Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 71

 

Д.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00968/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б-т холбогдох 

"Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь 72.745.000 төгрөгийг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч С.Б-, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.О- миний бие С.Б-тай 1997 онд танилцаж, 1998 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр том хүү Б.З- төрсөн, одоо 21 настай, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Б- төрсөн, одоо 17 нас 10 сартай. Бид гэр бүл болоод эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шархадны 50-1б тоот хашаа байшинг газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 11-4 тоот 2 өрөө байр, Дархан сум, 4-р баг, 14-р байрны 139 тоот 1 өрөө байр, банкинд 35.000.000  төгрөгийг хадгаламжийн хуримтлал  бий  болгосон.  Хамтын амьдралын хугацаанд С.Б-ын ааш нь хувирч надад үе үе гар хүрдэг болсон. Сүүлийн жилүүдэд хоорондоо тохирохгүй байнга муудалцдаг болсон. Муудалцах бүртээ надад гар хүрч зоддог, миний сахрын өвчтэй хүүхдийн минь дэргэд намайг зоддог. Сүүлд гэхэд л 2019 оны 6 дугаар сард миний гэрт дайрч орж ирэн учир зүггүй намайг балбаж зодсон бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаарх бүртгэл байгаа тул тэрхүү бүртгэлийг нотлох баримтаар дараа нь гаргуулж өгөх болно. Бид тусдаа амьдраад 3 дахь жилдээ болж байгаа, мөн өмнө нь шүүхэд гэрлэлт цуцлуулах талаар нэхэмжлэл өгч байсан боловч хүүхэд насанд хүрээгүй эсхүл эхнэр нь жирэмсэн гэдэг үндэслэлээр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан бол одоо хүүхэд маань нэг нас хүрсэн тул цаашид С.Б-тай амьдрах ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй мөн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос айж байгаа тул гэрлэлтийг цуцалж, бидний хөрөнгөөс надад ногдох хувийг гаргуулж өгнө үү. Хүүхдийн асрамжийн хувьд том хүү маань насанд хүрсэн 20 настай, дунд маань 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 нас хүрнэ, бага хүүхэд маань С.Б-ын хүүхэд биш тул асрамж, тэтгэлгийн асуудалд маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.О- түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б- бид хоёр 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж, 19 жил хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн ээж, аав болсон. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч, хамтын амьдрал цааш үргэлжлэх боломжгүй байдал үүссэн. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж, хамтран амьдарч байх хугацаанд бий болсон дундын үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, 5-1б тоот 28,000,000 төгрөгийн үнэлгээтэй хашаа байшин, газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 14 дүгээр байрны 139 тоот 28.000.000 төгрөгийн үнэлгээтэй 1 өрөө байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 4 тоот 38.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байр зэрэг нийт 95.538.000 төгрөгийн эд хөрөнгийг 5 хүнд хувааж өөрт болон бага хүүд ногдох 38 сая төгрөгт тооцож Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 4 тоот 2 өрөө байрыг өөрийн өмчлөлд авах, Төрийн банкны хадгаламжийн дансанд байсан 35.000.000 төгрөгөөс өөрт болон бага хүүд ногдох 14.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие С.Б- нь 1997-2017 он хүртэл иргэн Д.О-тэй гэр бүл болон 2 хүүгийн хамт сайхан амьдарч байсан нь үнэн болно. Гэтэл иргэн Д.О- нь бидний энэ амьдралд сэтгэл ханаагүй юм уу эсвэл өөрийн бага хүүг эдгэшгүй өвчтэй гэдгээр шалтгаалан биднийг голж хаяад 2 хүүгийнхээ амьдралд болон сэтгэл нь арилшгүй том хар толбо суулган өөрийн биеийн зугаа цэнгэлийг хөөж, өөр хүнтэй амьдрал зохиож үр хүүхэд гарган амьдарч байгаа мөртлөө ямар эрхтэй гэж биднээс 72.745.000 төгрөг нэхэмжилж буйг ойлгохгүй байна. Нэгэнт өөр хүнтэй амьдрал зохион үр хүүхдийг нь гаргаад цугтаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлах хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие эдгэшгүй өвчтэй хүүхдийн асрамжийг өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэмж гаргуулж, 2 хүүгийнхээ ирээдүйн амьдралынх нь баталгаа болох эд хөрөнгийг нь хамгаалж, сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.

Хариуцагч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.О- бид хоёр 1997 оноос 2016 оныг хүртэл гэр бүл болон хамтдаа амьдарсан. Бид анх гэр бүл болон 1997 оноос 2001 он хүртэл Улаанбаатар хотод амьдарч байсан. 2001 оноос хувиараа наймаа хийн, 2002 оноос ОХУ-д очиж наймаа хийж амьдарч эхэлсэн. Эхний 15 жилд хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж тодорхой хэмжээний эд хөрөнгийг бий болгосон. Би энэ хугацаанд ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээгүй. Шүүх хуралдаанаас өмнө би гэр бүлээ цуцлуулахгүйгээр эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан ч Д.О- зөвшөөрөөгүй. Харин одоо бол гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Д.О-гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Эд хөрөнгийн маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод байрлах хашаа байшинг 2002 онд хашааг, 2004 онд байшинг барьж эхлэн, 2005 онд байшингийн гадна тоосгыг өрсөн. Би Д.О-тэй гэр бүл болохоос өмнө амьдарч байсан байраа өөрийн төрсөн ахдаа 1,500,000 төгрөгөөр худалдан, тэр мөнгөнөөс 700,000 төгрөгөөр байшингийн тоосгыг худалдан авч барьсан. 2006 онд Дархан-Уул аймгийн, Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хороолол 11 дүгээр байрны 4 тоот орон сууцыг 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2007 онд хүү Б.Б- маань чихрийн шижин өвчтэй болж, улмаар 2008 онд ОХУ-аас Монгол улсдаа буцаж ирсэн. Д.О- 2008 онд тус орон сууцанд гэртээ хүүхдүүдээ асарч байсан. Иймд хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь зөөхөөр Пажеро машиныг Д.О-д авч өгсөн. Би 2008 онд ОХУ-д лангуу худалдан авч, худалдагч ажиллуулж эхэлсэн. Тус наймааны орлогоосоо байшингаа бүрэн барьж дуусган, 2011 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Манай гэр Дархан-Уул аймагт суурьшсан тул тус хашаа байшинг бусдад хөлслүүлж үлдээсэн. 2012 онд автомашинаа зарж, өөрсдийн хөрөнгө болон хадам ээжийн хашаа байшинг барьцаалан зээл авч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 14 дүгээр байрны 139 тоот 1 өрөө орон сууцыг худалдан авч, 2012 онд нүүн орсон. Өргөө баг, 21 дүгээр хороолол 11 дүгээр байрны 4 тоот 2 өрөө орон сууцыг сарын 250,000 төгрөгөөр бусдад  хөлслүүлж, төлбөрийг Д.О-гийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Би 2013 оноос мэргэжлээрээ ажиллаж, хувийн бизнесээ давхар авч явдаг байсан. Манай гэр бүлийн бүх гишүүд өөрийн нэр дээр хадгаламжийн данстай бөгөөд Д.О-д 2014 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр Хас банкны 5000451852 тоот дансанд 100,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн. Би өөрийн нэр дээр Төрийн банкинд хадгаламжийн данс нээн, худалдаа, наймаанаас гарсан ашгаа хийдэг байсан. Д.О- нь 2008 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл ажил хийлгүйгээр айлын эхнэр, эхийн үүргээ сайн биелүүлсэн. Гэвч сүүлийн хэдэн жил мөнгөнөөс болж байнга хэрүүл маргаан үүсэж, 2017 оны 05 сараас Д.О- нь салж, шинээр гэр бүлийн амьдрал эхлүүлсэн гэв.

Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие С.Б- нь иргэн Д.О-тэй 1997 оны 05 дугаар сард танилцан мөн оны 11 сард гэр бүл болж 2 сайхан хүүтэй болж амьдарч байтал иргэн Д.О- нь 2017 оноос миний бие С.Б- болон том хүү С.Б- овогтой З-г 18 настай байхад, бага хүү Б.Б-ийг 15 настай байхад нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр нэг өдөр эр нөхөр, үр хүүхдээ хаяж, 2017 оноос хойш хууль ёсны эр нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхдийг нь төрүүлж өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд бид гурвыг гэсэн сэтгэлгүй мөртлөө ямар эрхтэй гэж бидний дундын үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгөө авна гэж бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж байгаад маш их гомдолтой байна.

Миний бие С.Б- нь 2 хүүдээ орон сууц авч өгөх зорилгоор өөрийн цуглуулсан мөнгөөрөө буюу 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 11-р байрны 4 тоот 29 м.кв 38 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны байрыг том хүү Б.З-д өгөхөөр худалдан авч, үүнийг том хүүдээ өгөхөөр ярилцаж байсан ба одоо хүү Б.З-гийн эхнэр нь орос улсын Москва хотын их сургуульд сурдаг, 8 сартай жирэмсэн удахгүй Монголд ирж төрөх юм. Дархан сум, 4-р баг, 14-р байрны 139 тоот 18 м.кв 28 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцны байрыг бага хүү Б.Б-ид өгөхөөр 2012.05.03-ны өдөр худалдан авсан. Одоо энэ байранд миний бие С.Б- насанд хүрээгүй группт байдаг бага хүү Б.Б-ийн хамт амьдарч байна. Иргэн Д.О- нь бидний энэхүү амьдралыг мэдсээр байж заавал том хүүгийнхээ амьдарч байгаа байрыг авна гэж төрсөн хүүгийнхээ эсрэг хэрүүл маргаан үүсгэж байгаа тул миний бие С.Б- нь үүнийг зохицуулахын тулд иргэн Д.О-тэй 19 жил нэг гэрт толгой холбон амьдарсан. Мөн 2 хүүгийн минь ээж байсан гэдэг үүднээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шар хадны 50-р гудамжны 1б тоот 25 200 000 төгрөгийн үнэ бүхий 0,7 га газартай хувийн өвлийн хашаа байшинг өгөх гэсэн боловч иргэн Д.О- нь заавал том хүү Б.З-гийн орон сууцыг авна гэж янз бүрийн арга заль хэрэглэн сүүлд суусан цагдаа нөхрийнхөө найз цагдаа нартай үгсэн хуйвалдаж цагдаа дуудаж байгаа дүр эсгэж төрсөн хүү Б.З-г ... би энэ залууг танихгүй, миний байрны түлхүүр авчхаад өгөхгүй байна гэж хүү Б.З-г айлган сүрдүүлдэг, эсхүл хууль ёсны нөхөр С.Б- надтай ямар ч үндэслэлгүй шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, байдаг тул миний бие С.Б- нь хууль ёсны нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл, үр хүүхэдтэй болж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд иргэн Д.О- нь эхнэр хүний хайр халамжгүй, эх хүний үрээ гэсэн сэтгэлгүй зөвхөн өөрийнхөө хар амиа бодсон зугаа цэнгэл хөөж, эдгэшгүй өвчтэй, группт байдаг төрсөн бага хүүгээ голоод хаяад явсан хүнд гэр бүлийн дундын хөрөнгөөсөө бид нэг ч төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө өгөхгүй гэж бид дундын шийдвэрийг гаргасан болно.

Иргэн Д.О- нь 2017 оноос миний бие С.Б- болон том хүү С.Б- овогтой З-г 18 настай байхад, бага хүү Б.Б-ийг 15 настай байхад нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр нэг өдөр эр нөхөр, үр хүүхдээ хаяж, 2016 оны 5 дугаар сарын 10-аас эхлэн гэр орноо орхин удаа дараалан алга болж байгаад нэг л өдөр буюу 2017.6.10-ны өдрөөс хойш албан ёсны эх нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэсэн заалтыг ноцтой зөрчин ямар ч үндэслэлгүй, ямар ч шалтгаангүй хууль ёсны эр нөхөр, 2 хүүгийн үр хүүхэд, хүүгийн нэг нь эдгэшгүй өвчтэй буюу группт байдаг бага хүүгээ голж, хаяж явсан гэм буруутай гэж үзэж байгаа. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу С.Б-, Д.О- нарын гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх , 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 1 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр буюу 2017.06.10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 5 жил 5 сарын тэтгэмжийг нөхөн олгуулах, мөн насанд хүрээгүй бага хүү Б.Б-ийг асрамжийг тус тус тогтоолгох хүсэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэсэн заалтын дагуу гэр орон, хууль ёсны эр нөхөр, төрсөн үр хүүхдээ хаяад явсан иргэн Д.О-д нэг ч төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө өгөхгүй. Мөн ёс зүйн хувьд биднээс үл хөдлөх эд хөрөнгө нэхэх, авах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.О- шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Намайг 3 жил эхийнхээ үүргийг биелүүлээгүй гэж байна, би эхийнхээ үүргийг биелүүлсэн. Инсулин гэдэг тариа Дархан-Уул аймгийн хэмжээнд байдаггүй, би тэр тариаг байнга олж өгдөг, би чадлынхаа хэмжээгээр хүүдээ туслаад явж байсан. Миний хүүхэд асаргааны хүүхэд гэдэг нь үнэн, би хүүхдээ хаяхгүй, харж хандаад явна. Инсулин тариаг нь би өөрөө олж өгдөг. Хүү маань Путиний тэтгэлэгт хамрагдах болсон, одоо 12 дугаар ангиа төгсөөд явчихна асаргаа хэрэггүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б-, Б.З-, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал нар шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав, ээж хоёр маань гэр бүлээ цуцлуулж байгаа тул гэр бүлийн үл хөдлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг гишүүнд ногдох 23 884 500 төгрөгийн эд хөрөнгөө хуваарилуулан тодорхой болгох хүсэлтэй байна. Миний бие одоогоор хугацаат цэргийн алба хааж байгаа, удахгүй би хугацаат албаа дуусгаад өрх гэр тусгаарлан тусдаа амьдрах мөн сургуульдаа үргэлжлүүлэн суралцах тул өөрт ногдох 23 884 500 төгрөгийн эд хөрөнгөө гаргуулан авах нь миний хойшдын амьдралд эдийн засгийн эх суурь болно. 95 сая төгрөгийн асуудал яригдана, мөнгөний асуудлыг Б- ярьсан, дансанд нь нэг ч төгрөг байхгүй. 130 сая төгрөгийг өөрөө нотлох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан байгаа, нэхэмжлэлээ өөрөө нотлох ёстой. 5 хүнд хуваана гэж яриад байна, энэ бол 4 хүний эд хөрөнгө, 5 дахь нь өөр эцэгтэй хүн. Энэ хүнийг энэ гэр бүлээс яв гэж шаардсан юм, хэн ч шаардаагүй, өөрөө гэр бүлээсээ явсан, гэр бүлийн тухай хуулийн 10.13-р зүйлийг маш ноцтой зөрчсөн. Тэгээд одоо гэмгүй юм шиг ярьж байна. анхнаасаа өөрөө жудагтай, ёс зүйтэй байхгүй яасан бэ. 95 сая төгрөгийн 4/1 гэж ярина, өөр ямар ч хувилбар байхгүй. Б.Б-ид 23,884,500 төгрөг, Б.З-д 23,884,500 төгрөгийг тус тус шаардаж байна, энэ дундын хөрөнгөөс өөр хэн нэгэнд өгөх ёсгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.О- бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хоёр хүүдээ хуульд заасан оногдох хэмжээний хөрөнгийг хуваахад татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Хариуцагч С.Б- бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.З-, Б.Б- нарын шаардсан гэр бүлийн дундын эд хөрөнгө болох  95.538.000 төгрөгийн эд хөрөнгөөс гэр бүлийн 4 гишүүнд хуваан нэг хүнд ногдох хувь болох 23.884.500 төгрөгийн тус тусын хувийг хуваарилуулж тодорхой болгоход татгалзах зүйлгүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 594 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Урьд овогт Содномбалжирын Б-, Боржигон овогт Дашпунцагийн О- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн Б.Б- нь насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй Б.Б-ийг эцэг С.Б-ын асрамжид үлдээж, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх Д.О-гээр тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21-р хороолол, 11-р байрны 4 тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 14 дүгээр байр, 139 тоот 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц /УБД Ү-2003002058/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25 200 000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-2204039182/, 482 м.кв талбайтай, 4 338 000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч С.Б-, гуравдагч этгээд Б.З-, Б.Б- нарын өмчлөлд үлдээж, хариуцагч С.Б-аас 38 215 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, 13 979 316 төгрөг гаргуулах, 38 000 000 төгрөгт тооцож 2 өрөө байр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21-р хороолол, 11-р байрны 4 тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Б-, Б.З-, Б.Б- нарын нэр дээр бүртгэж, нэхэмжлэгч Д.О-гийн нэрийг бүртгэлээс хасч бүртгэлд өөрчлөлт оруулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 14 дүгээр байр, 139 тоот 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц /УБД Ү-2003002058/-ын бүртгэлээс Д.О-гийн нэрийг хасч С.Б-, Б.З-, Б.Б- нарын нэр дээр бүртгэж бүртгэлд өөрчлөлт оруулах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25 200 000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-2204039182/, 482 м.кв талбайтай, 4 338 000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг С.Б-, Б.З-, Б.Б- нарыг бүртгэж /УБД Г-2204015459/ дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.О-гийн нэрийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт тус тус даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг С.Б-, эх Д.О- нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, гуравдагч этгээд Б.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 373 төгрөг, гуравдагч этгээд Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277373 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 173 725 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагчаас 349 026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 594 тоот шүүхийн шийдвэрийн дундын өмч хөрөнгийн хуваарилалтыг хянуулах тухай.

Нэг: Шүүгчийн гаргасан шийдвэрийн тухай:

Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ: хэсгийн 6-р хуудсанд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг хэлнэ гэж хуулиар зохицуулсан байхад шүүгч Д.Алтантуяа нь өөрөө дур мэдэн хуулийг зохиож тайлбарлахдаа тэднийг гэр бүлийн гишүүд гэнэ гэж зохигч нарын хооронд маргаан үүсгэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна.

Мөн ҮНДЭСЛЭХ НЬ: хэсгийн 8-р хуудсанд Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.2-т заагдсанаар хэрэглэх ёстой байтал одоо цагт төрсөн хүүхдэд гэр бүлийн өмчийг хуваарилж байгаа нь дээрх гэр бүлийн заалт энэхүү хэрэгт хамаарахгүй гэдгийг мэдсээр байж бусдыг илтэд үл хүндэтэн хэт нэг талыг барьсан илт хууль бус үйлдлийг гаргаж байгаа нь учир дутагдалтай байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.О- иргэн Б.Эрхэмбаяртай гэр бүлээ батлуулаагүй байж хүү Э.А-ыг эцэг Б.Эрхэмбаярын нэрээр овоглосон мөн цуг амьдарч байгаа нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул Манай гэр бүлийн дундын эд хөрөнгийг 5 хуваах үндэслэл болж харагдахгүй байна.

Хариуцагч энэхүү дундын хадгаламжийн тухай тайлбар гаргаж хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй учир энэхүү давж заалдах шатны хүрээнд нэхэмжпэгч Д.О-гийн дундын хадгаламжинд байгаа 10.200.000 төгрөгийг 4 хүнд хувааж нэг хүнд ноогдох 2.550.000 төгрөг буюу 7.650.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.О-гээс гаргуулж авах ёстой гэж бид үзэж байна.

