Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Н.Г, П.Т нарт холбогдох

       эрүүгийн  хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн

Шүүгдэгч                                                         Н.Г, П.Т

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т, Н.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Г, П.Т нарт холбогдох 2112000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Г

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, урьд Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 278 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 117 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн дахь Сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 26- ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял, 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, П.Т

 

Шүүгдэгч П.Т, Н.Г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Б-ын эзэмшлийн хуучин байшингийн модыг хулгайлж, түүнд 1.615.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Т нь “цагдан хоригдож байгаа хүнийг батлан даалтад гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 52 дугаар байрны үүдэнд 39.000 төгрөгийн үнэ бүхий айраг, сүү, өрөм, ааруул зэргийг, мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Нутгийн захиргааны ордны зүүн талд 150.000 төгрөгийг тус тус Ч.Б-ээс залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Н.Гад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.Г, П.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч П.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Гад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 13 /арван гурав/ хоног, шүүгдэгч П.Тийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны хүртэл цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Таас 516.500 /таван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Н.Гаас 516.500 /таван зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ... оршин суух К.Б-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, П.Т нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 61-84 АРА улсын дугаартай, Мицубиши маркийн автомашины үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг  хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Гаас 750.000 төгрөг, шүүгдэгч П.Таас 750.000 төгрөг гаргуулан хохирогч К.Бд төлөх 1.033.000 /нэг сая гучин гурван мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэн, үлдэх 467.000 /дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөгийн улсын орлого болгож, Шүүгдэгч П.Т, Н.Г нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Т, Н.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Тийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн ... тоотод орших суух П.Т миний бие Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял авсан билээ. Тийм учраас би ар гэрийн гачигдлаар давж заалдах хүсэлттэй байна. Миний ард үлдэж буй хүмүүс болох эхнэр минь архины хамааралтай болсон юм. Би 1 нас 7 сартай охинтой юм. Түүнийгээ сувилалд өөрөө аваачиж өгсөн. Харин 6 настай хүүгээ ээжид нь өгсөн боловч манай эхнэр архи уугаад, хүү минь гудамжинд гарч байна. Би энэ амьдралд хүнд байна. Ээж минь 80 гарсан хүн байдаг. Тийм учраас та бүхнээс гуйж хүсэлт гаргаж байна. Би алдаж байж буруугаа ойлгосон. Миний амьдралын байдалд дүгнэлт  хийж өгнө үү гэж давж заалдах гэсэн юм гэжээ.

 

