Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0259/З |
Дугаар | 128/ШШ2024/0351 |
Огноо | 2024-04-19 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Жаргал /РД:ШЗ72090602/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хооронд үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, дуусгавар болгосон шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өнөрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Х.Жаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өнөрбаяраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын иргэн Х.Жаргалд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар Монгол Улсын иргэн Х.Жаргалд 1.0 га газрыг ашиглах эрх олгожээ.[1]
2.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Х.Жаргалын газар ашиглах эрхийг “газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газраа хүндэтгэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.[2]
2.3. “Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар Х.Жаргалын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэжээ.[3]
2.4. Дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9703 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй гэх үндэслэлээр шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5132 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.[4]
2.5.Улмаар нэхэмжлэгч нь “Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлийг тогтоолгох гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “... газар ашиглах эрхийг цуцлах эрх хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хуулиар олгоогүй, Засаг даргын эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргасан...” гэх агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан тул нэхэмжлэл үндэслэлгүй…” гэж тайлбарлав.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өнөрбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Б********д холбогдох нэхэмжлэлийг Х.Жаргалын зүгээс гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тухайн маргаан акт нь иргэн Х.Жаргалын газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг агуулгаар үндэслэлээ гаргасан. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан агуулгаар илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд иргэн Х.Жаргалын ашиглах эрхийн зөвшөөрөлтэй газрыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ захиргааны акт гаргах өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл зөвхөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хуулиар олгогдсон эрх хэмжээ гэдэг нь хуулиас тодорхой харагдаж байна. Дээрээс нь захиргааны байгууллага буюу яам захиргааны шийдвэр гаргахаас өмнөх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байж иргэн Х.Жаргалын газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны тодорхой зарчмуудыг зөрчөөд байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр нь өөрөө зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн зарчимтай зөрчилдөж байна гэж үзсэн. Тодорхой хэлэх юм бол Х.Жаргал газар ашигласны 3 жилийн төлбөр болох 33,900,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төрийн сангийн тодорхой дансанд тушаасан байдаг. Шийдвэр гаргахаас өмнө газрын төлбөрөө төлчихсөн байсан нь энэ баримтаар тогтоогддог. Улсын дээд шүүхийн 2022 оны 0063 дугаар тогтоолд тайлбарлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу тодорхой компанийн газар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх үүссэн боловч тухайн үед нь хэрэгжүүлээгүй тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөс хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй үндэслэлээр цуцалсан захиргааны байгууллагыг тухайн дурдагдсан зөрчил арилсны дараа буюу шийдвэр гаргахаас өмнөх бодит нөхцөл байдлыг тогтоолгүй өөрөөр хэлэх юм бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тусгагдсан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчиж захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарласан байдаг. Энэ нь манай маргаан бүхий актын иргэн Х.Жаргалын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь яг энэ агуулгаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны акт буюу , Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар шийдвэрийн иргэн Х.Жаргалд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Иргэн Х.Жаргалын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэл гаргасан хугацааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасан. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр албан бичгээр хариу өгсөн байхад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр буюу 2 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан 30 хоногийн дотор гэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар иргэн Х.Жаргалд Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 "...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...", мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т "..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.3-т ".. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6-д"...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 9 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 тоот албан бичгээр ирүүлсэн төлбөрийн мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 114-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Иймд Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.Жаргалын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын иргэн Х.Жаргалд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх болон хууль бус байх үндэслэлүүдийн аль алиныг нь дурдаж маргасан.
2. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч нь захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах, тэр хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дурдаж маргах эрхээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр дараах байдлаар алдсан байна. Тодруулахад:
4. Захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9703 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй гэх үндэслэлээр шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5132 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.[5]
5.Нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэснээс хойш даруй 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарлаж буй “... бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, өөрөөр хэлэх юм бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тусгагдсан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчиж захиргааны акт гаргасан...” гэх зэрэг захиргааны актыг хүчингүй болгуулах агуулга бүхий үндэслэлүүдэд шүүх дүгнэлт өгөхгүй.
6. Харин шүүх нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын иргэн Х.Жаргалд холбогдох хэсэг нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтуудыг зөрчсөн илт хууль бус акт” гэх үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгнө.
7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд, мөн зүйлийн 47.1.3 дахь заалтад “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж, 47.1.6 дахь заалтад “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж тус тус заажээ.
8. “Захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдгийг тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрхийг цуцлах, хүчингүй болгох тусгай эрх олгогдоогүй буюу тийм эрх хэмжээний хамаарал байхгүй байхыг ойлгоно.
9. Нэхэмжлэгчийн зүгээс “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад газар ашиглах эрх цуцлах эрх олгоогүй, Засаг даргын эрх хэмжээний асуудлаар тушаал гаргасан” гэх агуулгаар тайлбарласан.
10. Байгаль орчны аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаал гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус эрх зүйн үндэслэл болгожээ.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд, 40.1.5 дахь заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
12. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн нэг хэсэг нь Газрын тухай хууль байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх зохицуулалтыг тусгай хамгаалалттай газар нутгийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нөхөн зохицуулж хэрэглэх эрх хэмжээтэй ба энэ тохиолдолд хуулийн зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлаж, хэрэглэхгүй.
13. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, цуцлах, хүчингүй болгох эрх хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар олгосон бөгөөд харин тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагаас гадна нийслэлийн нутаг дэвсгэрт уг эрхийг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байх тул энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгодог.
15. Маргаж буй захиргааны актын голлох үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5 дахь заалтын “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дахь заалтын “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдийг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.
16. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд, 4.2.1 дэх заалтад “хуульд үндэслэх” гэж заасан бөгөөд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг маргаж буй захиргааны актад хэрэглэсэн байх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй.
17. Харин дээр дурдсан үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл үгүйсгэгдэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүх үнэлэлт дүгнэлт өгөхгүй болохыг тэмдэглэж байна.
18. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхоролд шүүх хуралдааны товыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирцтэй холбоотой санал гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан Х.Жаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Өнөрбаяраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын иргэн Х.Жаргалд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