| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00056/И |
| Дугаар | 183/ШШ2024/03662 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2024/03662
2024 оны 09 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/03662 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У ХХК /РД:**********/-д холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 112 497 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ****** дугаартай эд хөрөнгө хөлслөх гэрээг хариуцагч У ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр хариуцагчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын О багийн ** хороололд байрлах, Г хотхоны **-р блокийн барилгыг барих, барилга угсралт, засварын ажил явуулах, аж ахуйн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд нь зориулж хэв хашмалуудыг түрээсэлсэн. Б ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний хавсралтад заасан хэв хашмалуудыг хариуцагч У ХХК-нд хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, үлдэгдэл 74 998 500 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул гэрээний 6.2 дахь хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлээгүй 375 хоногт, хоног тутамд 0,5 хувиар алданги тооцоход 140 622 188 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцоход 37 499 250 төгрөг болж байна. Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт нийт 122 497 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээний 1.2 дээр гүйцэтгүүлэх нөхцөл гэж байгаа. Үүн дээр нь болохоороо барилгын хэв хашмалыг хөлслөгчийн эзэмшихгүй байсан хугацаагаар тооцно. Мөн гэрээний 3.4 дээр хөлслөгч нь хөлслөхөөр тохиролцсон хугацаа дууссан боловч барилгын хэв хашмалын хөлслүүлэгчид хүлээлгэн өгдөггүй, ажлын нэг ба түүнээс дээш хоног өнгөрсөн тохиолдолд хэв хашмалыг хөлслөх хугацааг талуудын хамгийн сүүлд баталгаажуулсан захиалгын нөхцөлөөр дахин сунгах гэдэг. Иймэрхүү нөхцөл байдлаас шалтгаалаад хариуцагчийн эзэмшилд ашиглалтад байсан хугацаагаар тооцож манайх түрээсийн төлбөрөө шаардаж байгаа... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрээ байгуулсан, гэрээгээр тодорхой тооны барилгын хэв хашмал авч ашигласан нь үнэн. Ямар зорилгоор авсан бэ гэхээр гэрээний 1.1-д заасан зорилгыг хэрэгжүүлэх, ерөнхийдөө барилга угсралтын компани буюу үндсэн үйл ажиллагаагаа явуулахад зориулж барилгын каркас урсгалдаа зориулж хэв хашмалыг авсан. Хэв хашмалыг нэхэмжлэгч байгууллагаас түрээсэлж авахад нөхцөлтэй, хамааралтай гэрээтэй л дээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч манай компанид бетон зуурмаг нийлүүлэх гэрээг мөн байгуулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй болсноор хэв хашмал ашиглагдахгүй тодорхой хугацаа өнгөрсөн. Талууд гэрээнийхээ 2.2-т заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлсэн. Учир нь гэрээнийхээ дагуу тэр хугацаандаа хэрэглээгүй хожимдож байсан учраас үргэлжлүүлээд 1 сарын хугацаагаар гэрээнийхээ 2.2-т заасны дагуу өөрчлөлт орсон байгаа. Нэгэнт зуурмаггүй болсон учраас бид нарт хэв хашмалын хэрэгцээ шаардлага байхгүй байсан. Гэтэл Б компанитай бетон зуурмаг нийлүүлэх гэрээний өмнө бид нар 2022 оны 4 дүгээр сард Т барилгын компанитай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан байсан. Өөрөөр хэлбэл бид барилгын карказ угсралтдаа зуурмагийн тухайд бол 2 эх үүсвэрээс зуурмаг авахаар төлөвлөж барилга угсралтын ажиллаагаа явуулж байсан боловч бидэнд зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан 2 нийлүүлэгч маань хоёулаа цементийн хомсдолын улмаас зуурмаг нийлүүлэх боломжгүй боллоо гэдгээ 2022 оны 7 дугаар сарын сүүлээр илэрхийлсэн. Үүний улмаас барилгын хэрэгжилт бол 2022 оны 7 дугаар сарын сүүлээс авхуулаад бүрэн зогссон. 