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн ... тоотод оршин суух Н.Г-ыг П.Ттай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдлыг Н.Г бид нар хамтран гаргаж байна. Н.Г нь хэргийн үйлдэл холбогдолтой анхнаасаа маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, урьд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа хулгайн гэмт хэрэгт холбогдон шийтгүүлж байгаа юм. Н.Г нь үйлдсэн хэргийнхээ учир холбогдлыг ухамсарлан ойлгож, чинь санаасаа гэмшиж байгаа. Н.Г нь эрүүл мэндийн хувьд сэтгэцийн байдлаар 70 хувийн групптэй, одоо зүрхний хүнд өвчин нь сэдэрч цагдан хорих байранд байнгын эмчилгээтэй байна. Түүний өвчин нь хүнд байгаа учир хорих ангийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх зорилготой байна. Одоо хохирогч н.Баттулгад төлөх хохирлын 516.500 төгрөгийг төлж барагдуулсан. Иймээс Н.Гын хувийн байдал, хохирол төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг доош нь татаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан хөнгөрүүлж  өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд хэн аль нь оролцоно гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдолд: П.Тийн өмгөөлөгч С.П би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. П.Т нь өөрийн гэм бурууг хүлээдэг бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон 516.500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. /Давж заалдах шатны шүүх хуралдаанд баримтыг гаргаж өгнө/ Тэрээр биеийн байдлын тухайд байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай. Иймд  П.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлж, хор уршиг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан ял оногдуулж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Энэ хүсэл сонирхлыг шүүгдэгч П.Т өмгөөлөгч надаар дамжуулан илэрхийлж байгаа болно. Шүүх хуралдаанд оролцон дэлгэрэнгүй тайлбар, санал гаргах хүсэлттэй гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г, П.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд тэднийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.Гын тухайд нэг зүйл ангитай, нэг үйлдэлтэй хэрэгт холбогдсон байгаа. Харин Н.Г нөгөө үйлдэлд нь хамааралгүй. Тэрээр хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн бөгөөд хохирлыг төлж барагдуулсан. Тухайн үед буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад хохирол төлөгдөөгүй байсан учраас ял шийтгэлийн байдал өнөөдрийн шийтгэх тогтоолд дурдсанаар гарсан боловч одоо хохирол төлбөрийг төлж орж ирсэн. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхэд түүний ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлэх эрх хэмжээ байгаа. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Н.Гад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Түүнээс биш анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй буюу буруу гарсан гэсэн зүйл байхгүй. Н.Г нь хохирогчийн гомдол саналыг барагдуулж, ял шийтгэлийн байдлаа хөнгөрүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Н.Гад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бидний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болон хэргийн зүйлчлэл буруу байна гэж ерөөсөө маргаагүй. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарах үед хохирол төлбөрийг төлөөгүй байсан бөгөөд хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад хохирлыг төлж барагдуулсан. Иймээс давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч нарт ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байна. Тухайн үед хохирлоо төлөх боломгүй байсан учраас хохирлыг төлж чадалгүй хэргийг шийдвэрлүүлсэн. Өнөөдөр хохирлыг төлөөд ороод ирсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх болзол шаардлагыг хангасан гэж харж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүх өөрт оногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч П.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хөнгөлөн өөрчлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч П.Т, Н.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, С.П нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад П.Т, Н.Г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Б-ын эзэмшлийн хуучин байшингийн модыг хулгайлж, түүнд 1.033.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч К.Б-ын”...Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 20 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн байшингаа эргэж очтол баруун талын 3 хана, зүүн талын 1 хана нураагаад модыг нь хулгайлаад аваад явчихсан байсан болохоор нь би шууд л цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн”...Би аймгийн төв орчхоод буцаад гэртээ иртэл машин нь болохгүй байгаа шинжтэй иргэн Модон Галаа гэх нэг жолоочтой хамт машинаа түрээд уруу газар өнхрүүлээд манай гэрийн цаад хонхорт асахгүй үлдээсэн. Тэгээд удалгүй өөр хөх өнгийн Портер машин дуудаж ирээд манай гэрийн ард байдаг байшингаас 5-см банз мод ачаад асахгүй байсан амьжиргаа машинаа чирээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч  А.А-ын”...Архангай аймгийн Эрдэнэбулган сум 7 дугаар багийн нутаг дэвсгэр Тамир хороололд иргэн А.Алтанзул миний хувийн эзэмшлийн шинээр барьж байгаа хашаанд барилгын ажил хийж байсан манай ажилтан иргэн (Модон Галаа)-хочит Н.Г, П.Т нар чи дам нуруу хийх мод авах уу гэсэн. Би барилгын ажил хийж байсан үе болохоор мод авна гэсэн. 2-3 хоногийн дараа манай хашаанд 2-метр урттай, 1-ширхэг мод, 5-метр урттай, 6 ширхэг хуучин палк мод надад зарсан. Би хулгайн мод гэж мэдээгүй манайд хоёулаа ажиллаж байсан болохоор нь Н.Г, П.Т нараас мод худалдаад авсан. Би Н.Гаас энэ юу мод юм бэ гээд асуухад би барилгад олон жил ажилласан хүн тэндээс хувьцааны юм байдаг гэсэн. Барилгын хуучин мод манай хашаанд 2-метр урттай, 1-ширхэг мод, 5-метр урттай, 6-ширхэг хуучин палк буулгасан байсан, би тэрийг нь худалдаж авсан. Барилгын хуучин модноос 5 ширхэг модоор байшингийн дам нуруу хийж илүү гарсан модоор нь морины жүчээнд тайрч шон хийсэн. П.Тийн ээж нь болох гавьяат Б гэх айлд 5 см зузаантай, банз мод хашаанд нь буулгачихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-ын ”...П.Т, Н.Г би барилгын эзэн А.А бид хэд өдөр 13 цаг 30 минутын үед худалдаж авсан модоо барьж байгаа барилга болох гарааж дээр гарган байшингийн дам нуруу хийсэн. Би хамт ажиллаж байсан (Модон Галаа)-хочит Н.Г, П.Т нартай нийлээд байдаггүй болохоор ажлаа хийчхээд ажил дуусахаар гэр рүүгээ явчихдаг. Барилгын хуучин мод байсан. Миний мэдэхээр А.А-ын худалдаж авсан барилгын хуучин модноос 3 ширхэг модоор байшингийн дам нуруу хийж илүү гарсан модоор нь морины жүчээнд тайрч шон хийсэн гээд барилгын эзэн А.А ярьж байсан. “...Би жорлон ухалцсан, 2 өдөр ухсан. Б гэх хүн гүнзгий ухуулахгүй гээд 2 метрийн гүнтэй ухсан. Би 2 өдөр ажиллаад 3 дахь өдөр нь очиж ажиллаагүй. Тэгээд 4 дэх өдөр нь очиход хашаанд нь хуучин жижиг драанк мод хадсан 5 см зузаантай 2 метрийн хар модон банз байсан. Тэгээд намайг драанкыг нь салгаж байгаарай гээд Галаа П.Т нар хадаас олохоор явсан. Тэгээд хадаас цемент авч ирсэн. Тэгээд жорлон доторлох гадна өрлөг зэргийг 1 өдөр хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ын”...Би Н.Г гэх хүнээс банз мод авсан. 2021 оны 07 дугаар сарын эхээр урд хашаандаа хоол унд ирж хийж өгөхөөр ирэхэд хашаанд шавар болсон үргэлжээр том юм аваад ирсэн. Манай хашаанд шавар шохой болгоод хаясан...” гэх мэдүүлэг, Эд хөрөнгийн үнэлгээчин Э.Д-ийн 2021 оны 028дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай дүгнэлт зэргээр,

