Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/868

 

 

 

 

           

 

Г.Э д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Г.Э ын өмгөөлөгч Г.Ганбаяр,  

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/778 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Энхболд, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э д холбогдох 2208000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т  овгийн Г.Э , …….. оны ……… дугаар сарын ……..-ны өдөр ………… аймгийн ………… суманд төрсөн, …….. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ……., эцэг, эх, дүү нарын хамт …………дүүргийн……… дугаар хороо, ……….. дугаар гудамжны ……… тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Г.Э  нь гэртээ төрсөн дүү Г.Т ой маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутгалснаас эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч, мухар гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, баруун уушигны авчилт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э  гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2011 онд бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авч байсан. Гэмтэл авсныхаа дараа олон сар эмнэлгээр эмчлүүлж явсан бөгөөд ухаан санаа маань эрүүл бус буюу хөдөлмөрийн чадваргүй, нийгмийн харилцаанд бие даан оролцож чадахгүй болсон. Гэмтэл авснаас хойш мартаж санах, толгой байнга өвддөг, унаж татдаг өвчтэй болсон. Намайг хүмүүс гаднаас харахад эрүүл хүн шиг харагдах боловч эрүүл мэндийн болон сэтгэцийн хувьд хэвийн бус гэж мэргэжлийн эмч нар болон ойр орчмын хүмүүс хэлж тодорхойлдог. Энэ нөхцөл байдлаас болж өөрийн харьяа дүүргийн эмнэлэгт тухайн үед үзүүлэхэд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож, бусдын асрамжид байх хүн гэдгийг тогтоосон. Би 2021 оноос хойш хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон ба өөрийн эцэг, эхийн асрамжид одоог хүртэл гэртээ байгаа. Мөрдөгч нь надаас миний хувийн байдлын талаар тодруулаагүй, өвчтэй эсэхийг минь асуугаагүй ба гэнэт шүүхээс дуудаж, шүүх хурал болж надад хорих ял оногдуулсан. Иймд миний хувийн байдал буюу сэтгэцийн өөрчлөлттэй эсэх, хөдөлмөрийн чадвар алдалт болон хэрэг хариуцах чадвартай эсэхийг минь тогтоон өгч, хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгч Г.Э ын өмгөөлөгч Г.Ганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд;

