| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04908/И |
| Дугаар | 183/ШШ2024/03660 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2024/03660
2024 оны 09 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/03660 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О /РД:************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О /РД:*************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, гэрч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 10%-ийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагчид 10 000 000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5064075771 тоот данс руу 4 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчийн 5085256038 тоот данс руу 2 000 000 төгрөгөөр 3 удаа тус тус шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг нийт үүрэг гүйцэтгэвэл зохих үндсэн төлбөр 11 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 3.7-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Үүрэг гүйцэтгэвэл зохих үндсэн төлбөр 11 000 000 төгрөгөөс нэг өдрийн алданги 55 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги тооцоход 0.5%-ийн алданги тооцвол 5 500 000 төгрөгийн алданги төлөхөөр байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.М гэдэг хүнийг өмнө тайлбарлахдаа нягтлан гэж тайлбарлаж байсан. н.М гэх хүнийг Т.О болон Б.О миний бие огт танихгүй. Г.О нь манай худалдааны төвд удаа дараа ирдэг байсан. Т.О надаар дамжуулж зээл авч хэрэглэсэн гэдгийг мэдсэн. Зээлийн гэрээнд 50..33-тай данс байсан бол 50.. 80-тай дансаар мөнгөн гүйлгээ орж ирсэн. Г.О-т тус зээлийг төлчихсөн гэж үзэж байсан. Т.О-с миний нэрийг барьж Б.О-тай нотариат орж зээлийн гэрээ байгуулсан баримт байгаа. Б.О-г чинь шүүхэд өгнө, гомдол гаргана гэж 10 000 000 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж авсан байгаа юм. Т.О нь Т банк ХК-иас зээл авч Г.О-н хэлсэн данс руу шилжүүлж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. Би 10 000 000 төгрөгийг авсан. Гэхдээ буцаагаад төлсөн гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байгаа. Хэдий бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж боловч Г.О болон Т.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бөгөөд мөнгийг Т.О захиран зарцуулсан болох талаар хариуцагч болон гэрч Т.О тайлбарладаг. Т.О нь Төрийн банк ХК-иас зээл авч буцаан Г.О-т төлсөн, энэ зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж тайлбарлаж байгаа. Гэрч Т.О-н Т банк ХК-иас зээл авсан талаарх дансны хуулгаар энэ үйл баримт нотлогдож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Хаан банк ХК-ны дансны хуулгаар 3 250 000 төгрөгийг Г.О-н шилжүүлж гэж хэлсэн дансаар тухайн өдөр нь шилжүүлсэн гэж гэрч тайлбар хэлж байгаа учраас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, гэрч Т.О-н дансын авч байж энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2767 дугаар зээлийн гэрээ, Г.О, Б.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3587 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Г.О-н ************** тоот дансны 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны Төрийн банкны дансны хуулга, Б.О-н ********** тоот, Б.М-н ************ тоот дансны 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны дансны хуулгууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаар шүүгчийн захирамжаар Хаан банкны *********** дугаарын данс эзэмшигчийн мэдээлэл, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн хүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ************ дугаар шүүгчийн захирамжийн дагуу гэрч Т.О-г асуусан тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *********** дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ************ дугаарын дансны хуулга зэргийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч Б.О нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 10%-ийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан боловч одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бичгийн хэлбэрээр зээлийн гэрээг би байгуулсан боловч Г.О болон Т.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бөгөөд мөнгийг Т.О захиран зарцуулсан. Т.О нь Т банк ХК-иас зээл авч буцаан Г.О-т зээлсэн мөнгөө төлсөн учраас зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэж байна гэж маргасан.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Г.О, хариуцагч Б.О нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдан, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ.
4.2. Гэрээний 3.4-т зээл олгох хэлбэр, хугацаа бэлэн бусаар Хаан банкны ************** тоот дансанд 4 000 000 төгрөгийг 2020.11.03-ны өдөр зээлдэгчийн заасан дансанд шилжүүлж олгосон болно. Үлдэгдэл 6 000 000 төгрөгийг зээлдэгчийн Хаан банкны ************* тоот дансанд 2020.11.10-ны өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ гэжээ.
4.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-т ..зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасан.
4.4. Б.М-н эзэмшлийн Хаан банк дахь ************ тоот данснаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Б.О-н эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот дансанд 4 000 000 төгрөгийг *********** Б.О зээл 7 хоног 10% гэх утгаар, нэхэмжлэгч Г.О-н эзэмшлийн Төрийн банкны ********** тоот данснаас хариуцагч Б.О-н Х банк дахь ************ тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 6 000 000 төгрөгийг О-д зээл гэх утгаар тус тус шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.
4.5. Хариуцагч нь зээлийн гэрээг бичгээр би байгуулсан боловч зээл авсан хүн нь Т.О, зээлсэн 10 000 000 төгрөгийг Т.О зарцуулсан бөгөөд нэхэмжлэгчид Т.О нь уг мөнгийг буцаагаад өгчихсөн учраас уг зээлийн үүрэг хангагдсан гэж тайлбарлаж байх боловч баримтаар тогтоогдохгүй байна.
4.6. Хариуцагч нь тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үндсэн зээлийн 10 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 000 000 төгрөг, 0.5 хувийн алданги буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 5 500 000 төгрөг, нийт 16 500 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4.7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу шүүхээс зээлийн хүүг 14 хоногийн 10%-иар тогтоосон нь зээлдэгчид илт хохиролтой гэж үзэж 14 хоногийн 1%-ийн хүү буюу 100 000 төгрөгийг тооцсон.
4.8.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан зохицуулалтад нийцэж байна.
4.9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан бөгөөд гэрчийн мэдүүлэг, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь өдрийн зээл гэх өндөр хүү, алданги тооцон ашиг олох зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон.
4.10. Гэрээг талууд чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ч нэхэмжлэгч нь хариуцагч буюу зээлдэгчид илт хохиролтой нөхцөлөөр гэрээ байгуулсан байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан алдангийг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал, хариуцагч Б.О-н гүйцэтгэвэл зохих үүрэг 10 100 000 төгрөг, үүнээс алдангийг 50%-иар тооцож, 5 050 000 төгрөгийг шүүх 50%-иар багасгаж, 2 525 000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
4.11. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 100 000 төгрөг, алданги 2 525 000 нийт 12 625 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 875 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8, 282.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О-с 12 625 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 875 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 240 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с улсын тэмдгийн хураамжид 216 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