шүүгдэгч П.Т нь “цагдан хоригдож байгаа хүнийг батлан даалтад гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 52 дугаар байрны үүдэнд 39.000 төгрөгийн үнэ бүхий айраг, сүү, өрөм, ааруул зэргийг, мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах Нутгийн захиргааны ордны зүүн талд 150.000 төгрөгийг тус тус Ч.Бэс залилан авсан гэм буруутай болох нь хохирогч Ч.Б-ийн ”...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санагдаж байна би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 18-21 тоотод байх гэртээ байж байтал гаднаас өмнө зүс таних Х гэх хүн орж ирэхээр нь уг хүнтэй юм ярьж сууж байгаад өөрийн хамаатны хүн болох Н гэх хүн хүчингийн хэрэгтэй цагдан хоригдож байгаа бөгөөд уг хүнийг батлан даалтад авч болох эсэх талаар Х гэх хүнээс асуухад надад таньдаг хүн байгаа цагдаад ажилдаг ахмад М.В гэх хүнээр дамжуулан Б гэх хүнээр Н ахыг чинь мөрдөнгөөс гаргуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би Х гэх хүний гэрт яваад очтол надад прокурор Б.Б-тай уулзаад болчихлоо Б.Б бол миний хуурай дүү юм гэж хэлсэн. Тэгээд би тэднийхээс гараад явсан. Гэтэл удалгүй өдөр над руу залгаад Н ахыг чинь мөрдөнгөөс гаргахад барьцаа мөнгө хэрэгтэй юм байна 150.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Х утсаар залгаад нөгөө мөнгө чинь яаралтай хэрэг болоод байна. Гүйлгээ хаахаас өмнө яаралтай 150.000 төгрөгөө олоод явуулаадах гэж хэлсэн тэгээд би тэр үед нь би ээж Н-ийн дүү Д.С гэх хүнээс 150.000 төгрөгийг өөрийн дансаар авсан юм. Тэгээд би өөрийн данснаас уг мөнгийг бэлнээр нь аваад Хтай ярихад дугтуйнд хийгээд аваад ир гэсний дагуу би Холбооны газраас дугтуй аваад уг 150.000 төгрөгийг хийгээд Х гэх хүнд Шүүхийн үүдэнд аваачиж өгсөн. Тэр үед Х намайг чи наанаа байж бай би Б.Б прокурорт энэ мөнгийг өгчхөөд ирье гээд Шүүх рүү яваад орсон. Тэгээд удалгүй Х Шүүхээс гарч ирээд мөнгийг нь өгчихлөө гээд гараад ирсэн юм. Мөн тэр үед Х нь над руу залгаад нөгөө ажлыг бүтээхэд Бу прокурорт цагаан идээ өгөх хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн хамаатны С.Т гэх эгч дээр очоод 5 литр айраг, 1 литр орчим сүү, мөн 500 грамм ааруул, 500 грамм өрөм авсан. Тэгээд уг цагаан идээгээ аваад аймгийн төв орж ирээд Х руу ярьтал би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байтал Х ирсэн тэгээд бид 2 Нэгдсэн эмнэлгийн доод талын саарал алаг байрны үүдэнд зогсоод Х миний авч ирсэн цагаан идээг аваад Б.Бу прокурорынх энд байдаг би оруулж өгчхөөд ирье гээд аваад орсон. Тэгээд Х 30 орчим минутын дараа гарч ирээд нэг дэх өдөр Н ахыг чинь гаргахаар боллоо гээд тэгээд би тэндээс гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Т-ийн ”...Би Ч.Бэс сонсоход энэ А гэгч нь хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа манай ээжийн дүү Д.Няийг батлан даалтад гаргаж өгнө гэж хэлээд 150.000 төгрөг болон сүү цагаа идээ авсан. А нь хэнд өгөх гэж байгаа юм гэхээр Б.Бу прокурорт өгнө гэж хэлж авсан байсан. А нь өөрөө Д.Няийг батлан даалтад найдвартай гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан. 2021 оны 10 сарын 15-ны өдрийн өглөө 10, 11 цагийн орчимд манай дүү Ч.Б залгаад цагаан идээ, айраг хэрэгтэй байна жаахан юм бэлдээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм надад бэлэн юм алга гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал манай ээж С над руу залгаад наад Ч.