Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

       Н.А-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогч О.Гэрэлцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан гомдлыг үндэслэн Н.А-д холбогдох, 2235000000071 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд Увс аймгийн Б суманд төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Увс аймгийн Улаангом сумын  дугаар баг  тоотод оршин суух, Т ургийн овогт Н-н А /РД:.

1. Шүүгдэгч Н.А нь  2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг “Улаан уул”-ын дэргэдэх Газар хөдлөлтийн станцын хашааны гаднаас 7711 УВС улсын дугаартай, “Toyota Harrier” загварын авто машин жолоодож хөдлөхдөө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3, 3.7.а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч О.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Т овогт Н-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Н.А-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч О.Г-ийн нэхэмжлэлээс 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид хийлгэх эмчилгээтэй холбогдон гарсан зардлын болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

- шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Агийн 7711УВС улсын дугаартай, “ Toyota Harrier ” загварын авто машин бимтүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Н.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болгоомжгүй байдлаас осол гаргаж, улмаар хохирогч О.Г-т гэмтлийн улмаас учирсан хохирол болон хөдөлмөрийн чадвар алдсанаас хөдөлмөр эрхэлж чадаагүй сарын цалин зэрэг нийт 3.362.012 төгрөгийг төлж барагдуулсан, мөн хувийн байдлын хувьд Н.А урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байдаг.

 Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж, Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ .

5. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хассан.

Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Хохирогч О.Гэрэлцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Н.А нь шүүхээс оногдуулсан хоёр жилийн ялын хугацаанд чөлөөтэй ажлаа хийгээд явах боломжтой. Харин би эрүүл мэндийн хувьд ажил хийх боломжгүй болчихсон байна. А нь надтай ирж уулзаагүй, мөн гадуур янз бүрийн худлаа мэдээлэл тарааж явсанд гомдолтой байна. Олон жил найз нөхдийн харилцаатай явсан болохоор намайг ойлгох байх гэж бодсон, гэтэл намайг ойлгохгүй, үл ойшоож байна.

Шүүхээс ялыг чинь багасгаж өглөө гэхэд намайг яая гэж бодож байна. Гадуур дотуур худлаа яриад яваад байгаа нь надад сэтгэлийн дарамт болж байна. Би 18 жилийн хугацаанд 4 өнчин хүүхдээ тэжээж байгаа ганц бие эмэгтэй хүн. Хаана ямар ажил гарна, тэр ажлыг л хийдэг, Н.А намайг хамгийн сайн мэдэж байгаа. Би ер нь худлаа хэлж байгаагүй. Бид хоёрт нэг нэгэндээ муу санаад байх зүйл байхгүй. Тэр өдөр ажлаа хийж дуусаж байхад 6 цаг өнгөрч байсан. Цэргийн баяр тэмдэглээгүй гээд 1 шил архи авч ирж өгсөн. Согтуу хүн байгаагүй, бүгд эрүүл байцгаасан. Тэгээд н.Ц-г гэрт нь хүргэж өгчихөөд машинаа асаалттай зогсоочихсон байсан. Бүгдээрээ бие засацгаая гээд буухад Н.А-г машинаа ухраах гэж байгаа юм байна гэж бодож байтал ухрах гэж байгаад урагшаа явж санамсаргүй мөргөчихсөн. Надад хохиролд 3.362.000 төгрөг өгсөн, дахиж мөнгө аваагүй. Би зарим зүйлээ мартдаг болсон.

Н.А нь шүүхэд миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. Харин миний хохирлыг яаж барагдуулах гэж байгааг асуумаар байна. Дэлгүүртээ орж гарсан хүнд намайг буруутай гэж ойлгуулсан байсан. Гадуур хүмүүст янз бүрийн юм хэлмээргүй байна. Би 2022 оны 9 дүгээр сарын 20-нд 2 дахь хагалгаандаа орно. Надад бүрэн тавлагатай гэр өгсөн гэж худлаа хэлсэн байсан. Надад 3 сая гаруй төгрөг л өгсөн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдэж, хохирлыг минь гаргуулж өгнө үү” гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “Шүүдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Энэ гэмт хэрэг нь санамсаргүй болгоомжгүй байдлын улмаас үйлдэгддэг боловч хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан.

Хохирогч машинд мөргүүлсний улмаас маш олон тооны хавирга хугарсан, уушги нь усжилттай, удаан хугацаагаар сууж чаддаггүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй, амь насанд аюултай бэртэл учирсан байна. Өвчний түүхтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Мөнгө төгрөгийн боломжгүй байдлаас болоод эмчилгээнд явж чадахгүй, эрсдэлтэй байдалд байна. Хохирогч нь өөрөө хувиараа гуанзанд ажиллаад орлого олдог байсан нь одоо зогсчихсон. Мөнгөний боломжгүй байдлаас болоод эмчилгээгээ хийлгэж чадахгүй нөхцөл үүсэж магадгүйн улмаас урьдчилаад эмчилгээний зардлыг өгөх боломж байна уу гэдэг саналыг тавьсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т дараах 3 үндэслэлийг хуульчилж өгсөн. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэл байхгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл бол байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил нотлогдож тогтоогдоогүй байгаа учраас анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна.  Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз О.Гэрэлцэцэгийг дуудаж дэлгүүртээ цэвэрлэгээ хийлгүүлсэн. Цэвэрлэгээ дууссаны дараа бид машинтай Улаан уул руу явцгаасан. Миний машиныг зохисгүй байрлуулсан байсан ба би машинаа эргүүлж тавих хооронд О.Гэрэлцэцэг Цогтбаатарын гэрээс мужааны зүүн гар талаас бие засна гэж орилж гарч ирэхэд манай мужаан машинд мөргөгдөж О.Гэрэлцэцэг дээр нь унасан. Мужаан гэмтэл аваагүй, харин О.Гэрэлцэцэг нь их хэмжээний гэмтэл авсан. Бид 10 жил найзалсан гэр бүлийн сайн найзууд. Хэрэг гарахаас өмнө бид хоёр сайхан харилцаатай байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.

Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Нааш цааш явах нөхцөл боломжийг бүрдүүлж,  жолоодох эрхийг хассан хугацааг багасгаж өгнө үү. Надад гадуур дотуур явж худлаа хэлсэн зүйл байхгүй. Би энэ хэргийн талаар ах дүү нартаа ч хэлээгүй. Хохирогч О.Гэрэлцэцэг манай эгчид хачин зүйл ярьсан байсан. Гэрэлцэцэгийг Улаанбаатар хот уруу эмчилгээнд явахад нь би боломжоороо мөнгө шилжүүлсэн. Энд ирэхэд гэрт нь очиж 500.000 төгрөг өгөх гээд очиход хүмүүс ихтэй байсан учраас 2-3 хонгийн дараа нь эмнэлэгт эргэж очихдоо өгсөн. Түүний дараа эдний хүргэн нь над руу утсаар залгаж, “чи миний ээжийг 500.000 төгрөгөөр хахуульдаж , ял шийтгэлгүй гарах гэж байна, миний ээжтэй дахиад хэзээ ч уулзаж болохгүй” гэж хэлсэн. Тийм учраас би айж ичээд юу ч яриагүй. Нэгэнт л шүүхээр шийдвэрлүүлж байгаа юм чинь шүүх нь асуудлыг шийдэх байх гэж бодсон. Надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж, амьдрах нөхцөлийг минь бүрдүүлж өгнө үү” гэв.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа : “ Авто ослын улмаас хохирогчид гэмтэл учирсан. Эмэгтэй хүмүүс хоорондоо эв зүйгээ олох байх гэж бодсон. Гэтэл найз нөхөд хүмүүс мөртлөө нэг нэгнийгээ ойлгохгүй байна. Шүүгдэгч Н.А нь гадуур дотуур янз бүрийн зүйл ярьж яваад байсан зүйл байхгүй. Эмчилгээний зардал дээрээ тохиролцоод авах боломжтой байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг шүүхээс тогтоосон.

Шүүхээс эрхээ хязгаарлуулсан хүн хохирлоо төлөх боломжгүй. Хохирогч иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх бүрэн боломжтой байна.

Би давж заалдах гомдлоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргаагүй. Хоёр найз учраа олчих байтал хөндлөнгийн хүмүүс оролцож байна. Хохирогчид хүнд  гэмтэл учирсан боловч хэргийн талаар гуйвуулж ярих нь учир дутагдалтай байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна.

 Мөрдөгч нь тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхдээ Н.Агийн хувийн байдлыг тогтоогоогүй байна. Тухайн хэрэгт холбогдож байгаа шүүгдэгч нь ямар хүн бэ гэдгийг тогтоосон байх шаардлагатай. Н.А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч хувиараа Есөн-Эрдэнэ гэдэг дэлгүүрийг ажиллуулж, олсон орлогоороо амьдралаа залгуулдаг.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хассан. Хувийн бизнес эрхэлж байгаагийн хувьд гадагшаа, дотогшоо явж бараа бүтээгдэхүүнээ татах шаардлага гарна. Тухайн хувийн бизнесээ үргэлжлүүлэх нь хязгаарлагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл хор уршиг, хохирлоо төлж барагдуулсан. Шүүгдэгч Н.А-д хорих ял оногдуулахгүйгээр хянан харгалзах нөхцөл боломжтой гэж үзэж байна ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг үндэслэн Н.А-д холбогдох, 2235000000071 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Н.А нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг “Улаан уул”-ын дэргэдэх Газар хөдлөлтийн станцын гаднаас 7711УВС улсын дугаартай “Toyota Harrier” загварын авто машин жолоодож хөдлөхдөө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3, 3.7.а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн О.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Улаан уулын дэргэд байдаг Газар хөдлөлтийн станцын хашаанд очоод гэрийн зүүн талд машин зогссон. Би машинаас буугаад урд талд нь гараад зогсож байтал машин асаад гэрэл нь асангуутаа шууд намайг мөргөсөн...Анх дэлгүүрээс Улаан уул руу явахад хамт байсан ганц бие залуу эрүүл байсан тул тэр залуугаар машиныг жолоодуулж тэнд очсон. Очсоны дараа бүгдээрээ буугаад зогсож байгаад А машинд орж суусан. Тэгээд гэнэт машин хөдлөөд намайг мөргөсөн...дуут дохио өгөөгүй..Бид нар 0,75 л-ийн 2 шил архи уусан. А архи уусан халамцуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал),

-гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А надад “ та миний машиныг унаад энэ хүмүүсийг хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэднийг хүргэхээр болсон. Тухайн үед архи огт уугаагүй ганц хүн нь би байсан юм.  Тэгээд би машин жолоодож Ц гэх хүнийг гэрт нь хүргэх гээд Улаан уулын хойд талд байрлах Газар хөдлөлтийн станцын байрны гадна очоод, машинаа Улаан уул руу хамар хэсгийн нь харуулж зогссон. ...Гэрэлцэцэгийг түшээд бие засах газар луу  уруу орох гээд хашааны гадна явж байтал гэнэт Агийн машин араас ирж Гэрэлцэцэгийг хашаатай шахаж мөргөсөн. Тухайн үед би зүүн мөр хэсгээрээ мөн  машинд мөргүүлсэн. Тэгээд би гэнэт айж, машины жолооч талын хаалга руу очиход А гэх эмэгтэй машины хүрдэн дээр сууж байсан. Би А-д хандаж “ чи яаж байгаа юм бэ” гэхэд би машинаа эргүүлж тавих гэж байгаад мөргөчихлөө гэж хэлсэн. Би Аг машинаас буулгаад машиныг ухарч хөдөлгөсөн. Тэгээд би Гэрэлцэцэгийг очиж харахад тухайн үед Гэрэлцэцэгийн зогсож байсан хэсгийн хашааг мөргөж дотор тал руу хашаа нь нурж Гэрэлцэцэг дээр нь ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 28-29 дэх тал), 

-гэрч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г, А бид гурав нэлээд согтуу байсан. Д, Б хоёр эрүүл бөгөөд архи уугаагүй. ...Би гэрийн хаалга онгойлгож байснаа санаж байна. ...нэг мэдэхэд гадна нэг эмэгтэй хүн ёолж орилж байсан санагдаж байна. ...Би өглөө нь босож харахад манай хашааны урд талын явган хүний хаалганы зүүн талаар хашааны банз хугарч дээд дам нуруу нь хугарчихсан, хашаа нь нураад уначихсан байсан. Би машинаар мөргөчихсөн юм байх гэж бодсон. А-гийн машинаар явна гэж ярьж байсан. А Тоёота Хариер загварын 7711УВС улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн машинтай байсан” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 31-32 дахь тал), 

-гэрч Л.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 03-р сарын 21-ний өдөр 17:00 цаг орчимд А гэх эмэгтэй машинаа гэмтээчихлээ, засаад өгөөч гэж утсаар яриад машинаа авч ирсэн. Тухайн үед түүний автоашин нь Тоёота хариер загварын, 7711УВС улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, жийп автомашин байсан бөгөөд эвдэрсэн хэсгийг харахад урд буфер зүүн урд хэсгээр нэмэлт гэрлийн орчимд зураасан сэвтэй, 10 см.кв орчим талбайг хамарсан будаг нь халцарсан зурагдсан сэвтэй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), 

-гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бид дэлгүүрээс гараад Ц-ыг хүргэхээр явахдаа Б архи уугаагүй тул машин жолоодуулж Улаан уулын дэргэд байдаг газар хөдлөлтийн станц дээр хүргүүлсэн. Тэнд очоод машинаас бүгдээрээ буугаад би бие засахаар зайдуу гарч зогсож байтал ард машин дуугарах шиг болсон, эргээд харахад машин хөдлөөд Г, Б нар орилоод явчихсан. Машин Ц-ын гэр байдаг хашааг мөргөөд зогсчихсон байсан. Яваад очиход Г машины урд хэвтэж байсан, Б түүнийг татаад босгож байсан. А машинаас гараад ирчихсэн байсан. Б А-г загнаад “яах гэж машин барьсан юм, хөдөлгөхгүй байсан юм” гэж хэлж байсан. А “машин эвгүй зогссон байсан тул эргүүлж зогсоох гэж байгаад мөргөчихлөө” гэж хэлж байсан. Осол болох үед Цогтбаатар гэрлүүгээ орчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), 

- гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А архинд уруул хүргээд өгөөд байсан. Бид дэлгүүрээс гараад Ц-ыг хүргэхээр явахдаа Б архи уугаагүй тул машин жолоодуулж Улаан уулын дэргэд байдаг газар хөдлөлтийн станц дээр хүргүүлсэн. Тэнд очоод машинаас бүгдээрээ буугаад би бие засахаар зайдуу гарч зогсож байтал ард машин дуугарах шиг болсон эргээд харахад машин хөдлөөд Гэрэлцэцэг, Баянмөнх нар орилоод явчихсан. Машин Ц-ын гэр байдаг хашааг мөргөөд зогсчихсон байсан. Яваад очиход Гэрэлцэцэг машины урд хэвтэж байсан, Б түүнийг татаад босгож байсан. А машинаас гараад ирчихсэн байсан. Баянмөнх Аг загнаад “яах гэж машин барьсан юм,  хөдөлгөхгүй байсан юм” гэж хэлж байсан. А “ машин эвгүй зогссон байсан тул эргүүлж зогсоох гэж байгаад мөргөчихлөө” гэж хэлж байсан. Тэдний ярианаас А машин эргүүлэх гэж байгаад хашаа дагаад явж байсан Гэрэлцэцэг, Баянмөнх нарыг мөргөсөн байна гэж ойлгосон. Осол болох үед Цогтбаатар гэрлүүгээ орчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дахь тал), 

-Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн  140 дүгээртэй  : “Үзүүлэгч О.Г-ийн биед цээжний зүүн талын хэлбэр алдагдуулсан 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирга яснуудын далны болон суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хэсгийн арьсан доор хий хуралдалт, зүүн дал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун, зүүн эгэм ясны дунд хэсгээр зөрөөтэй далд хугарал, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт, зүүн чихний урд хэсэгт зулгаралт, цус хуралт, аюулхай, баруун, зүүн хавирганы нумын төвгөр хэсэгт, зүүн хөхний доод хэсэгт зулгаралт, цээж бүсэлхийн зүүн талд цус хуралт, зулгаралт, зүүн бугалганы ар дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022/03/19-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №3255 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Цээжний зүүн талын хэлбэр алдагдуулсан 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирга яснуудын зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хэсгийн арьсан доор хий хуралдалт, зүүн дал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун, зүүн эгэм ясны дунд хэсгээр зөрөөтэй далд хугарал, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт, аюулхай, баруун, зүүн хавирганы нумын төвгөр хэсэгт, зүүн хөхний доод хэсэгт зулгаралт, цээж бүсэлхийн зүүн талд цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 3.1.10, 3.1.12 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн  дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал),

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-11, 12 дахь тал),

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

-хохирогч О.Г-ийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмчлүүлэгчийн бүртгэлийн маягт, шинжилгээ оношлогооны баримт, эмчилгээний баримт (хавтаст хэргийн 71-79дэх тал),

- хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 108-113 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

4. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.А нь Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, “ жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан  нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

6. Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Б.Лхагважавын  давж заалдах журмаар гаргасан :”...анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

6.2. Шүүгдэгч Н.А-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т  заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан  дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах  ялыг  сонгож, уг ялын  хэмжээг хоёр жилээр  тогтоосон нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А-гийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн  хүндрүүлэх хэд хэдэн шинж буюу согтуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу жолоодох эрхгүй үедээ үйлдсэн, мөн хохирогчийн  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх шинжүүдийг тус тус хангасан байна.

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т: “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2-т : Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас  үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлж, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Н.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Г-ийн  эрүүл мэндэд хүнд хохирол буюу  амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд уг хүнд гэмтлийн үр дагавар буюу хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, хохирогчийн эрүүл мэнд хэвийн байдалд орж сайжраагүй, учирсан гэмтлүүд нь бүрэн гүйцэд эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн дүгнэж, цаашид  эмчилгээ, оношилгоотой холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн, мөн шүүхийн шатанд шүүх хуралдаанаас завсарлага авч, шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг  нөхөн төлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

6.4. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулсан төдийгүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн, заавал хэрэглэх зохицуулалт биш болно. 

6.5. Шүүгдэгч Н.А-д оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