Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/03602

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/03602 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК /******/,

 

Хариуцагч: И.Ц /РД:*********/ нарт холбогдох,

 

2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ш хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцыг хариуцагч И.Ц-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ярихын тулд урьдчилсан нөхцөлийг нь ярих нь зүйтэй байгаад байх шиг байна. Д.Б Б нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 04 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаандаа зээл авсан хүмүүсийн нэр дээр өөрөө зээл авч өр төлбөр барагдуулдаг байсан. Түүнтэйгээ холбогдуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж эхэлсэн. Энэ шалгагдах хугацаандаа өөрөө хэргийнхээ бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байдаг. Хамгийн гол нь И.Ц Ш ХХК-тай хийсэн гэрээндээ миний нэрийг нэмж оруул, тэгэхгүй бол би чамайг өндөр ял шийтгэлээр явуулна гэж дарамталж байгаад, Ш ХХК дээр 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр очоод, гэрээнд нэмэлт оруулахдаа А ХХК-тай гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээг хийхдээ 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн гэсэн огноотойгоор хийсэн байдаг. И.Ц-н дарамтад орж энэ гэрээг өөр компанитай, он сарыг нь хуурамчаар хийсэн байдаг. Ш ХХК-тай хийсэн гэрээг А ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэсэн огноотойгоор 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хийж байгаа нь өөрөө хууль бус хэлцэл. Яагаад гэхээр Д.Б нь И.Ц-н дарамтад орж гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ өөрөө бичиж өгсөн. Ш ХХК-ийн захирал н.Д хүртэл анхааруулж хэлж байсан байгаа юм. Чи ингэж болж байгаа юм уу, шүүхээр шийдүүл гэхэд нь И.Цогзолмаа хажуу талаас нь зандарч байгаад хүчээр хийлгэсэн байгаа юм. Ингээд цагдаа дээр очиж гомдлоо татаж авна гэсэн ч гомдлоо татаж аваагүй. Энэ гэрээ нь өөрөө хүч хэрэглэж, айлган сүрдүүлж хийсэн учраас хүчин төгөлдөр бус гэрээ. Мөн цаг хугацааны хувьд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ш ХХК дээр очиж хийсэн юм бол энэ огноогоор л гэрээ өөрчлөгдөх ёстой. Тэгтэл 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг нь өөрчлөөд хийчхэж байгаа нь хууль зөрчсөн гэрээ болж таарсан. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлагыг гаргасан. Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан. Үндэслэл нь 2024 оны 8 сард бид нар очиход И.Ц гуай өөрөө амьдраагүй байсан. Өөр хүнд түрээслүүлээд, өөрөө ашгийг нь аваад байж байсан. Бид нар тэр түрээслэгчийг нь гаргаад байрандаа орсон. Энэ шаардлага биелэгдсэн гэж үзэж байгаа. Тийм учраас А ХХК, И.Ц, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв...

 

2. Хариуцагч А ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр захиалагч Д.Б-н хүсэлтээр *** тоот орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан. Захиалагч Д.Б-с 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн захиалгын гэрээнд хамтран эзэмшигчээр И.Ц-г нэмж шинээр гэрээ байгуулах хүсэлт гаргасан. 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахмад М.Н-с захиалагчтай холбоотой мэдээлэл хүссэн бичиг ирж байсан тул гэрээг шинэчлэх хүсэлт гаргах үед лавлан асууж өөрийнх нь шийдвэр гэдэгт итгэн гэрээ байгуулж өгсөн. Захиалагч Д.Б гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг хүлээн авсан бөгөөд төлбөр хэвийн төлөгдөж байгаа. Төсөл хэрэгжиж байгаа газрын эзэмшигч цаашид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ А ХХК-ийн бичгийн дагуу гарах тул гэрээг А ХХК-иар байгуулсан бөгөөд гэрээний огноог засаагүй алдаа гарсан... гэв.

 

3. Хариуцагч И.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020.07.15-ны өдрийн Ш ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, итгэмжлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч И.Ц-с иргэний үнэмлэхийн лавлагааг өгсөн.

Хариуцагч А ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2020.07.15-ны огноотой А ХХК болон Д.Б, И.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууцны захиалагчтай байгуулах гэрээ, Ш ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан орон сууцны захиалагчтай байгуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.01.27-ны өдрийн Ш ХХК-ийн захиргаанд хүргүүлсэн албан бичиг, 2023.01.31-ний өдрийн Д.Б-с Ш ХХК-нд гаргасан хүсэлт, эдгээр баримтыг шүүхэд гаргасан.

Шүүх хариуцагч И.Ц-н хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Д.Б-д холбогдох хэрэг бүртгэлтийн ************  дугаартай хэрэг нээсэн 2023.02.07-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Б-г яллагдагчаар татсан тогтоолыг тус тус нотлох баримтаар гаргаасан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Д-н Х банкны дансны хуулгыг баримтаар гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А ХХК болон И.Ц нарт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ******** тоот орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ш хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцыг хариуцагч И.Цогзолмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ш хотхоны ** дугаар байрны ** тоот орон сууцыг эзэмшилдээ буцаан авсан гэх үндэслэлээр хариуцагч И.Ц-д холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанд нийцнэ.

 

4. Нэхэмжлэгч нь маргааны эрх зүйн баримт бичиг болох 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаартай, Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хариуцагч И.Ц-н дарамт шахалтад орж, тухайн гэрээнд хамтран захиалагчаар оруулахгүй бол олон жилээр шоронд явуулна гэж айлган сүрдүүлсний улмаас уг гэрээг байгуулсан гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

5. Хариуцагч И.Ц шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, хариуцагч А ХХК нь захиалгын гэрээнд И.Ц-г нэмж оруулах хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасны дагуу уг гэрээг байгуулсан гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдоно. Үүнд:

 

6.1. Нэхэмжлэгч Д.Б нь Ш ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр захиалагч Д.Б нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ш хотхоны D блок, ** дугаар орц 9 давхар, В загварын 50,4 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 1 800 000 төгрөгөөр тооцон, нийт 90 720 000 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч Ш ХХК нь орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

 

6.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.3. Гэрээний дөрөвдүгээр зүйлд төлбөр төлөх нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд захиалагч Д.Б нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 8 000 000 төгрөг төлөх, үлдэгдэл 82 720 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сараас 2025 оны 7 дугаар сар хүртэл, сар бүрийн 30-нд 1 378 667 төгрөгийг Ж.Д-ны эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ****** тоот дансанд төлж байхаар тохиролцжээ.

 

6.4. Ж.Д-н эзэмшлийн Х банк дахь ****** тоот дансны 2020 оны 7 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны хуулгаар Д.Б, Ш ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний дагуу Г Г-с ******* Б гэх утгаар сар бүр төлөлт хийгдэж байгаа болох нь тогтоогдож байгаа.

 

6.5. Түүнчлэн, дээрх гэрээний оролцогч буюу гүйцэтгэгч Ш ХХК болон хариуцагч А ХХК нарын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.Д болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Ж.Д-н тус шүүхэд гаргасан ...Захиалагч Д.Б гэрээнд заасан орон сууцны түлхүүрийг хүлээн авсан бөгөөд төлбөр хэвийн төлөгдөж байгаа... гэх тайлбараас үзэхэд Ш ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь цуцлагдаагүй, хэвийн хэрэгжиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдов.

 

6.7. Нэхэмжлэгч Д.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Шүрт булаг ХХК-д ...миний бие 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр **** тоот гэрээ байгуулсан тухайн орон сууц захиалагчтай гэрээн дээр И.Ц /************/-ийн нэрийг нэмэлтээр оруулах хүсэлтэй байгаа тул энэ хүсэлтийг минь хүлээн авна уу гэх агуулгатай хүсэлт гаргасан байна.

 

6.8. Улмаар гүйцэтгэгч А ХХК, захиалагч Д.Б, И.Ц нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн огноогоор ********* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулагджээ.

 

6.9. Дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Д.Б нь ...И.Ц-н айлган сүрдүүлж хүч хэрэглэсний улмаас байгуулсан... гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг.

 

6.10. Нэхэмжлэгч Д.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг яллагдагчаар татагдсан, хариуцагч И.Ц нь эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ************ дугаар прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

 

6.11. Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2020 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн огноотой,  ********  дугаар Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч И.Ц-г захиалагчаар нэмж оруулан, байгуулах болсон үндэслэл нь дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдалтай холбоотой байх хэдий ч хариуцагч А ХХК болон И.Ц нарын зүй бус нөлөөний улмаас гэрээг байгуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

6.12. Тодруулбал, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т ...нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийгдсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлэхийг хүч хэрэглэсэн гэж үзнэ. гэж заасан. Хэргийн баримтаар маргааны эрх зүйн баримт бичиг болох Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.13. Харин гүйцэтгэгч А ХХК, захиалагч Д.Б, И.Ц нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн огноогоор ******* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

6.14. Учир нь нэхэмжлэгч Д.Б нь Ш ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ********* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ хүчин төгөлдөр, хэвийн хэрэгжиж байхад гэрээний оролцогч бус А ХХК-тай уг захиалгын гэрээнд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй. Энэ үйлдлээрээ нэхэмжлэгч нь гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.15. Иймд 2020 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн огноотой, ********** дугаартай гүйцэтгэгч А ХХК, захиалагч Д.Б, И.Ц нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна.

 

6.16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг. Талуудын хооронд уг хэлцлээр харилан буцаах зүйлгүй байна.

 

6.17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэдий ч хариуцагч нар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай гэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нарт улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулах үндэслэлгүй, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А ХХК, И.Ц нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 15-ний өдрийн огноотой, ********* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ш хотхоны **  дугаар байрны ** тоот орон сууцыг хариуцагч И.Ц-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