Б чинь овоо дорвиун юм хөөцөлдөөд байна чи цагаан идээг нь бэлдээд өгчих гэхээр нь юу хөөцөлдөөд байгаа юм гэсэн чинь Няийг 7 хоног батлан даалтад гаргах гээд хүнтэй уулзаад хөөцөлдөөд байгаа юм байна гэхээр нь би цагаан идээ бэлдсэн. Тэгээд тус өдөр би хүргэж өгч чадаагүй бөгөөд унаагүй байсан болохоор Ч.Б тэр өдрөө өөрөө орой 18, 19 цагийн орчимд ирж надаас 5 литр айраг, 2 литр сүү, 500гр -1 кг орчим ааруул, 500 гр орчим өрөм аваад явсан. 5 литрийн айргийг пивоны бор өнгийн 2 саванд хийж өгсөн, сүү 2 литрийн Кола ундааны саванд хийсэн, ааруул өрмийг нь уутанд хийж өгч явуулсан. 2021 оны 10 сарын 15-ны өдөр Ч.Б надтай утсаар ярьж байхдаа Сараа эгчийг хурдан мөнгөө хий гүйлгээ хаах гээд байна гэж хэлээд 150.000 төгрөг авсан байсан. Энэ 150.000 төгрөгийг А нь М.В-оор дамжуулж прокурорт өгнө энэ мөнгө нь Д.Няийг 7 хоног батлан даалтаар гарах үед нь барьцаа болгож байршуулах мөнгө гэж ярьсан байсан. Тэр өдрөө манай дүү Ч.Бэс А нь 150.000 төгрөгийг шүүхийн үүдэнд дугтуйнд хийгээд авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Б-ийн”...Би 2021 оны 10 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр төв Гост дэлгүүрийн урд хувиараа мах зараад зогсож байхад үл таних 40 орчим насны эрэгтэй хүн над дээр ирээд нэгжтэй бол нэг яриулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа өгөөд яриулсан бөгөөд удахгүй ярьчхаад надад өгсөн. Ингээд байж байтал удалгүй хэдхэн минутын дараа нөгөө ах дахин эргэж ирээд ах нь саяны дугаар руу нэг данс явуулах гэсэн юм гээд миний утаснаас дансны дугаарыг явуулсан. Тэгээд би утсаа хартал тэр ах залгасан, мессеж бичсэн дугаараа устгачихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.В-ийн”...2021 оны 10 дугаар сарын дунд үеэр санагдаж байна амралтын өдөр байж магадгүй Х гэгч нь намайг байхгүй хойгуур Архангай аймгийн Цэнхэр сум руу хөдөө яваад ирлээ хөдөөгөөс танайд сүү цагаан идээ авчирсан юм гээд манай эхнэрт гэрт 2 пивоны савтай айраг болон жаахан цагаан идээ өгсөн байсан. Манай эхнэр хүн сайхан сэтгэл гаргаад хөдөөгөөс цагаан идээ авчирч өгч байхад савыг нь хоосон гаргахгүй гээд нэг уут чихэр, 5000 төгрөгтэй өгсөн гэж хэлж байсан. Миний хувьд Х гэгчээс цагаан идээ шаардсан зүйл огт байхгүй. Х гэгч нь манай хашааг барьж байсан бөгөөд амьдралын хувьд тааруу амьдралтай хүн байсан болохоор манайх хонь гаргахдаа гэдэс толгой шийрийг нь хүртэл өгчихдөг байсан. Тухайн Х бид хоёрын хооронд өр зээл авлагын ямар нэг асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.С-ийн”...Ч.Б 2021 оны 10 дугаар сарын 15-нд өөрийнхөө 88400366 дугаарын утсаар над руу яриад Сараа эгчээ би мөрдөн байцаах тасгийн ахмад М.В гэх хүнтэй уулзсан. Манай дүү болох Няийг 7 хоногийн хугацаатай батлан даалтад гаргаад өгье гэж байна, Цагдан хорих байрны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна. Тэгээд эхлээд 100.000 төгрөг гэж хэлснээ удалгүй 150.000 төгрөг гэж ярьсан...” гэх мэдүүлэг, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Н.Г, П.Т нарын бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн үйлдэл, шүүгдэгч П.Тийн залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

