Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ч.Х, Л.Х нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Х, Л.Х нарт холбогдох 2212000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хотын 48 дугаар сургуульд математикийн багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л.Х

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.Х

 

Шүүгдэгч  Л.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой иргэн Ч.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны орой иргэн Л.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Х, Л.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Л.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хаш-Эрдэнийг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х шүүгдэгч Ч.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурдаж, хохирогч Л.Хын  нэхэмжилсэн 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж; Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Ч.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Хын гаргасан давж заалдах гомдолд: “Миний бие Л.Х нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн төрж өссөн гэртээ аав, ээж дээр ирээд шинэ сар гаргаж байсан. Гэтэл Чын хүү Х хүргэнээ дагуулан шинийн нэгний орой 21 цагийн үед золголт хийх нэрээр ирж, миний бие эрүүл мэндэд минь санаатайгаар хохирол учруулсан. Би н.Чынд очиж зодоон хийгээгүй. Гэртээ амрах гэж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Өмнө нь н.Ч золголт хийхээр ирэхдээ эхнэр, хүүхдүүдээ дагуулан өдрийн цагаар ирдэг байсан боловч энэ удаа шөнийн цагаар хүү, хүргэнээ дагуулан ирж байгаа нь золгох бус санаатайгаар зодох гэж ирсэн гэж бодож байна. Өөрийгөө хамгаалан барьцалдаж авсан намайг хүний биед санаатайгаар хохирол учруулсан гэж үзэж байгаад гайхаж байна. Шүүх хуралдаанд ороход өөрийн биеийн эрүүл мэндэд хохирсон гэмтлийг эмчлүүлэхэд шаардлагатай байх гэсэн нотлох баримтыг авч ирсэн. Гэвч түүнийг хангалтгүй гэж үзсэн. Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажилгүй ба би ерөнхий боловсролын сургуульд багшилдаг. Миний авч байгаа цалин нь гэр бүлээ тэжээж амьдрахад арай ядаж хүрч байна. Гэтэл эмчилгээний зардлаа өөрөө төлж, эмчилгээ хийлгээд нотлох баримтаа авч ирж иргэний хэргийн шүүхэд хандах, мөн 500.000 төгрөгөөр торгох шийтгэлтэй шийдвэр нь боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь миний эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэх хугацаанд болон эрүүл мэндийн байдалд саад болж байна хэмээн миний бие үзэж байна. Иймд миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Х-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч Л.Хын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Ч.Х оюутан болсон учраас түүнд оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг үзнэ үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Л.Хын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Л.Х, Ч.Х нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х, Ч.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Хаш-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэжээ.

 

Шүүгдэгч Л.Хд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хир хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Харин шүүгдэгч Ч.Хд ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ч.Х гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан ч шүүх хэргийг шийдвэрлэх үед арван найман насанд хүрсэн байсан тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлах шаардлагагүй.

 

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан.

 

Шүүгдэгч Ч.Х 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 15 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 17-ны өдөр арван найман насанд хүрсэн,  арван найман насанд хүрсэн ч Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулах шаардлагатай нөхцөл байдал, тодруулбал шүүгдэгчийн биеийн болон сэтгэцийн байдлын талаар тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд  шүүгдэгч Ч.Х-ийг арван найман насанд хүрсэн, шүүгдэгч Л.Хтай харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан, оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Х “...Өөрийгөө хамгаалан барьцалдаж авсан намайг хүний биед санаатайгаар хохирол учруулсан гэж үзэж байгаад гайхаж байна. Шүүх хуралдаанд ороход өөрийн биеийн эрүүл мэндэд хохирсон гэмтлийг эмчлүүлэхэд шаардлагатай байх гэсэн нотлох баримтыг авч ирсэн. Гэвч түүнийг хангалтгүй гэж үзсэн...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Ч.Х-ийн мэдүүлэг /хх-ийн172/, гэрч У.Ч /хх-ийн 173/, гэрч Ч.Б /хх-ийн174/ нарын мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 114 дугаар дүгнэлт /хх-ийн 175/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Х нь хохирогч Ч.Х-ийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Л.Х шүүх хуралдаанд Окула пластик эмнэлгийн мэс заслын төлбөр 3.000.000 төгрөг, шинжилгээний төлбөр 150.000 төгрөг, нийт 3.150.000 төгрөгийн нэхэмжлэх гаргаж өгсөн байх ба анхан шатны шүүх тухайн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.Хыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүх гэм хор учруулсны хохирлыг шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх бөгөөд хэрэгт хохирогчдын хэн хэн нь гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн баримт авагдаагүй, хохирогч Л.Х эмчилгээний төлбөрийн 10 хувийг төлж байж нэхэмжлэх авсан гэж мэдүүлсэн боловч 10 хувийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэх нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримт байх тул шүүх хуралдаанаар  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэж буй нь зөв юм.

Иймд шүүгдэгч Л.Хын давж заалдах гомдлыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хаш-Эрдэнийг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Хаш-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хд оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х, Ч.Х нарт оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай” гэж,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х, Ч.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА