Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Б, С.Г, Г.М нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нарт холбогдох 2212000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 41 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ... оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогчтой эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Г

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.М

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

 

Шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, 2019 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутгаас хохирогч Л.Д-ын эзэмшлийн 4 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж, түүнд 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б, С.Г, Г.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М, С.Г нарыг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, С.Г нарыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Быг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд тус тус хориглож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.М, С.Г нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Г нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Г.М, С.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.800.000/хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашин, 810.000/найман зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Боос 1.203.333/нэг сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч Г.Моос 1.203.333/нэг сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, шүүгдэгч С.Гас 1.203.333/нэг сая хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус улсын орлого болгож; Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Г.М, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.Б, Г.М, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, 2019 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутгаас хохирогч Л.Дын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлж 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл, хэсэгт өөрчлөлт оруулсан цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг төдийгүй Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл /1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно/, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь зөв юм.

Хэрвээ шүүгдэгч нар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлагдаж мөрдөж эхлэхээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зөвхөн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар зохицуулсан заалт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нарт холбогдог хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмгөөлөгч миний хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг яаж харж байна вэ гэдэг асуудал байгаа юм. Энэ нь 2020 оны 01 дүгээр сард Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөс хойш өршөөлд хамаарахгүйгээр заасан юм уу гэж харагдаж байгаа. Хууль хэрэглээний талаас нь шүүгдэгч, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх юм бол шүүгдэгч нарын хэрэг өршөөлд хамрагдахаар харагдаж байгаа юм. Энэ талаас нь шүүх бүрэлдэхүүн харж үзэхийг хүсэж байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцийн доод хэмжээгээр өөрчлөх боломжтой юм. Прокурорын зүгээс  энэ талаар боломжгүй гэж хэлээд байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялтай байгаа юм. Хэрвээ энэ үед мөрдөгдөж байсан хуулиар шийдвэрлэвэл нэгдүгээрт өршөөлд хамрагдана, хоёрдугаарт зорчих эрх хязгаарлах ялыг багасгах боломж харагдаж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааралтай авч үзэж шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нарыг 2019 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн нутгаас хохирогч Л.Дын эзэмшлийн 4 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж, түүнд 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй,  прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  прокурорын саналын хүрээнд тэдгээрт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байхаас гадна шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нарт холбогдох хэргийн зүйлчлэл  болон тэдэнд шүүхээс оногдуулсан ял үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Мөн 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн автомашин, 810.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Боос 1.203.333 төгрөг, шүүгдэгч Г.Моос 1.203.333 төгрөг, шүүгдэгч С.Гас 1.203.333 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б нь ...анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нарт холбогдох хэрэг  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь зөв юм.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан.

 

Шүүгдэгч Б.Б, С.Г, Г.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан болно.

 

Мөн хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг заасан бөгөөд хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдохоор зохицуулсан.

            Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б-ийн өршөөлд хамруулж өгнө үү гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.           

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Н.ЭНХМАА