 Анхан шатны шүүх шүүгдэгч П.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Харин Н.Гын үйлдсэн хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Г түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, харин шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 Шүүгдэгч нар нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогч К.Бд тус бүр 516.500 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Т... Миний ард үлдэж буй хүмүүс болох эхнэр минь архины хамааралтай болсон юм. Би 1 нас 7 сартай охинтой юм. Түүнийгээ сувилалд өөрөө аваачиж өгсөн. Харин 6 настай хүүгээ ээжид нь өгсөн боловч манай эхнэр архи уугаад, хүү минь гудамжинд гарч байна. Би энэ амьдралд хүнд байна. Ээж минь 80 гарсан хүн байдаг. Тийм учраас та бүхнээс гуйж хүсэлт гаргаж байна. Би алдаж байж буруугаа ойлгосон. Миний амьдралын байдалд дүгнэлт  хийж өгнө үү... гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

 Шүүгдэгч П.Тийн гаргасан гомдлыг үндэслэн түүнийг ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч... П.Т нь өөрийн гэм бурууг хүлээдэг бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон 516.500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Тэрээр биеийн байдлын тухайд байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай. Иймд  П.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлж, хор уршиг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан ял оногдуулж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...гэж давж заалдах гомдол гаргажээ.

               

Хэдийгээр шүүгдэгч П.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлсөн боловч хоёр санаатай гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх  үндэслэлгүй байна.

 

 

Мөн шүүгдэгч нь хорих ял эдлэх боломжгүй хүнд өвчтэй талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх боломжгүй юм.

 

Ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэж эрх бүхий байгууллага үзвэл хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журамд зааснаар асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

 

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан” гэж, “шүүгдэгч Н.Гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэснийг “шүүгдэгч Н.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар” гэж, 4 дэх заалтын “шүүгдэгч Н.Гад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар” гэснийг “шүүгдэгч Н.Гад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, П.Т нарын цагдан хоригдсон 77 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Н.ЭНХМАА