2022 оны 7 дугаар сард зөвхөн карказ угсралтын зуурмаг цутгалтын ажил нь хийгдэж байсан. Гэрээний 1.1-д заасан барилга барих, барилга угсралт, засварын ажил явуулахад зориулагдсан тусгай хэрэгсэл, өөр газар өөр байдлаар ашиглах боломжгүй. Ийм нөхцөл байдал үүссэнийг хэн хэн нь мэдэгдсэн, хэн аль нь хоорондоо утсаар ярилцаад байж байсан. Өнөөдөр нэхэмжлэлдээ хариуцагч байгууллага алга болчихсон юм шиг, нэхэмжлэгч биднийг хайгаад яваад байсан юм шиг агуулгаар бичсэн байна. Бидний араас хэв хашмалаа авъя гэж хөөцөлдөөд явах байсан байх. Тийм үйлдэл гаргаагүй. Нэгэнт хугацаатай байгуулсан гэрээний тухайд хугацаагаа талууд нэг удаа 30 хүртэл хоногоор сунгахаар тохиролцсон бол 8 дугаар сарын 10 гэхэд нэхэмжлэгч байгууллага хөлсөлсөн эд хөрөнгөө биднээс шаардах эрхтэй байсан, энэ шаардах эрхээ хэрэгжүүлсэн гээд байгаа болохоос биш хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй. Зарчмын хувьд эд хөрөнгө хөлслүүлэгч нь шаардах эрхийг хэрхэн яаж хэрэгжүүлсэн юм вэ, нэгэнт зах зээл дээр зуурмагийн хомсдол үүсчихсэн, зуурмагийн хэрэгцээ шаардлага байхгүй болсон байхад хэв хашмалын хэрэгцээ шаардлага барилгын салбарт дагаад байхгүй болчихно. Хугацаа хэтрүүлсэн нь зөвхөн бидний буруутай үйл явдал биш юм. Бид үндсэн үйл ажиллагаа бол барилга угсралтын ажилд ашиглахаар тохиролцсон байсан. Нэгдүгээрт гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ нь нэхэмжлэгч байгууллагын бидэнд илгээсэн зуурмаг нийлүүлэх боломжгүй болсон гэсэн албан бичиг байгаа. Хоёрдугаарт шаардах эрхээ тухайн үед нь хэрэгжүүлэх ёстой байсан. Зуурмаг нийлүүлэх боломжгүй, манай барилгыг ажил зогсохыг мэдэхийн дээдээр мэдэж байсан.Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа буюу 2022 оны 8 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааных бол зөвшөөрч байгаа. Энэ хугацааны алдангийг бид ярилцах ёстой. Яагаад вэ гэхээр хариуцагчийн хувьд хугацаа хэтрүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Иймд 6 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийг, энэ хугацааны алдангийн 50%-ийг төлье. Гэрээний 8-д заасан нөхцөл байдал үүссэн байсан. Ийм үндэслэлээр татгалзаж байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.06.11-ний өдрийн *** дугаар эд хөрөнгө хөлслөх гэрээ, хавсралтын хамт, хэв хашмалын тооцоо гэх баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бараа материал орох, гарах зөвшөөрлийн хуудас, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, 2022.06.08-ны өдрийн ***** дугаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, 2022.04.01-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2024.05.16-ны өдрийн ******** тоот албан бичиг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн **** тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотлох баримтаар гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хэв хашмал ашигласан хугацааны хөлс 74 998 500 төгрөг, гэрээнд зааснаар алданги 37 499 250 төгрөг, нийт 112 497 750 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нь гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин гэрээний зүйл болох хэв хашмалыг ашигласан хугацаа, хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөлд байдалд дангаараа буруугүй гэх үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ***** дугаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч Б ХХК нь хөлслөгч У ХХК-д гэрээний хавсралтад заасны дагуу гаргасан захиалгын хуудсаар баталгаажуулан барилгын хэв хашмалыг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хөлслүүлэх, У ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байх ба гэрээний хавсралтаар хэв хашмалын тоо ширхэг, нэг хоногт ногдох үнэ, хөлс төлөх нөхцөл зэргийг харилцан тохиролцжээ.
4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан тоо ширхгээр буюу нийт 2666 ширхэг барилгын туслах бараа материалыг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч У ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн болох нь бараа материалын гарах зөвшөөрлийн хуудас гэх баримтаар тогтоогдож байна.
4.4. Хариуцагч У ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дээрх барилгын туслах бараа материалаас 156 ширхгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Үлдэх хэсгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буцаан өгсөн болох нь зохигчдын тайлбар, бараа материал орох зөвшөөрлийн хуудас гэх баримтаар тогтоогдож байна.
4.5. Гэрээний 3.4-т ...хөлслөгч нь хөлслөхөөр тохиролцсон хугацаа дууссан боловч барилгын хэв хашмалыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй ажлын 1 ба түүнээс дээш хоног өнгөрсөн тохиолдолд барилгын хэв хашмалыг хөлслөх хугацаа нь талуудын хамгийн сүүлд баталгаажуулсан захиалгын нөхцөлөөр дахин сунгагдсанд тооцно... гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас бараа материал ашигласан хугацааны хөлсийг шаардах эрхтэй болно.
4.6. Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 21, 25, 27-ны өдрийн, 07 дугаар сарын 01, 05-ны өдрийн бараа материал гарах зөвшөөрөл гэх баримтаар маргааны эрх зүйн баримт бичиг болох эд хөрөнгө хөлслөх гэрээнд тусгагдаагүй бараа материалыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтад бараа материалын тоо ширхэг бичигдсэн, харин нэгж үнэ бичигдээгүй нь дээр талууд гэрээнд нэмэлт оруулаагүй байна.
4.7. Иймд гэрээний хавсралтад заагдсан 2666 ширхэг барилгын туслах бараа материалын ашигласан хугацааны хөлсийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах үндэслэлтэй гэж дүгнэв.
Тодруулбал, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 156 ширхэг бараа материал ашигласны хөлс 811 200 төгрөг, /156 х 400 төгрөг=62 400 төгрөг нэг хоногийн /, /62 400 х 13 хоног= 811 200/
2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 2510 ширхэг бараа материал ашигласны хөлс 82 186 000 төгрөг, /1510 х 400 төгрөг =604 000 нэг хоногийн/, /604 000 х 109 хоног =65 836 000/, /1000 х 150 төгрөг = 150 000 нэг хоногийн/, /150 000 х 109 хоног =16 350 000/
4.8. Хариуцагч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нийт 82 997 200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээс гэрээ байгуулах үед төлсөн 24 492 000 төгрөг, барьцаа 7 347 600 төгрөг, нийт 31 839 600 төгрөгийг хасч тооцвол 51 157 600 төгрөгийн хөлс төлөх үүргээ зохин ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4.9. Гэрээний 3.2-т хөлслөгч нь барилгын хэв хашмалын хөлсийг гэрээний хавсралтад заасны дагуу захиалгын хуудсыг талууд баталгаажуулснаас хойш ажлын 1 хоногийн дотор бүрэн шилжүүлнэ. Барилгын хэв хашмалыг хөлслөгчийн эзэмшилд байсан хугацаанд суурилан хөлсийг тооцно гэж тохирсон байна.
4.10. Гэрээгээр тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан ба гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах үндэслэл болно.
4.11. Гэрээний 6.2-т хөлслөгч нь барилгын хэв хашмалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
4.12. Иймд хариуцагчийн хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг болох 51 157 600 төгрөгийн 50 хувиар алданги тооцон 25 578 800 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
4.13. Дээрх үндэслэлээр хариуцагч У ХХК-иас 76 736 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 761 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч У ХХК-иас 76 736 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 761 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-аас 541 632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