гэрлэлтээ цуцлуулсан. Намайг их дарамталдаг байсан. Би өөрийн эцэг, эх, ахыгаа

алдсан учир Г  намайг дээрэлхэдэг. Би хоёр хүүхдээ Г ийн хажууд өсгөхгүй

гэж салсан. Манай хоёр хүүхэд “аавын ноён нуруу хугараад, та ноён нуруу болсон биз

дээ” гэж ярьж байгаа. Манай найз Уянгалянхуа намайг ажилд авсан. Г  намайг

оройтож ирэхээр чи хэнтэй, хаагуур яваад ирсэн гэж зоддог. Хөх, эрээн болчихоод

ирэхээр миний найз чамд яаж туслах уу гэж хэлдэг байсан, би ажлаасаа гарсан. Тэгээд

намайг талбай аваад, үйл ажиллагаа явуул гэж хэлсэн. Тухайн ажлын газрыг тохижуулах

гээд маш их завгүй байсан. Дөлгөөн гэх хүнтэй ажил хэргийн шугамаар холбогдсон. 2017

оны 9 дүгээр сарын 08-ны өдөр их ажилтай байсан учир хоёр хүүхдээ орхиод гарсан. Би

амьдралаа босгохын тулд хүүхдүүдээ гэртээ орхидог. Надад туслах нэг ч хүн байхгүй.

Г  миний том хүүг гадна зогсоож байгаад надаас эрүү, шүүлт авдаг байсан. Миний

амьдарч байгаа байр, цахилгааны мөнгө гараад айлаас айл дамжиж амьдарч байгаа.

Г  миний бизнесийг зогсоосон. Би сарын 2.200.000 төгрөгийн гэрээ хийсэн. 2017

оны 8 сарын 30-ны өдөр нээлт хийж, зурагнуудаа фэйсбүүк дээр тавьсан. Намайг

сошилоор од болгоно гэж дарамталж байсан. Тухайн өдөр би Дөлгөөнтэй таараад хоол

унд идэнгээ маргаашийн ажлаа яръя гээд нэг газар орж сууж байхад Г  орж ирээд

утсаараа бичлэг хийж, зураг авсан. Намайг хангалттай элдвээр доромжилсон. Дөлгөөн

намайг муугаар хүлээж авсан. Г тэй ярилцъя гээд гарч яваад буцаж орж ирээд

явъя гэж хэлсэн. Миний амьдралд байнга Г  саад болдог. Би Г т уурлаад

“чи дандаа миний амьдралд гай болдог” гэж хэлээд өшиглөсөн минь үнэн. Тэгсэн

Г  чи муу зүгээр байгаарай гээд татаж байсан тамхиараа миний баруун хацар руу

доош чиглүүлэн дарсан. Тэгсэн ард байсан эмэгтэй чи болиоч ээ гэж хэлсэн. Дөлгөөн

араас гарч ирээд чи болиоч эмэгтэй хүнд гар хүрэх юм бол, би наад эмэгтэйг чинь хүргэж

өгнө гэж хэлсэн чинь, чи битгий эр, эмийн голоор ороод бай гээд Дөлгөөн, Г

хоёр барьцалдаж авсан. Тэгэхээр нь би өөрөө харьчиж чадна манайх ойрхон гээд

гүйгээд явсан. Г  машинтайгаа зам дагаад суу пиздаа минь ална шүү гэж хэлсэн. Би

зам гарч зугтаасан. Эрүүл мэндийн 7 дугаар төвийн тэнд явж байхад Г  ирээд би

чамайг барьсан ална гээд намайг чирсэн. Тэгсэн хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй гарч ирээд

болиоч гэж хэлсэн. Нэг хүүхэн нь намайг чирч зугтаасан. Г  маш аюултай хүн. Би

Сан сургуулийн хашаанд орж найз руугаа ярьсан. Тэгээд цагдаа очиж мэдүүлэг өгч, шүүх

эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэр хооронд Г  байрны гадаа очиж орилж байсныг

надад хүмүүс хэлсэн. Г  намайг байнга, хардаж, мөшгөдөг. Гомдолтой байна,

сорвио арилгуулмаар байна” гэв.