1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана. Миний үйлчлүүлэгч Г.Э  нь 2011 онд бусдад зодуулсны улмаас толгойн тус газраа хүнд гэмтэл авч, эмчлүүлсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон байдаг бөгөөд өөрийн эцэг, эхийн асрамжид одоог хүртэл амьдарч, асран тэтгүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ нөхцөл байдлыг тогтоохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолно” гэж заасан. Мөрдөн байцаалтын явцад миний үйлчлүүлэгч Г.Э ын хувийн байдлыг тодруулах талаар ямар нэгэн ажиллагаа явуулаагүй бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын талаар гэрч, хохирогч нараас асууж тодруулаагүй, мөн эмнэлгийн бичиг баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлээгүй, цаашлаад эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөх баримт бичиг юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж тодорхой заасан. Гэтэл мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мэдүүлгийн тэмдэглэл авахдаа хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэлгүйгээр мэдүүлэг авч, улмаар анхан шатны шүүх мөн адил гэм буруугийн шүүх хуралдааны үед энэ нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шүүгдэгчээс мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэх тогтоол гаргасан нь хуулийн дээрх зүйл, заалтыг ноцтой зөрчсөн зөрчил юм. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал гаргасан. Саналдаа Г.Э ын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэсэн байдаг. 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухайн прокурорын тогтоолыг даруй танилцуулж...” гэсэн байх боловч хэргийн материалтай танилцаж үзэхэд прокурорын сэжигтнийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас авагдаагүй байна. Г.Э ыг мөрдөгч нь ямар шугамаар, хэрхэн дуудан ирүүлж танилцуулсан нь тодорхойгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Миний үйлчлүүлэгч Г.Э оос 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээс мэдүүлэг авсан ба 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 105-106/, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 139-140/ хэрэгт авагдсан. 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг үндэслэж Г.Э ыг яллагдагчаар тогтоож, түүнээс яллагдагчаар мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж заасан байх бөгөөд энэ хуулийн зохицуулалтаас харахад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг зөвхөн сэжигтэнд танилцуулахаар зохицуулсан байна. Мөн хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ”, 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна” гэж тус тус заасан байх бөгөөд Г.Энхболдоос сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл болон сэжигтэн гэж тогтоосон нэг ч мөрдөгчийн санал, тогтоол болон прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13, 16.14 дүгээр зүйлүүдэд заасан хүний үндсэн суурь эрхийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч давж заалдах гомдолдоо шүүгдэгч Г.Э ыг хөдөлмөрийн чадвар алдалттай гэж дурдсан байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Э  нь хөдөлмөрийн чадвар алдалттай гэх ямар нэгэн баримт авагдаагүй. Түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох түүний төрсөн дүү, төрсөн эх нараас мэдүүлэг авсан байдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар албан ёсоор тогтоож гаргадаг. Өмгөөлөгч гаргаж буй давж заалдах гомдолдоо энэ актыг хавсаргаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаарх асуудлын хувьд, мөрдөгчөөс эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан шийдвэрийг прокуророос тогтоол үйлдэж гаргадаг. Г.Э ын гэрчийн мэдүүлгийг үндэслэж бичсэн асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулахаар дуудаж байгаа хүнийг сэжигтэн гэнэ” гэсэн байдаг. Үүний дагуу яллагдагч Г.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол гарч байгаа учраас яллагдагчийг дуудан ирүүлэхээр прокурорын тогтоолын “Тогтоох нь” хэсэгт тусгахдаа “Сэжигтнийг” гэж бичиж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн асуудал юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлд шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр сэжигтнийг баривчлах талаар хөндөгддөг. Тэр тохиолдолд сэжигтнээр тооцсон тогтоол үйлдэж, сэжигтнээс мэдүүлэг авдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ”, 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна” гэж тус тус заасныг зөрчсөн гэж зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч хэлж байна. “Дуудан ирүүлэх” гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно. Мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. “Мөрдөгчийн дуудсанаар ирээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд прокурорын дуудан ирүүлэх хуудсаар ирүүлнэ гэж мөрдөгчид эрх хэмжээ нь олгогдсон байгаа асуудал учраас заавал үүнд прокурорын дуудах хуудас гаргаж дуудна гэсэн хатуу зохицуулалт байхгүй. Г.Э  холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, …………. тоотод буюу гэртээ төрсөн дүү Г.Т той маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутгалснаас эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч, мухар гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, баруун уушигны авчилт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Т ын “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад орой аавынхаа гэрт очсон чинь манай ах архи уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь би “он гарах гэж байна, толгой хүзүүгээ угаа” гэж хэлсэн. Манай ах Г.Э  “чамд ямар хамаатай юм” гээд уурлаад намайг хөөгөөд байсан. Тэгэхээр нь би гэрээс гарах гэтэл ээжийг элдвээр хэлээд байхаар нь “би дуугүй бай” гэсэн чинь Г.Э  ах “чамд ямар хамаатай юм” гээд би гал тогооны ширээний урд талд зогсож байсан чинь Г.Э  ах гэнэт миний цээж рүү цохих шиг болсон. Тэгээд би гарах гэтэл миний бие сонин болчихсон, тэгсэн миний гэдэснээс цус гарч байсан. Тэгээд би ээжид хэлээд түргэн дуудсан. ...” /хх 18-20/,

гэрч Т.Н-ийн “...2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ хоол хийгээд байж байсан чинь манай бага хүү Г.Т  гэрт орж ирээд аав хаачсан юм гэж асуусан, тэгсэн араас нь төрсөн ах Г.Э  архи уучихсан орж ирсэн. Тэгсэн дүү нь уурлаад гудамжинд архи дарс уугаад явж байхын, наадах толгой тархиа угаа, ууж хоносон юм бол гэж хэлсэн, тэгсэн ах нь уурлаад тэр хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгээд хоорондоо гал тогооны өрөөнд зодолдоод дундуур нь орж салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгэхээр нь би гэрээс гарч хүн дуудах гээд гараад ороод ирсэн чинь Г.Т  намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ...” /хх 25-26/,

шүүгдэгч Г.Э ын яллагдагчаар өгсөн “............... дүүргийн ………. дугаар хороо, ………….. тоотод очсон чинь манай ээж Нина, дүү Г.Т  нар байсан. Тэгсэн манай дүү Г.Т намайг архи уугаад яваад байх юм, шинэ он гарах гэж байна, наад толгой хүзүүгээ угаа гэж хэлэхээр нь би чи өөрөө уудаггүй юм шиг юм ярих юм гээд уурласан. Тэгээд Г.Т  бид хоёр хоорондоо хэрэлдэж маргаад Г.Т миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би газар шалан дээр унасан чинь хажууд хутга байхаар нь би аваад дүү Г.Т ын хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалсан. ...” /хх 139-140/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1234 дугаартай “...Г.Т ын биед хэвлийн баруун доод хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч, мухар гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, баруун уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 30-32/ дүгнэлт,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 13473 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх 46/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 31, 2022 оны 1 дүгээр сарын 2, 12,17-ны өдрүүдийн хэвлийн хэт авиан оношилгоо, цээжний эгц рентген зургийн хуулбар /хх 47-68/, мэс заслын тэмдэглэл /хх 69, 72/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Э ын төрсөн дүү Г.Т той маргалдаж, улмаар түүний хэвлий тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.Э  “...миний бие 2011 онд бусдад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авч байсан ба ... хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож, бусдын асрамжид байх хүн гэдгийг тогтоосон. ... Иймд ... хөдөлмөрийн чадвар алдалт болон хэрэг хариуцах чадвартай эсэхийг минь тогтоож өгч, хэргийг прокурорт буцаах өгөхийг хүсэж байна. ...” гэсэн,

 Шүүгдэгч Г.Э ын өмгөөлөгч Г.Ганбаяр “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э ын бусдад зодуулсны улмаас толгойн тус газраа хүнд гэмтэл авч, эмчлүүлсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож, эцэг, эхийн асрамжид амьдарч байгаа байдлыг тогтоохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхээс хорих ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж тодорхой заасан. Гэтэл мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мэдүүлгийн тэмдэглэл авахдаа хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэлгүйгээр мэдүүлэг авч, улмаар анхан шатны шүүх мөн адил гэм буруугийн шүүх хуралдааны үед энэ нөхцөл байдлыг тодруулалгүйгээр шүүгдэгчээс мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийтгэх тогтоол гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн, ... Г.Э оос сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл болон сэжигтэн гэж тогтоосон нэг ч мөрдөгчийн санал, тогтоол болон прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, түүний гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13, 16.14 дүгээр зүйлүүдэд заасан хүний үндсэн суурь эрхийг зөрчсөн. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гарган өгч болох талаар заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Э ын өмгөөлөгч Г.Ганбаяр нь давж заалдах гомдолдоо шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэх баримтыг хавсаргасан байх боловч уг баримт нь хуулбар, мөн хэзээ үйлдэгдсэн бичиг баримт болох нь тодорхой биш, хэн гэдэг хүнд хамаарах өвчний үзлэгийн тэмдэглэл, онош болох нь тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх уг эргэлзээ бүхий баримтыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Мөн хавтаст хэрэгт шүүгдэгч Г.Э ыг сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй байдлыг нотолсон баримтгүй, хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч, гэрч нар нь эргэлзээ бүхий мэдүүлэг өгснөөс үүдэн зайлшгүй сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нөхцөл байдал үүсээгүй байна.

Харин шүүгдэгч Г.Э ын хувьд, ял эдлүүлэх ажиллагаанд саад болохуйц өвчтэй болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шийдвэрлүүлэх боломжтой, түүнчлэн сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй байдлаа шинээр илэрсэн нөхцөл байдлаар шалгуулан өөрийн эрх зүйн байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүүлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж,

мөн хуулийн 30.13 дугаар зүйл/Хэрэг бүртгэлтийг дуусгах/-ийн 1 дэх эсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж, дараах саналын аль нэгийг гаргаж хэргийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ” гэж,

мөн хэсгийн 1.1-т “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах”; 1.2-т “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” гэж,

мөн хуулийн 30.15 дугаар зүйл/Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хүргүүлэх/-ийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор үндэслэл бүхий дараахь шийдвэр гаргана” гэж,

мөн хэсгийн 2.1-т “нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах’; 2.2-т “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх”; 2.3-т “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” гэж,

мөн хуулийн 30.17 дугаар зүйл /Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх/-ийн 1 дэх хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх 96/ авагдсан байх бөгөөд мөрдөгч нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай саналыг гаргахдаа зөвхөн Г.Э ын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэсэн бус хохирогч Г.Т , гэрч Т.Нина нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтад үндэслэн “гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн хаана байгаа нь тодорхой байгаа” байдалд хууль зүйн дүгнэлт өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж,

мөн хэсгийн 1.1-т “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй” гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Э нь сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас түүнийг заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар байсан гэж үзэх, улмаар дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл үүсээгүй болно.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 97-98/-ыг Г.Э танилцуулж, эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Э ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/778 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР