Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0217/З |
Дугаар | 128/ШШ2024/0344 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК /РД:*******/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан тоотыг хүчингүй болгуулж, хугацаа дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/578 тоот албан бичгийг хүчингүй болгож, хугацаа дуусгавар болсон ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь анх Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1090 тоот шийдвэрийн дагуу ******* аймгийн ******* сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл болох ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авсан.[2]
2.2. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 тоот шийдвэрийн дагуу тус компанийн тусгай зөвшөөрлийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгажээ.[3]
2.3. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө Ашигт малтмалын газрын тосны газарт гаргах байсан боловч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй байна.
2.4. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 тоот албан бичгээр[4] Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулийн хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй болохоо тайлбарлан гомдол гаргажээ.
2.5. Тус гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/5964 тоот албан бичгээр[5] “... Тус компаниас тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоос өмнө хүндэтгэн үзэх шалтгаан болон нөхцөл байдлын талаар манай газарт албан бичиг ирүүлж байгаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй байх тул ашигт малтмалын хайгуулын - тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн үндэслэлгүй байна ...” гэсэн хариу өгсөн.
2.6. Мөн шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны хүрээнд[6] тус компаниас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 тоот албан бичгээр[7] Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар гомдол гаргажээ.
2.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/578 тоот албан бичгээр[8] гомдол шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн бөгөөд энэхүү албан бичигтэй нэхэмжлэгч маргаж байна.
2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “... тус компанийн захирал Ч.Т нь 2021 оны 12 дугаар сараас ковид-19 цар тахал халдварт өвчнөөр өвчилж, улмаар хүндэрч 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс тусгаарлалтад орж гэрээр эмчилгээ хийлгэж, хяналтад эмчлэгдэж байгаад биеийн байдал нь дээрдэхгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Бүгд Найрамдах Хятад Ард улсын Бээжин хотод очиж яаралтай эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгээд хэвтэн эмчлүүлсэн. Энэ үед Бээжин хотын эмнэлэгт нарийн шинжилгээ өгөхөд элэгний анхдагч хавдар, элэгний хатуурал, асцит гэсэн онош тавигдсан. Энэхүү эмнэлэгтээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Энэ эмнэлгийн хяналтад орж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод очиж эмнэлгийн дахин үзлэг, шинжилгээнд хамрагдсан. Хүнд өвчнөөр өвдөөд цар тахлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй тусгаарлалтад эмчлэгдэж байсан тул тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тухайн үед байгаагүй. Дээрх үйл явдлуудаас болж манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргах хугацааг өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана ... гэж хуульд зохицуулсан. Хэрвээ энэ хугацаандаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сунгуулах өргөдлөө гаргаагүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь дуусгавар болгох зохицуулалттай. Энэний дагуу тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байна ...” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь анх Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1090 тоот шийдвэрийн дагуу ******* аймгийн ******* сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл болох ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр анх авсан. Тус тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийн дагуу үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас 1 сарын өмнө Ашигт малтмалын газрын тосны газарт гаргах байсан боловч өөрийн хүсэл зоригоос үл хамааран нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийг хугацаа сунгах өргөдлөө гаргаж чадаагүй. Учир нь тус компанийн захирал Ч.Т нь 2021 оны 12 дугаар сараас ковид-19 цар тахал халдварт өвчнөөр өвчилж, улмаар хүндэрч 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс тусгаарлалтад орж гэрээр эмчилгээ хийлгэж, хяналтад эмчлэгдэж байгаад биеийн байдал нь дээрдэхгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Бүгд Найрамдах Хятад Ард улсын Бээжин хотод очиж яаралтай эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгээд хэвтэн эмчлүүлсэн. Энэ үед Бээжин хотын эмнэлэгт нарийн шинжилгээ өгөхөд элэгний анхдагч хавдар, элэгний хатуурал, асцит гэсэн онош тавигдсан. Энэхүү эмнэлэгтээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Энэ эмнэлгийн хяналтад орж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод очиж эмнэлгийн дахин үзлэг, шинжилгээнд хамрагдсан. Хүнд өвчнөөр өвдөөд цар тахлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй тусгаарлалтад эмчлэгдэж байсан тул тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тухайн үед байгаагүй. Дээрх үйл явдлуудаас болж манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргах хугацааг өөрийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн. Манай компаниас дээрх нөхцөл байдлаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохгүй байх эрх зүйн харилцаа байсан талаар тайлбарлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 20 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар гомдол гаргасан гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/578 тоот албан бичгээр гомдол шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны 10/578 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хугацаа дуусгавар болгосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газарт хандаад хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаад манай компанийн захирал хүнд өвчтэйн улмаас тусгай зөвшөөрөл сунгах өргөдөл гаргаж чадсангүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай учраас өргөдлийг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг 2 удаа Ашигт малтмал, газрын тосны газрын Л.Б даргад мөн тус газрын кадастрын хэлтсийн дарга Д.Б даргад тус тус гаргасан. Тухайн гаргасан өргөдлүүдийг төрийн захиргааны байгууллага хүлээж авсан. Хүлээж аваад ерөнхийдөө Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг явуулаагүй. Жишээ нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй. Тухайн компанийн хүмүүсийг дуудаж авчраад ийм асуудал гарсан байна, танайх яагаад өргөдлөө өгөөгүй вэ гээд тэр хүмүүсээс тайлбарыг авсан бол өвчтэй байсан эмнэлгийнхээ бичиг баримт, хилээр гарсан паспортынхаа хуулбар зэргийг гаргаж өгч, ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг тайлбарлаж өгөх байсан боловч төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б, тус газрын кадастрын хэлтсийн дарга Д.Б нар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ямар ч ажиллагаа явуулаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг маш ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ковид-19 цар тахал өвчнөөр өвдсөн, элэгний хавдартай болсон зэрэг асуудал нь энэ хүн өвчнийхөө талаар урьдчилан мэдэх ямар ч боломж байгаагүй. Өвчин зовлон гэдэг хэлж ирэхгүй, хийсэж ирдэг ийм хүнд асуудал. Ашигт малтмал, газрын тосны газраас хууль хэрэгжүүлж ажиллаж байгаагийнхаа хүрээнд хүндэтгэн үзэх шалтгааныг тооцож, зохих түвшинд авч үзэж өргөдөл гомдлыг нь шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийнхээ эрхийг нь хангаж ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргахаар гомдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгөөд байдаг. Гэтэл гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй, үндэслэлгүй байна уу гэдгийг шийдээгүй байж хүлээж авах, шийдвэрлэхгүй гэсэн хариунууд өгөөд байдаг. Энэ нь нэхэмжлэгчээс гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан энэ үйлдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, мөн хуулийн 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан ******* ******* ******* ХХК-ийн эрх ашгийг хохироогоод байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө өгнө, 1 сарын өмнө өгөөгүй бол хүлээж авах боломжгүй гэдэг зүйлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах энэ зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон заалт гэж ойлгох нь үндэслэлгүй юм. Харин нөгөө талаас хариуцагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах үйлдлийг шийдүүлэх боломжит хугацаа олгож байгаа зохицуулалт юм. Тэгэхээр энэ боломжит хугацаанд Ч.Т өөрөө ковид-19 цар тахал өвчнөөр өвдөөд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаад улмаар БНХАУ руу явсан зэрэг асуудлууд нь хэрэгт авагдсан өрхийн эмнэлгийн бичиг, тухайн компанийн захирал Ч.Тын Монгол улсын хилээр гарч БНХАУ руу явсан эсэх нь гадаад паспортын дардас зэргээр тогтоогдож байна. Тийм учраас энэ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/578 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ******* ******* ******* ХХК-д олгогдсон хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэж хүсэж байна.
Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор нэмэлт тайлбар хэлэхэд, өмнө тайлбар дээрээ бас хэлчихсэн. Нэмж хэлэхэд нотлох баримт шинжлэн судалж байхад Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрөл дуусгавар болгосон дотоод хяналтын хуудас дээр дуусгавар болгосон он, сар, өдөр нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болгосон байна. Манай нэхэмжлэгч компанийн захирал 2021 оны 11 сараас эхлээд бие нь өвдөөд хөл хорионд байсан. Тэгээд БНХАУ руу 12 дугаар сард явчихсан. Тэгэхээр тусгай зөвшөөрөл дуусгавар болох хугацаанаас өмнө энэ хүн гадаад руу эмчилгээ хийлгэхээр явчихсан байсан учраас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй байсан. Хэрвээ дуусгавар болгосон хугацаа нь 2021 оны 10 сард юм уу, 2022 оны 1 дүгээр сараас хойш байсан бол өргөдөл гаргах боломжтой байсан. Тэгэхээр энэ дотоод хяналтын хугацаанаас харах юм бол энэ хүний өвчтэй байх хугацаанд буюу гадаад явах хугацаанд тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан гэж үзэж байна.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргаж өгсөн тайлбараа дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах зохицуулалт байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана. Энэ өргөдлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/ хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлэх, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримтыг ирүүлэх, 22.1.3-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг ирүүлэх, 22.1.4-д Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг ирүүлэх гэж хуульд зохицуулсан. Хэрвээ энэ хугацаандаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сунгуулах өргөдлөө гаргаагүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь дуусгавар болгох зохицуулалттай. Энэний дагуу тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тусгай зөвшөөрлийг Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасан. Монгол улсын иргэнд биш, хуулийн этгээдэд олгож байна. Энэ хуулийн этгээд нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сунгуулах өргөдлөө шуудангаар болон биечлэн хүргүүлж өгөх ийм эрхтэй. Хуульд заасны дагуу сунгуулах өргөдлөө өгөх үүрэгтэй. Хэрвээ тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө өгөөгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл өөрөө дуусгавар болж бүртгэгддэг. Дээр нь сонсох ажиллагааны тухайд бол Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулиар нэгэнт харилцааг нь зохицуулчихсан учраас сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч нарийвчилсан хуулиар энэ үйл ажиллагааг явуулах боломжтой гэдгийг Захиргааны ерөнхий хууль зохицуулчихсан. Дээр нь эмнэлгийн магадалгаанууд 2021, 2022 оны тухай яригдаж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол 2024 он биш, өөрөө 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төрийн захиргааны байгууллагад хандах ийм боломжтой байсан. Энэ дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөж байна. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэргийн үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь анх Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1090 тоот шийдвэрийн дагуу ******* аймгийн ******* сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл болох ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авчээ.
2. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 тоот шийдвэрийн дагуу тус компанийн тусгай зөвшөөрлийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан байна.
3. Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө Ашигт малтмалын газрын тосны газарт гаргах байсан боловч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаагүй байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж заажээ.
5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргах үүргийг “императив” байдлаар хүлээсэн.
6. Хэрэгт авагдсан баримтаас судлахад, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 55 тоот шийдвэрийн дагуу тус компанийн тусгай зөвшөөрлийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан байх бөгөөд энэ хугацаанаас 1 сарын өмнө гэж хугацааг тооцон үзвэл нэхэмжлэгч нь дор хаяж 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байжээ.
7. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаагүй гэдэг үйл баримттай маргаагүй.
8. Харин хуулийн хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа “тус компанийн захирал Ч.Т нь 2021 оны 12 дугаар сараас ковид-19 цар тахал халдварт өвчнөөр өвчилж, улмаар хүндэрч 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс тусгаарлалтад орж гэрээр эмчилгээ хийлгэж, хяналтад эмчлэгдэж байгаад биеийн байдал нь дээрдэхгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Бүгд Найрамдах Хятад Ард улсын Бээжин хотод очиж яаралтай эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгээд хэвтэн эмчлүүлсэн. Энэ үед Бээжин хотын эмнэлэгт нарийн шинжилгээ өгөхөд элэгний анхдагч хавдар, элэгний хатуурал, асцит гэсэн онош тавигдсан. Энэхүү эмнэлэгтээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Энэ эмнэлгийн хяналтад орж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод очиж эмнэлгийн дахин үзлэг, шинжилгээнд хамрагдсан. Хүнд өвчнөөр өвдөөд цар тахлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй тусгаарлалтад эмчлэгдэж байсан тул тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тухайн үед байгаагүй” гэдэг.
9. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ковид-19 өвчний шалтгаантайгаар гэрийн эмчилгээ хийлгэж байсан болох нь “” өрхийн эмнэлгийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолтоор[9] тогтоогдож байх бөгөөд үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр “гарах” нэвтрэлт хийсэн болох нь гадаад паспортын штампны тэмдэглэгээгээр[10] нотлогдож байна.
10. Дээрх үйл баримтаас дүгнэхэд, энэ хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнөх өдөр болон түүнээс хойшхи 2021 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Тт хүнд өвчний онош тавигдаагүй байсан ба өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, эсхүл Ашигт малтмал, газрын тосны газарт цахим шуудан илгээх, шуудан илгээх зэрэг бусад арга хэрэгслүүдийн тусламжтайгаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэл зоригоо илэрхийлэх боломж нээлттэй байжээ.
11. Хууль хэрэглээний тухайд, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлэх, хэтрүүлснээс үүдэх үр дагаврыг хэрхэх тухай зохицуулалтыг хийгээгүй тул хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдлөө ямар нэг хэлбэрээр заавал гаргах үүрэгтэй гэж ойлгоно.
12. Мөн энэ харилцаанд “хүндэтгэн үзэх шалтгаантай” нөхцөл байдлын талаарх эрх зүйн ерөнхий зарчмыг хэрэглэнэ гэж тайлбарлах боломжгүй.
13. Учир нь, аливаа эрх зүйн харилцаанд хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлыг авч үзэхдээ ижил төрлийн эрх зүйн харилцааны тухайд хэрэглэх боломжтой, тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадахгүй хоцруулсан бол тухайн төлбөр нь татварын нэг бүрдэл хэсэг гэх агуулгад багтан Татварын ерөнхий хуулиар тодорхойлсон “хүндэтгэн үзэх шалтгааны” тодорхойлолтыг хэрэглэх боломжтой.
14. Харин энэхүү маргаан бүхий тохиолдолд эрх зүйн харилцааны агуулга өөр, түүнчлэн хууль тогтоогч хуулийн хугацааг тодорхой заасан императив шинжтэй /сонгох боломж бус/ диспозицийг хуульчлан тогтоосон тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжгүй болно.
15. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:” гээд, мөн зүйлийн 53.1.1 дэх заалтад “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж зохицуулсан.
16. Тодруулбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаагүй буюу сунгуулаагүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл шууд дуусгавар болохоор тогтоожээ.
17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Ч.Тын хилээр орж гарсан тухай лавлагааг гаргуулах, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн лавлагааг улсын бүртгэлээс гаргуулах, нэхэмжлэгчийн гаргасан гомдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэл байж болзошгүй буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Т нь тус газрын даргыг орлох эрхтэй этгээд байсан эсэхийг тодруулах, өрхийн эмнэлгийн хяналтад Ч.Т нь байсан эсэх талаар тодорхойлолт гаргуулах, Хятадын эмнэлгийн баримтуудын орчуулгын эх хувийг гаргуулах” тухай хүсэлт гаргасан.
19. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд нэгэнт авагдсан тул дахин гаргуулах нь нотолгооны ач холбогдолгүй гэх үндэслэлээр Ч.Тын хилээр орж гарсан тухай лавлагааг гаргуулах, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн лавлагааг улсын бүртгэлээс гаргуулах, өрхийн эмнэлгийн хяналтад Ч.Т нь байсан эсэх талаар тодорхойлолт гаргуулах, Хятадын эмнэлгийн баримтуудын орчуулгын эх хувийг гаргуулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
20. Мөн түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны хүрээнд[11] тус компаниас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 тоот албан бичгээр[12] Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар гомдол гаргаж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/578 тоот албан бичгээр[13] гомдол шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн бөгөөд энэхүү албан бичигтэй нэхэмжлэгч маргаж байгаа энэ тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэх боломжгүй тул энэ талаарх хүсэлтийг мөн хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг, 53.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-аас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/578 тоот албан бичгийг хүчингүй болгож, хугацаа дуусгавар болсон ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