Хохирогч Б.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 08-ны

өдөр ресторан пабад хоол идэх гээд ажлынхаа хүнтэй сууж байхад салсан нөхөр

Г  хамт сууж байсан хүнтэй хардаад элдвээр доромжлоод байсан. Тэгээд нүүр рүү

гараараа цохиод татаж байсан тамхиныхаа цогоор түлсэн... би гомдолтой байна” гэсэн

мэдүүлэг /хх-н 50-53/,

Гэрч Б.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 08-ны

орой Б.Уянга гэх эмэгтэйтэй ажил хэргийн шугамаар Баянгол дүүргийн 16 дугаар

хорооны нутаг дэвсгэрт байх Гандан вив ресторанд уулзаад байж байтал орой 22 цагийн

орчимд гаднаас нэг залуу орж ирээд Уянгыг хэл амаар доромжлоод байхаар нь би юун

хүн бэ гэж асуусан чинь би нөхөр нь байна гэж хэлэхээр нь өө тийм үү бид хоёр ямар нэг

асуудалгүй ажил хэргийн шугамаар уулзаж байна гэхэд надад хандаж би чамайг хаана

ажилладаг, юу хийдэг талаар мэднэ шүү, Уянгаас хол байхгүй бол ална шүү гээд

заналхийлээд байхаар нь би юм хэлэлгүй гадаа гарч байгаад учраа олъё гэж хэлээд хамт

гадаа гарсан чинь надаас хувийн чанартай асуултууд асуугаад байсан... буцаад дотогшоо

орсон тэгээд би тооцоо хийгээд байж байхад Уянга нөхөртэйгээ гадагшаа түрүүлээд

гарсан. Би тооцоогоо хийчээд араас нь гараад ирсэн чинь Уянгыг тамхины ишээр хацрыг

нь түлээд өгзөг рүү нь өшиглөсөн байдалтай, Уянга нилээн уурласан байдалтай байсан.

Тэр үед хажуугаар нэг эмэгтэй явж байгаад эмэгтэй хүн зодохоо болиоч гэж хүртэл хэлж

байсан. Баруун хацар нь хурууны хэрээний шалбарсан цус шүүрээд байж байхаар нь мөн

гадаа явж байсан эмэгтэй хүн чи эмэгтэй хүн зодохоо болиоч гэж хэлэхээр нь би Уянгыг

зодсон юм байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 60-61/,

Гэрч Д.Сэвжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 08-

ны өдөр 23 цаг 30 минутад Уянгын утаснаас миний гар утас руу мессеж ирээд найзаа

надад туслаач Г  ирээд намайг алах гээд байна гэсэн байсан. Би утас руу нь

залгаад юу болсныг асуухад би зугтаагаад Сант дээд сургуулийн хашаанд нуугдаад сууж

байна гэхээр нь очтол уйлчихсан, хацар нь түлэгдсэн сууж байхаар нь аваад цагдаагийн

хэлтэст дагуулж ирээд өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57/,

Гэрч Л.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сард намайг

Ариунхишигийн гэрт байхад ээж нь гаднаас орж ирэхдээ Г  миний нүүрийг

түлчихлээ гэж Ариунхишигт хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 129-130/,

Шинжээчийн 11479 тоот дүгнэлтэд: “...Б.Уянгын биед тархи доргилт, баруун

шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын 2-р зэргийн түлэгдэлт бүхий

гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун хацрын түлэгдэлт нь өндөр хэмийн 1 удаагийн бусад нь

мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх

эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар

сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн

чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 77/,

Яллагдагч Г ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Уянгад хоёр үг хэлээдхье

гэхэд баар луу нөгөө залуу орсон. Би тэр үед гадаа тамхи татаад зогсож байсан чинь

Уянга гарч ирээд хүний амьдралд дандаа гай болж байх юм гээд... хамт явахдаа араас 2

удаа өшиглөхөөр нь би болиоч гээд эргэж харахдаа баруун гарт байсан татаж байсан

тамхи биеийн хэсэгт унасан бололтой хувцсаа гөвж харагдсан. Чи машинд суу гэхэд

суухгүй ганцаараа цаашаа алхаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 90-91/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/,

хохирогчийн гаргасан өргөдөл /хх-н 5-6/, хүчирхийллийн үнэлгээ /хх-н 10-19/, гар утасны

ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 46-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах

хуудас /хх-н 96/, шүүгдэгч Г ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н

133-143/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г  нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан” паб бааранд гэр

бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Уянгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон

эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Уянгын “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр

ресторан пабад хоол идэх гээд ажлынхаа хүнтэй сууж байхад салсан нөхөр Г  хамт

сууж байсан хүнтэй хардаад элдвээр доромжлоод байсан. Тэгээд нүүр рүү гараараа

цохиод татаж байсан тамхиныхаа цогоор түлсэн... би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг

/хх-н 50-53/, гэрч Б.Дөлгөөний: “...Гандан вив ресторанд уулзаад байж байтал орой 22

цагийн орчимд гаднаас нэг залуу орж ирээд Уянгыг хэл амаар доромжлоод байхаар нь

би юун хүн бэ гэж асуусан чинь би нөхөр нь байна гэж хэлэхээр нь өө тийм үү бид хоёр

ямар нэг асуудалгүй ажил хэргийн шугамаар уулзаж байна гэхэд надад хандаж би чамайг

хаана ажилладаг, юу хийдэг талаар мэднэ шүү, Уянгаас хол байхгүй бол ална шүү гээд

заналхийлээд байхаар нь би юм хэлэлгүй гадаа гарч байгаад учраа олъё гэж хэлээд хамт

гадаа гарсан чинь надаас хувийн чанартай асуултууд асуугаад байсан... буцаад дотогшоо

орсон тэгээд би тооцоо хийгээд байж байхад Уянга нөхөртэйгээ гадагшаа түрүүлээд

гарсан. Би тооцоогоо хийчээд араас нь гараад ирсэн чинь Уянгыг тамхины ишээр хацрыг

нь түлээд өгзөг рүү нь өшиглөсөн байдалтай, Уянга нилээн уурласан байдалтай байсан.

Тэр үед хажуугаар нэг эмэгтэй явж байгаад эмэгтэй хүн зодохоо болиоч гэж хүртэл хэлж

байсан. Баруун хацар нь хурууны хэрээний шалбарсан цус шүүрээд байж байхаар нь мөн

гадаа явж байсан эмэгтэй хүн чи эмэгтэй хүн зодохоо болиоч гэж хэлэхээр нь би Уянгыг

зодсон юм байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сэвжидмаагийн: “...2017 оны 9

дүгээр сарын 08-ны өдөр 23 цаг 30 минутад Уянгын утаснаас миний гар утас руу мессеж

ирээд найзаа надад туслаач Г  ирээд намайг алах гээд байна гэсэн байсан. Би утас

руу нь залгаад юу болсныг асуухад би зугтаагаад Сант дээд сургуулийн хашаанд нуугдаад

сууж байна гэхээр нь очтол уйлчихсан, хацар нь түлэгдсэн сууж байхаар нь аваад

цагдаагийн хэлтэст дагуулж ирээд өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57/, шүүх

эмнэлгийн шинжээчийн 11479 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,

бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул

түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна

гэж шүүх дүгнэлээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан

эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн

харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж, мөн Эрүүгийн

хуульд “бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүмүүсийн хоорондын

харилцааг хамааруулах” ойлголт байх бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн

хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г  нь гэр бүлийн хамаарал

бүхий харилцаатай хохирогч Б.Уянгыг хамтран амьдархаа больсон хэдий ч түүнийг

хардах бусад шалтгаанаар хүний сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодод халдсан

үйлдэл хийсэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үнэдслэтэй

тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл

үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г  нь хохирогч Б.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж

түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай

хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь

хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд

улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Уянгын биед хөнгөн хохирол

учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр

тогтоогдсон байна.

Хохирогч Б.Уянга нь нүүрэнд үүссэн сорвийг арилгуулах эмчилгээ хийлгэж байгаа,

мөн уг гэм хэргийн улмаас бизнесийн үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас

учирсан хохирлоо жич нэхэмжилнэ гэж байх тул хохирогч нь хохирол, хор уршгийн

талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч,

түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй

болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт

хэрэгт 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас

720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх...ял оногдуулахаар заажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж

чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г т

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд

тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 01

хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд эдэлсэнд тооцож эдлэх ялаас нь хасах

нь зүйтэй.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь

зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт

зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г

хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй

болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г ийг “хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Г ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Г ийн урд цагдан хоригдсон 14 хоногийн 01 хоногийг нийтэд тустай

ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг

эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 188 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн

эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г  нь шүүхээс оногдуулсан 188 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг

биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар

тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй

болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт

зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт

хавсаргасугай.

7. Хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй

болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч Г т хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх

арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР