Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0347

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“******* *******” ХХК /РД:*******/           

Хариуцагч: “Эрдэнэс тавантолгой” ХК /РД:*******/ нарын хооронд үүссэн Эрдэнэс тавантолгой ХК-аас ирүүлсэн албан бичгийг хүчингүй болгуулж, талуудын хооронд байгуулсан 2022 оны 09-р сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-г биелүүлэн, тус гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж шийдвэрлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, С.М******* нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас “Эрдэнэс тавантолгой” ХК-д холбогдуулан “Эрдэнэс тавантолгой ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай Хамтран ажиллах гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг “******* *******” ХХК-д шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг "******* *******" ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ******* аймгийн ******* сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гарган дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэх, зах зээлд хүргэж компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрсдийнхөө хөрөнгөөр барьж байгуулах сонгон шалгаруулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК-аас зарлаж, хамтран ажиллах урилга ирүүлсэн.

2.2. Энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “******* *******” ХХК шалгарч, хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-тай 2022 оны 09-р сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ"-г 15 жилийн хугацаатайгаар байгуулжээ.[2] 

2.3. Тус “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-д зааснаар ******* ******* ХХК нь байгальд ээлтэй хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, харин Эрдэнэс тавантолгой ХК нь тус үйлдвэрийг барьж байгуулахад зориулан 34 га газрыг ******* *******” ХХК-д шилжүүлэн, эзэмшүүлэх үүргийг тус тус хүлээсэн.[3]

2.4. Мөн тус гэрээний 4.7-д " "ЭТТ” ХК нь Гэрээний Хавсралт №1-т заасан /34 га/ газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, гэрээнд заасан зориулалтаар, гэрээний хугацаанд эзэмшүүлэх үүрэгтэй" гэж, гэрээний 4.9-д “ЭТТ” ХК нь ******* ******* ХХК-ийг Тавантолгой нүүрсний орд, түүний орчинд очиж ажиллах боломж нөхцөлөөр хангах, зайлшгүй шаардлагатай бичиг баримт, мэдээллээр хангах үүрэгтэй" гэж тус тус заажээ.[4]

2.5. Хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгээр талуудын хооронд байгуулсан 2022 оны 09-р сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ"-г цуцалж, дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.[5]

2.6. Тус мэдэгдэлд “... Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол Захиалагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй" болон 8.2-т ******* ******* ХХК нь энэ гэрээнд заасан дурдсан нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд “ЭТТ” ХК нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно" гэж тус тус заасны дагуу ЭТТ-2022/683 тоот гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “... Манай компани дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас удаа дараа шаардсан боловч огт үүргээ биелүүлэхгүй, гэрээнд зааснаар төсөл хэрэгжих 34 га газрыг шилжүүлэх талаар санал санаачилга гаргаж, огт үйлдэл хийхгүйгээр өдийг хүрсэн бөгөөд энэ талаарх албан бичгийг хүргүүлсэн боловч хариуг ирүүлдэггүй юм. Харин энэ хугацаанд бидний зүгээс Гэрээнд заасан үйлдвэрийг барьж байгуулах, төслийг хэрэгжүүлэх чиглэлээр нэлээд хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан бөгөөд үйлдвэрийн зураг төслийг боловсруулах, үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө, шинэ технологи шаардлагатай болсон тул төсөлд оролцох хөрөнгө оруулагчийг эрэлхийлж БНХАУ-руу хэд хэдэн удаа айлчлал хийсний эцэст, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг Монгол улсад оруулахаар харилцан тохиролцсон. Харин хөрөнгө оруулагч болон үйлдвэрийн барилгыг барих гүйцэтгэгчийн зүгээс үйлдвэрийн төслийг барьж байгуулах 34 газрыг манай ******* ******* ХХК-д шилжүүлж өгөх эсэх нь цаашид тодорхойгүй, Эрдэнэс тавантолгой ХК гэрээнд заасан үүргээ биелүүлэх эсэх нь ч тодорхой бус, гэрээг хэрэгжүүлэх эсэх талаар аливаа үйлдлийг хариуцагч тал огт хийхгүй байгаа тул төслийн ажлыг үргэлжлүүлж чадахгүйгээр хүлээлтийг үүсгээд байна. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн гарангын хугацаа өнгөрөхөд хариуцагч тал бидний илгээсэн албан бичигт огт хариу ирүүлэхгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж, тодорхой үйлдэл хийхгүй байснаа 2023 оны 10-р сарын 20-ны өдрийн 01/1809 дугаар албан бичгээр гэрээг цуцалж, дуусгавар болгох тухай мэдэгдлийг ирүүлсэн ... ******* ******* ХХК нь гэрээний яг аль заалтыг зөрчсөн, гэрээний үүргээ хэрхэн, яаж биелүүлээгүй гэж үзэж байгаагаа огт дурдахгүйгээр, ямар ч шалтгаангүйгээр шууд гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа нь манай ******* ******* ХХК-ийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирооход хүргэлээ. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчсөн ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.  

2.8. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Энэ гэрээгээр бол манай компаниас өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 34 га газрыг ******* ******* ХХК-д ашиглуулахаар болсон. Тухайн газарт ******* ******* ХХК өөрийнхөө үйлдвэрийг бариад үйл ажиллагаа явуулах зориулалттай байсан. Манай компанийн зүгээс гэрээнд заасан газар эзэмшүүлэх үүргээ биелүүлээд 2022 оны 10 дугаар сард ******* аймгийн ******* сумын засаг дарга Г.Бд албан бичиг явуулсан байдаг. Гэхдээ процессын хувьд 2 хуулийн этгээд нэг нэгэндээ газрыг түр хугацаагаар хэсэгчлэн эзэмшүүлж шилжүүлэх гэж байгаа тохиолдолд хүсэлтээ албан бичгүүдийн хамт өгдөг. Газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцаа манай компанийн зүгээс шалтгаалах асуудал биш гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний хувьд ******* ******* ХХК хэд хэдэн үүрэг хүлээсэн байдаг ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, манай компанид нэг ч удаа гэрээтэй холбоотой асуудлаар хандаж байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр манай компанид онцгой дэглэм тогтоож, удирдлагууд өөрчлөгдөж солигдсон. ******* аймгийн ******* сумын засаг дарга руу явуулсан албан бичигтэй холбоотойгоор бид Авлигатай тэмцэх газар давхар шалгуулж байгаа, эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “******* аймгийн ******* сумын нутагт байрлах Тавантолгой нүүрсний ордын нүүрсийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баяжуулж, олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гарган дэлхийн брэндийн түвшинд үйлдвэрлэх, зах зээлд хүргэж компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрсдийнхөө хөрөнгөөр барьж байгуулах сонгон шалгаруулалтыг Эрдэнэс Тавантолгой ХК-аас зарлаж, хамтран ажиллах урилга ирүүлсэн. Энэхүү сонгон шалгаруулалтад манай ******* ******* ХХК шалгарч Эрдэнэс Тавантолгой ХК-тай 2022 оны 09-р сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ"-г 15 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. 

Хамтран ажиллах гэрээний 1-р зүйлийн 1.1-д зааснаар ******* ******* ХХК нь байгальд ээлтэй хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, харин Эрдэнэс тавантолгой ХК нь тус үйлдвэрийг барьж байгуулахад зориулан 34 га газрыг ******* *******” ХХК-д шилжүүлэн, эзэмшүүлэх үүргийг тус тус хүлээсэн байдаг. 15 Мөн, Гэрээний 4.7-д " "ЭТТ” ХК нь Гэрээний Хавсралт №1-т заасан /34 га/ газрыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, гэрээнд заасан зориулалтаар, гэрээний хугацаанд эзэмшүүлэх үүрэгтэй" гэж, Гэрээний 4.9-д “ЭТТ” ХК нь ******* ******* ХХК-ийг Тавантолгой нүүрсний орд, түүний орчинд очиж ажиллах боломж нөхцөлөөр хангах, зайлшгүй шаардлагатай бичиг баримт, мэдээллээр хангах үүрэгтэй" гэж тус тус заасан байна. Манай компани дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас удаа дараа шаардсан боловч огт үүргээ биелүүлэхгүй, гэрээнд зааснаар төсөл хэрэгжих 34 га газрыг шилжүүлэх талаар санал санаачилга гаргаж, огт үйлдэл хийхгүйгээр өдийг хүрсэн бөгөөд энэ талаарх албан бичгийг хүргүүлсэн боловч хариуг ирүүлдэггүй юм. Харин энэ хугацаанд бидний зүгээс Гэрээнд заасан үйлдвэрийг барьж байгуулах, төслийг хэрэгжүүлэх чиглэлээр нэлээд хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан бөгөөд үйлдвэрийн зураг төслийг боловсруулах, үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө, шинэ технологи шаардлагатай болсон тул төсөлд оролцох хөрөнгө оруулагчийг эрэлхийлж БНХАУ-руу хэд хэдэн удаа айлчлал хийсний эцэст, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг Монгол улсад оруулахаар харилцан тохиролцсон. Харин хөрөнгө оруулагч болон үйлдвэрийн барилгыг барих гүйцэтгэгчийн зүгээс үйлдвэрийн төслийг барьж байгуулах 34 газрыг манай ******* ******* ХХК-д шилжүүлж өгөх эсэх нь цаашид тодорхойгүй, Эрдэнэс тавантолгой ХК гэрээнд заасан үүргээ биелүүлэх эсэх нь ч тодорхой бус, гэрээг хэрэгжүүлэх эсэх талаар аливаа үйлдлийг хариуцагч тал огт хийхгүй байгаа тул төслийн ажлыг үргэлжлүүлж чадахгүйгээр хүлээлтийг үүсгээд байна. Гэтэл гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн гарангын хугацаа өнгөрөхөд хариуцагч тал бидний илгээсэн албан бичигт огт хариу ирүүлэхгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлж, тодорхой үйлдэл хийхгүй байснаа 2023 оны 10-р сарын 20-ны өдрийн 01/1809 дугаар албан бичгээр гэрээг цуцалж, дуусгавар болгох тухай мэдэгдлийг ирүүлжээ. Тус мэдэгдэлд “Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол Захиалагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй", 8.2-т ******* ******* ХХК нь энэ гэрээнд заасан дурдсан нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд “ЭТТ” ХК нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно" гэж тус тус заасны дагуу ЭТТ-2022/683 тоот гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болж байгааг Үүгээр мэдэгдэж байна" гэжээ. ******* ******* ХХК нь гэрээний яг аль заалтыг зөрчсөн, гэрээний үүргээ хэрхэн, яаж биелүүлээгүй гэж үзэж байгаагаа огт дурдахгүйгээр, ямар ч шалтгаангүйгээр шууд гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа нь манай ******* ******* ХХК-ийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирооход хүргэлээ. Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, 27.3-д Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана: 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл" 27.3.2-0 "захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт” 27.3.3-д "захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус тодорхой заасан боловч хариуцагч нь Гэрээг цуцлах талаар хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй юм. Төрийн өмчит компанийн зүгээс сонгон шалгаруулалт зарлаж, хувийн компанитай гэрээ байгуулсан байж гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, сураг чимээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар албан бичиг илгээхэд хариу өгөхгүй байж байснаа гэнэтхэн гэрээгээ цуцаллаа гэж мэдэгдэл ирүүлж байгаа нь туйлын бүдүүлэг үйлдэл гэж бид үзэж байна. Иймд Эрдэнэс тавантолгой ХК-аас ирүүлсэн 2023 оны 10-р сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичиг нь хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоож, Эрдэнэс тавантолгой ХК-ийг 2022 оны 09-р сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-г биелүүлэн, тус гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг "******* *******" ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүх    хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болсон процессын хувьд хамтран ажиллах гэрээг 09 дүгээр сард байгуулсан байдаг. Энэ гэрээгээр бол манай компаниас өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 34 га газрыг ******* ******* ХХК-д ашиглуулахаар болсон. Тухайн газарт ******* ******* ХХК өөрийнхөө үйлдвэрийг бариад үйл ажиллагаа явуулах зориулалттай байсан. Манай компанийн зүгээс гэрээнд заасан газар эзэмшүүлэх үүргээ биелүүлээд 2022 оны 10 дугаар сард ******* аймгийн ******* сумын засаг дарга Г.Бд албан бичиг явуулсан байдаг. Гэхдээ процессын хувьд 2 хуулийн этгээд нэг нэгэндээ газрыг түр хугацаагаар хэсэгчлэн эзэмшүүлж шилжүүлэх гэж байгаа тохиолдолд хүсэлтээ албан бичгүүдийн хамт өгдөг. Газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцаа манай компанийн зүгээс шалтгаалах асуудал биш гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээний хувьд ******* ******* ХХК хэд хэдэн үүрэг хүлээсэн байдаг ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, манай компанид 1 ч удаа гэрээтэй холбоотой асуудлаар хандаж байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ний өдөр манай компанид онцгой дэглэм тогтоож, удирдлагууд өөрчлөгдөж солигдсон. ******* аймгийн ******* сумын засаг дарга руу явуулсан албан бичигтэй холбоотойгоор бид Авлигатай тэмцэх газар давхар шалгуулж байгаа, эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй энэ талаар мэдээлэл байхгүй байсан учраас шүүхэд баримт гаргаж өгөөгүй. Манай хариу тайлбар захиргааны байгууллага биш гэдэг байр суурьтайгаар тайлбараа гаргасан учраас Авлигатай тэмцэх газарт холбогдох асуудлаар шүүхэд баримт гаргаж өгөөгүй. Яг энэ хамтран ажиллах гэрээний хувьд хүчин төгөлдөр байдлын тухайд манай компаниас газар эзэмшүүлэх эрх албан бичгийг ******* аймгийн ******* сумын засаг дарга руу хүргүүлсэн. Аль аль талын хүсэлт, албан бичиг баримтууд шаардлагатай гэсэн учраас хүсэлтийг шийдвэрлээгүй байж болзошгүй гэж манай компанийн зүгээс үзсэн. Онцгой дэглэм тогтсонтой холбоотойгоор манай бүх гэрээнд хяналт шалгалт хийгдээд тухайн хамтран ажиллах гэрээг хууль тогтоомж зөрчиж байгуулсан гэрээ байж болзошгүй, эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж байгуулсан гэрээ байна гэж үзээд Авлигатай тэмцэх газар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдээлэл хүргүүлсэн. Тухайн асуудал хэрхэн яаж шийдвэрлэх, процессын хувьд ямар байгаа талаар мэдээлэл байхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй тухайд энэ гэрээ анхнаасаа байгуулагдсан нь хууль бус гэдэг агуулгаар Авлигатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлсэн ч манай компанийн зүгээс хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн байна гэж үзсэн.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйл баримтын хувьд хамтран ажиллах гэрээ онцгой дэглэм тогтоохын өмнөх өдөр онцгой дэглэмийн тухай мэдээлэл авсан юм шиг яаруу сандруу гэрээ байгуулсан үйлдэл байдаг. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу тухайн үеийн Уул уурхай технологийн газрын дарга албан тушаалтай байсан этгээд энэ гэрээг байгуулж ******* аймгийн ******* сумын засаг дарга Г.Бд хаягласан албан бичиг явуулсан нь дарагдсан байдалтай байсныг сая ил болсон. Ийм хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар мэдээлэл байгаагүй, тухайн гэрээг нууцаар хийсэн байсан. Энэ талаар мэдээлэл ил болоод шалгаж үзэхэд энэ гэрээний дагуу ямар ч үйлдэл хийгдээгүй байсан. ******* ******* ХХК-аас гэрээний үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар ямар ч үйлдэл хийгдээгүй байсан. Өнөөдөр нотлох баримтаар гаргаж ирсэн бичиг баримт нь Эрдэнэс тавантолгой ХХК-ийн бичиг хэрэгт бүртгэгдсэн эсэх бид албан ёсоор хүлээн авсан гэж үзэхгүй байна. Гэхдээ өнөөдөр нэхэмжлэгчээс гаргаж өгч байгаа учраас манайхаас үндэслэлтэй тайлбар, баримт гаргаж өгч чадахгүй байна. Манайхаас татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ өөрсдийнхөө хэмжээндээ дотооддоо тодорхой ажиллагаа хийхэд ******* ******* ХХК-аас уулзалт зохион байгуулъя, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сургалт зохион байгуулъя эсвэл газраа хүлээж авъя гэдэг ямар нэгэн хүсэлт байгаагүй гэдгийг шалгасан учраас гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байна гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ гэрээг шалгаад үзэх юм бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг зөрчсөн, жил болгон зах зээлийн үнээр нүүрс нийлүүлэх тухай амласан, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон олон хууль тогтоомжийг зөрчиж байгуулсан гэрээ байсан. Тийм учраас бид энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар мэдээлэл өгсөн. М***** З*****, А******, А****, Б******* ******* ХХК гэсэн компаниудтай ийм төрлийн гэрээ байгуулчихсан байсан. А******** компанийн асуудал цаг хугацааны хувьд урд хийгдсэн гэрээ буюу баяжуулах үйлдвэр нь баригдчихсан учраас асуудал ноцтойгоор яригдаад Засгийн газраас ийм төрлийн гэрээ хийж болохгүй цуцал гэсэн чиглэл ирчихсэн учраас А******** компанитай гэрээ цуцлах түвшинд явж байна. Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьд өөрсдөө баяжуулах үйлдвэр барьж байгаа 05 дугаар сарын 31-нд нээлтээ хийнэ. Цогц бодлогын хүрээнд ажлууд явж байхад хажуугаар нь нууцаар ийм төрлийн гэрээнүүд хийгдчихсэн байна. Энэ талаар гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлэх хүртэл Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлагууд мэдээлэлгүй байсан. Бид гэрээнүүдийг шалгаж үзээд хэн гарын үсэг зурчхав гэдэг дээрээ хүрсэн.

Хавтаст хэрэгт авагдсан зураг төсөл, баримтуудыг гэрээ байгуулах үед тус компани хэлбэрийн төдий өгч байсан төслүүд байдаг. Тухайн үеийн төслүүдээс бол огт өөрчлөгдөөгүй байна. Гэрээ байгуулагдсанаас хойш ажил хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Зарлагын баримтууд бол кассын орлогын баримтууд байсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Ямар нэгэн компанид төлөгдсөн баримтууд бол ибаримтаар нотлогдох ёстой, кассын орлогын баримт бол нөхөж үйлдэгдэх боломжтой ийм баримт байдаг. Манай компани гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгснөөс хойш идэвхжиж шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоос биш тэр өдрийг хүртэл Эрдэнэс тавантолгой ХК-д хандаж гаргасан хүсэлт, гэрээний дагуу үүргээ биелүүлж ажлаа тайлагнасан зүйл байдаггүй. Хятад улсын түншлэгчтэй байгуулсан гээд байгаа гэрээг өнөөдөр л хавтаст хэргээс олж харж байгаа болохоос биш бидэнд танилцуулсан зүйл байдаггүй. Мөн газар эзэмших талаар ******* аймгийн ******* сумын Засаг даргад хандаж гаргасан хүсэлт, өргөдөл, арга хэмжээ авсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэрээний үүргээ биелүүлээгүй, өмнөх албан бичигт дурдагдсан гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тохиолдолд Эрдэнэс тавантолгой ХК-ийн зүгээс гэрээг цуцлах эрхтэй тул гаргасан шийдвэр хууль ёсны гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай Хамтран ажиллах гэрээтэй холбоотой дараах тодруулах ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг. “Эрдэнэс тавантолгой” ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн тухайд:

1.1. Энэ нэхэмжлэлийн шаардлагын тухайд, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Тодруулахад:

1.2. Маргаж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг судлан үзэхэд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 09-р сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ"-г цуцалж, дуусгавар болгох тухай мэдэгдэл байх бөгөөд тус мэдэгдэлд “... Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол Захиалагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй" болон 8.2-т ******* ******* ХХК нь энэ гэрээнд заасан дурдсан нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд “ЭТТ” ХК нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно" гэж тус тус заасны дагуу ЭТТ-2022/683 тоот гэрээг цуцалж, гэрээ дуусгавар болж байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2023/10190 дүгээр шүүгчийн захирамжаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг “... хувийн эрх зүйн харилцааны хүрээнд аливаа эрх зүйн этгээдтэй байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй”  буюу “захиргааны хэргийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

1.4. Нэхэмжлэгч эл захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0017 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг /бүхэлд нь/ хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай болсон..., Иймд нэхэмжлэгчээс захиргааны үйл ажиллагааны тодорхой хэлбэр гэж нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон албан бичиг, Хамтран ажиллах гэрээнд эрх зүйн дүгнэлт өгөх байдлаар тэдгээр нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарах эсэхийг тодорхойлох шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

1.5. Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 575 дугаар захирамжаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 0122 дугаар тогтоолоор[6] “...гэрээний 4.6, 8.2-т тус тус ЭТТ ХК-ийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах харилцааг зохицуулсан байх бөгөөд эдгээр заалтын хүрээнд гарсан дээрх албан бичгийг гэрээ цуцалсан шийдвэр буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан шинжийг бүрэн агуулсан захиргааны акт гэж үзнэ ...” гэх дүгнэлтийг хийж шүүгчийн захирамжийг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.

1.6. Захиргааны эрх зүйн онолд, талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг цуцалж дуусгавар болгоход чиглэсэн мэдэгдлийг захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үздэг бөгөөд хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичиг буюу мэдэгдлийг гаргахдаа эрх зүйн хувьд маргаантай дараах асуудлуудыг зайлшгүй тодруулах шаардлагатай байжээ. Дурдахад:

1.7. Талуудаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэлж буй тайлбаруудаас үзэхэд, талуудын хооронд байгуулсан гэх 2022 оны 09-р сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ"-ээр тохиролцсон /зохицуулсан/ харилцаа нь ямар хууль тогтоомжийн дагуу зохицуулагдах харилцаа байсан эсэх нь маргаантай байна.

1.8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 0122 дугаар тогтоолоор “... гэрээний дээр дурдсан нийтлэг үндэслэлээс үзэхэд нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглах буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргах, ЭТТ ХХК-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байх тул үүнийг захиргааны гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй ...” гэх дүгнэлтийг хийсэн боловч нарийвчилсан хуулийн /Захиргааны ерөнхий хуулийн бус/ зохицуулалтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

1.9. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.” гэж захиргааны гэрээний үндсэн шинжүүдийг тухайлан заахдаа “захиргааны байгууллагаас байгуулсан байх, нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан байх, хэлбэрийн хувьд гэрээ байгуулагдсан байх, эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлсэн байх” гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг тогтоожээ.

1.10. Дээрх урьдчилсан нөхцөлүүдээс “эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлсэн байх” гэсэн шинж нь тухайн захиргааны гэрээг холбогдох хуулиар байгуулахыг зөвшөөрсөн байх утгыг илэрхийлэх бөгөөд тиймээс гэрээний талууд өөрсдийн байгуулсан гэрээг хуулиар зөвшөөрөгдсөн, хуульд нийцсэн гэрээ эсэх талаар нэгдмэл ойлголтгүй, энэ үйл баримтын талаар маргаантай байгаа энэ тохиолдолд гэрээний чөлөөт байдлын зарчмын үүднээс хууль зүйн хувьд ямар гэрээ байгуулсан эсэх, тухай гэрээ нь хуульд нийцэж байгаа эсэх талаар өөрсдөө тодорхойлох боломжтой.

1.11. Хэрэгт авагдсан 2022 оны 09-р сарын 14-ний өдөр ЭТТ-2022/683 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний оршил хэсгээс үзвэл Иргэний хуулийн 473-482 дугаар зүйлийг үндэслэсэн байх боловч гэрээний 1.1-д тохиролцсон “******* ******* ХХК нь байгальд ээлтэй хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, харин Эрдэнэс тавантолгой ХК нь тус үйлдвэрийг барьж байгуулахад зориулан 34 га газрыг ******* *******” ХХК-д шилжүүлэн, эзэмшүүлэх” гэх үүргийн тохиролцооноос харвал, эдгээр үүргүүд нь нийтийн өмч буюу газрыг эзэмшиж, ашиглаж байгаа агуулгаараа Иргэний хуулиар зохицуулагдах боломжгүй.

1.12. Харин гэрээний 3.1-д “******* ******* нь уг талбайд ногдох ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид заасан хувь, хэмжээгээр 1 /нэг/ жилээр тооцон “ЭТТ” ХК-д урьдчилан төлнө”, 3.2-т “******* ******* нь “ЭТТ” ХК-ийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 15 /арван тав/ хоногийн дотор Гэрээний 3.1-д дурдсан хувь хэмжээгээр төлбөрийг төлнө” гэж заасан тохиролцооноос үзэхэд, талуудын хооронд үүсэх үүргийн агуулга нь хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК эзэмшиж, ашиглан байгальд ээлтэй хуурай аргаар нүүрс баяжуулах 5.0-10.0 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг, холбогдох дэд бүтцийн хамт барих талаар байх тул энэ нь Газрын тухай хуулиар зохицуулагдах гэхээс илүүтэй Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах харилцаа байж болзошгүй байна.

1.13. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйл “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлэх”, 50.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлсэн болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь мөн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна.”, 50.2 дахь хэсэгт “Талбайн тодорхой хэсгийг энэ хуулийн 50.1-д заасны дагуу шилжүүлснийг мөн хуулийн 49.6.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.” 50.3 дахь хэсэгт “Талбайн тодорхой хэсгийг шилжүүлснийг бүртгүүлэх тухай өргөдөлд шилжүүлэх талбайн байршлын талаар энэ хуулийн 17, 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан мэдээллийг тусгах бөгөөд үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргана”, 50.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага нь шилжүүлж байгаа талбай түүнийг шилжүүлэн өгч байгаа этгээдийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд бүрэн хамрагдаж байгаа эсэхийг нягтлан хянана.”, 50.5 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 50.2-т заасан бүртгэлийг дараахь журмаар гүйцэтгэнэ: 50.5.1.шилжүүлсэн болон үлдэж байгаа талбайн байршил, булангийн цэгийн солбицлуудыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд тус тус бүртгэх; 50.5.2.талбайг шилжүүлэн өгч байгаа этгээдийн тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн талбайн хэмжээ, түүнтэй холбогдолтой бусад тэмдэглэл хийх; 50.5.3.талбайн тодорхой хэсгийг шилжүүлэн авч байгаа этгээдэд тухайн талбайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох.”,  50.6 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 50.5-д заасны дагуу бүртгэл хийсэн тухайгаа мөн хуулийн 49.11-д заасан байгууллагуудад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.” гэж энэ харилцаанд хамаарах шийдвэр гаргах ажиллагааны журам, талуудын хийвэл зохих ажиллагаануудыг хуульчлан тогтоосон байна.

1.14. Тиймээс хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК талуудын хооронд байгуулсан гэх Хамтран ажиллах гэрээ нь Газрын тухай хууль, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн аль хуулиар зохицуулагдах гэрээ эсэх талаар дахин нягтлан үзэж энэ талаар дүгнэх, хэрвээ Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа бол мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулж тогтоох нь зүйтэй.

1.15. Мөн маргаж буй албан бичигт “... ******* ******* ХХК нь энэ гэрээнд заасан дурдсан нөхцөлийг биелүүлээгүй тохиолдолд “ЭТТ” ХК нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно” гэсэн байх боловч ******* ******* ХХК нь гэрээнд заасан ямар нөхцөл, үүргийг хэрхэн яаж биелүүлээгүй /зөрчсөн/ болохыг хариуцагч хангалттай тодорхой тогтоох шаардлагатай байна.

1.16. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус зааснаар хариуцагчид нөхцөл байдлыг тогтоох үүрэг оногддог болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.17. Иймд хариуцагчаас дээр дурдсан эрх зүйн асуудлууд болон бусад бодит нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тогтоох зорилгоор холбогдох ажиллагааг дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

1.18. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлуудыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэ хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. “2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЭТТ-2022/683 дугаартай Хамтран ажиллах гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг “******* *******” ХХК-д шилжүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гэрээний Хавсралт №1-т заасан 34 га газрыг "******* *******" ХХК-д шилжүүлэх талаар шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай” шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагуудын агуулгаас үзэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан “... эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг ... даалгах” хүрээнд тодорхойлсон.

2.2. Шүүх энэхүү маргаан нь “сонгодог” захиргааны актын маргаанаас ялгаатай буюу талуудын хооронд байгуулсан захиргааны гэрээ нь хуулиар зөвшөөрөгдсөн /нийцсэн/ эсэх, захиргааны гэрээний харилцааг цуцалж дуусгавар болгохтой холбоотой нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийллийг агуулсан мэдэгдэлтэй холбоотой маргаан болохыг анхаарч, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Эрдэнэс тавантолгой” ХК-аас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэхдээ тухайн 01/1809 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн, үүний дагуу хариуцагчаас холбогдох ажиллагаануудыг гүйцэтгэж дахин шинэ акт гаргах үүрэг хүлээж байх тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагууд хариуцагчаас дахин гаргах шинэ актын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэн болно.

Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

3.1. Шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Эрдэнэс тавантолгой ХК нь захиргааны байгууллага биш” гэх үндэслэлээр түүний гаргасан шийдвэр, гэрээ нь захиргааны байгууллагаас гаргасан байх шинжийг агуулахгүй тул захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэсэн үндэслэл дурдаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан.

3.2. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 575 дугаар захирамжаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 0122 дугаар тогтоолоор “...гэрээний 4.6, 8.2-т тус тус ЭТТ ХК-ийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах харилцааг зохицуулсан байх бөгөөд эдгээр заалтын хүрээнд гарсан дээрх албан бичгийг гэрээ цуцалсан шийдвэр буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан шинжийг бүрэн агуулсан захиргааны акт гэж үзнэ…., гэрээний дээр дурдсан нийтлэг үндэслэлээс үзэхэд нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглах буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргах, ЭТТ ХХК-ийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байх тул үүнийг захиргааны гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй...” гэх үндэслэл дурдаж захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

3.3. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г********, түүний өмгөөлөгч Б.Б******** нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13:30 цагт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлт ирүүлсэн.

3.4. Гэвч тухайн шүүх хуралдаан нь 16:20 цаг гэхэд дууссан байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү ирж яваа талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байсан тул тэдгээрийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангах үүднээс шүүх хуралдааныг 1 цагаар хойшлуулан хүлээсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн ирцийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг 1 цаг хүлээхэд ирээгүй тул байлцуулахгүйгээр хийх хүсэлттэй гэжээ.

3.5 Иймд, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар тэдний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 50.3, 50.4, 50.5, 50.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1809 дугаартай албан бичгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн  1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй 01/1809 дугаартай албан бичгийг хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 1-2 дахь тал

[2] Хх 10-12 дахь тал

[3] Хх 10 дахь тал

[4] Хх 10 дахь талын арын нүүр

[5] Хх 13 дахь тал

[6] Хх 60-63 дахь тал