| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0577/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 126.1., |
| Улсын яллагч | У.Солонго |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 497
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч У.Солонго,
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн /ҮД:0026/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Дийн От холбогдох 201726010452 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хужирт сум ... оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,
2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 зүйлийн 99.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жилийн хорих ял оноож, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ял оноосныг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 275 дугаартай магадлалаар Д.От холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж 5 жил 1 сарын хорих ял оноож, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 171 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан, Т овогт Дийн О /РД: .../,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1. Хохирогч М.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байх “...” дэлгүүрээс орж найз Сгийн гэрт очиж уулзахаар нэг шил архи аваад дэлгүүрээс гарч ирсэн Ц гээд их наранд гэр нь байдаг хүнтэй таараад Цд энэ архийг өвөртөө хийчих гээд хийлгэчихээд байж байсан чинь цаанаас нэг нүд нь сохор улаан өнгийн малгайтай цамцтай 30 орчим насны эрэгтэй хүн Ц дээр ирээд энгэрийг нь тэмтэрээд наадах чинь архи байна ш дээ архиа гаргачих гэж хэлэхээр нь би наанаас нь энэ архи чинь хүний архи байгаа юмаа, хүнд аваачиж өгөх ёстой чи яах гээд архи нэхээд байгаа юм бэ гэж хэсэн чинь бүгдээрээ хуваагаад уучихъя гээд надаас гуйгаад байхаар нь зөвшөөрөөд Ж гээд манай ангийн хүүхдийн дүү, мөн Ц, намайг зоддог нэг нүд нь сохор залуу, түүнтэй хамт явсан бас нэг залуугийн хамтаар нөгөө дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад тэд нараас салаад доошоо уруудаад хот руу явдаг зам тал руу явж байгаад нарийн гудамжны харалдаа ирсэн чинь надтай хамт архи уусан сохор нүдтэй залуу араас ирээд миний үснээс зулгаагаад нарийн гудамж руу чирч ороод төгсгөлд нь очингуутаа миний аймхай руу цохиод дуугарах юм бол чамайг ална шүү гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа алгадсан, Тэгж байгаад жалга дотор намайг түлхэж унагаагаад намайг хүчиндэх гээд миний өмдийг хагас шувталчихаад дайраад байсан. Энэ үед гар утас нь дуугараад гар утсаараа хэнтэй ч юм нэг хүнтэй ярьчихаад намайг бос гэж хэлээд дагуулж явж байгаад Их нарангийн шинэ эцсийн хойно цаашаа чирч явах гээд байхаар нь би манай ахын гэр нь энэ байна би ахдаа чамайг хэлнэ шүү гэж хэлсэн чинь миний цээж рүү дэвсчихээд яваад өгсөн. Тэгээд би гэр рүүгээ тэндээс харьсан юм. … би наад архийг чинь айл руу хүнд өгөх гэж авсан юм задалмааргүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь бүр салахгүй хоргоогоод байхаар нь тэнд гадаа гудамжинд нөгөө архиа задалж Ц, Ж, хогийн цэгийн залуу /Төмпөн гэдэг нэртэй/ бид хэд хувааж уугаад салсан. Би тэндээс уруудаад зам дагаад явж байсан чинь “Энхтөгөлдөр” дэлгүүрийн арын нарийн гудамжаар гарах гэтэл араас нэг хүн дагаж явсан, харсан чинь нөгөө хогийн цэгийн Төмпөн гэдэг залуу миний араас ирээд үснээс зулгаагаад нарийн гудамж руу чирч оруулаад хойшоо эргээд нэг жалга руу түлхэж оруулаад миний аймхай руу цохиж унагаагаад над дээр ирж миний өмдийг шувтлах гэж оролдсон. Тэгтэл гар утас нь дуугараад утсаа аваад хэн нэгэн хүнтэй юм ярьсан, би тэрийг нь сонсоогүй ба утсаа тасалчихаад намайг бос гэж хэлээд хойшоо жалга дундуур дагуулаад явсан. Би эсэргүүцээд явлаа гэсэн чинь ална шүү дуугуй бай гээд байсан. Тэгээд явж байгаад нэг хэсэг айлууд таарахаар нь би энэ манай ахын гэр шүү гэж хэлсэн чинь дахин миний аймхай руу цохиод хавирга руу гуталтай хөлөөрөө дэвсэлчихээд цаашаа яваад өгсөн. Тэгээд би тэндээс шууд гэртээ харьсан. Тэр өдөр цагдаад хандах гэсэн боловч амралтын өдөр байсан болохоор хоёр хоногийн дараа буюу 1 дэх өдөр цагдаад өргөдөл гаргасан юм. ...Бид хэд дэлгүүрийн гадаа архи хувааж ууж байхад Төмпөн гэх залуу намайг Ц, Ж хоёроос энэ хэний чинь авгай юм гэж асуусан, тэгэхэд нь тэр хоёр хэнийх ч биш гэж хэлсэн тэгээд тэрнээс өөр ямар нэгэн хэрүүл маргаан архи ууж байхад гараагүй тэгээд яг юунаас болж хэрхэн намайг яах гэж зодож цохисныг би мэдэхгүй. Миний гадна талын өмдийг өвдөгний дээд тал хүртэл тайлсан өөрөөр ямар нэгэн бэлгийн харьцаанд орсон юм байхгүй. …Би доошоо уруудаад нарийн гудамж руу орох хүртлээ Оыг араас явж байна гэдгийг мэдээгүй. Нарийн гудамжны булан эргэтэл араас хүрч ирээд гэнэт үснээс зулгаагаад чирсэн. Тэгээд жалга руу чирээд түлхэж унагаад дээрээс дараад гадуур өмдийг маань өвдөг хүртэл маань шуталсан. Миний бодлоор О намайг хүчээр дарж байгаад өмдийг маань шувталж байгаа нь намайг хүчиндэх гэж байсан зорилготой гэж бодож байна. Ер нь эмэгтэй хүний өмдийг дарж байгаад хүчээр шувталж байгаа нь хүчиндэх зорилготой шүү дээ. Харин тэр үед гар утас нь дуугараад тэгээд О утсаа аваад босчихсон. Би архи уусан болохоор өмнөөс нь эсэргүүцэл үзүүлсэн боловч дийлэхгүй байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 12-13, 39-40, 109-110 х/
1.2. Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг ойлгож мэдлээ. Би 181.2.1 дэх хэсэгт заасан танхайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан хүчиндэхийг завдсан гэж сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би он сарыг нь одоо сайн санахгүй байна. Оны дараахан санагдаж байх Их нарангийн эцсийн тэнд байдаг хүнсний дэлгүүрээс хохирогч гээд байгаа эмэгтэй архи аваад гараад ирсэн. Тухайн үед Их нарангийн тэрүүгээр архи уучихаад явж байдаг Ж, Ц хоёртой мөн тэр архи авсан хүүхэн бид 4 тэр архийг дэлгүүрийн хажууд гудамжинд хувааж уусан. Архи хувааж ууж байхдаа хохирогч гээд байгаа эмэгтэй хүнд өгөх гэж байсан архийг уучихлаа энэ тэр гээд тэрнээс болж хэрэлдсэн. Би тэр үед нь наад архийг чинь дахиад аваад өгчихнө гэж маргалдсан юм. Тэгээд нөгөө архиа ууж дуусгаад сууж байсан газраасаа хохирогч гээд байгаа хүүхэн эцсийн доод талын нарын гудамж руу чиглээд явж байсан. Ж, Ц нар нөгөө газраа суугаад үлдсэн би нөгөө хүүхний араас нарийн гудамж руу явж би араас нь очоод архиа авахуулах юм уу гэж асуусан чинь тэр хүүхэн миний өөдөөс салаавч гаргаад май гээд мөн зайл энэ тэр гээд хэрэлдээд байхаар нь араас нь хөөе гэж дуудаад над руу эргээд харахаар нь элэг рүү нь гараараа цохиод тонгойхоор нь нүүр болон толгой хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөчихөөд тэнд хаячихаад яваад өгсөн юм. ...Би өөрийн гэсэн тодорхой оршин суух хаяггүй болохоор хэсэж тэнэж амьдардаг юм. Тэгээд цагдан хоригдож байгаад наадмын дараа суллагдаж, хувийн баталгаа гаргаж өгөөд гадуур шалгагдаж байхдаа хөдөө самранд яваад саяхан ирсэн юм. Би мөрдөн байцаалтанд ирээгүй буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэрэг үйлдлийн талаар урьд нь үнэн зөвөөр мэдүүлж байсан болохоор одоо болсон хэрэг үйлдлийн талаар болон өөр бусад асуудлын талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 115-116, 117-118х/
1.3. Шинжээчийн 2525 тоот дүгнэлт
1.М.О-н биед цээжний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 х/,
1.4.Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-38 х/,
1.5. Хохирогч М.О-н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд
2.1. Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 х/,
2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 х/ ,
Гурав:Бусад баримтууд.
3.1.Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолтой танилцаж ойлголоо. Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Оийг хүчиндэх гэсэн асуудал байхгүй. Хэрэг болсон гэх тэр өдөр хохирогч О хүүхэн өөрөө хамт архи уучихаад архи уучихлаа гэж уурлаад гудамж руу ороод яваад өгөхөөр нь араас нь дагаж очоод архийг чинь аваад өгөх юм уу? гэхэд эргэж хараад намайг шоронгийн ялтан, сохор мохор гэж хэлээд салаавч өгөөд байхаар нь элэг рүү нь гараараа цохичихоод явчихсан. Түүнээс хойш тэр хүүхэнтэй дахин уулзаагүй ...” /хх-ийн 49-50, 115-116, 117-118 х/,
3.2.Хохирогч М.Од хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл “... гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 129 х/ зэрэг нотлох баримтууддыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Дөрөв:Хэргийн зүйлчлэлийн талаар.
Д.Оын үйлдсэн гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан.
2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.” Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.”,
2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.“ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”.
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ” гэж тус тус заасан.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан ялын хувьд адил хэмжээтэй байгаа хэдий ч, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2. “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна”. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3. “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заасан, 2002 оны Эрүүгийн хуульд аль хүнд төрлийн ял болох хорих ялын доод хэмжээнээс, 2015 оны Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээнээс тооцохоор тус тус хуульчилснаас үзэхэд тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль нь 2002 оны Эрүүгийн хууль байгаа тул Д.Оын бусдыг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Харин Д.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2002 оны хуулиар танхайн гэмт хэргийн зүйл ангиар зүйлчилж байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Тав:Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “...” дэлгүүрийн орчимд н.Ц, н.Ж, Д.О, М.О нартай тааралдаж 1 шил архи уугаад М.О нь ганцаараа салаад “Энх төгөлдөр” хүнсний дэлгүүрийн орчимд явж байхад араас нь дагаж очоод иргэн М.Оийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь цээжний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, өмдийг нь өвдөг хүртэл нь шувталж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч М.Оийн “...архиа хувааж уугаад тэд нараас салаад доошоо уруудаад хот руу явдаг зам тал руу явж байгаад нарийн гудамжны харалдаа ирсэн чинь надтай хамт архи уусан сохор нүдтэй залуу араас ирээд миний үснээс зулгаагаад нарийн гудамж руу чирч ороод төгсгөлд нь очингуутаа миний аймхай руу цохиод дуугарах юм бол чамайг ална шүү гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа алгадсан, тэгж байгаад жалга дотор намайг түлхэж унагаагаад намайг хүчиндэх гээд миний өмдийг хагас шувталчихаад дайраад байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 12-13, 39-40, 109-110 х/, шүүгдэгч Д.Оын “...нөгөө архиа ууж дуусгаад сууж байсан газраасаа хохирогч гээд байгаа хүүхэн эцсийн доод талын нарын гудамж руу чиглээд явж байсан. Ж, Ц нар нөгөө газраа суугаад үлдсэн би нөгөө хүүхний араас нарийн гудамж руу явж би араас нь очоод архиа авахуулах юм уу гэж асуусан чинь тэр хүүхэн миний өөдөөс салаавч гаргаад май гээд мөн зайл энэ тэр гээд хэрэлдээд байхаар нь араас нь хөөе гэж дуудаад над руу эргээд харахаар элэг рүү нь гараараа цохиод тонгойхоор нь нүүр болон толгой хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөчихөөд тэнд хаячихаад яваад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 115-116, 117-118х/, шинжээчийн 2525 тоот дүгнэлт /хх-ийн 16 х/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-38 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Д.О нь “би хүчиндэх үйлдэл хийгээгүй” гэж мэдүүлдэг, шүүгдэгч нь эрх зүйн байдлын хувьд хэргийн байдлыг нотлох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй субъект бөгөөд шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “хүчиндэхийг завдсан үйлдэл хийгээгүй” талаарх түүний мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, өөр бусад баримтуудаар давхар нотлогдохгүй байгаа тул дангаар нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй.
Хохирлын талаар:
Хохирогч М.Оийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Д.Оын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар:
Д.О хувийн байдлын хувьд урьд нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд шүүхээс хүчиндэхийг завсдан гэмт хэрэгт 8 сарын хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялтай дүйцүүлж уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 08 сар 90 хоногийн хорих ялаар тогтоож тус тус шийдвэрлэсэн.
Цагдан хоригдсон хугацааны талаар:
Д.О нь 2017 оны 05 сарын 23-ны өдрөөс сэжигтнээр цагдан хоригдсон хугацаанаас 07 сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон /хх-ийн 42-46, 86-88, 99 х/ мөн 10.17-11.28-ний өдөр хүртэл /хх-ийн 114 х/ тус тус цагдан хоригдсон. Иймд Д.Оын 106 хоног цагдан хоригдсон дээрх хоногуудыг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Д.От холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Т овогт Дийн Отыг хүчиндэхийг завдсан, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Д.Оыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.От оногдуулсан 08 сарын хорих ял дээр 90 /720:8/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 08 сар 90 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Оын урьдчилан цагдан хоригдсон 106 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Д.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