Шүүгч Д.Аптантуяа нь хуулийг буруу тайлбарлан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Эрхэмбаяр овогтой А-ыг гэр бүлийн 5 дахь гишүүнээр тооцон Нэхэмжлэгч Д.О- хариуцагч С.Б- 1998 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.З-, 2001 оны 11-р сарын 14 нд төрсөн бага хүү Б.Б- гэсэн 4 иргэний 3 үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ болох 95.538.000 төгрөгний дундын өмч болох иргэний халдашгүй үл хөдпөх эд хөрөнгийг 5 хүнд дур мэдэн хувааж олгохдоо Иргэний хуулийг ноцтой зөрчин процессын алдаа гаргаж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг удаа дараалан зөрчиж, хариуцагч далд 14.330.700 төгрөгний хохирол учруулж байна.

Хоёр: Шүүх хэт нэг талыг барьсан тухай

1. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02-р сарын 06-ны өдрийн 168 тоот шүүхийн шийдвэрт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 11-р байрны 4 тоот 2 өрөө \ байрны үнэ 38.000.000 төгрөгний үнэ бүхий орон сууцны байрыг иргэн Д.О-гийн өмчлөлд үлдээж гэж шийдвэрлэсэнийг миний бие С.Б- нь үл зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан.

2. Дархан- Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 22-ны өдрийн 594 тоот шүүхийн шийдвэрт хариуцагч С.Б-аас 38.215.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгох тухай шийдвэр гаргасан нь нэхэмжпэгч Д.О-д заавал 38 сая төгрөгний эд хөрөнгө эсвэл 38.215.000 төгрөг олгох гэж улааран зүтгэж байна.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-ийн чухал тайлбарыг ТОГТООХ НЬ хэсэгт огт дурдаагүй.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.З-, Б.Б- нарын тус бүр 23.884.500 төгрөгний эд хөрөнгө гаргуулахаар шүүхийн тэмдэгтийн хураамжинд тус бүртээ 277.373 төлсөн байхад шүүгч 19.107.600 төгрөгний эд хөрөнгө хувиарласан байж илүү төлсөн тэмдэгтийн хураамжийн мөнгийг буцаан олгохгүйгээр шууд улсын орлого болгосон.

5. Нэхэмжлэгч Д.О-гээс хөдөлмөрийн чадвараа алдсан өвчтэй хүү Б.Б-ийг тэжээн тэтгэх үүргээ хясан боогдуулах замаар биелүүлээгүй хугацааны буюу 2017 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн 2020 оны 6 сарын 1 хүртэлх хугацааны мөнгийг нөхөн гаргуулах тухай тодорхой зааж өгөөгүй байна Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-т заасан заалтын эхлэх болон үргэлжлэх хугацааг тус тус тодорхой зааж шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна.

Гурав: Нэхэмжлэлийн шаардпагын тухай

-Нэхэмжлэгч Д.О- нэхэмжлэлийн шаардлага анх гаргахдаа 72.000.000 төгрөг, хоёр дахь шүүх хуралд нэхэмжлэлийн шаардлагаа 72.745.000           төгрөг, мөн 3 дахь шүүх хуралд 72.745.000 төгрөгөө нэмэгдүүлсэн шаардпага нь 130.486.290 төгрөг болгон оруулж ирснийг шүүгч тайлбарлахдаа ИХШХШ тухай хуулийн 28-р зүйлийн 28.2-ыг үндэслэл болгон гэрлэлт цуцлах, дундын өмчийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 52.194.516 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж нотлогдоогүй, илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан болон нэхэмжлэгчийн нотлох баримтгүй нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой тайлбарлаж чадаагүй буюу нотлох баримтаар нотолж чадаагүй зэрэг үйлдэл нь анхнаасаа шүүгч, нэхэмжлэгч хоёр үгсэн тохиролцсон мэт хардалтыг төрүүлж байна. Энэхүү увайгүй үйлдэл нь, залилан мэхлэх аргаа 72.745.000 төгрөгөөр халхавч хийж бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдаж байна.

Шүүхийн явцад нэхэмжлэгч тал 72.745.000 төгрөгийг тайлбарлахдаа үүнд: хадгаламж 35.000.000 төгрөг доллар 5.600, дундын өмч болох 95.538.0 төгрөгний 4 хуваасны 1 буюу 23.884.500 төгрөг, бүгд нийлээд 72.745.0 төгрөг нэхэмжлэсэн байсан. Үүнийг шүүх 2 удаа шүүхийн шийдвэр гаргахдаа 35 сая төгрөгний хадгаламж, 5600 долларын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж тогтоосон мөртлөө үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ болох 95.538.000 төгрөгний 4 хуваасны 1 буюу 23.884.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болгохгүйгээр өөр хоорондоо зөрөөтэй, олон янзаар шийдвэр гаргасан нь хариуцагч миний бие болон бие даасан гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Ийм учраас Миний бие С.Б- энэхүү учир нь ойлгогдохгүй үнэ болон үнийн дүн зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэдэг үдэслэлээр ИХШХШ тухай хуулийн 62-р зүйлийг хангахгүй байна гэж үзэж ИХШХШ тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардпагыг хангаагүй байвал нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгох ёстой гэж шаардлага тавихад шүүгч дур мэдэн шүүх хурлыг үргэлжлүүлэн хуульд байхгүй заалт хэрэглэн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг удаа дараалан зөрчиж байна.

Шүүгч Д.Алтантуяагийн гаргасан энэхүү шийдвэр нь

Нэхэмжлэгч иргэн нь Гэр бүлээ орхин өөрийн биеийн жаргал, зугаа цэнгэлээ хөөж өөр хүнтэй гэр бүл болоод үр хүүхэд гаргасны дараа тэр хүүхэд болон сүүлийн суусан нөхөртөө эд хөрөнгө өгөхийн тулд, хууль ёсны эр нөхрөөсөө юу санаснаа дур мэдэн нэхэж болдог , хөнгөн хийсвэр зангаар өөрийн гэр бүлээ орхин явсан хүний зөв байдаг гэсэн ойлголтыг шүүх хүлээн зөвшөөрдөг юм байна гэсэн ойлголтыг өсвөр насны хүүхдүүдэд минь өгч байна. Нэхэмжлэгч Д.О- нь гэр бүлээ орхин өөрийн хийсвэр зангаасаа болоод өөрийн биеийн зугаа цэнгэлийг бодон гэр бүлээ орхин явсан нь зөв тул хариуцагч нь хамтран амьдрагч Б.Эрхэмбаяр, тэдний хүү болох Э.А- нарыг орох орон байр, эдийн засгаар нь ханга гэсэнтэй агаар нэг шүүхийн шийдвэр болсон гэж хариуцагч би үзэж байна. Иймд гэр бүлийн 4 гишүүний дундын өмч болох 95.538.000 төгрөгний нэг хүнд ноогдох хөрөнгийн хэмжээний 23.884.500 төгрөгийг иргэн Д.О-д олгох гэсэн заалтаар өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О- хариуцагч С.Б-т холбогдуулж, гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох 72.745.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Б- хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.З-, Б.Балдандож нар дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох  тус бүр 23.884.500 төгрөг гаргуулах бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Д.О- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 95.538.000 төгрөгийн үнэ бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгө, Төрийн банкны хадгаламжид байсан 34.948.290 төгрөг нийт 130.486.290 төгрөгийг 5 хувааж, өөрт болон бага хүү Э.А-д ногдох хувь болох 52.194.516 төгрөгөөс 38.000.000 төгрөгийн үнэ бүхий Дархан сумын Өргөө баг, 11 дүгээр байр, 04 тоотын 2 өрөө орон сууцыг гаргуулах, үлдэх 2 хүнд ногдох 14.000.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч С.Б-аас 38.215.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, 38.000.000 төгрөгт тооцож 2 өрөө орон сууцны байр гаргуулах, 13.979.316 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Б-ын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дундын өмчлөлийн эд хөрөнгийг 5 хүнд ногдуулж хуваасан нь буруу, зөвхөн гэр бүлийн 4 гишүүнд ногдуулж хуваах байсан гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч С.Б- нар нь 1997 онд гэр бүл болж мөн оны 11 дүгээр сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд 1998 оны 10 дугаар сард хүү Б.З-, 2001 оны 11 дүгээр сард хүү Б.Б- нар төржээ.

Гэрлэгчид 20 орчим жил гэр бүлийн хамтын амьдралтай байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа болно.

Энэ хугацаанд хүү Б.З-, Б.Б- нар нь эцэг С.Б-ын хамт амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.О- нь өөр хүнтэй гэр бүл болж 2018 оны 08 дугаар сард хүү Э.А-ыг төрүүлжээ.

Өнөөдрийн байдлаар том хүү Б.З- хугацаат цэргийг алба хааж, бага хүү Б.Б- нь чихрийн шижин өвчний улмаас  хөдөлмөрийн чадварын алдалт 70 хувиар тогтоогдож, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч, эцэг С.Б-ын асрамжид байгаа болно.

 Нэхэмжлэгч Д.О- нь нөхөр, хүүгийн хамт тусдаа амьдардаг болох нь хэргийн 130, 131 дүгээр талд авагдсан баримтаар, бамбай булчирхайн томрол 3 дугаар үедээ орсон оноштой болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 9, 2 дугаар хавтасны 1 дүгээр талд авагдсан эмчийн тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар тус тус  нотлогдоно..

Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа 2 орон сууц, 1 хашаа байшин, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газартай болсон, тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрх бүхий үнэлгээчин 95.538.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 Хэргийн зохигчид хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон тэдгээрийн үнэлгээн дээр  хэн аль нь маргаагүй.

Харин гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хувь дээр маргаж, анхан шатны шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Гэрлэлт цуцласан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж заасныг үндэслэн тухайн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн гишүүнийг 5 хувааж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилсан  байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэсэнээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон  гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн “гэж тодорхойлсон.

Гэрлэгчид 1997-2017 оны хооронд хамтран амьдарч байх хугацаанд Дархан-Уул аймаг Дархан сумын 4 дүгээр баг 21 дүгээр хороолол 11 дүгээр байрны 04 тоотын 29 м/кв талбайтай, 38.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, Дархан сумын 4 дүгээр баг 14 дүгээр байр, 139 тоотын 18 м/кв талбайтай, 28.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 50 дугаар гудамж, 01Б тоотод байрлах 52 м/кв талбайтай 25.200.000  төгрөгийн үнэ бүхий хувийн сууцны байшин, 482 м/кв талбайтай 4.338.000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй болсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоно.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, болон төрөл садангийн хүнийг гэж тодорхойлсон.

 2018 онд төрсөн хүү Э.А- нь гэрлэгчдийг хамтран амьдарч байх хугацаанд төрөөгүй,  гэрлэгчидтэй хамтран амьдарч байгаагүй болох нь аймгийн Цагдаагийн газрын болон Дархан сумын 14 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийг тодорхойлж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг зөвтгөж, хариуцагч С.Б-ын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл: Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн 4 гишүүнд хувааж буюу 95.538.000 төгрөгийн ¼ -нь  болох 23.884.500 төгрөгийг хариуцагч С.Б-аас гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч С.Б-ын давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын хариуцагч С.Б-аас 38.215.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож,  гэснийг хариуцагч С.Б-аас 23.884.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгож гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Б-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516.280 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-т зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

                                                             ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                              Л.АМАРСАНАА